Монгол туургатны бөхийн барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Монгол туургатны бөхийн барилдаан болно

Энэ сарын 24-27-ний хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ыг Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, Ерөнхийлөгчийн ивээл дор зохион явуулах юм. Үүнээс наана Дэлхийн нүүдэлчин ард түмнүүдийн наадам энэ сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотноо болох гэж байна. “Тува онлайн” сайтад “В Туву на фестиваль борьбы кочевых народов мира приедет 10-кратный чемпион Монголии” гэсэн гарчигтай мэдээ гарсныг орчуулан хүргэж байна.

Тувад болох Дэлхийн нүүдэлчин ард түмнүүдийн бөхийн барилдаанд Монголын 10 удаагийн аварга хүрэлцэн ирнэ.

Энэ сарын 10-11-ний өдрүүдэд Дэлхийн нүүдэлчин ард түмнүүдийн үндэсний бөхийн барилдаанд оролцох тамирчдын баг хүрэлцэн ирнэ. Энэ наадам Кызыл хотноо энэ сарын 12-14-ний өдрүүдэд явагдана. Харин 11-ний өдөр Хандгайт дахь Цагаан толгойн шалган нэвтрүүлэх цэгт алдарт бөх, Дэлхийн аварга, Монгол наадмын 10 удаагийн аварга гээд Монголын үндэсний бөхийн барилдааны хамгийн дээд цолыг хүртсэн дархан аварга Хорлоогийн Баянмөнх тэргүүтэй Монголын шигшээ багийн тамирчидтай хийх уулзалт болно. Дархан аварга Х.Баянмөнх зөвлөх дасгалжуулагчаар ирэх бөгөөд түүнийг бас нэг алдартай бөх болох Бумбаяр дагалдаж ирэх аж. Бумбаяр нь Тувад болсон бөхийн барилдаануудад тод ялалт байгуулж байснаараа тувачуудад танигдсан тамирчин билээ. Дэлхийн нүүдэлчин ард түмнүүдийн бөхийн барилдаанд Монголын талаас 36 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Бүгд найрамдах Тува улсын Залуусын бодлогын яамны нэгдүгээр орлогч дарга Радислав Наважап Монгол Улсын аварга Мөнхбатыг (энэ жилийн наадамд түрүүлсэн бөх.Орч) энэ наадмын хамгийн гол хүн нь байна гэж үзэж байгаа аж. Гэхдээ Монголын баг тамирчид нууцаа дэлгэх гэж яарахгүй байна. Манай бөхчүүдтэй хэн барилдах эсэх нь өрсөлдөгч нар хүрэлцэн ирсний дараа л тодорхой болно.

Түүхэндээ хамгийн дээд чансаанд багтах энэ удаагийн наадамд Монгол, Өвөр Монгол, ОХУ-аас Буриад, Халимаг, Уулын Алтай, Хакаси зэрэг улсаас нийтдээ 120 тамирчин оролцоно. 12-ны өдөр Зөвлөлт Тувагийн 5 жилийн ойн нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд хуреш бөхийн 18 хүртлэх насны ангиллалд 128 бөх барилдах аж. Түрүүлсэн бөхийг автомашинаар шагнана. Маргааш өдөр нь мэргэжлийн бөхчүүдийн барилдаан эхлэх юм. Наймдугаар сарын 13-ны өдөр “Хуреш” цэнгэлдэх хүрээлэнд монгол дүрмийн дагуу явагдах бөхийн барилдаан болно. Мөн өдөр Дэлхийн нүүдэлчин ард түмнүүд үнэмлэхүй ялагчаа тодруулна. Тувагийн Бөхийн холбооноос дараах шагналуудыг олгохоо амлажээ. Нэгдүгээр байранд орсон бөхчүүдэд 100 мянган рубль, хоёр болон гуравдугаар байранд орсон бөхчүүдэд 45 мянга, 20 мянган рублийн мөнгөн шагнал олгох аж.

Эх сурвалж: uynaa.wordpress.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж