Зургаан жил завсарлаад байсан Монгол Франц хоёр улсын улс төрийн хамтарсан уулзалт өнөөдөр /20180.01.12/ Монгол Улсын Гадаад харилцааны яаманд болж өндөрлөлөө. Тус уулзалтад Монгол Улсын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн болон Франц Улсын Европ болон Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Тиери Мату нар болон бусад холбогдох хүмүүс оролцсон юм.
Уулзалтын үр дүнд Франц улсын төлөөлөгчид Монгол Улсад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дараах хоёр аргаар ажиллана гэдгээ мэдэгдэв. Ингэхдээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Франц улсын аж ахуй нэгжүүдийг дэмжинэ. Хоёрдугаарт, Европын Холбооны төлөөлөгчийн газраар дамжуулан Монгол Улсад дэмжлэг үзүүлэх асуудал дээр анхаарч ажиллана гэсэн юм.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар хоёр орны дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай соёл, боловсрол, бүх салбарын хамтын ажиллагааг дүгнэн ярилцлаа. Цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах олон салбар байгааг Францын талаас хэллээ. Франц улсын талаас орон нутгийн дэд бүтцийн асуудлыг шийдэх мөн Эрдэнэт хотод төв цэвэрлэх байгууламжийг барьж 2018 онд тоног төхөөрөмжийг нь шинэчилж дуусахаар ажиллаж байгааг хэлж байлаа. Монголын оюутан сурагчдад ялангуяа цөмийн энерги хөдөө аж ахуй эрчим хүчний салбарт тэтгэлгийг нэмэх боломжтой болсон. Мөн Францын үндэсний номын санд Монгол улсын эртний түүхийн олон материал баримтыг хуулбарлаж өгөх, мөн кино фестиваль хамтран зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэх төсөл хөтөлбөрийн тухайн ярилцлаа. 2020 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Үүнээс өмнө дэд бүтцийн хамтын ажиллагааг үргэлжлүүлж ажиллах шаардлагатай байна. Мөн Франц улсын талаас Монгол улсын гадаад харилцааны сайдыг энэ жилдээ багтааж айлчлал хийхийг урьсан” гэв.
Франц Улсын Европ болон Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Тиери Мату “Монгол, Франц хоёр улсын зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Хоёр тал харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх олон салбар бий. Монгол Улс 2015 онд Парис хотноо зохион байгуулагдсан COP 21 уулзалтаар чухал үүрэг амлалтуудыг авсан. Тэгэхээр энэ үүрэг амлалтаа биелүүлэхэд нь тус дэм болох зорилгоор Францын тал эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Франц Улс хөдөө аж ахуйн салбараар дэлхийд тэргүүлдэг. Монгол улсын хувьд ч ялгаагүй хөдөө аж ахуйн салбар гол салбар. Иймээс энэ салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх мал аж ахуйн салбарт малын үр шимийг чадавхжуулах дээр хамтран ажиллана” гэлээ.
Э.Бурам