“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э
Арванесдүгээр бүлэг
ҮНЭН СЭТГЭЛИЙН САЙХАН ҮГИЙГ ЦЭЦЭГ ХҮРТЭЛ ОЙЛГОЖ, ЭЕЛДЭГ САЙХАН ЗАНГ ХАШ ХҮРТЭЛ ТААШААНА
Өгүүлэх нь: Жя Фэй ордондоо хариад маргааш нь эзэнд бараалхаж хишигт мөргөөд төрхөмчилсөн байдлаа айлтгасанд хааны царай ихэд өөд болж, улсын сан хөмрөгийг уудалж, өнгөт эд, алт мөнгө зэргийг Жя Жөн болон хатдад өгснийг энд үл өгүүлэн өгүүлэх нь:
Рун, Нин хоёр ордны хүмүүс өчнөөн төчнөөн хоног зав зайгүй ажилласны эцэст бие сэтгэлээр ядарч чилэхийн туйлд хүрчээ. Тэгэвч хүрээлэн доторх алив эд хэрэглэлийн зүйлийг хэдэн өдөр хурааж янзлан сая дуусгав. Нэгд, Фөн Жэгийн ажил их, үүрэг хүнд. Бусад зарим хүн бол амар сул сууж байж болох боловч ганцхан Фөн Же тэгж болохгүй. Хоёрт, түүний зан хатуу. Хүнтэй хэрэлдэх дургүй учраас тэнхээ мэдэн явж, юу ч болоогүй юм шиг байдал гаргана. Түүний хажууд хамгийн сул сэлгүү, хийх ажилгүй хүн гэвэл Бао Юй юм. Энэ өглөө Ши Рэний ээж ирж, Жя Мүд:
-Ши Рэнийг шинэ жилийн цай уулгахаар аваачаад орой нь буцаана гээд явжээ. Иймийн тул Бао Юй зарц охидтой дөрвөлж хаяж шатар тоглох зэргээр наадна. Тэд тоглож байгаад уйдаж байтал нэг охин ирж: “Зүүн ордны Жэнь даяа таныг ший үзэж, хуар пуужин тавья гэж залж байна” гэсэнд хурдан хувцаслаад явах гэж байтал бас Юань Фэйгээс хайрласан чихэрт ээдмийг хүргэн ирэв. Энүүнд Ши Рэнь дуртайг мэдэх учир түүнд нэг хэсгийг үлдээгээд ший үзэхээр Жя Мүд хэлээд явав. Энэ хэр, тэнд “Дин Лан эцгээ таньсан нь”, “Хуань Бо ян, Ин Хунжөн хоёр жагсаал хийлгэсэн нь”, “Бичин багш тэнгэрийн орныг түйвээсэн нь”, “Жиян Тай гүн дайнд ялж сахиус өргөмжилсөн нь” гэх мэт ший дуулж байв. Эдгээр ший нь үймээн түүвэйнтэй, бурхан сахиус, буг шулмастай, туг далбаа хийсгэн, хүж зул асаасан, хэнгэрэг цан пижигнүүлсэн, тэр дуу чимээ нь гудамжинд хүртэл сонсогдсон, хүний сонирхол татахаар ажээ. Уг шийг их бага хүмүүс, эхнэр хүүхэд, охид бэрүүд үзэцгээж, инээлдэн хөөрөлдөж байв. Гагцхүү Бао Юй л ийм үймээн шуугианд дургүй болохоор жаалхан сууж байгаад босож, энүүгээр тэрүүгээр сэлгүүцнэ. Заримдаа дотогш орж Ёу хатан, эгч дүү охид бэрүүдтэй ярьж, шоолж хөхөрч байгаад гарч одов. Түүнийг гарахад эргэж ирээд ший үзнэ биз гэж бодоод Ёу хатан ч хайхарсангүй. Жя Жөн, Жя Лянь, Шюэ Пань нар чинээ мэдэн хуруу жимэлцэн хуалж байгаа учир Бао Юй өрөөндөө үгүй ч дотуур байгаа биз гэж бодоод бас анзаарсангүй. Түүний зарц нар нь ахимаг насныхан болохоор, эзнээ орой ирэхээр нь очно гээд завшаан гарсан дээр зарим нь мөрийтэй тоглоно. Зарим нь төрөл саднаараа орж аяга тагш юм эргүүлэх ч бий. Залуу нь шийний газар сэм ороод юм үзэж сууна. Энэ мэтээр түүний зарц нар зүг зүгт тарж дор бүрнээ ажилтай явна. Бао Юй хойноосоо хүн дагахгүй байгааг мэдээд дотроо: “Урьд эндхийн нэг бяцхан бичгийн гэрт тун сайхан зурсан нэг гоо охины зураг өлгөөтэй байдагсан. Өнөөдрийн энэ наргиан шуугиантай үед тэнд лав хүнгүй, тэр охин өдийд ганцаардаж байгаа биз. Би очиж хань болохгүй бол горьгүй” гэхчилэн бодоод тийш нь алхав. Цонхны дэргэд очтол, аахилан уухилах авиа сонсогдов. Бао Юй хэрдхийн цочиж “Гоо охин маань амь ороо юү” гэсэн шиг бодонгуут хуруугаа норгон цаасан цонхыг цоолон дотогш харвал, гоо охин амилсан биш, харин Мин Янь нэгэн хүүхнийг дарж, мөнөөх зэргэлгээн цэцэн дагины сургасан үйлийг үүсгэж, яг эрчин дээрээ тулаад байсан тул тийнхүү яраглаж чимээ авиа үүсгэсэн юм байжээ. Бао Юй тэсгэлгүй чанга дуугаар: “Хэрэг гарлаа” хэмээн хашгиран үүдийг өшиглөн орвол мөнөөх хоёр айж чичрэн дагжив. Мин Янь, Бао Юйг харуут яаран сөгдөж гашуудалтайгаар гуйна. Бао Юй:
-Гэгээн өдрөөр яаж байгаа чинь энэ вэ. Жэнь даяа мэдвэл амийг чинь авахгүй юү гээд мөнөөх охиныг харвал, нилээд дур булаамаар гэгээн гэрэлтэй төрсөн охин байх бөгөөд ичсэндээ царай нь ув улаан болоод тонгойно. Бао Юй сүрдүүлж, газар дэвслэн: “Хурдан зайлахгүй юугаа хүлээгээд байгаа юм бэ” гэсэнд сая санаа аваад тэр хоёр год үсрэн гарав. Бао Юй: “Хөөе чи битгий ай, би хүнд хэлэхгүй” гэж Мин Яний хойноос хашгирав. Цаадах нь өдийд хүн мэдсэн байлгүй гээд улам айн сандарна. Бао Юй түүнийг тайвшируулж: “Тэр чинь хэдэн настай юм бэ” гэсэнд цаадах нь: “Арван зургаа долоотой байх” гэв. Бао Юй инээж:
-Насыг нь хүртэл асуухгүйгээр ийм үйл үйлдэхийг бодвол тэр охин чамайг буруу л таньж дээ. Эй хөөрхий, эй хөөрхий гэснээ, нэрийг нь хэн гэдэг юм бэ гэсэнд Мин Янь: -Нэрийг нь хэлбэл үг олон болноо. Их сонин. Эх нь түүнийг төрүүлэхдээ, баян эрхмийг зөгнөсөн таван өнгийн түмэн өлзий хээ 1 үсэгтэй нэг толгой хоргой оллоо гэж зүүдлээд Ван Эр /түмэн/ гэж нэрэлсэн юм гэнэлээ гэв. Бао Юй хөхөрч: “Хожим буян дэлгэрч мэднэ. Би цаадуултай нь хэлэлцээд түүнийг чамд авч өгвөл ямар вэ” гэсэнд Мин Янь: “Тийм сайхан шийг үзэж байхгүй дээ” гэвэл, Бао Юй: “Дандаа үзсээр байгаад уйдчих юмаа. Тэндээс гараад энүүгээр тэрүүгээр тойрч явтал та нар тааралддаг байгаа. Одоо чи юү хийнэ вэ” гэсэнд, цаадах нь:
-Хүн мэдээгүй байгаа. Түүнийг сэм дагуулж хот ороод ирнээ гэсэнд Бао Юй:
-Болохгүй, хянамгай байхгүй бол мэдээлэгч нарт мэхлэгдэнэ шүү. Нэгэнт тэд мэдвэл бас ийм тийм гэж шуугина. Ойр орчмоор явлаа ч хурдан буцаж ир гэв. Мин Янь:
-Ойр орчмоор явах гээд хэнийд очих юм бэ гэсэнд Бао Юй:
-Шууд Хуа нь эгчийнд очихгүй юү. Гэртээ юү хийж байгааг нь үзэхгүй юү гэсэнд, Мин Янь:
-Энэ чинь, болох юм. Би яагаад бодсонгүй вэ. Тэд мэдсэн болохоор Эр Ег дагуулж дураар явлаа гээд л намайг зодвол яах юм бэ гэв.
-За би мэдэж байна гэж Бао Юйг хэлэхээр Мин Янь түүний морийг аваад ирэв. Тэгээд хоёул хойт хаалгаар гарч одов.
Мин Янь түрүүлж ороод Ши Рэний ах Хуа Зыфаньг дуудав. Энэ үед Ши Рэний ээж, хүү, охин, зээ, ач нараа авчраад цай уулгаж байжээ. Гадаа: “Хуа ах байна уу” гэхийг сонсоод Хуа Зыфан яаран гарч ирвэл, эзэн зарц хоёр байхыг хараад хэрдхийн цочиж, яаран Бао Юйг өргөн буулгаж, хүрээндээ оруулмагц: “Бао Эр Е ирэв” гэж бархирсанд өөр хүн сонссон аваас бас яамай. Ши Рэнь сонсмогц юу болсныг мэдэлгүй сандран гүйн гарч ирээд Бао Юйг угтан авч гарыг нь бариад: “Та юунд ирэв” гэж асуув. Ши Рэнь хариу сонсоод сая сэтгэл нь амарч: “Та мөн дэмий аашлах юм. Энэ мэт яаж болно” гээд Мин Яниас: “Өөр хэн дагаж яваа юм бэ” гэхэд цаадах нь инээж:
-Өөр хэн ч мэдэхгүй гэсэнд Ши Рэнь сандарч:
-Ингэж яаж болноо. Хэрэв хүнтэй таарвал, эсвэл Лао етай таарвал яана. Гудамжинд хүмүүстай шахалдаж мориноос унаж эндвэл яана. Яасан том зүрхтэй улс вэ. Энэ бол Мин Яний өдөөсөн хэрэг биз. Би хариад тэдэнд хэлж үхтэл чинь занчуулна даа гэсэнд Мин Янь уруулаа унжуулан: “Болохгүй гэж намайг хэлэхэд Эр Е заавал очно гэсэн болохоор намайг дагуулсан юм. Тийм байхад бүх хэргийг над руу түлхэнэ үү. За тэгвэл бид буцъя” гэсэнд Хуа Зыфан: “За нэгэнт ирчихсэн болохоор олон үгээр яана. Ганц өвсөн гэр улалжийн байшин, зайгүй бохир, тийм болохоор агь та яаж сууна” гэж асуув. Ши Рэний ээж ч хэзээний хүрээд ирсэн байв. Ши Рэнь, Бао Юйн гараас хөтөлж дотогш оров. Түүнийг хараад гэрт байсан охид царай нь улайж доош харав. Гэрийн эзэд Бао Юйг ханзан дээр залж, ширээ засаж, цай хийж өгөв. Ши Рэнь инээж:
-Та нар дэмий яарч юу хийнэ. Эсэн бусан юм идүүлж болохгүйг би мэднээ гээд өөрийн олбогийг авчирч нэг сандал дээр тавьж Бао Юйг түшиж түүн дээр суулган өөрийн хэрэглэдэг хөлийн ивүүрээ авчирч хөл дор нь тавьж өгөөд, үнэрт сайхан утлага гаргаж асаан, өөрийнхөө аяганд цай аягалан барив. Энэ зуур түүний эх, ах нар ширээ дүүрэн жимс, боов, боорцог өрөв. Ши Рэнь, тэр идээнд олигтой юмгүйг хараад инээж:
-За нэгэнт ирсэн юм, хоосон байх ёсгүй. Юу ч атугай амсаж үз гээд самар цөмж нимгэн хальсыг нь үлээн даавуун дээр тавьж барив.
Ши Рэний хоёр нүд улайж, нулимс урссан ор байхыг хараад Бао Юй: “Зүв зүгээр байж юундаа уйлаав” гэж инээн асуусанд цаадах нь: “Юун уйлах вэ. Нүдэнд юм ороод нухалсан юм” гээд Бао Юйн хувцсыг ажиглавал, алтан луутай улаан магнаг гадартай зувцааны гадуур булган ууж давхарлан өмссөн байв. Ши Рэнь:
-Цаадуул чинь чамайг хувцсаа сольж өмссөнийг хараад хаашаа явах нь вэ гэж асуусангүй юү гэсэнд Бао Юй:
-Жэнь даяа ший үзүүлэх гэж залсан болохоор хувцсаа сольсон юмаа гэнэ шүү дээ гэсэнд, цаадах нь:
-За тийм бол жаал сууж байгаад хариарай. Энэ бол чиний очих газар биш гэв. Бао Юй:
-Чи ч гэсэн даруйхан харьвал дээр шүү. Би чамд аятайхан амттан тавьж байгаа гэсэнд цаадах нь инээгээд:
-Дуугүй бай. Тэд сонсчихно шүү гээд гараа сунгаж Бао Юйн билигт хашийг аваад, эгч дүү нартаа: “За та нар үүнийг үз. Дандаа л гайхшран ярьж байдаг улс, олж үзээгүйдээ харамсдаг биз. Тэр чинь энэ дээ. Сайн үз. Үүнээс илүү ямар гайхамшиг хаана байх вэ гээд дамжуулан үзүүлээд, Бао Юйн хүзүүнд зүүв. Тэгээд ахдаа хандан: “Нэг цэв цэвэрхэн авсаархан тэрэг хөлсөлж Бао Юйг хүргэж өгье” гэж хэлэв. Хуа Зыфан: “Би хүргэх юм чинь, мориороо явсан ч яахав даа” гэсэнд Ши Рэнь: “Тэгж болохгүй, хүнтэй таарвал яршиг болно” гэв. Хуа Зыфан яаран явж нэг тэрэг хөлслөн авчирсанд Бао Юйг суулгаад явуулав. Ши Рэнь, Мин Яньд баахан жимс боов, хоёр пуужин авах зоос өгөөд: ”Хүнд битгий хэлээрэй. Хэлбэл чи ч буруудна шүү” гээд Бао Юйг үүдээр гарган тэргэнд суулган орхиулыг нь буулгатал харж байгаад Мин Яньтай цуг мориор дагав. Нин Гуофүгийн гудамжинд хүрэхэд Мин Янь тэргийг зогсоож Хуа Зыфаньд: “Би Эр Етэй зүүн ордонгоор очихгүй бол болохгүй. Хүн сэжиглэнэ” гэсэнд цаадах нь Бао Юйг өргөн буулгаад моринд мордуулав. Бао Юй инээгээд: “Чамайг л баахан зовоолоо” гээд хойт хаалгаар орсныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Бао Юйг явсны дараа зарц охид дураараа болж зарим нь шатар тоглож, зарим нь дөрвөлж хаяж, газраар л нэг гуагийн хальс болгов. Тийм байтал Бао Юйн хөхүүл эх Ли мамаагийн мэндийг мэдэхээр таягаа тулсаар хүрч ирэв. Тэгтэл Бао Юй байхгүй, зарц охид нь зоргоор наадаж байгааг хараад их л таагүй болж санаа алдан: “Би яваад, төдий л ирэхгүй болсноос хойш та нар улам ч дүрэм журамгүй болжээ. Бусад мама нар та нарт хэлэхгүй. Тэр Бао Юй гэгч, бусдыг үзэх нүд байвч биеэ үзэх тольгүй. Ганц хүний л муухайг мэднэ. Та нар гэрийг нь юу болгох нь энэ вэ. хэлэхийн аргагүй болгожээ” гэж загнав.
Бао Юй эдгээр зүйлийг огт хайхардаггүй аж. Ли мама нэгэнт чөлөөлөгдөөд явсан хүн, тэднийг захирахгүй гэдгийг тэдгээр шивэгчин охид мэдэж байгаа тул тоглохоороо тоглоод энэ эмгэнийг огт ойшоосонгүй. Тийм болохоор нь Ли мама: “Бао Юй өдөрт хэдэн удаа хоол идэж байна вэ, хэдийд унтаж байгаа вэ” гэж сонирхсонд шивэгчин охид хайш яйш хариулсан болж: “Яршигтай зөнөг толгой” гэцгээв. Ли мама аягатай ээдэм хараад: “Үүнийг яагаад над өгөхгүй байна вэ” гээд шүүрэн авч идэх гэтэл нэг шивэгчин “Битгий гар хүр. Ши Рэньд тавьсан юм. Ирээд уурлавал яах юм бэ. Биднийг битгий хэл аманд оруул” гэсэнд Ли мама мэнчийн уурлаж: “Түүнийг ийм санаа муутай болсон гэдэгт би итгэхгүй. Үнээний аяга сүү уух байтугай, түүнээс хамаагүй их үнэтэй зүйлийг нь авсан ч болно. Ши Рэнийг надаас илүү хүндэтгэн үзнэ үү? Тэр яаж өссөнөө бодохгүй юу? Миний цус сүү болж, тэр сүүг минь хөхөж өссөн юм. Одоо би түүний аяга сүүг уухад тэр уурлана уу? Би заавал энэ ээдмийг иднэ. Тэгээд яахыг нь үзье. Та нар Ши Рэнийг харвал яах учраа олохгүй сандарна. Тэр чинь бас миний гарын дор хүн болсон нэг муу сэгсгэр охин” гээд нөгөө ээдмийг нь бүгдийг идэв. Тэгтэл нэг шивэгчин: “Дэмий үг хэлээд таныг уурлуулчихлаа. Бао Юй өөрийн биеэр танд юм хүргэж очих гэж байгаа. Та энээхэн явдалд уурлаад яахав” гэсэнд Ли мама“Чи битгий үнэгэн залиар намайг мэхэл. Дээр үед цайнаас болж Чян Шюэг хөөж явуулсаныг чи мэдэхгүй юү. Буруу юм хэлсэн бол маргааш ирж буруугаа хүлээмз” гээд эгдүүцэн гарч одов.
Төдөлгүй Бао Юй ирээд, Чин Вэнь орон дээрээ хөдлөхгүй хэвтэж байгааг хараад: “Өвдсөн үү, эсвэл хожигдсон уу” гэж асуусанд нэг нь: “Тэр эхэндээ хожиж байсаан. Санаандгүй байтал Ли хөгшин ирж үймүүлээд, түүнээс болж хожигдоод уурандаа хэвтэж байгаа юм” гэв. Бао Юй:
-За та нар тэгээд тэр хөгшинтэй битгий энэ тэр гээд бай. Тааваар нь байлга гэв.
Энэ үед Ши Рэнь ирэв. Тэрбээр Бао Юйгээс: “Хэзээ ирэв. Хоол унд идэж уусан уу” гэж асуугаад, ээж болон охин дүү нарынхаа мэндийг тэдэнд дамжуулав. Тэгээд хувцсаа сольж засал чимгээ авав. Бао Юй: “Өнөөх ээдмийг авчир” гэсэнд шивэгчингүүд “Ли хөгшин идчихсээн” гэцгээв. Бао Юй: – аан гээд юм хэлэх гэтэл Ши Рэнь инээж: “Надад түүнийг тавьсан юм уу. Сайн санаа гаргасанд чинь баярлалаа. Тэр өдөр амттай сайханд нь дурлаад баахан идчихсэн чинь гэдэс өвдөж, сүүлдээ бөөлжөөд сандаргасан шүү. Тэрбээр идсэн нь сайн. Тэгээгүй бол хайран юмыг хаяхад хүрнэ. Би одоо туулайн бөөр идье гэж санаж байна. Чи надад хальсыг нь арилгаад өг. Би явж ороо засъя” гэв. Бао Юй энэ үгийг сонсоод итгэж, ээдмийг орхиод туулайн бөөр авчирч дэнгийн гэрэлд хальсыг нь арилган сууна. Өөр хүн байна уу гэж ийш тийш хараад байхгүйг мэдүүт инээмсэглэн: “Өнөөдрийн тэр улааныг өмссөн чинь юун хүн билээ” гэж асуусанд Ши Рэнь: “Миний бүл эгч шүү дээ” гэсэнд Бао Юй хоёронтаа шагшрав. Ши Рэнь:
-Чи юунд шагшрав. Чи лав тэр охин, тийм сайхан улааныг өмсөж яаж болох вэ гэж бодож байна уу гэж асуусанд:
-Үгүй үгүй. Тийм сайхан хүн, улааныг өмсөхгүй, өөр хэн өмсөх вэ. Би түүний сайхныг хараад, ийм хүн манайд байдаг болоосой гэж бодсон шүү гэж Бао Юйг хэлсэнд цаадах нь хүйтнээр инээж:
-Би ганцаар боолын заяатай болбол барав. Миний төрөл садан хүртэл цөм боол болох ёстой юү? Бас заавал хамгийн сайхныг шилж танай гэрт өгөх албатай юу? гэж асуув. Бао Юй инээж:
-Чи бас юм боджээ. Манайд ирвэл заавал боол болно уу. Ойр садан байж болохгүй юү? гэсэнд Ши Рэнь:
-Тэр яалаа гэж садангийн зэрэгт багтаж чадах вэ гэв. Бао Юй дув дуугүй болоод туулайн бөөр арилган сууна. Ши Рэнь инээж:
-Юунд дуугаа хураав. Миний саяын хэлсэнд дургүй чинь хүрч байна уу. Тийм бол маргааш өшөөнд нь хэдэн лан мөнгөөр худалдан авчирвал болноо гэхэд нь Бао Юй:
-Чиний үгний хариуд би юугаа хэлэх билээ. Би зөвхөн түүний сайхныг магтаж, тийм хүн энэ гүнгийн гэрт, энэ их хүрээнд төрсөн бол сая зохих атал миний мэтийн болхи бүдүүлэг амьтан энд төржээ гэсэн үг юмаа гэв. Ши Рэнь:
-Түүнд хэдий ийм буян үгүй боловч эцэг эх нь амьд эрдэнэ мэт хайрлаж, эрх дураар нь өсгөсөн бөгөөд энэ жил арван долоотой. Хуримын юм цөм бэлэн болсон гэнэлээ. Ирэх жил ураглана гэж сонирхуулав.
