Төрийн өмчит компани ногдол ашиг тараадаггүй

Хуучирсан мэдээ: 2018.01.12-нд нийтлэгдсэн

Төрийн өмчит компани ногдол ашиг тараадаггүй

Төрийн өмчит компани ногдол ашиг тараадаггүй

Ашигтай ажилладаг ч ард түмний хувьцаанд ногдол ашиг өгөхгүй л байна

Дэлхийн зах зээл дээр Австралийн коксжих нүүрсний үнэ тонн нь 330 ам.долларын оргил ханшид хүрч байсан 2011 онд Монгол Улс Тавантолгой ордын лиценз эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэн бүрт олгох санааг олсон байдаг. 2008 оны УИХ-ын сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд улс төрийн хүчнүүд санал нэгдэж, Эрдэнийн хувь болон Эх орны хишгийг 1072 хувьцаа болгон хувиргаж, иргэн бүрт үнэ төлбөргүй тараасан юм. Тодруулбал, 2012 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас шинээр тогтоол гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг Монголын ард түмэнд тараана гэснээр нэг хүнд 1072 хувьцаа оногдсон билээ. Ингэхдээ сонгуулийн амлалтын нэг сая төгрөгийг 1072 ширхэгтээ хувааж, хувьцааны нэрлэсэн үнийг зах зээлийн бус улс төрийн шийдвэрээр хүчээр тогтоож, 933 төгрөг болгосон байдаг.

Тэд стратегийн ордын дээрх хувьцааг иргэдэд ямар ч үнэ төлбөргүйгээр зүгээр л өгчихсөн юм. Үр дүнд иргэд хувьцаанд найдаж, нэг л өдөр ногдол ашиг гэж м өнгө авна гэж горьдож суусаар өнөөдрийг хүрэв. Гэтэл эдийн засгийн эргэлтэд орж, иргэн бүрт ногдол ашиг тараах үүрэг даалгавар хүлээсэн “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн хугацаанд өөдтэй явсангүй. Учир нь, тус компани өнөөг хүртэл уурхайн аман дээрээс нүүрсээ түүхийгээр нь зарж байна. Түүхий нүүрсийг нь Хятадын зуучлагч компаниуд маш хямд үнээр худалдан авч цааш дамладаг тогтолцоотой байна. Зарсан нүүрс нь орлого болох биш “Чалко”-гийн өрөнд явсаар өнгөрсөн онтой золгов. Ашигтай ажилласан хэмээн захирлууд нь зарладаг хэрнээ ард түмний хувьцаанд ногдол ашиг өгөхгүй л байна. Ашиг нь төсвийн алдагдлыг нөхөхөд л зарцуулагдаж байгаа юм. Нөхцөл байдал ийнхүү орвонгоороо эргэх болсон нь тэнгэр өөд цойлоод байсан Монголын “хар алт”-ны үнэ дэлхийн зах зээл унасантай шууд холбоотой.

  • Бодлого тодорхойлогчид нүүрсний ханшийн өсөлтөд хэт найдаж, үр дүнд нь иргэн бүр үхмэл хувьцаатай, төр засаг нь алдагдал “үйлдвэрлэдэг” аж ахуйн нэгжтэй болоод үлдэв.

  • Хэрэв зэсийн ханш уруудвал “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаа мөн л үнэгүйдэж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны бараан түүхийг давтана.

  • Хуулийн нэг заалтыг өөр өөрөөр ашиглаж байгаа нь төр үнэндээ хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт хөтлөгдөж буйн илэрхийлэл.

Өөрөөр хэлбэл, тухайн үед төрийн эрхийг барьж байсан бодлого тодорхойлогчид нүүрсний ханшийн өсөлтөд хэт найдаж, үр дүнд нь иргэн бүр үхмэл хувьцаатай, төр засаг нь алдагдал “үйлдвэрлэдэг” аж ахуйн нэгжтэй болоод үлдэв. Тэгвэл Монголын төр гаргасан алдаагаа таван жилийн дараа дахин давтах гэж байна. УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх шийдвэрийг урьдчилсан байдлаар гаргав. Нийт хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй тарааж, ногдол ашиг хүртээх боломжтой хэмээн ярьж буй нь нөгөө л таван жилийн өмнөх дүр зураг харагдаж байгаа юм. Хэрэв зэсийн ханш уруудвал “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаа мөн л үнэгүйдэж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны бараан түүхийг давтана. Нөгөөтэйгүүр, зэсийн ханш өсөлтийн зүгт чиглэж, тонн тутамдаа 7000 ам.доллар даваад буй үед “Эрдэнэт үйлдвэр”- ийн хувьцааг иргэн бүрт үнэ төлбөргүй тараахаар зэхэж буй шийдвэр үнэн хэрэгтээ хувийн өмчид хууль бусаар халдсан төрийн алхмыг хаацайлах гэсэн оролдлого.

Товчхондоо, түүхий эдийн үнийн өсөлтөд хэт найдсан төрийн бодлого, шийдвэр алдаа болж, ард түмнийг хөлдөө чирдэг. Түүхий эдийн үнэ өссөн шигээ унадаг зах зээлийн зарчмыг Засгийн газрын бодлого дааж чадахгүй байна. Үнэ өссөн үед хувьцаа тараадаг, үнэ унасан үед өрний тулам болж хувирсан тохиолдол ганц л байхад хангалттай. Эргэн саная. Зэсийн нөөцөөр Оюутолгой, Эрдэнэтийн дараа бичигдэх болсон Цагаан суваргын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг УИХ 2014 онд гаргасан. Тогтоолын төсөлд Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоосон ч хэлэлцүүлгийн шатанд хувь, хэмжээ гээгдэж, төр огт хувь эзэмшихээргүй болсон. Стратегийн гэх тодотголтой Цагаан суваргын орд парламентаас гаргасан шийдвэрийн дагуу 100 хувь “МАК” компанийн мэдэлд очсон гэсэн үг.

Монголын ард түмэн энэ ордоос ямар ч хувь эзэмшихгүй, ямар ч ашиг хүртэхгүй, зүгээр л хувийн хэвшилд хариуцуулсан байдаг. Тухайн үед УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд төр бизнест оролцох, тэр дундаа уул уурхайн бизнест хувь эзэмших нь буруу юм байна, хувийн хэвшилдээ итгэе, үлдээе гэсэн дийлэнх гишүүний байр суурь нь олон нийтэд ч, бизнесийнхэнд ч ихэд таалагдаж, улмаар УИХ- ын тогтоол болон гарсан нь тэр. Гэхдээ УИХ тухайн үед нэн чухал хуулийн заалтыг “мартсан” байдаг юм. Тэр заалтаа өнөөдөр гэнэт санаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК дээр хэрэгжүүлнэ хэмээж байна. Тэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.6 дахь заалт. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэсэн заалт. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд амьдрал дээр огт хэрэгжээгүй заалтыг өнөөдөр гэнэт санасан нь хачирхалтай. Адилхан зэсийн орд, адилхан стратегийн орд, адилхан хувийн хэвшил.

Гэхдээ өөр өөр ашиг сонирхол. Хуулийн нэг заалтыг өөр өөрөөр ашиглаж байгаа нь төр үнэндээ хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт хөтлөгдөж буйн илэрхийлэл. Төр засаг ээлжит популизм нь татварын нэмэгдлийн шуугианыг дарж, 10 хувийн хувьцаа өгөх нэрийдлээр ард түмнийг аргалах гэж оролдож байна. Гэхдээ ард түмэн өнгөрснийг мартаагүй. Тавантолгойгоос хувь өгнө гээд хулхидуулснаа мартаагүй. Үүнтэй адилхан Эрдэнэтийн 10 хувийг өгөх нэрийдлээр 90 хувийг төрд авч шахааны бизнесээ цэцэглүүлэх гэсэн далд бодлоготой байхыг үгүйсгэхгүй. Товчхондоо, төрийн өмчит уул уурхайн компани ногдол ашиг тараана гэж хэзээ ч байдаггүй. Ард түмэнд ашгийг нь өгнө гээд байгаа “Эрдэнэт үйлдвэр” гэхэд зэсийн үнэ цойлж байсан жилүүдэд хэдхэн тэрбумын ашиг тарааж байсныг тоо гэрчилнэ.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж