Амралтын хөтөч: "Хунт нуур" театрт зочилно

Хуучирсан мэдээ: 2018.01.13-нд нийтлэгдсэн

Амралтын хөтөч: "Хунт нуур" театрт зочилно

Амралтын хөтөч: "Хунт нуур" театрт зочилно

Өнөөдөр бямба гариг. Амралтын өдөр театрт үзвэр, кино үзэхээр төлөвлөж байгаа бол танд туслая. Та дараах үзвэрээс сонгон үзэж, амралтаа ая тухтай өнгөрүүлээрэй.


"ХУНТ НУУР" БҮЖГЭН ЖҮЖИГ

  • Хэзээ: Бямба, Ням гарагт 17:00 цагаас
  • Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр
  • Tасалбар: 10, 20, 30 мянган төгрөг. www.ticket.mn болон ДБЭТ-ийн кассаар худалдана. 

‘Хунт нуур’ балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта – Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог бөгөөд ‘Хунт нуур’ нь ‘балет’ хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ. ‘Хунт нуур’ балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмейстр АЖ,ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байсан юм.

——————————————————————————————————————————————————————

"3 бяцхан тоорой" хүүхдийн жүжиг

  • Хэзээ: Бямба, Ням гарагт 13:00, 15:00 цагаас
  • Хаана: Чойжин Сүитс
  • Tасалбар: 10, 15 мянган төгрөг. www.ticket.mn болон ДБЭТ-ийн кассаар худалдана. 

Монголын хамгийн анхны бага театрын үзэгч хүүхдүүдийн оролцоот жүжиг. ‘Бүтээлч Бамбуу’ байгууллагын доорх Бамбуу театрын хамгийн анхны уран бүтээл болох ‘3 бяцхан тоорой’ хүүхдийн жүжиг. Английн ардын үлгэрээс сэдэвлэн Сергей Михалковын жүжгэн хэлбэрт оруулсан хувилбараар шинэлэг, орчин үеийн болгон тавигдаж байгаа ‘3 бяцхан тоорой’ нь ‘Олны хүч Оломгүй далай’, ‘Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал’, ‘Ахаа алд хүндэл, Дүүгээ дэлэм хүндэл’, ‘Эвт шаазгай буга барина’ гэсэн сургаал үгүүдээр дамжуулан жүжгийн хэлэх гэсэн санааг гаргасны дээр аймхай хулчгар бас залхуу хойргын эсрэг аливаад тууштай хөдөлмөрч хичээнгүй тусч байх, онгироо бардам байж болохгүй, олонтойгоо нийцтэй нөхөрсөг байх тухай өгүүлсэн сургамжит, хүмүүжлийн ач холбогдолтой жүжиг юм.

МОНГОЛЫН УРАН САЙХНЫ КИНО

Солиот эх(Бүх кино театруудад гарна)

  • 1900-аад оны эхэн үеийн Монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг Монгол ухаан зэргийг үзүүлэхийг зорьсон. Мөн хүний мөс чанар, баян хоосны ялгаа, амьдралын үнэ цэнэ, хамгийн чухал нь үхтэл үрийнхээ төлөө зүтгэдэг эх хүний дайчин бөгөөд уян зөөлөн чанар, нинжин сэтгэлийн тухай өгүүлнэ.

Ах Дүү гурав (Бүх кино театруудад гарна)

  • “Кастер” хэмээх хочит ноён Баянаа бол монголын нэгэн тэрбумтан. Амь насанд аюултай хүнд өвчин туссан тэрээр өв хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэх тухай бодолд дарагдах болно. Залуу насандаа алдаж онож явсан тэрээр гурван өөр эхийн, гурван өөр хүүхэдтэй. Гэвч тэрээр гурван хүүхдээ одоо хаана байдгийг ч мэдэхгүй, хэнийх нь ээжтэй амьдралаа холбож байсангүй. Тийм учраас өөрийн үнэнч туслах болох Чулуунаад гурван хүүхдээ олж авчрах хүндхэн даалгаврыг өгнө. Харин Чулуунаа энэ даалгаврыг биелүүлж чадах болов уу? Үүний хариултыг “Ах дүү гурав” адал явдалт, инээдмийн уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй.

Хүн мод (Тэнгис, Соёмбо кино театрт гарна)

  • Нэгэн айлын 4 хүүхэд амьдрал нь ядуухан ч гэсэн ээжтэйгээ хамт аз жаргалтай амьдрана. Гэвч ээж нь өөд болж ах дүү 4 бага насандаа өнчирч үлдэнэ. Том ах Идэрээ нь ээжийнхээ захиасыг сэтгэлдээ тээж 3 дүүгийнхээ төлөө хар багаасаа ажил хийж зүтгэсээр нэг л мэдэхэд тэд өсөж том болсон байна. Үргэлж нэг нэгнийхээ төлөө гэсээр ирсэн ах дүү 4 өөрсдийн гэсэн амьдралтай болсон байх ба дунд дүү Цогоогийн амьдралд саад бэрхшээл тулгарна. Үүнээс болж тэд хоорондоо үл ойлголцож үйл явдал өрнөнө. Эцэст нь тэд нэг нэгнээсээ холдож хөндийрснөө ойлгон, ээжийнхээ захиасыг эргэн санаж ах дүү 4 дахин эв нэгдэлтэй, аз жаргалтай амьдарна.

Single Ladies-3 (Бүх кино театруудад гарна)

  • Бүтэлгүй хайр дурлалаасаа болж шаналсан найзынхаа сэтгэл санааг засах гэж гурван найз бүсгүй хөдөөгийн замд жолоо залснаар бүх адал явдал эхэлнэ. Монгол орныхоо онгон дагшин байгалийг бахадсаар аялал таатай эхэлсэн ч замдаа төөрч Найман нуурын хөвөөнөө ирнэ. Шинэ газарт тал нутгийн гоо үзэсгэлэн, сайхан бүсгүйн 21 шинжийг агуулсан, уран цэцэн Хадаан бүсгүй, “жаргаадаг” залуу Жав, “юань” Юмжир, адуучин залуу Алтангэрэл гээд олон шинэ хүмүүстэй учирна. Тэдний дунд хайр дурлалын төлөөх тэмцэл, нэр төр, нөхөрлөлөө хамгаалсан тулаан ширүүсэвч зоригтойгоор худал хуурмаг хүмүүсийг илчлэх Ари, Сарангуа, Гэрэлээ гуравт тус нутгийн сээтэн Бурмаа, сарлаг Даваагаас өөр туслах хүн үлдэхгүй. Тэмцэж олсон хайр хамгийн амттай байдаг. Хайрын аялалд бэлэн үү?

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж