Монголбанк нэг хүний бус хамт олны шийдвэр гаргана

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

Монголбанк нэг хүний бус хамт олны шийдвэр гаргана

Монголбанк нэг хүний бус хамт олны шийдвэр гаргана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг баталлаа.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж, өнөөдөр эцэслэн баталж байна. Энэхүү хуулийн төслийг баталснаар Монгол Улсын Төв банк -Монголбанкны эрх зүйн байдлыг Монголбанкны бие даасан, хараат бус байдал, шийдвэр гаргах үйл явцыг олон улсын бусад төв банкуудад тогтсон шилдэг туршлага, зарчмыг баримтлан шинэчилсэн ач холбогдолтой хэмээн үзэж буй юм.

Уг хууль 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хууль хэрэгжиж эхэлснээр Монголбанкнаас гарах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, банкны хяналт шалгалтын шийдвэрийг хороогоор дамжуулан хэлэлцэж шийддэг байх хуулийн шаардлага бүрдэж, Монголбанкны зорилтод үл хамаарах төсвийн шинжтэй үйл ажиллагаа хязгаарлагдаж, Төв банк Засгийн газраас хараат бус байж, түүнтэй зөвхөн хуульд заасны дагуу харилцдаг байх зарчим хуулиар баталгаажиж байгаа аж. Мөн Монголбанкны бие даасан, хараат бус байдал нэмэгдэж, мөнгөний бодлого зөв зохистой боловсруулж, хэрэгжих хууль зүйн нөхцөл цаашлаад улсын макро эдийн засагт үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал хангагдаж эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг дэмжихэд хувь нэмэр болно хэмээн дүгнэж байгаа юм.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ.

 УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Монголбанкны хуулийн үндсэн гол зорилтод Монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэсэн хуучин заалтыг хэвээр үлдээж байгаа. Эдийн засаг өнөөдөр шилжилтийн байдалтай, хямралтай байна. Энэ үед төгрөгийн тогтвортой байдлыг хангаж, цаашлаад инфляцийг хангах юм. Монголбанк Мөнгөний бодлогын хороо ерөнхийлөгчтэй зөвлөлдөж шийдвэр гаргадаг байсан бол одоо орсон өөрчлөлтөөр шууд шийдвэр гаргадаг болж байна. Хяналт шалгалтын хороо нь арилжааны банкуудтай харилцаж, банкны системийн үйл ажиллагааг хянах зорилттой юм’ гэлээ.

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ‘Төв банкны хуульд өөрчлөлт оруулсан зорилго нь олон улсын жишигт нийцсэн Төв банктай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх юм. Мөн Төв банкны засаглалыг сайжруулж, нэг хүний бус хамт олны шийдвэртэй болгож, Мөнгөний бодлогын зорилтууд, арга хэрэгслийг шинэчилж байна’ гэв.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж