Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ой энэ онд тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан, Үндсэн хууль батлахад оролцсон дөрвөн эрхмийг өнөөдөр Монгол төрийн одон медалиар шагналаа. Шагналыг УИХ-ын дарга М.Энхболд гардуулан өгсөн юм.
- Гавьяат эдийн засагч цолоор А.Бааст
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Лонжидсүрэн
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Р.Чойжинням
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Л.Батчулуун нар тус тус шагнагдав.
Шагнал гардуулсны дараа УИХ-ын дарга М.Энхболд баяр хүргэж, үг хэлсэн юм.
Тэрбээр “Монгол төрийн тэргүүний зарлигаар төрийн дээд цол одонгоор шагнагдсан та бүхэнд баяр хүргэе. Өнөөдөр Монгол Улсад Үндсэн хуулиа баталсан баярын өдөр тохиож байна. Одоогоос 26 жилийн өмнө Ардын их хурал 76 хоногийн турш хэлэлцэн байж ард түмнийхээ санал бодлыг асууж, ярилцан байж Үндсэн хуулиа баталсан. Энэ хуулийн хүрээнд олон арван хууль батлагдаж өнөөгийн нийгмийн амьдралыг зохицуулж байна. Үндсэн хуулийг тогтоосон улстөрч, нийгмийн зүтгэлтнүүдийг үе үеийн төр засаг харж хандаж байх ёстой юм. Та бүхний өнөөдрийн шагнал булган сүүлтэй байж, та бүхний ажил үйлс дэлгэрч байх болтугай” гэв.
Гэрэл зургийг Э.Энхбат