Улаан асрын зүүд (20-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (20-р бүлэг)

Улаан асрын зүүд (20-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Хорьдугаар бүлэг

ФӨН ЖЕ ҮНЭН ҮГЭЭР АТГАГ САНААГ ШҮҮМЖИЛЖ, ДАЙ ЮЙ УРАН ҮГЭЭР БУРУУ АЯЛГУУГ ШОГЛОВ

Өгүүлэх нь: Бао Юй “Хулганы шулмын” үлгэрийг Дай Юйд ярьж байтал Бао Чай орж ирээд түүнийг цагаан сарын 15-ны өдөр “Ногоон лааны домгийг” мартсаныг сануулан дооглож эхлээд цаашлан ярилцан хөхрөлдөж байлаа. Дай Юй дандаа хоолны дараа унтдаг болохоор хоол шингэлт муудаж улмаар шөнө нойр хулжвал биед муу болуузай гэж Бао Юй зөвлөж байтал Бао Чай орж ирж инээд хөөр болсноос Дай Юйн нойр сэргэжээ. Энэ хэр гэнэт Бао Юйн гэрт дуу шуугиан болсныг Дай Юй эхэлж сонсоод: “Хөхүүл эх чинь Ши Рэньтэй хэрэлдэж байна. Өөрт нь Ши Рэнь тийм сайн байхад ийнхүү аашлах нь даанч зөнөсөн хэрэг” гэв. Бао Юй яаран явах гэтэл Бао Чай татаж зогсоогоод

-Чи хөхүүл эхтэйгээ хэрэлдэж болохгүй. Нэгэнт зөнөсөн хүнд харин баахан найрсаг байвал зохино гэсэнд Бао Юй: “За мэдлээ” гээд харьвал Ли хөгшин таягаа тулчихсан Ши Рэнийг загнаж байна. Тэрбээр:

-Угаа мартсан муу янхан. Би чамайг өргөж гаргасан байтал намайг ирэхэд чи үл тоосон байдалтай ханзан дээр хэвтэж байна гэнээ. Зүгээр л үнэгэн хулжин аргаар Бао Юйг хүртэл намайг ойшоохоо болиулсон. Одоо ганцхан чиний үгийг сонсдог болсон. Хэдхэн лангаар сольж авчирсан муу шивэгчин чи харин энэ гэрт яршиг өдөж сууна уу. Чамайг чирч гарган нэг эрд барьж өгөөд, дахиад чамайг шулмын зан гаргаж хүн мэхлэхийг чинь үзнэ дээ гэж бархирч байв.

Орж ирэхэд нь боссонгүй гэж Ли эмгэн уурлаж байна гэж бодоод Ши Рэнь: “Өвдөөд эм уусанд хөлс гараад толгойгоо бүтээж хэвтсэнээс таны орж ирэхийг мэдсэнгүй” гэж учирлан хэлэхийг тоолгүй, Бао Юйг мэхэлдэг. Эрд барьж өгнө гэх зэргийг сонсоод ичиж гомдохдоо тэсэлгүй уйлав. Бао Юй ч түүний үгийг сонсоод хэлэх үгээ олж ядан аргаа барж: “Өвдөөд эм уусан юмаа. Итгэхгүй байгаа бол эднээс асуу” гэж хэлэв. Тэгтэл хөхүүл эх уурлаж: “Чи энэ үнэгэн шулмыг өмгөөлөөд бүр байтлаа одоо намайг танихгүй болсон уу. Би та нарын өвдсөн, эм уусныг хэнээс асуух юм бэ. Хэн нь чиний өмнөөс үг хэлэхгүй вэ, Хэн нь Ши Рэний үгийг дагахгүй вэ. Би тэдгээр явдлыг цөмийг мэднэ. Би ганцхан чамтай, Лао Тайтайгийн өмнө очиж ёс хэлэлцсүгэй. Чамайг ийм том болтол хөхүүлээд, одоо чи хөхнээс гармагц намайг тал дээр хаяж, шивэгчин охидоор хүртэл дарлуулах нуу” гэж бархирсаар уйлав.

Энэ үед Дай Юй, Бао Чай нар ч хүрч ирлээ. Тэд: “Мама, та эднийг уучилна уу” гэж гуйв. Ли хөгшин тэр хоёрыг хараад, тэр өдөр яаж цай уусан, Чиянь Шюэ яаж гарч явсан, өчигдөр яаж ээдэм идсэн зэрэг хилсдсэн учраа тоочиж, баахан юм хамж шимээд ярив.

Энэ хэр Фөн Же, дээд өргөөнд мөнгөөр тоглож, хожиж, хожигдсоноо бодож тооцож байснаа хойт гэрт үймээн шуугиан болохыг сонсоод, Ли хөгшний хуучин гэм нь хөдөлж, бас зоос мөрийд алдсан уураа гаргах газаргүй тул Бао Юйн шивэгчнүүдэд гаргаж байгааг мэдээд яаран орж очоод: “Мама, битгий уурла. Энэ баяр найрын өдөр Лао Тайтай сая нэг өдөр баярлатал, та настай хүн, өөр хэн нэгэн хэрэлдвэл сургах ёстой атал харин өөрөө ёс зөрчиж энд хашгирч Лао Тайтайг уурлуулах нь уу. Та хэнийг муу хэлбэл би таны орноос түүнийг занчсугай. Манай гэрт чанасан гургуул хав халуунаараа байна. Хурдан очиж хоол идэж архи уусугай” гэсээр түүнийг хөтлөн явснаа: “Пин Эр чи Ли найнайгийн таяг алчуурыг аваад ир” гэж хэлэв. Ли эмгэн, Фөн Жэг дагаж, хөл нь газар хүрэхгүй шахам явах зуураа: “Би энэ муу хөгшин биеэ бодохгүй, ёс дүрмийг зөрчиж, нэр нүүрээ баравч энэ муусайн янхан эмст доромжлогдохоос дээр” гэж байв. Бао Чай, Дай Юй нар Фөн Жэгийн ийн аашлахыг хараад алгаа ташин хөхөрч: “Энэ нэгэн салхи харин ашгүй, хөгшнийг туугаад арилав” хэмээн баярлалдав. Бао Юй тэсгэлгүй шүүрс алдаж:

-Энэ хөгшин бас юу болоод номхныг нь сонгон дарлаж явна вэ. хэнтэй хэрэлдсэн уураа энүүнд гаргаж яваа юм бол гэсэнд Чин Вэнь хажуунаас нь:

-Юунаас болж уурлаж хэрэлдсэн нь тэндээ л биз. Бусдад уршиг тарьж явдаг нь яршиг л байна гэв. Ши Рэнь уйлсаар Бао Юйг дуудан:

-Миний төлөө хөгшин найнайтай үг зөрөөд одоо эдэнтэй зөрөлдөх нүү. Үүнд би зовоод барахгүй байхад бас өөр хүнийг татаж юугаа хийнэ гэв. Бао Юй түүний өвчин дээр эдгээр уцаар бухимдал нэмснийг ойлгоод, уураа татаж: “Сайн хучаад хөлөр” гэж аргадав. Ши Рэнь халуурч байх тул дэргэд нь ойр хэвтэн: “Өвчнийг сайн сувил, хэрэггүй муусайн юмыг бүү бод” гэж ятгав. Ши Рэнь хүйтнээр инээж: “Энэ явдлын төлөө уурлавал, энэ айлд нэг мөч ч байхын аргагүй болно. Тэгэвч цааш цаашдаа ингэж аашлаад байвал хүн яаж тэсэх юм бэ. Чи холыг бодохгүй агшин зуурын уураар миний өмнөөс хүнтэй муудалцаад байх юм. Тэд үүнийг чинь мартахгүй, ямар нэгэн далимаар хэрэггүй муусайн яриа дэлгэхэд хүрвэл ямар сайн байх вэ” гээд нулимас унагана. Гэвч Бао Юйн сэтгэл зовохыг бодоод биеэ барина.

Зарц эм чанаж авчирсанд Бао Юй, Ши Рэньд эм уулгах гэтэл их хөлөрсөн учир босголгүй хэвтээгээр нь уулгаад бага зарц нараар орыг нь засуулав. Ши Рэнь:

-Чи хоолоо ид. Лао Тайтайгийн дэргэд очиж, бас авхай нартай тоглохгүй юү. Би баахан нам гүм хэвтье гэж Бао Юйгээс гуйв. Цаадах нь түүний үгийг дагаж, дээд өрөөнд орж Жя Мутай цуг хоол идэв. Хоолны дараа Жя Му, хэрэг мэдэгч нарын авгай нартай наадах гэж байгааг мэдээд гэртээ орвол Ши Рэнь унтаж байв. Унтдаг ч юм уу гэж бодоод цаг харвал арай эрт тул Чин Вэйнь нарыг эрж тоглохоор явав. Тэгтэл тэнд гадаа нэг нь ганцаараа даалуу өрчихсөн сууж харагдана. Ойртон очвол Шө Юэ аж. Бао Юй инээн: “Чи юунд цаадуултайгаа тоглохгүй ганцаар суугаа юм бэ” гэж асуусанд: “Зоос алгаа” гэв. Бао Юй: “Ор дороо овоолсон зоос чинь мөрийд алдахад багадаад байна уу” гэсэнд Шө Юэ: “Бүгдээрээ тоглохоор явахаар гэр хэн харах юм бэ. Зарим нь өвчтэй. Гэрээр л нэг дэн зул, гал цог… настай авгай хүүхнүүдийг бас амраая, тэд өдөржин мунгинаад ядраа биз. Бага шивэгчин охид ч өдөржин ажил хийсэн. Одоо тэднийг жаал тоглуулъя даа. Ийм учраас би энд харж сууна гэв. Түүний ярихыг сонсоод Бао Юй бас нэг Ши Рэньтэй болов гэж бодоод: “За тийм бол би энд чинь харуул хийе. Чи санаа амар явтугай” гэсэнд:

-Чи энд байх юм бол би явж яах юм. Хоёулаа ярьж хөөрч сууя. Зүгээр бишүү гэв. Бао Юй

-Чи бид хоёр юу хийх юм. Хийх юм алга байна шүү дээ. Хөөе, чи өглөө толгой загатналаа гэж байсан. Одоо өөр хийх юмгүй болохоор би гэзгийг чинь самнаж өгье гэсэнд цаадах нь:

-Тэг хөөе гээд шүүр самаа авчирч хатгуур заслаа аваад гэзэг үсээ задалсанд Бао Юй шүүрдэж эхлэв. Хэд шүүрдэж байтал Чин Вэнь мэгдэн сандан зоос авахаар гүйж орж ирээд, тэр хоёрыг харуут инээмсрэн

-Өө хөөрхий. Саадаг агсаж, сан эргээгүйгээр сам шүүрийг нь атгачихаж гэсэнд Бао Юй:

-Чи нааш ир. Чамайг бас самная гэсэнд цаадах нь:

-Надаа тийм их буян алга гээд дотогш орж зоосоо аваад гарч одов.

Бао Юй Шө Юэ хоёр толины өмнө суугаад үс гэзгээ самнан, нүүр нүдээ харж инээлдэнэ. Бао Юй:

-Энэ айлд хэлээ билүүдэх дуртай нь ганцхан тэр… Гэтэл Шө Юэ гараар дохих нь толинд харагдав. Гэв гэнэт орхиул хүрхийн дуугарч Чин Вэнь сүр сархийн орж ирээд:

-Би яаж хэлээ билүүдсэн юм бэ. Учир ёсыг олно шүү гэсэнд Шө Юэ:

-Чи явахаараа яв. Хэл ам өдөх хэрэггүй гэсэнд цаадах нь инээгээд:

-Сайхан өмгөөлж байна. Та нар яаж нуун далдлавч би цөмийг мэднэ. Би тэнд очиж, жаахан хожчихоод эргэж ирээд яринаа гээд явав. Шө Юэгийн гэзэгний даахийг гаргачихаад Бао Юй:

-Би харилаа. Намайг асарч сайхан унтуул. Ши Рэнийг сэрээж болохгүй гэж захив. Энэ шөнийн учрыг үл өгүүлэн өгүүлэх нь:

Маргааш өглөө нь босоод харвал, Ши Рэнь овоо болжээ. Шөнө баахан хөлрөөд бие нь сэргэсэн бололтойд Бао Юйн санаа амарч хоолны дараа Шюэ Имагийнд очив. Энэ үед цагаан сар болоод сургуулийн амралт эхэлсэн тул охид бэрүүд цөм утас зүү тавиад чөлөө цагтай болчихсон ажээ. Жя Хуань бас ирээд байв. Бао Чай, Шян Линь, Ин Эр гурав шоо хаян тоглож байтал Жя Хуань нийлэв. Бао Чай түүнийг Бао Юйтэй адил үздэг учир дээд талдаа суулган тоглож эхлэв. Нэг удаа арван зоос тавина. Эхний удаад Жя Хуань хожоод дотроо их баярлаж байв. Төдөлгүй даруй даруй хожигдоод бачимдаж эхэллээ. Энэ удаа түүний шоо орхих ээлж болж, зургаа, долоо буувал хожих, гурав буувал хожигдох байв. Тэрбээр шоогоо авмагц л орхисонд нэг нь хоёр бууж нөгөөх нь эргэлдсээр байхад Ин Эр алга ташин “Нэг” гэсэнд Жя Хуань нүдээ бүлтийлгэн зургаа, долоо, найм гэж чинээ мэдэн хашгирна. Тэгтэл өнөөх шоо нь нэг буув. Жя Хуань цухалдахдаа, шоог шүүрэн аваад дөрөв буусан гэж мэтгэхэд Ин Эр: “Харсаар байтал нэг буухчилээ” гэж маргав. Бао Чай, Жя Хуаний цухалдахыг хараад, Ин эр рүү хялайж: “Улам их болох тусам улам ёсгүй! Эзэн хүн, чамайг гүжирдэх ёс бий юү. Хурдхан зоосоо тавихгүй юү” гэсэнд Ин Эр хохирсон ч авхай хэлж байхад эсэргүүцэж болохгүй тул арга буюу зоосоо тавихдаа: “Эзэн хүн байж бидний хэдэн зоосыг гүжирдэх юм гэнэ. Би бол тоохгүй. Эртийд Бао Эретэй тоглоход тэр тэгж их хожигдоод тоогоогүйгээр барахгүй үлдсэн хэдэн зоосыг нь шивэгчин охид булаагаад авчихад инээгээд л өнгөрсөн дөө” гэж амандаа дүдэгнэхэд Бао Чай зандран зогсоов. Жя Хуань:

-Намайг юунд, Жя Бао Юйтэй адилтгах вэ. Та нар цөмөөр түүнээс айж түүнд сайн байх мөртөө намайг Тайтайгаас төрөөгүй гэж дарлах санаатай юу гээд уйлав. Бао Чай сандран аргадаж: “Сайн дүү минь, битгий ийм үг хэлээрэй. Хүн шоолно шүү” гэв.

Яг энэ үед Бао Юй ирээд: “Яасан бэ” гэсэнд Жя Хуань айгаад дуугарсангүй. Тэднийхний ёсонд, дүү нар цөмөөр ахаасаа айдгийг Бао Чай мэднэ. Гэхдээ, Бао Юй хүн айлгах дургүй, “Ах дүү нарыг эцэг эх нь мэдэж сургах ёстой. Би тийм хэрэггүй юманд оролцохгүй, хол байна. Ухаа нь, би гол хатнаас гарсан гээд тэр татвар хатнаас гарсныг айлгах ёсгүй. Хэрэв айлгаж байвал хүмүүс ийм тийм гэж ярина. Түүнийг хэн хорьж чадах вэ” гэж бодож явдаг хүн. Тэрбээр бас: “Нэг тэнэг бодол байна. Ямар тэнэг вэ гэвэл, охидыг онцгойлох явдал, багаасаа эгч дүүсийн дунд өссөн бөгөөд төрсөн эгч дүү гэвэл Юань Чүнь, Тань Чүнь хоёр. Үеэлээс төрсөн нь бол Ин Чүнь, Ши Чүнь хоёр. Ойр садны дундаас төрсөн гэвэл Шиян Юнь, Дай Юй, Бао Чай зэрэг охид байна. Үүнээс үзвэл, тэнгэр газрын завсрын гайхамшиг сайхан юм цөм охидод төвлөрөөд, хөвгүүд гэгч шаар гэж үзэгдэх болж дээ” гэж бодно. Ийм үзлээс болоод алив хөвгүүдийг булингарт эд хэмээн үзэж, тэд байлаа ч илүүдэхгүй, байхгүй ч дутахгүй гэж бодоцгооно. Гагцхүү эцэг авга, ах дүүгийн хэлхээ бол богд хүний үлдээсэн сургаал тул зөрчих аргагүй. Их төлөв ёсыг гүйцэтгэвэл боллоо. Харин би бол эр хүн. Хүүхэд дүү нарын хэв дүрэм болно гэж боддоггүй. Иймийн тул Жя Хуань нар цөм надаас айхгүй. Гагцхүү Жя Мугийн уурлахаас айж аль болох найртай байхыг хичээдэг болохоор эдний муудалцахыг ч би яахав даа гэж бодов.

Одоо Бао Юй: – Ин Эрийг загнавал нэр хүндгүй болно гэж бодоод Бао Чай, Жя Хуаниас урьтаад үг хэлэх гэтэл Бао Юй:

-Цагаан сар болж байхад юунд уйлна вэ. Энд болохгүй бол өөр газар очоод л тоглохгүй юү. Өдөр болгон ном бичиг үзсээр байгаад улам тэнэг болчихоогүй биз дээ. Чи энэ нэг юманд дургүй бол бас нэг дуртай юм олдоно биз дээ. Тийм болохоор дургүйгээ орхиод дуртайгаа олоод аваач дээ. Чи энүүнийг харж баахан уйлбал сайн болно гэж үү. Инээж наадах гэж ирээд уйлж унжих нь юу вэ. Зүгээр яваад л өгөөч дээ гэсэнд Жя Хуань ойлгоод харив. Түүний уруу царайг хараад Зоу Ниян:

-За бас хэнд хөлөө гишгүүлчихээд ирэв дээ гэж асуусанд Жя Хуань:

-Бао Чай эгч надтай тоглож байтал Ин Эр миний зоосыг луйвардан авах гэж намайг дарлалаа. Тэгсэн чинь Бао Юй ах ирж намайг хөөлөө гэсэнд Зоу Ниян түй хэмээн нулимж:

-Хэн чамайг дээш мац гэсэн юм бэ. ичдэггүй муу амьтан. Хаана тоглож болохгүй вэ. Тэнд очоод нүүрээ барж байх ч гэж дээ гэж уурлан загнаж байтал, Фөн Же цонхон доогуур өнгөрч явахдаа, бүгдийг сонсоод тэндээсээ,

-Цагаан сараар юм яахав даа. Дүү нар бага байна. Буруу юм хийсэн бол хэлээд л өгвөл барав. Ийм муухай үг хэлж яах гэсэн юм. Лао е Тайтай нар сурганаа. Чи түүнийг нулимж юу хийнэ. Тэр бол эзэн хүн. Муу бол сургах хүн байна. Чамд ямар хамаатай юм бэ. Дүү минь, гараад ир. Би дагуулаад тоглоё гэв.

Жя Хуань уг нь Ван Фүрэниэс ч илүү Фөн Жегээс айдаг тул түүнийг дуудмагц яаран гарахад Зоу Ниян юм хэлсэнгүй. Фөн Же түүнийг хараад:

-Чи ч мөн өөдгүй амьтан юмаа. Ид, уу, тогло гэх юм бол аль дуртай эгч, ах, бэргэнээ эрж олоод тогло гэж хэлсэн бишүү. Гэтэл ердөө хүний үг авахгүй юм. Тэдний болох, болохгүй үгийг сонсож, гажуу буруу замаар явна. Өөрөө биеэ дээш татахгүй. Харин доош татаж, муу санаатайгаа мэдэхгүй, бас ялгаварлаж үзлээ гэнэ. Хэдэн зоос алдаад ингэж муухай аашилж яана даа гээд, чи хэдийг алдсан юм гэхэд Жя Хуань айн чичирч:

-Нэг, хоёр зуун зоос алдсан юм гэв. Фөн Же түй гээд:

-Яаж эр болж төрөв? Нэг хоёр зуун зоос алдаад энэ мэт аашлах ч гэж дээ гээд эргэн харж, Пин Элээ, нэг хэлхээ зоос аваад ир. Авхай нар хойт байранд наадаж байгаа. Үүнийг тэнд хүргээд… гэснээ, За чи дахиад, ийм муухай өөдгүй аашилбал би, урьдаар гайгүй сайн занчаад, бас сургуульд чинь хэлж арьсыг чинь хуулуулна. Чиний ийм олиггүйд ах нар чинь хорсож шүдээ зууна даа. Би хориглоогүй бол өлөн гэдсийг чинь хөвөртөл өшиглөх байсандаа гээд “Тонил” гэж зандарсанд Жя Хуань зоосоо авч за гээд Пин Эрийг дагаж Ин Чүнь нарыг олж тоглохоор явсныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Бао Юй, Бао Чай хоёр яриад сууж байтал хүн ирж: “Ши их авхай ирлээ” гэсэнд яаран явах гэтэл “Хүлээж бай. Хоёулаа хамт очиж уулзъя” гэж Бао Чай хэлэв. Тэгээд тэр хоёр дорхноо Жя Мугийнд ортол их авхай ирчихсэн чанга дуугаар ярилцаж байснаа тэднийг үзээд яаран босож амар эрэв. Тэнд сууж байсан Дай Юй: “Чи хаанаас ирэв” гэж Бао Юйгээс асуусанд наадах нь: “Бао эгчийн тэндээс ирэв” гэлээ. Дай Юй хүйтнээр инээж:

-Золтой чи ирж дээ тэгээгүй бол чи тэнд тушигдах байсандаа гэхэд Бао Юй:

-Ганц чамтай наадаж, чиний уйтгарыг сэргээж болно биз. Хааяа тэнд очиход ийм их юм ярьж яана даа гэсэнд Дай Юй:

-Дэмий юм ярьж яана. Чи тэнд очно уу, байна уу над ямар хамаатай вэ. Би миний уйтгарыг сэргээгээд аль гэж гуйгаагүй шүү. Ярианы далимд хэлэхэд, үүнээс хойш чи, надаас хол байвал сайн байна гээд уурлан гарч одов. Бао Юй хойноос нь очоод:

-Зүв зүгээр байтал уурлах чинь юү вэ. Би буруу хэлсэн байвч чи тэнд баахан сууж хүнтэй ярьж инээлдэхэд болох л байсан гэсэнд, Дай Юй:

-Чамд хамаагүй гэсэнд Бао Юй:

-Нээрэн над хамаагүй. Чамайг биеэ зовоогуузай гэсэн төдий л юм гэв. Дай Юй:

-Би биеэ зовоогоод үхвэл үхэг. Чамд ямар хамаа байна гэхэд нь Бао Юй:

-За больж үз. Цагаан сараар үхнэ, сэхнэ гээд яасан бэлгэгүй юм яринав гэв. Дай Юй:

-Би чамд заавал хэлнэ. Би одоо үхнэ. Чи үхэхээс айдаг бол мөнхрөхийг чинь үзье. Болох уу гэсэнд Бао Юй инээж:

-Хэрэв үргэлж ингэж аашилбал би үхэхээс айх газаргүй. Харин үхсэн нь дээр болно гэв. Дай Юй:

-Яг тийм. Ийн аашилбал үхсэн нь дээр юмаа гэхэд нь Бао Юй:

-Би өөрийгөө үхсэн дээр гэсэн юм. Хүний үгийг буруу сонсоод битгий гүжирдээд байгаарай… гэтэл Бао Чай ороод ирэв.

-Ши Шян Юань охин дүү чамайг хүлээж байна гэж хэлсэнд Бао Юй дагаад гарав. Дай Юй улам тачаадан уурлаж, цонхоор хараад нулимс унагана. Хоёр аяга цай уухын хэр бололгүй Бао Юй эргээд ирэв. Түүнийг хараад Дай Юй эхэр татан уйлав. Бао Юй байдлыг хараад хориглох аргагүйг мэдээд юу ч атугай дулаан зөөлөн үг хэлж ятган тайтгаруулъя гэж бодсонд Дай Юй: “Чи ирж яана. Үхэх сэхэхээ би өөрөө мэдье. Чамтай тоглож наадах хүн мундах биш. Тэр хүн надаас илүү уншиж чадна, зохиож чадна, бас бичиж чадна, ярьж хөөрч, инээж наргиж ч чадна. Чамайг уурлуулахгүй сайхан саатуулж бас чадна. Чи наашаа ирж юу хийнэ” гэхэд Бао Юй дөхөж очоод:

-Чам шиг ухаантай хүн “Хол ойрыг ялгахгүй, хойно өмнийг салгахгүй” гэдгийг мэдэхгүй юү. Би хэдий мунхаг боловч үүнийг мэднэ. Нэгд, чи бол миний зээ охин дүү. Бао Чай эгч бол бүлэгч. Ураг саднаар хэлбэл, тэр чамаас хол. Хоёрт, чи урьтаж ирсэн. Чи бид хоёр хамт идэж, хамт унтаж, хараахан багаасаа хамт өсчээ. Тэр бол саяхан ирсэн. Түүний төлөө чамаас холдох ёс хаана байна вэ? гэсэнд Дай Юй нулимж,

-Би чамайг түүнээс холд гэв үү. Чи ер нь намайг ямар хүн гэж бодож байна. Би бол өөрийн сэтгэлийн төлөө яваа хүн гэв.

-Би бас өөрийн сэтгэлийн төлөө шүү. Чи ганц өөрийн сэтгэлээ мэдээд, миний сэтгэлийг мэдэхгүй байж болох уу гэсэнд Дай Юй толгойгоо базаад баахан бодлогоширсоноо,

-Чи бол юм бүрд өөрийгөө буруушаалаа гэж хүнд гомдоно. Гэтэл чи өөрөө хүнийг хичнээн зовоож байхаа огт мэдэхгүй байна. Би өөр юм хэлэхгүй. Өнөөдрийн энэ хүйтэнд юунд үнэгэн хүрмээ тайлсан бэ гэж асуусанд Бао Юй инээн:

-Өмсөж байсан юмаа. Чиний уурлахыг хараад дотор халуун оргиод тайлчихсан юм гэсэнд Дай Юй шүүрс алдан:

-Мод салхинд цохиулбал, миний уршиг болох уу гэв. Тэр хоёрыг ийн ярилцаж байтал Шян Юнь орж ирээд инээд алдан: “Ай хө, Линь эгчээ, та нар өдөр бүр хамт тоглодог болоод намайг хааяа нэг ирэхэд тоохгүй юм” гэсэнд Дай Юй:

-Хэлгий хүн хэлэмгий гэгчээр “Эл хэ хэг хүртэл хэлж чадахгүй, ай хэ, хэ, ай хэ хэ” гэнэ. Мөд шоо орхиж тогловол чи /нэг хоёр гурав/ гэж бархирна1 гэв. Бао Юй: “Дууриасаар байгаад хожим өөрөө бас хэлгий болно доо” гээд хөхрөв.

-Энэ амьтан, хүний өө сэвийг андахгүй. Чи хэдий хүн бүхнээс сайн боловч мөн тэр бүхнийг дооглохгүй байж болно. Би чамд нэг хүнийг хэлье. Чи түүнийг дооглож чадвал би чамайг биширнэ гэж Шиян Юнийг хэлсэнд Дай Юй: “Хэн бэ” гэж асуув. Шиян Юнь,

-Чи Бао эгчийн өөг олж дооглож чадвал чухам чадалтай хүн мөн гэхэд нь Дай Юй хүйтнээр инээж:

-Би хэн бол гэж бодсон юм. Тэгсэн чинь тэр юм байж. Би яаж түүнийг аймшиггүйгээр дооглож чадах вэ гэхэд нь Бао Юй түүний үгийг өөр тийш эргүүлэв. Шян Юнь инээн:

-Би энэ насандаа чамд хүрэхгүй болжээ. Тэнгэр харж үзэж, хожим нэг хэлгий Линь хүргэн ахтай болбол, өдөр бүр чихэнд чинь, ай, ээ гэж сонсгох болоосой. Бурхан минь, тэгвэл миний бах сая ханана гэсэнд Бао Юй тэсэлгүй инээд алдтал Шян Юнь шурдхийн гарав. Юу болсныг мэдье гэвэл дараах бүлгийг үзэгтүн!


Тайлбар:

  1. Ай хэ хэ гэдэг нь /Эл/ хэ хэгийн хазгай дуудлага болно. Ингэж хазгай дуудсанаас утга нь хувирч, хоёрдугаар ах гэх нь хайртай ах, ахыг хайрлана гэсэн утгатай болдог ажээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж