Төлөвлөсөн ёсоор Холбооны Нөөцийн сангийн сүүлийн их наяд рублийг зарцуулж дууссанаа ОХУ-ын Сангийн яам мэдээллээ. Оросын экспортын гол бүтээгдэхүүн газрын тос, байгалийн хийн экспортын орлогоос бүрддэг энэ сан ирэх хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа зогсоож байгаатай холбоотойгоор ийнхүү сүүлийн хөрөнгөө зарцуулж дууссан байна. Одоо энэ орлого Үндэсний сайн сайхан амьдралын санд төвлөрнө.
Газрын тос, байгалийн хийн орлогоос тодорхой хувийг тусгай санд хуримтлуулж, гал алдсан үед хэрэглэх зорилгоор энэ санг анх байгуулсан бөгөөд энэ санаачилгыг Сангийн сайд асан Алексей Кудрин гаргаж байсан юм. Энэ сангийн хуримтлал нь мөн рублийн ханшийн тогтвортой байдлыг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.
Анх 2004 онд Тогтворжуулалтын сан нэртэй байгуулагдаж, 2008 онд Нөөцийн сан, Үндэсний сайн сайхан амьдралын сан хэмээн хоёр хуваасан юм. Одоо харин буцаагаад нийлүүлж байгаа ажээ. Сүүлийн 10 жилд энэ сан ОХУ-ын төсвийн алдагдлыг нөхөх гол эх үүсвэр болж ирсэн.
Сангийн яамны мэдээлснээр 2018 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Үндэсний сайн сайхан амьдралын сангийн хөрөнгө 3.753 их наяд рубль буюу 65.15 тэрбум ам.доллартай тэнцэж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