Бао Юй: “Урагланаа” гэхийг сонсоод тэсэлгүй хоёронтаа хай гэж шүүрс алдаад дотор нь үймэрч байтал Ши Рэнь бас шүүрс алдан: “Би энэ хэдэн жил эгч дүүстэйгээ бараг уулзсангүй. Одоо намайг харих болоход тэд нар харьд мордуулна гэсээн” гэтэл Бао Юй үгийн утга нэгэнт тодорхой тул цочиж туулайн бөөрийг цааш нь түлхээд:
-Юү гэнээ, чи харих боллоо гэж үү гэж асуусанд Ши Рэнь:
-Намайг дахин нэг жил тэсвэрлэтүгэй. Ирэх жил чамайг гаргаж авна гэж өнөөдөр миний ах эгч хоёр зөвлөж байна гэв. Бао Юй улам сандран:
-Юунд чамайг гаргаж авах гэж байгаа юм бэ гэсэнд:
-Энэ л хачин юм. Би танай гэрийн боол ч биш. Миний өөрийн гэр тусдаа байхад, энд хэдий болтол би ганцаараа суух юм бэ гэж эргүүлж асуув. Бао Юй:
-Би чамайг явуулахгүй гэвэл, чиний явах хэцүү л болно доо гэсэнд Ши Рэнь:
-Тийм ёс ерөөсөө байхгүй. Танайд байтугай хааны ордонд ч байхгүй. Хэдэн жилдээ нэг хугацаа сунгадаг, тэгээд тавьдаг тогтоол бол бий. Харин хүнийг үүрд авч байх ёс байхгүй гэв. Бао Юй:
-Бодоход тийм л юм. Гэхдээ Лао Тайтай чамайг явуулахгүй гэвэл яах юм бэ гэсэнд Ши Рэнь:
-Яалаа гэж явуулахгүй гэх юм бэ. Би бол тийм олдошгүй амьтан ч биш. Лао Тайтай болон бусад Тайтай нарын сэтгэлийг гойд татсан хүнийг бол гэр оронд нь дахиж мөнгө өгөөд байлгаж болох л байх. Гэтэл би онцгой хүн биш, ерийн л хүн. Надаас илүү хүн олон байна. Би багаасаа Лаү Тайтайг дагасан. Анхандаа шийний хүрээлэнд хэдэн жил зарагдаж, дараа нь чамд бас хэдэн жил зарагдлаа. Одоо манайхан, намайг гаргаж авна гэхэд тавибал таарна. Биеийн өртөг авахгүйгээр тавиад явуулчихвал даруй хишиг болно. Хэрэв чамд сайн зарагдлаа ч явуулахгүй гэх ёс байхгүй. Хүнд сайн зарагдах бол өөрт оногдсон үүрэг болохоос гавъяа биш. Намайг явахад сайн хүн олдоно. Нэг хүн явахаар үйл ажил зогсоно гэж байхгүй гэв. Бао Юй түүний яриаг сонсоод явуулах ёс байхаас байлгах ёсгүй тул дотроо улам бачимдаж:
-Хэдий тийм боловч би чамайг заавал байлгана гэвэл Лао Тайтай танай ээжид ахиухан мөнгө өгөхөд зовлон алга. Ээж чинь ч чамайг заавал аваачна гэхгүй байх гэсэнд цаадах нь:
-Миний ээж хүчилж чадахгүй. Сайнаар хэлээд илүү мөнгө өгөх байтугай, сохор зоос өгөлгүй байлгана гэхэд ээж минь яах юм бэ, дагана шүү дээ. Яагаад гэвэл, танайхан бол эрх сүрд эрдэж эзэрхэг явдал үйлддэггүй. Энэ бол бусадтай төдийлөн адилгүй. Дуртай бол арав дахин мөнгө гаргаж байгаад чамд авч өгөхөд, тэр худалдсан хүнд хохирол учрахгүй болно. Гэвч намайг учир шалтгаангүйгээр, чамд ч тус нэмэргүй байхад явуулахгүй гэж бидний яс махыг хагацуулах явдлыг Лао Тайтай ба бусад Тайтай нар хийхгүй байхаа гэв. Бао Юй баахан бодлогошроод:
-Чиний яриа бол заавал явах нь гэж бодмоор юм гэсэнд Ши Рэнь:
-Заавал явна гэсэнд Бао Юй: “Энэ хүний сэтгэл, журам ийм нимгэн гэж хэн бодох вэ” гэж бодохоос шүүрс алдаж хэзээний ингээд явахыг нь мэдсэн бол авчирдаггүй л байж. Эцэс сүүлдээ, өнчин чөтгөр би ганцаар хоцрох нь гээд уцаарлангуй ор руугаа очиж хэвтэв. Ши Рэнь гэртээ очоод, ээж ах хоёр нь гаргаж авна гэснийг сонсоод: “Үхэвч харихгүй” гээд, намайг тэнд очиход та нар идэх хоолгүй байсан. Ганцхан намайг худалдвал хэдэн мөнгө хүрэх байж. Хэрэв би худалдагдахгүй гэвэл эцэг эх минь харсаар байтал өлбөрч үхэх байсан. Одоо бол би, эзэнтэйгээ адилхан идэж өмсөхтэй, хараал зодуур үзэхгүй явж байна. Аав минь хэдий үгүй болсон ч гэсэн та нар гэр орноо сэргээж, эд хөрөнгөө арвижуулж хуучин байдалдаа хүрсэн. Гэхдээ л тийм баян цатгалан биш шүү дээ. Ийм байтлаа намайг эндээс гаргаж аваад баахан мөнгө олно гэж байгаа бол цаашид юу болохыг бодож ядаад байх юмгүй. Ерөөсөө гайгүй байгаа ч гэсэн намайг гаргаж яах юм бэ. Та нар намайг үхсэн гэж бодоод энэ санаагаа хурааж ав гээд уйлсан байна. Эх, ах хоёр нь түүний ийм эрс хатууг үзээд тэндээс гарахгүйг мэджээ. Угаасаа ч түүнийг худалдах үед үхмэл гэрээ тогтсон1 тул гаргаж авах ёс ч үгүй байж. Гэвч Жя овогтон бол өршөөл сайтай хүмүүс тулдаа, гуйвал худалдаж авсан үнээ ч төлүүлэхгүйгээр тавьж магадгүй гэж бодсон ажээ. Бас Жя овогтонууд зарц нараа доромжилдоггүй, гэм дутагдлыг өршөөхөөс айлгадаггүй юм. Алив их бага хүмүүсийн ойр зарагддаг охид бол боолтой адилгүй, ерийн үгээгүй ядуу айлын охидоос ч хүндтэй байдаг. Иймээс Ши Рэний эх ах хоёр түүнийг гаргаж авах гэсэн санаагаа болив. Өнөөдөр Бао Юй тэднийд очиж байдлыг нь үзсэнийг хараад, санаснаас илүү сайн гэж бодоод санаа амарчээ гэсэн үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:
Бао Юйн зан ааш бусдаас өөр, этгээд, хэлэхүйеэ бэрх хачин жигтэй хэдэн зүйлийн гэмтэйг Ши Рэнь багаас нь мэднэ. Сүүлийн үед эмэг эх Жя Мугийн эрхлүүлсэнээс болоод эцэг эх нь ч хатуу чанга сургаж чадахгүй байв. Тиймээс дур зоргоор, эрх танхай болж, хийвэл зохих юмаа ч хийж чадахгүй, ятган сануулж хэлсэн үгийг ч авахгүй хүн болжээ. Өнөөдөр Ши Рэнийг гаргаж авах яриа гарсан үетэй тааран учир худлаа үгээр түүний санааг тэнсэн мэдэж омог сүрийг нь дараад сүүд нь ятган аргадах арга хэрэглэхээр шийджээ. Энэ агшинд, түүний дув дуугүй хэвтэж байгааг хараад, сэтгэл нь тавгүй, уур омог нь буурсаныг мэдэв. Угаасаа тэрбээр туулайн бөөр идэх гэж санаагүй, тэр нэг жоохон ээдмээс болж, урьд нь Чян Шюэд тохиолдсон шиг юм үүсэх вэ гэж бодоод тийм жимс идэхээр шалтаглаж Бао Юйг аргалсан юм байжээ. Тэгээд бөөр жимсээ бага шивэгчдэд өгөөд, түүн дээр очиж цааш нь түлхэв. Өнөөх нь нүд дүүрэн нулимстай хэвтэж байв. Ши Рэнь харангуут инээж:
-Чи намайг үнэхээр эндээ байлгах гэж байгаа бол би явахгүй гэхэд л болно биз дээ. Үүнд зовох юу билээ гэсэнд, Бао Юй юм ярьж болох нь гэж бодоод:
-Үнэнээ хэл чи. Би бас чамайг явуулахгүй байх аргаа олохгүй байна гэсэнд Ши Рэнь:
-Чи бидний дотно сайныг ярих хэрэггүй. Гэхдээ чи, үнэн санаанаасаа намайг байлгая гэвэл би байхгүй гэж хэлэхгүй. Чи миний шаардсан гурван зүйлийн явдлыг дагавал намайг үнэнээсээ суулгаж болно. Тэгж чадах юм бол би хүзүүн дээр хутга тавьсан ч явахгүй байж чадна гэв.Бао Юй баясан инээж:
-За ямар гурван зүйл вэ, чи хэлтүгэй. Би цөмийг дагана. Сайн эгч минь, хайртай эгч минь хэлж үз. Хоёр гурван зүйл байтугай хоёр гурван зуун зүйлийг боловч би дагана. Ганцхан хүсэх минь, та намайг сахиж суутугай. Хэзээ нэгэн өдөр би үнс болсон хойноо… үнс дэмий тэр ор мөртэй, тэгэхээр хүн мэдчихнэ. Хэзээ нэгэн зурвас шингэн утаа болон салхинд үлээлгэн арилсан хойно, та нар ч намайг харж хандах аргагүй, би ч та нарыг хайхарч чадахгүй болно. Тэр үед та нар очих дуртай газартаа очвол болно гэхэд нь Жэ Рэнь амыг нь алгаараа дараад: “Тэнгэр минь! Би яг чиний энэ занг ятгая гэтэл харин улам дордоно гээч” гэсэнд цаадах нь: “Дахиж би ийм үг хэлэхгүй” гэж ам гарав. Ши Рэнь:
-Энэ бол чамаас халах нэгдүгээр зүйл гэсэнд Бао Юй:
-Халсугай! Дахиад хэрэггүй юм ярьвал чи миний хацрыг чимхээрэй. Өөр юү вэ гэж асуув.
