Агаарын бохирдолтойгоо тэмцэж буй хотуудын туршлага

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдолтойгоо тэмцэж буй хотуудын туршлага

Агаарын бохирдолтойгоо тэмцэж буй хотуудын туршлага

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас дэлхийн 2100 гаруй хотод агаарын бохирдол хэвийн түвшнээс давсныг сануулсаар байна. Бензин, дизель хөдөлгүүрт автомашинаас ялгарах утаа болон нүүрсхүчлийн хийн хаягдлын уршгаар жилд гурван сая хүн нас бардаг гэсэн тоо баримт ч бий.

Агаарын чанарын үзүүлэлтээр тааруу хотуудын үндсэн шалтгаан нь автомашины утаа болоод үйлдвэрлэлийн утаа. Агаарын бохирдол, цаашлаад дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг улс орнууд хатуу түлшний хэрэглээг багасгаж, цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг хэрэглээнд өргөн нэвтрүүлж, дахин сэргээгдэх эрчим хүч ашиглах тал дээр онцгой анхаарч эхэлсэн. Цахилгаан хөдөлгүүртэй машины борлуулалт өнгөрсөн жил 77 саяар нэмэгдсэн ч дэлхийн хэмжээнд бензин болон дизель хөдөлгүүртэй 1.2 тэрбум автомашин зам дээр сүлжилдэж байгаа гэнэ.

Өндөр хөгжилтэй, томоохон хотууд агаарын бохирдол, утааг бууруулахын тулд хамгийн түрүүнд автомашины хэрэглээнд хязгаарлалт тавьж байна. Бээжин, Тяньжин, Хөбэй гээд Хятадын хойд нутгийн хотууд өвлийн цагт хатуу түлш, нүүрс хэрэглэдэг үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хязгаарлах бодлого баримтлах болжээ. Энэ мэтээр дэлхийн хотууд агаарын бохирдолтой хэрхэн тэмцэж байна вэ?


БЭЭЖИН-ТЯНЬЖИН-ХӨБЭЙ /ХЯТАД/

Агаарын бохирдол дээд цэгтээ тулж, хамгийн их утаатай байдаг өвлийн улиралд Тяньжин боомт хотод ган, цутгамал хэв, барилгын материалын үйлдвэрүүдийг ид хүйтний дөрвөн сард үйл ажиллагаагаа хязгаарлахыг үүрэгджээ. Зөвхөн гангийн үйлдвэрүүд гэхэд л тал хүчин чадлаар ажиллаж эхэлсэн байна.

Хятадын агаарын бохирдол хамгийн их 10 хотын нэг болох Хөбэйд мөн дээрхийн адил хүнд үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хязгаарлах бодлого барьж байна.

Түүнчлэн Бээжин хотын ойролцоох хөдөөгийн ард иргэдийг түүхий нүүрс, хатуу түлш ашиглахын оронд цахилгаан, байгалийн хийн халаагуур ашиглахыг үүрэгджээ.

Бээжинд нэг сонирхолтой арга туршиж эхэлсэн нь Голландын зохион бүтээгч Даан Русгаардын санаа юм. Тэрбээр 2013 онд Бээжинд оччихоод утааны асуудлыг хэрхэн шийдэх гарцыг эрэлхийлж эхэлжээ. Улмаар гурван жилийн дараа, 2016 оны есдүгээр сард Хятадын Байгаль орчныг хамгаалах яамны дэмжлэгтэйгээр Русгаардын зохион бүтээсэн “Утаагүй цамхаг”-ийг Бээжингийн гудамжинд суурилуулсан байна.

Аварга том, задгай талбайд ашиглах зориулалттай агаар цэвэршүүлэгч нь ахуйн нөхцөлд ашигладаг агаар цэвэршүүлэгчтэй адил зарчмаар ажиллана. Агаар дахь тоосонцор, хүнд метал, бохирдлыг сорон авч, цэвэршүүлээд буцаагаад цэвэр агаараар үлээнэ.

Давуу тал нь цахилгаан зарцуулалт маш бага. 1400 ватт хүчин чадлаар ажиллаж, хөлбөмбөгийн талбайтай дүйхүйц хэмжээний талбайг 75 хувиар цэвэршүүлдэг байна.


ШТУТГАРТ /ГЕРМАН/

Германы хамгийн их агаарын бохирдолтой хотоор нэрлэгдсэн Штутгартад оршин суугчдыг автомашины хэрэглээнээс татгалзахыг уриалж байна. Оронд нь нийтийн тээврээр зорчих тасалбарын үнийг бууруулжээ. Гэхдээ үр дүн төдийлөн гараагүй учир хотын захиргаанаас илүү хатуу, чанга арга хэмжээ авч, дизель хөдөлгүүрт автомашин зорчихыг хориглосон хязгаарлалтын бүс бий болгосон байна.

Мөн энэ жилээс агаарын бохирдол ихэсдэг хүйтний улиралд автомашины хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, хот руу орохыг бүрмөсөн хориглох тухай шийдвэр хэрэгжиж эхэлжээ.

Агаарын чанарыг сайжруулахаар авч эхэлсэн өөр нэг арга хэмжээ бол хөвдөн хана юм. Уулархаг бүс нутаг, ой мод, намгархаг газарт ихээр ургадаг хөвдийг ашиглан, хотын гудамжинд гурван метр өндөр, 100 метр урттай хөвдөн хана байрлуулсан байна. Хөвд нь агаарын бохирдлыг “иддэг” ач холбогдолтой гэнэ.


ПАРИС /ФРАНЦ/

Францын нийслэлд амралтын өдрүүдээр хотын төвийн хөл ихтэй дүүргүүдэд автомашинтай зорчихыг хоригложээ. Ингэхдээ автомашины улсын дугаарын тэгш, сондгой орноор ангилан хориглосон байна. Энэ үеэр нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ.

Сина мөрний баруун эргийг автомашингүй бүс болгож, Champs-Elysees өргөн чөлөөгөөр автомашин зорчихыг түр хориглосон байна.


ДЕЛИ-БАНГАЛОР /ЭНЭТХЭГ/

Энэтхэгийн нийслэл агаарын чанарын үзүүлэлтээр дэлхийд сүүл мушгих хэмжээнд бичигддэг. Хотын захиргаанаас 2000сс-ээс дээш багтаамжтай дизель хөдөлгүүрт автомашин, бага оврын ачааны машин, мөн такси үйлчилгээ үзүүлдэг дизель хөдөлгүүрт хэдэн арван мянган машиныг хоригложээ. Автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгой орноор ангилан, хязгаарлалт хийж байгаагаас гадна Uber маягийн бага оврын автобус үйлчилгээнд нэвтрүүлсэн байна.

Мөн Бангалор хотын хэмжээнд нийтийн тээврийн 6000 автобусыг шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг болгон хувиргаж, автомашины хэрэглээг хязгаарласан байна. Үр дүнд нь богино хугацаанд автомашины хорт утааг 20 хувиар бууруулж, дөрвөн хүн тутмын нэг нь өдөр тутамдаа нийтийн тээврээр зорчдог болсон гэж хотын захиргаанаас мэдэгджээ.


НИДЕРЛАНД

Тус улсын эрх баригчид 2025 оноос эхлэн энгийн бензин болон дизель хөдөлгүүрт автомашины худалдааг бүрмөсөн хориглох асуудлыг хэлэлцэж байна. Ингэснээр зөвхөн цахилгаан болон устөрөгчийн шатахуунаар ажилладаг тээврийн хэрэгсэл зорчих эрхтэй болно гэсэн үг. Гэхдээ өмнө нь бензин, дизель хөдөлгүүрт машин хэрэглэж байсан хүмүүс урьдын адил хэрэглэж болно, шинээр огт худалдаалахгүй юм. Түүнчлэн унадаг дугуйн хэрэглээг дэмжих тал дээр тусгай анхаарах гэнэ.


ФРАЙБУРГ /ГЕРМАН/

Германы Фрайбург хот 500 км урт дугуйн замтай. Мөн трамвай, хямд бөгөөд үйлчилгээ сайтай нийтийн тээврийн системтэй гэнэ. Хотын Ваубан гэх сууринд оршин суугчдыг гэрийнхээ ойролцоо автомашинаа байрлуулахыг хориглодог. Хотын нэг буланд автомашинаа байрлуулахын тулд эзэн нь 18 мянган евро төлөх ёстой. Автомашинаас татгалзсаны хариуд хотын захиргаанаас оршин суугчдын байрны төлбөрийг хөнгөлж, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрх өгдөг байна.


КОПЕНГАГЕН /ДАНИ/

Автомашинаас илүү унадаг дугуйг чухалчлах болсноор одоо хүн амаасаа илүү олон тооны дугуйтай болжээ. Хотын захиргаанаас хийсэн тооцооллоор унадаг дугуйгаар нэг бээр аялахад нийгэмд 0.42 ам.долларын үр ашигтай, харин автомашинаар нэг бээр зорчиход 0.20 ам.долларын гарзтай гэж.

Хотын томоохон талбай, гол дүүргүүдэд автомашинтай зорчихыг хориглосон байна.


ОСЛО /НОРВЕГ/

Норвегийн нийслэл 2020 онд агаарын бохирдлыг тал хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд том талбайг хамарсан автомашингүй бүс байгуулж, 65 км дугуйн зам шинээр барих, оргил цагийн үеэр автомашин хэрэглэгчдээс өндөр хураамж авах, автомашины зогсоолын талбайг хумих зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.


ХЕЛЬСИНК /ФИНЛЯНД/

Нийтийн тээврийн системийг боловсронгуй болох, автомашины зогсоолын төлбөрийг маш өндөр болгох, дугуй унах, явган алхахыг дэмжихийн тулд хотын доторх авто замуудыг явган хүний зам, суурьшлын бүс болгон өөрчлөх зэргээр автомашины хэрэглээг багасгах бодлого баримталж байна. 2050 он гэхэд нийтийн тээврийг төгс хөгжүүлснээр оршин суугчид автомашин унах шаардлагагүй болно гэж тооцоолжээ.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж