БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Монгол Улсын дотоодын хууль, дүрэм журмыг мөрдөхгүй гэсэн 12 бүхий шаардлагыг Монголын талд хүргүүлж, улмаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц мод боомтоос Монгол руу орох замыг хаагаад дөрөв хонож байна.
Улмаар гашуунсухайт боомтоос нүүрс тээвэрлэж буй жолооч нар Монгол руугаа буцаж орж ирж чадахгүй байдалтай байна. Тэдний зарим нь явганаар гарч ирэн цагаан хаданд байрлаж байгаа гэдгийг Гашуунсухайт боомт дээр ажиллаж байгаа гэрээт цагдаагийн албанаас мэдээлж байна.
Тэгвэл өнөөдөр өглөө үүсээд буй асуудлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц мод боомтод Монгол, Хятад хоёр улсын хэлэлцээ эхэллээ. Одоогоор хэлэлцээ үргэлжилж байгаа юм байна. Хэлэлцээний үр дүнд Хятадын тал замаа нээх эсэхээ шийднэ.
Сануулахад, Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гарч, дотоодын хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд улс хооронд тээвэр хийх "C" ангиллын бичгийг Авто тээврийн үндэсний төвөөс олгож эхэлсэн.
Энэ хүрээнд нүүрсний тээвэрлэлт хийж буй аж ахуйн нэгжүүдийн жолооч нарт эрүүл мэнд, нийгмийн даатгал төлсөн байх, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх зэрэг шаардлага тавих болсон аж. Монгол Улс хууль, дүрмээ чангатгахын хэрээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд гомдол гаргах болсон гэнэ.
Тэдний зүгээс "Монгол жолооч нар тогтвор суурьшилтай ажилладаггүй тул эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь төлөх боломжгүй. Монгол Улсын Засгийн газрын дангаараа гаргасан шийдвэрт Баяннуур боомтын зөвлөл арга хэмжээ авахгүй байна" гэх зэргээр гомдол гаргасан ажээ.
А.АНИР