МҮЭХ-ны ерөнхийлөгчийн шуурхай зөвлөлөөс лхагва гарагт /2018.01.09/ олон нийтийн жагсаал зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн дагуу МҮЭХ-ны гишүүд дэмжигчид татварын нэмэгдлийг эсэргүүцэж өнөөдөр /2018.01.12/ Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.
Тодруулбал, Сүхбаатарын талбайд МҮЭХ-ны 3000 гаруй гишүүд төв талбайд уриа, лоозон барьсаар цугларчээ. Жагсаалын үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар УИХ-аас баталсан долоон төрлийн татварын нэмэгдэл, тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шитгэлийн нэмэгдлийг бид эсэргүүцэж байна. Бид ард түмнийхээ эрх ашгийг хамгаална” гэж хэллээ. Үүний дараа үйлдвэрчний холбооны гишүүд өөрсдийн байр суурийг хэлж, Засгийн газраас зарим нэг шийдвэрээ эргэн харахыг уриаллаа.
Жагсаал өнөөдөр 12-14 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд одоогийн байдлаар 3000 гаруй хүн цугларчээ. Хүрэлцэн ирсэн гишүүд дуу нэгтэйгээр татварын нэмэгдлийг эсэргүүцэж цалин багатай хүнд нөхцөлд ажилладаг гэдгийг уламжилж байв.
Энэ үеэр жагсаалд оролцож буй иргэдийн байр суурийг сонслоо.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч, Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний холбооны дарга Д.Батдэлгэр
Эрүүл мэндийн салбарын 48 мянган ажилчдыг төлөөлөн өнөөдөр энэ цуглаанд оролцож байна. Эрүүл мэндийн салбарын ажилчид маш хүнд нөхцөлд ажилладаг. 24 цагаар өдөр шөнөгүй жижүүр хийж ажилладаг. Эдгээр долоон төрлийн татварыг нэмэхийг эсэргүүцэж байна. Нийгмийн даатгалын шийтгэлийн нэг хувийг төлнө гэдэг ажилчдын цалин багасна гэсэн үг. Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин 620 мянган төгрөг байдаг. Тиймээс хүн амын орлогын татварыг нэмэгдүүлж байгаад туйлын харамсаж байна. Өөрөөр хэлбэл цалин нэмээгүй байж одоо авч буй цалингаас татвар нэмэх нь байж болшгүй асуудал. Энэ бол Засгийн газрын буруу шийдвэр. Цаашилбал, Засгийн газраас гаргасан татвар нэмэх шийдвэрийг цуцлаач гэж хэлмээр байна.
МҮЭХ-ны Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг
Монгол ардын нам анх сонгуульд гарч ирэхдээ татварыг нэмэхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэтэл эдгээр татварыг нэмснээр ард түмний амьдрал хэцүүхэн болж байна. Дэлхийн жишигт нийцсэн дундаж цалин 1500 орчим ам доллар байдаг. Манай боловсролын салбарт 200-250 долларын цалин авдаг өчнөөн хүн байна. Ийм байхад татвараа нэмэх нь буруу юм. Жагсаалын дараагаас долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэн асуудлыг эргэж харахыг Засгийн газарт шахан шаардана гэсэн бодолтой байна” гэж мэдээллээ.
Ард түмний халаасыг дээрэмдсэн үйл ажиллагаа болж байна. Татвар нэмэхгүйгээр улсын төсөв бүрдүүлэх бүрэн боломж байгаа. Манай ажилчдын дундаж цалин хоёр сая төгрөг байдаг. Өнөөдрийн жагсаалд манай байгууллагаас 20 гаруй хүн оролцож байна. Засгийн газар их, бага цалинтай гэж ялгаж байгаа нь бидний үндсэн эрхэд халдаж байна.
Тэтгэврийн нас, татвар нэмэх асуудлыг эсэргүүцэж бид өнөөдөр энд цугларсан. Манай байгууллагаас өнөөдрийн жагсаалд 300 гаруй хүн ирсэн. Миний хувьд машинч мэргэжилтэй учир хүнд нөхцөлд ажилдаг. Өдөр шөнөгүй, илүү цагаар, нойр хоолоо хасан байж гар дээрээ 1.5 сая төгрөг авдаг. Хэрвээ татвар нэмчихвэл миний тооцооллоор 120-200 мянган төгрөг халааснаасаа нэмж төлөх юм. Үүнийг л эсэргүүцээд зогсож байна. Мөн өнөөдрийн жагсаал эрх баригчдын чихэнд хүрч татварын нэмэгдлийг хуучнаар нь үлдээгээсэй л гэж хүсэж байна.
Гэрэл зургийг Н.Батмөнх