УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга “бандааш” нэрээр олон нийтийн сүлжээнд алдаршсан. Хууль тогтоох дээд байгууллагад ард түмнээ, сонгогчдоо төлөөлж суусан гишүүд хууль санаачилж, өөрийн нэр дээрх хуультай болохыг “санаархдаг”-ийн адил залуу гишүүн Д.Гантулга Донорын тухай хуулийг барьж авчээ. Тэрбээр "Донорын тухай хууль"-ийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд хуулийн төслөө батлуулахаар ахмад гишүүдийнхээ асуултад бүдрэхгүй хичээж байгаа сурагтай. Чуулганы хуралдаанаар "Донорын тухай хууль" хэлэлцэх үеэр гишүүдийн асуулт бүрт хариулт, тайлбар өгч “сандарч” суугаа харагдав.
Муу нэрийг хусавч арилахгүй гэгчээр парламентын түүхэнд “бандааш” нэрээ нэг ч гэсэн хэрэгтэй хуулиар цэвэрлэхээр зүтгэж явна гэж ярих бор шувуу ч төрийн ордонд жиргэнэ лээ. Ямартай ч УИХ-аас ‘Донорын тухай хууль’-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Д.Гантулга гишүүн ч гишүүдийн асуултад бүдрэхгүй өнгөрлөө. Дараа дараагийн хэлэлцүүлгийн үеэр бүдрэхгүй, бүр илүү хичээвэл “бандааш” нэрнээсээ салах ч юм билүү.
Ш.ОЧ