“Иклектик” эдийн засгийн нөлөөнд автсан Монголбанкны “Ганхалт”-ыг юу өөрчлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

“Иклектик” эдийн засгийн нөлөөнд автсан Монголбанкны “Ганхалт”-ыг юу өөрчлөх вэ?

“Иклектик” эдийн засгийн нөлөөнд автсан Монголбанкны “Ганхалт”-ыг юу өөрчлөх вэ?

“Иклектик” гэж ямар нэр томъёо гараад ирэв гэж та гайхаж байгаа байх. Үүнийг Монголбанкны мэргэжилтнүүд “Монгол Улсын эдийн засаг хаашаа л бол хаашаа холбирч, гуйвахдаа амархан. Маш эмзэг. Үүний гол шалтгаан нь инфляциа нам тогтвортой төвшинд барьж чаддаггүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, ханш, мөнгөний нийлүүлэлт, инфляцийн төсөөллөөс гадна өөр маш олон үзүүлэлтийг Төв банк зохицуулах гэж оролддог. Ийм зарчмаар эдийн засгаа удирддаг орнуудыг “Иклектик” стратегитай гэж тодорхойлдог. Өнгөрсөн хугацаанд Монголбанк нэг бол мөнгөний нийлүүлэлтийг өөрчлөх, эсвэл бодлогын хүүгээр дамжуулж инфляцийг барих гээд, бүр цаашлаад валютын ханш руу хэт их анхаарал хандуулах гээд олон зүйлийн дунд савласаар ирсэн. Энэ нь эргээд эдийн засагтаа сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй. Тиймээс энэ байдлаас гарч, олон улсын жишигт нийцсэн тогтолцоо руу зайлшгүй шилжих шаардлага гарсан” гэж тайлбарлав. Төв банк нь хэтэрхий олон зүйл рүү анхаарал хандуулаад байхаар бодлогын шийдвэр нь савж, гуйвдаг жишээ олон улсад элбэг тохиолддог байна. АНУ-д л гэхэд улс төрийн нөлөө мөнгөний бодлогод нь орсон тохиолдол цөөнгүй гарч байжээ. Үүнээс зайлсхийхийн тулд АНУ Төв банкны хараат бус байдлыг бий болгож, Засгийн газраас тусдаа бодлого, чиглэлээ гаргадаг болжээ. Тиймээс манай улс олон улсын жишигт нийцүүлэх замаар алдаа, дутагдлаа залруулахын тулд Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж, УИХ-аар хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад тус хуулийн зарим заалтыг өөрчилж, заримыг нь хэвээр үлдээхээр болов. Тухайлбал, Монголбанкны үндсэн зорилго нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал байдаг. Үүнийг хуулийн өөрчлөлтөөр “Үнийн тогтвортой байдлыг хангах” болгон УИХ-д оруулсан ч хуучнаар нь үлдээхийг УИХ-ын гишүүд чухалд тооцов. Уг нь дэлхийн Төв банкуудын ихэнх нь үнийн тогтвортой байдлыг чиг шугамаа болгодог байна.

Үүнийг тайлбарлавал, ханш импортын барааны үнэд нөлөөлөх замаар инфляцид дам нөлөөлдөг. Мөн ханшийн хөдөлгөөн нь өрийн хэмжээ, зээлийн эргэн төлөлтөд нөлөөлдөг. Иймд Төв банк хэдийгээр инфляцийг үндсэн зорилго болгосон ч ханшид анхаарал хандуулдаг. Үүнийг “Зохицуулалттай ханшийн дэглэмтэй инфляцийг онилох мөнгөний бодлого” гэж тодорхойлдог байна. Энэ арга хэлбэрийг сонгохоор Төв банкны тухай хуульд Монголбанкны үндсэн зорилгыг үнийн тогтвортой байдал буюу инфляцийн тогтвортой байдал гэж тодорхойлжээ. Харин ч Төв банкны үндсэн зорилтыг хоёрдмол утгагүй, “Үнийн тогтвортой байдлыг хангах” болгож өөрчилснөөр ханшийн тогтвортой байдал хангагдах боломж бүрдэнэ гэж Монголбанк харж байгаа аж.

Түүнчлэн инфляцийг нам, тогтвортой төвшинд хадгалж, мөнгөний бодлогын зорилтыг тодорхой болгосноор макро эдийн засгийн орчныг дунд хугацаанд тогтворжуулах, улмаар валютын ханш тогтворжих нөхцлийг бүрдүүлэх боломжтой гэнэ. Төв банк инфляцийг тогтворжуулснаар макро эдийн засгийн тогтвортой байдал бий болох, макро тогтвортой байдал бий болсноор ханш савлахгүй байх нөхцлийг бүрдүүлэх эерэг нөлөө бий болно гэж үзэж байгаа юм байна. Гэвч ихэнх гишүүдийн саналаар дээрх зохицуулалтыг хуульд тусгахгүй байхаар болов.  Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдэд дээрх заалт ойлгомжтой санагдсангүй. Мөн хэд, хэдэн заалтыг өөрчлөхөөр болсон юм.  Гэхдээ асуудал үүгээр дуусаагүй. Тус хуулийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригийн чуулганы хуралдаанаар хийх учиртай. Тиймээс гишүүд эдийн засагт эерэг нөлөө авчрах зарим заалтыг эргэн харах болов уу гэж найдна.

У.Сарангэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж