Монгол Улсад Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, Үндсэн хуулийн эх баригч Б.Чимидийн нэрэмжит шагналыг Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, академич, доктор профессор С.Нарангэрэл гардан авлаа.
Энэ үеэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар түүний байр суурийг сонирхлоо.
-Юуны өмнө нэрт хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал хүртсэн танд баяр хүргэе. Үндсэн хуулийг олон жил судалж байгаа хүний таниас асуух зүйл олон байна. Аливаа хуулийн нөөц шавхагдана гэж байдаг уу, энэ талаар таны үгийг сонсъё?
-Үндсэн хуулийн төслийг боловсруулах үед Монгол Улс нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоогоо сольчихсон байсан. Тэр бужигнасан үеийг алтан аргамжаанд оруулахын тулд Үндсэн хуулиа баталсан. 1999 оны арванхоёрдугаар сард манай УИХ хуйвалдааны журмаар дордохын долоон нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд хандаж, тэр долоон заалтыг хүчингүй болгуулсан. Гэтэл 2000 оны УИХ өнөөх дордохын долоог нь дахиад баталчихсан. Хэрэв Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг биелүүлсэн бол өнөөдөр улс орны байдал ингэтлээ дордохгүй байсан гэж боддог. Тиймээс Үндсэн хуулиа ноолж болохгүй. Эрх баригчид өөрсдийнхөө алдаа дутагдлыг Үндсэн хууль руу чихэж болохгүй. Харин өөрсдийнхөө оюун санаа, ёс суртахууныг ариутгах хэрэгтэй.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ид яригдаж байна. Гэтэл нэмэлт өөрчлөлт биш, шинэчилсэн найруулгын хэмжээнд өөрчилсөн байна гэдэг асуудлыг Ардын их хурлын депутатууд ярих юм. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Би маш олон удаа энэ сэдвээр ярьсан. Миний байр суурь бол Үндсэн хуульд том хэмжээний өөрчлөлт оруулахыг дэмжихгүй. Ингэж болохгүй. Өмнө нь өөрчилсөн дордохын долоог өөрчлөөд, цааш явах ёстой. Жишээ нь, 1999 онд яагаад долоон өөрчлөлт оруулсан бэ гэхээр гишүүдийн ирц бүрдэхгүй байсан юм. Гэтэл тэр хариуцлагагүй байдалдаа тохируулж Үндсэн хуулиа өөрчилсөн. Ер нь Үндсэн хуулиа өөрчилж байснаас гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг ярих нь зүйтэй.
Гэрэл зургийг Э.Энхбат