Европын хамгийн хүчирхэг улстөрчдийн нэг Канцлер Ангела Меркел ХБНГУ-ын Засгийн газрыг удирдсан 13 дахь жилийнхээ нүүрэнд мухардалд ороод байна.
Ирсэн хүн буцдагийн адилаар Меркелийн улс төрд байх хугацаа хүмүүсийн таамаглаж байснаас өмнө дуусч магадгүй ажээ. Улс төр дэх түүний нөөц бололцоо шавхагдаж буй нь Германд төдийгүй баруун Европт хоосон орон зай бий болгох эрсдэлтэй юм.
ХБНГУ-ын улс төр дэх одоогийн тодорхойгүй нөхцөл байдал олон сонгогчдын итгэлийг олж чадаагүй есдүгээр сарын сонгуулиас үүдэлтэй. Арваннэгдүгээр сард шинэ Засгийн газар байгуулах Меркелийн оролдлого бүтэлгүйтэхэд тэр мухардсан билээ. Харин саяхан олон нийтийн санаа бодлыг тусгасан нэгэн судалгааны дүн Германы сонгогчид Меркелээс залхаж эхэлснийг харуулсан юм. Олон сонгогчдын таамаглаж буйгаар Меркелд одоо эвсэл байгуулах ганц л боломж үлдсэн.
Меркелийн намтрыг бичигч Стефан Корнелиус “Меркелийн цаг дуусч байгаа. Түүнд одоогийн нөхцөл байдлаас хурдан гарах дарамт, шахалт маш их байна ” хэмээн ярьсан байна.
Нөгөө талаар, Меркел цаг хожиж байж ч магад. Түүний намд халаагаа өгөх удирдагч болох хүн байхгүй. Гэвч олон улсын тавцанд Меркелийн гүйцэтгэсэн шиг үүрэг хүлээж, түүнийг орлох хүн одоогоор байхгүй гэдэг нь тодорхой.
Квантын химийн докторын зэрэгтэй, зүүн Германд даруухан аж төрсөн Ангела Меркел Европын де факто лидер болсон бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын явуулж буй улс төрийн бодлогыг барууны соёлын үнэт зүйлсэд аюул заналхийлж буй гэж үздэг нэгэн билээ.
-Меркелийн гавьяа-
63 настай Канцлер Ангела Меркел ХБНГУ-ын засгийн газрыг 13 жил тэргүүлэхдээ :
Меркелийн шийдвэрээр ХБНГУ 2015-2016 хооронд нэг сая гаруй цагаачийг эх орондоо хүлээж авсан нь хэт барууны үзэлтнүүдэд таалагдаагүй боловч улс төрийн томоохон дэмжлэг хүлээсэн юм.
Өнгөрсөн хугацаанд Меркелийн Засгийн газар Европт бий болсон улс төр, эдийн засгийн томоохон сорилттой тулгарсан нь Украины хямрал, Грекийн өрийн хямрал зэрэг юм.
-Сүүлчийн боломж-
Германы “Bild” сонинд өнгөрсөн оны сүүлчээр хэвлэгдсэн олон нийтийн санал асуулгын дүнгээр сонгогчдын тэн хагас нь Меркелийг дөрөв дэх удаагаа Засгийн газар байгуулахыг дэмжихгүй байгаа ажээ.
Үүнээс хэд хоногийн дараа “Die Welt”-д нийтлэгдсэн олон нийтийн санал асуулгын дүн Меркелд бүр ч муу мэдээ дуулгасан юм. Санал асуулгад оролцсон Германы нийт сонгогчдын тэн хагас нь түүнийг нэн даруй огцрох ёстой гэж үзсэн юм. Гол шалтгааныг тайлбарлахдаа тогтвортой үйл ажиллагаатай эвслийн Засгийн газрыг одоо болтол байгуулж чадаагүй гэжээ.
Есдүгээр сарын сонгуулийн өмнө улс төрийн ажиглагчид Меркелийг дахин ядах юмгүй ялалт байгуулна гэж таамаглаж байсан нь талаар болсон.
Меркелийн төвийн зүүний үзэл баримтлалтай Христийн ардчилсан нам (CDU) 1949 оноос хойш түүхэндээ анх удаа сонгогчдоос муу үнэлгээ авч, хэт барууны үзэл баримтлалтай Германы Альтернатив (AfD) намд олон сонгогчдоо алдсан билээ.
Меркелийн нам хэдийгээр сонгуульд ялалт байгуулсан ч олонхи болж чадаагүй учраас бизнес эрхлэгчдийг дэмжигч Чөлөөт Ардчилсан нам болон Ногоон намтай эвсэл байгуулах тохиролцоо хийхээс аргагүйд хүрсэн юм.
Чөлөөт Ардчилсан нам эвсэл байгуулах хэлэлцээнээс гарахад Меркел өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Европын хамгийн том эдийн засгийг авч явсан төвийн барууны болон төвийн зүүний намуудтай эвсэл байгуулах В төлөвлөгөөнд шилжсэн.
Эвсэл байгуулах тохиролцоо яриа хэлэлцээний шатанд яваа хэдий ч ирэх дөрөвдүгээр сараас нааш Герман улс төрийн тодорхойгүй нөхцөл байдлаас гарахгүй нь тодорхой байна.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа ч Герман улс ийм удаан хугацаанд Засгийн газаргүй байж үзээгүй юм. Эвслийн Засгийн газар байгуулж чадахгүй бол ээлжит бус сонгууль зарлах ажээ. Гэхдээ ээлжит бус сонгууль зарласан тохиолдолд Меркел намаа удирдан сонгуульд оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм.