Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын тоо цөөрчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын тоо цөөрчээ

Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын тоо цөөрчээ

Улсын хэмжээнд 59 мянга орчим төрийн албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг байсан ч сүүлийн хоёр жил энэ тоо 39 мянга гаруй болж цөөрчээ.


Төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2018.01.12/ төрийн албаны 300 гаруй хаагчдад мэдүүлгээ хэрхэн бүртгүүлэх, хянах, зөвлөгөө өгөх сургалтыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.

“Авлига авч болзошгүй төрийн албан тушаалтнаас мэдүүлэг авдаг болсон”

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар

“Нийтийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргадаг. Анх 2007 оноос төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг авч эхэлсэн. Тухайн үедээ төрийн 59 мянга орчим албан хаагчдыг хамруулж байсан бол одоо 39 мянга гаруй төрийн албан хаагчдын мэдүүлгийг авч байна. Учир нь хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалтыг 2014 онд шинэчлэн баталснаар яам, агентлаг, төрийн бүх байгууллагуудын нэгжид ажилладаг эрх бүхий албан тушаалтнуудаас авахаар болсон юм. Ингэснээр төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд нь хавтгайруулан авахгүйгээр авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөж болзошгүй, удирдах ажилтан хийж, тусгай зөвшөөрөл олгодог зэрэг эрсдэлтэй гэсэн албан тушаалтнаас мэдүүлгийг авдаг болсон. Энэ жил гэхэд 39.742 төрийн удирдах албан тушаалтан 2018 оны 2 сарын 15-ны өдөр мэдүүлэг гаргаж өгөх ёстой. Эцсийн байдлаар мэдүүлгүүдийг хүлээн авснаар энэ тоо дахин өөрчлөгдөнө. Жил бүр төрийн албаны бүтцийн өөрчлөлт, төрийн өмчит агентлаг татан буугдах, нэмэгдэх зэргээс хамаарч, энэ тоо харилцан адилгүй гардаг” гэдгийг тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар тайлбарлав.

Өнгөрөгч онд 43 албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцсон

Хөрөнгө, орлогын мэдүүлэг өгөөгүй, шалтгаангүйгээр хоцроосон бол тухайн төрийн албан хаагчийг албан тушаал бууруулах цаашлаад сахилгын арга хэмжээ авдаг байна. Мөн хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөхөөс татгалзвал тухайн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг гэдгийг албаныхан хэллээ.

Тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2016 онд 299 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгаж, үнэн зөв мэдүүлээгүй 77 албан тушаалтанд арга хэмжээ авчээ. Мөн 2017 онд 274 албан тушаалтны мэдүүлгийг шалган, нийт 43 албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцсон байна.

“Манай байгууллагын хувьд хөдөө орон нутагт 48 салбартай. Өнгөрсөн жил 4610 эрх бүхий албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгсөн. Энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар 4560 орчим албан тушаалтан мэдүүлгээ гаргаад байна. Бүтцийн хувьд өөрчлөлт орсонтой холбоотойгоор мэдүүлэг гаргах албан тушаалтны тоо 100 орчим тоогоор буурсан” тухай тус сургалтад хамрагдаж буй Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын ахлах байцаагч, цагдаагийн ахлагч Р.Ууганбаяр ярилаа.

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж