Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн\УАШТ\ Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд өнөөдөр нээлтээ хийлээ. Монгол бөх олимпийн наадмаас анх медаль авсны 50 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд болж буй УАШТ-д 25 байгууллагын 300 гаруй тамирчин оролцож байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.
Улсын аваргын медалийн салхийг 55 кг-ын жинд Б.Халиунаа хагалсан бөгөөд тэрбээр ‘ Хасу-Мегастарс’ клубын тамирчин Б.Дөлгөөнийг ялж, хүрэл медалийн эзэн болсон юм.
Мөн 55 кг-ын жинд Э.Даваачимэг улсын аваргын дөрөв дэх түрүүгээ хүртлээ.
Энэ жилийн УАШТ-ий онцлох тамирчны нэг бол олимпийн хүрэл, дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг байсан юм. Тэрбээр энэ удаа 65 кг-д барилдаж, бүх өрсөлдөгчөө цэвэр ялснаар улсын аваргын зургаа дахь түрүүгээ хүртсэн юм.
Энэ жил 28 настай С.Батцэцэг 2009, 2010, 2012, 2013, 2016, 2018 онуудад улсын аваргад түрүүлээд байна.
ДҮН: \Жин бүрт 10-18 тамирчин өрсөлдлөө\
Эмэгтэй
55 кг:
- Алтан медаль: Э.Даваачимэг (Хил хамгаалах ерөнхий газар “Хилчин” спорт хороо)
- Мөнгөн медаль: Б.Болор-Эрдэнэ (Алдар спорт хороо)
- Хүрэл медаль: Б.Халиунаа \Орхон\, Б.Хулан \Хангай Хайрхан\
59 кг:
- Алтан медаль: Б.Шоовдор (Хасу-Мегастарс)
- Мөнгөн медаль: Э.Гантуяа (“Хилчин” спорт хороо)
- Хүрэл медаль: Н.Наранцацрал \Аваргууд\, Ө.Пүрэвсүрэн \Женко\
65 кг:
- Алтан медаль: С.Батцэцэг (“Хилчин” спорт хороо)
- Мөнгөн медаль: О.Оюунтуяа (“Хүч” спорт хороо)
- Хүрэл медаль: Г.Пүрэвцэцэг \Хасумегастарс\, Э.Цэвэгмэд \Алдар\
Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн хүрэл медальт, Орхон аймгийн тамирчин Б.Халиунаа. Тэрбээр энэ жилийн улсын аваргын тэмцээний медалийг салхийг хагалсан юм. 2018.01.12 Орхон аймаг, ‘Хангарьд’ спорт ордон