Бага үдийн 11 цаг. Нийслэлийн засаг даргын тамгын газрын үүдэнд 40 орчим иргэд жагсаж байлаа. Тэдний урдаа барьсан уриа лоозон, дүнсгэр царайнаас харахад цаана л нэг бухимдалтай байдлыг илтгэж байв.
Маргааш буюу /2018.01.13/ өдөр монголчуудын хувьд ардчиллын замыг сонгож шинэ Үндсэн хуулиа баталсны 26 жилийн ойн түүхэн өдөр тохиох юм. Асар их хүч хөдөлмөрөөр олдсон энэ өдрийг тохиолдуулан иргэд, зарим төрийн бус байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэн жагсаж байгаа аж.
Идэр есийн хүйтэнд толгой нүцгэн зогсох гуч орчим насны эр гартаа “Хүний эрх зөрчигдөж байна, эрхийнхээ төлөө тэмцэнэ” гэсэн уриаг гартаа атгачихсан байв. Учрыг тодруулахад үндсэн хуулийн өдөрт зориулан өөрийн дуу хоолойгоо эрх баригчдад хүргэхээр ирсэн гэх. Мөн амандаа шүгэл зуусан байх бөгөөд жагсаалын үеэр нэгэн зэрэг шүгэлдэж эсэргүүцлээ илэрхийллээ. Ингээд эдгээр иргэдтэй уулзаж жагсаалын зорилго, эрх баригчдаас нэхэж буй шаардлагын талаар зарим зүйлийг тодрууллаа.
Уг жагсаалд оролцохоор иргэд сайн дурын үндсэн дээр цугларчээ. Жагсаалын гол зорилго нь үндсэн хуулийг хэрэгжүүлэх, хүн бүрт хууль тэгш эрхтэйгээр үйлчлэх хэрэгтэй гэдгийг эрх мэдэлтнүүдэд сануулахаар цугласан байв.
Төрийн байгууллагын албан тушаалтан сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан. Гэтэл албан тушаалтнууд төрийн ажлыг наймаалцдаг болж. Энэ байдлыг эсэргүүцэж иргэдэд эрхийнхээ төлөө тэмцэхийг уриалж байна. Ялангуяа энэ төр засагт иргэдийн хяналт дутагдаж байна. Өнөөдрийн жагсаалд иргэн н.Мишиг, Ард түмний онц зөвлөл хамтран оролцлоо. Өөрийнхөө жишээн дээр хэлэхэд Засаг дарга С.Батболдод хариуцлага тооцохыг шаардаж байна. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж заасан ч бодит байдалд үйлчлэхгүй байгаа юм. Иймээс иргэдэд үндсэн хуульд хяналт тавихыг уриалж жагсаал хийж байна.
Өнөөдрийн жагсаалыг жирийн иргэд зохион байгуулж байна. Үндсэн хуулийн өдөр маргааш тохионо. Тиймээс эрхээ хамгаалахыг хүн бүрт сануулах хэрэгтэй. Бидний зүгээс хүний эрх ноцтойгоор зөрчигдсөн асуудалд төр, эрх баригчдыг анхаараасай гэж хүсэж байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 –р зүйлд заагдсан 18 эрх байдаг. Тэр дундаа эрүүл аюулгүй байх эрх хамгийн эрх зөрчигдөж байна. Тиймээс нийгэм даяараа сэрж хуулиар олгогдсон эрхээ хамгаалахыг уриалмаар байна.
Ард түмний байдал хүндхэн, хүний эрх дээд зэргээр зөрчигдөж байна. Хүний эрх Зөрчигдөөгүй газар гэж үндсэндээ алга. Ард түмэн үнэхээр их бухимдалтай байгааг харж байгаа биз ээ. Төр засгийн эрхэнд ёс зүйгүй хүмүүсийг дэмжиж гаргасандаа иргэд харамсаж байна. Хоёрдугаарт би 1990 оны ардчилсан хувьсгалд оролцож байсан. Өнөөдрийг хүртэл улс төрийн байдлыг зүгээр хараад сууж чадаагүй. Цаашдаа ч тэмцэнэ. УИХ-д ёс суртахууны суурьгүй балмад танхай хүмүүс их байдаг. Тэгэхээр үндсэн хуульд заасан тэгш эрхээ эдлэхийн төлөө бид тэмцэх хэрэгтэй.
Э.Ариун