Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн түүх

-Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна-

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан түүхтэй. Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлэл, монгол төрийн тулгуур баримт юм. Үндсэн хуультай холбоотой тоон мэдээллийг хүргэе.  

Анхдугаар Үндсэн хууль

Монгол Улс 1924.11.26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын анхдугаар Их хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг баталжээ.

Анхдугаар Үндсэн хууль 6 бүлэг, 50 зүйлтэй байв.

БНМАУ-ын 24 дүгээр Бага хурлаас  1931.02.14-нд гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт нь улсын Бага хурлын эрх, хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд хамаарч байв.

Үндсэн хууль  II

Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хуулийг 1940.06.30-ны өдөр Улсын VIII Их хурлаар баталсан.

Хоёрдугаар Үндсэн хууль 12 бүлэг, 95 зүйлтэй.

1940 онд БНМАУ-ын Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Тухайлбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор /1941.02.14/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь “БНМАУ нь Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Увс, Сэлэнгэ аймгууд ба Улаанбаатар хотоор бүрдэл болгож тогтооно” хэмээн заажээ.

Үндсэн хууль  III

Монгол Улсын гуравдугаар Үндсэн хуулийг 1960.07.06-ны өдөр баталсан.

Энэхүү Үндсэн хууль 10 бүлэг, 94 зүйлтэй байжээ.

1960 онд БНМАУ-ын Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Тухайлбал, Ардын Их Хурлын IX удаагийн III чуулганаар /1978.12.26/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд:

“БНМАУ-д гагцхүү БНМАУ-ын Ардын их хурал хууль тогтоох эрхтэй байна. БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл, Ардын их хурлын байнгын комисс, БНМАУ-ын Ардын их хурлын депутатууд,  Дээд шүүх, Прокурор хууль санаачлах эрхтэй. Монголын Үйлдвэрчний эвлэл нь Төв зөвлөлөөрөө, Монголын хувьсгалт залуучуудын эвлэл Төв хороогоороо уламжлан хууль санаачлах эрх эдэлнэ” гэж заажээ.

Үндсэн хууль IV

Монгол Улсын дөрөв дэх буюу шинэ Үндсэн хуулийг 1992.01. 13-нд БНМАУ-ын Ардын Их хурлаар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй.

Эдүгээ мөрдөгдөж буй Үндсэн хуульд 2000.12.14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан аж.

Тухайлбал, 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана” гэсэн заалт нэмсэн байна.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж