Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ өнөөдөр /2018.01.12/ Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд эхэллээ. Энэ жил чөлөөт бөхийн төрлөөр Олимпийн наадмаас анх медаль авсны 50 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд болж буй УАШТ-д 25 багууллагын 300 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлжээ. Эрдэнэтчүүд 2003 оноос хойш буюу 15 жилийн дараа УАШТ-ийг зохион байгуулж байна.
Тэмцээн гурван өдөр үргэлжилж, ирэх ням гаригт өндөрлөнө.
Энэ жилийн УАШТ Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос хэрэгжиж эхлэх шинэ жингээр явагдах юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг гэсэн жинд аваргуудаа тодруулна.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-жингийн барилдаан болж, аваргууд тодорно.
Дэлхийн бөхийн холбооны баталгаажсан “TAISHAN” фирмийн гурван дэвжээг ашиглаж, тэмцээнийг зохион байгуулах аж.
Жингийн үзлэг өглөөний 08.00 цагт болсон энэ жил анх удаа барилдааны өдөр жингийн үзлэг болж байгаагаараа онцлог болж байна. Тодруулбал, Дэлхийн бөхийн холбооноос гаргасан шинэчилсэн дүрмээр тэмцээн болохын өглөө жингийн үзлэгийг хийж байгаа аж.
Урьдчилсан болон дагах барилдаан 11.00 цагаас эхлэх бөгөөд өнөөдрийн хуваарийг хүргэе.
ХУВААРЬ:
БААСАН /2018.01.12/
- 08.00 – 09.00 – Жингийн үзлэг
- 09.00 – 10.30 – Шүүгчдийн семинар
- 11.00 – 17.00 – Урьдчилсан ба дагах барилдаан \эрэгтэй 61, 70, 79, 92 кг, эмэгтэй 55, 59, 65 кг\
- 17.15 – 17.45 – Сугалаа \эрэгтэй 57, 74, 97 кг, эмэгтэй 50, 57, 68, 72 кг\
- 18.00 – 18.30 – Тэмцээний нээлтийн ажиллагаа
- 18.30 – 21.00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах \эрэгтэй 61, 70, 79, 92 кг, эмэгтэй 55, 59, 65 кг\