УИХ-ын чуулганы хуралдаанаар Донорын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ хууль батлагдвал Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах албыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд байгуулах аж.
Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Гантулга ажилсан бөгөөд тэрбээр эд, эрхтэн экспортлохгүй, харин олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу зөвхөн эмчилгээний зориулалтаар баталгаажуулсан эд эрхтэн импортолж болно. Мөн цус, цусан бүтээгдэхүүн экспортолж болох зохицуулалтыг хуульд тусгасан гэдгийг онцолсон юм.
2006 оноос хойш өнөөдрийг хүртэл:
- 128 иргэнд бөөр
- 28 иргэнд элэг
- хоёр иргэнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол Улсад хийсэн байна.
Тэгвэл өнгөрсөн 3 жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад улс руу зорчсон бөгөөд зөвхөн эмчилгээний зардалд 50-250 мянган ам.доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс засал-эмчилгээний зардалд 50-110 мянган ам.доллар зарцуулдаг аж.
УИХ-ын гишүүн Х.Баделхан:
-Манай эмнэлгийн ажилтнууд хагалгааг маш сайн хийдэг болсон. Нэг асуулт байна. Эд эрхтэн авлаа, өглөө гэхэд үнэ ханшийг хэрхэн зохицуулж өгсөн бэ?
УИХ-ын гишүүн Д.Гантулга:
-Эд, эрхтнийг үнэлэх, ашиг олох зорилгоор зохицуулалт ороогүй. Тэр бүгдийг энэ хуулиар хориглосон. Тэр бүү хэл донор, эд эрхтэн хүлээн авагчийн ар гэрийнхэн ямар нэг байдлаар харилцаа тогтоохыг хориглосон гэв.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Монгол Улсын иргэн амьд сэрүүн үедээ донор болохыг зөвшөөрсөн бичиг үйлдэж, хуудас бөглөнө. Хэрэв зөвшөөрөөгүй бол эд, эрхтэн авахыг хуулиар хориглоно.
Ингээд тухайн хүн донор болохыг зөвшөөрсөн тэмдэглэгээг жолооны үнэмлэх, цахим карт дээр хийж өгч болох юм. Тэмдэглүүлэх эсэх нь сонголттой байгаа. Яагаад жолооны үнэмлэх, цахим карт дээр вэ гэвэл авто осол янз бүрийн асуудал гарахад эрхтнийг нь яаралтай авч, шилжүүлэх тухай зохицуулалт юм.
УИХ-ын гишүүн Д.Гантулга:
-Донор болохыг зөвшөөрсөн тохиолдолд тэмдэглэгээ хийх асуудлыг ярьж байна. Уг хууль батлагдсанаар Монгол Улсын хэмжээнд жолооны үнэмлэх солих асуудал хөндөгдөхгүй. Өнөөдрийг хүртэл цаг хугацаанд Монгол Улсын хэмжээнд зургаахан тархины үхжилттэй хүн байна. Би донор болно гэдэг хүсэлтийг маш бага хүн гаргадаг. Цөөн хэдэн хүний асуудал дээр яригдаж байгаа бодоорой.
УИХ-ын чуулган үргэлжилж байна. Яг одоо Донорын тухай хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байна.
Т.НОМИН