-Хоёрдугаар зүйл нь, чи үнэн сэтгэлээсээ бичиг үзэх, дуртай дургүй нь хамаагүй. Ганц Лао егийн өмнө ч биш, бусад хүний өмнө ч дураараа битгий шүүмжилж ярь. Ядахдаа бичиг ном үзэх дуртай байдал гаргах юм бол Лао егийн уур бага болж, хүний өмнө хэлэх үгтэй болно. Лао е дотроо: – манайхан үе улиран бичиг ном үзжээ. Ганц чамайг л бичиг үзэхгүйгээр үл барам бас ар өврөөр амны хэрээр чалчин шүүмжлэх юм гэж бодох бүрд л сэтгэл зүрхэнд нь уур хилэн бадардаг. Бичиг ном үзэж өөдлөхийг хүсэгч бүхэнд чи “Шунахай хорхой” гэж нэр хоч өгдөг. Чи бас “Гэгээн эрдмийг тодорхойлохоос” өөр номгүй, цөмөөр эртний хүмүүсийн дэмий найруулан зохиосон зүйл гэнэ. Ийм үг сонсоод Лао е яаж хилэгнэхгүй, яаж чамайг дандаа зодох юмсан гэж бодохгүй байх юм бэ? гэсэнд Бао Юй инээж:
-Дахиад тэгж хэлэхгүй.Би багадаа тэнгэр хэдий өндөр, газар хэдий зузааныг мэдэхгүй байхдаа чалчсан үгээ наадах чинь! Одоо хэлэхгүй. За тэгээд өөр юу байна вэ гэж асуув. Ши Рэнь:
-Лам хувраг, бумба, тойныг харааж болохгүй. Нэн чухал нэгэн зүйл нь оо энгэсэгээр оролдож, охидын уруулд түрхсэн будгийг долоож, улаанд дурладаг муу зангаа хаях хэрэгтэй гэсэнд Бао Юй: – За за, цөмийг хаялаа. Өөр юм байвал хурдан хэл гэж шаардав. Ши Рэнь:
-Яриад л байвал жижиг сажиг юм олон бий. Тэр яахав, цаашид болно биз. Ер нь юм бүхэнд хичээнгэтэй хандаж, санаан зоргоор аашлахгүй бол болно оо. Чи хэрэв миний хэлснийг дагах юм бол намайг найман хүний сүйхээр дамнавч би явахгүй2 гэв. Бао Юй инээж:
-Чи энд удаан байвал найман хүний сүйх олж суухгүй гэж зовох хэрэггүй шүү гэхэд Ши Рэнь:
-Би харин түүнийг хүсэхгүй. Тийм заяа байлаа ч гэсэн тийнхүү үйлдэх ёсгүй бол хичнээн ч суусан сайн байна гэв.
Тэднийг ийнхүү ярилцаж байтал Чю Вэнь ирж: “Гурван жин боллоо. Унтацгаа. Сая Лао Тайтай хүнээр асуулгахад, унтсан гэж хэлсэн” гэв. Бао Юй цаг авчруулж үзсэнд хулгана цагийн хоёр мөч болсон тул угаан цэвэрлээд унтсаныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Өглөө босох гэсэнд Ши Рэний толгой өвдөж, нүд нь эрээлжлэн, бие нь халуурч байв. Эхэндээ тэсээд байсан боловч сүүлдээ нүдээ нээхэд ч зовиуртай болжээ. Бао Юй яаран гарч Жя Муд хэлсэнд эмч дуудаж үзүүлэв. Эмч: “Салхи авчээ. Эм уувал аяар зүгээр болноо” гэв. Эм уулгаж, хөнжлөөр хучиж хэвтүүлээд Бао Юй гарч Дай Юйн тэнд очив. Тэрбээр ганцаараа үдийн нойр авахаар хэвтэж байсан тул шивэгчин охид ч үгүй нам сэлүүн байв. Бао Юй мяндсан зөөлөн орхиулыг нь сөхөж ороод: “Охин дүү минь ээ, сая хоолоо идүүт унтах гэж байна уу” гэсэнд цаадах нь:
-Чи түр гарч цаагуураа зугаал. Би уржигдар нэг шөнө нойр алдсанаас болоод бие тэгшрэхгүй бүх бие чилээрхэж байна гэсэнд Бао Юй:
-Чилээрхэх ч яахав. Харин унтсаар байгаад өвчин олбол хэцүү шүү. Би нойрыг чинь хулжааж, уйтгарыг чинь сэргэж өгье гэв. Дай Юй нүдээ аниж:
-Миний нойр хүрэхгүй байна. Гэвч жаахан амсхийе. Чи өөр газар очиж жаахан тоглоод буцаж ир гэсэнд цаадах нь:
-Би хаачих юм бэ. Бусдыг харвал дур булгиад болохгүй шүү дээ гэсэнд Дай Юй инээд алдаад:
-Чи энд байх гээд байгаа юм бол, тэнд очиж номхон суугаад байвал ярилцаж болно шүү дээ гэвэл Бао Юй:
-Би бас хажуулмаар байна гэв. Дай Юй:
Хажуулаач дээ гэсэнд цаадах нь:
-Дэр алга. Хоёулаа нэг дэр дэрлэе гэсэнд Дай Юй:
-Битгий унгас алд. Цаад өрөөнд чинь, дэр байлгүй яадаг юм. Авчраад дэрлэхгүй юү гэв. Бао Юй гарсанаа төдхөн эргэж ирээд:
-Дэр байна. Байсан ч би түүнийг дэрлэхгүй. Ямар бузар эм хэрэглэсэнийг бүү мэд гэсэнд Дай Юй өндийн инээгээд:
-Чи ч үнэхээр муу заяаны эрлэг юмаа. Үүнийг дэрлэ гээд хоёр өөдөөсөө харан хэвтэв.
Дай Юйг хартал, Бао Юй зүүн хацарт товчийн чинээ цусны толбо байсанд хүрч ирж гараар илбэн үзээд:
-За бас хэнээр маажуулчихав гэж асуусанд цаадах нь:
-Маажсан юм бишээ. Сая тэдэнд энгэсэг авч өгөхөд үсэрсэн юм байлгүй гээд алчуур авч арчив. Дай Юй өөрийн алчуураар арчиж үзээд:
-Чи бас ийм явдал үйлдэнэ үү. Үйлдэх ч яамай, заавал тэмдэгтэй явдаг нь юү вэ дээ. Нагац аав үзсэнгүй ч өөр хүн үзвэл, сонин гайхам юм болгож, долигонон чихэнд нь тоть мэт үглэвэл, бүгдээр тайван байж чадахгүй л байхдаа гэв. Бао Юй түүний үгийг үг гэж сонссонгүй. Харин Дай Юйн ханцуйнаас сүнс хөлчүүрхэж, яс зөөлрөм сонин сайхан үнэр олж үнэртэв. Юу ханцуйлсан юм бол гээд ханцуйг нь татаж үнэртвэл цаадах нь инээгээд: “Хэн бас энэ үед үнэр мүнэр ханцуйлна вэ” гэсэнд Бао Юй:
-Тэгээгүй юм бол энэ сайхан үнэр хаанаас гарч байгаа юм бэ гэсэнд Дай Юй:
-Би бас мэдэхгүй байна. Бодвол авдраас гарсан юм байгаа биз гэсэнд цаадах нь толгой сэгсэрч:
-Тиймгүй. Энэ үнэрийн сайхныг ээ! Ямар гайхалтай юм бэ. Ерийн үнэрт үрэл, энэ тэрнийх биш гэсэнд Дай Юй хүйтнээр инээн:
-Тийм бол ямар нэг хувилгаан шүтээн гайхамшигт үнэр өгсөн юм болов уу. Тэгээгүй бол надад ямар нэгэн цэцэг хуар, эм тан найруулаад авчирч өгөх төрсөн ах дүү байхгүй дээ. Надад байхаас төрөлхийн минь үнэр л бий байх гэв. Бао Юй инээж:
-Би нэг юм хэлэх бүрийд чи эдгээр үгийг гаргаж ирнэ. Би чамайг нэг хашраахаас горьгүй. Үүнээс хойш чамайг зүгээр өнгөрөөхгүй гээд хоёр гараа зангидан үлээгээд Дай Юйг гижигдэв. Тэрбээр их гижигтэй болохоор гижигдэлгүй зүгээр гараа сарвагануулахад л хөхөрсөөр байгаад элэг нь хөшиж унахад хүрч “Ингээд байх юм бол би уурлана шүү” гэсэнд цаадах нь болиод:
-Чи дахиад баахан юм яримаар байна уу гэсэнд Дай Юй: “Ярихгүй” гэж ам тангараг өгөөд үс гэзгээ засах зуур, надад “Гайхамшигт үнэр”, чамд “Дулаан үнэр” байдаг юм уу гэж асуув. Бао Юй учрыг ойлголгүй:
-Надад дулаан үнэр бий гэдгийг ойлгохгүй байна гэхэд:
-Тэнэгээ тэнэг. Чамд хаш бий бол хүн даруй алтаар чамтай хосолно. Хүнд “Сэрүүн” үнэр байвал чи “Дулаан” үнэрээр түүнтэй хосолж болохгүй юү гэж Дай Юйг асуухад, цаадах нь сая л учрыг ухаж байх янзтай инээгээд:
-Сая уучлал гуйж байгаад одоо харин улам хортой хэлж байна уу гээд гараа сунгасанд Дай Юй хөхөрч
-Ах минь, үгүй, үгүй гэв. Бао Юй:
-Уучлахад амархаан, ганц ханцуйг чинь үнэртвэл болно гээд ханцуйг нь хамартаа барьж удтал үнэрлэв. Дай Юй гараа суга татаж аваад, “Одоо явж болно” гэвэл цаадах нь: “Явж болохгүй. Харин хоёулаа хэвтэж байгаад сайхан яръя” гээд хэвтэв. Дай Юй ч алчуураар нүүрээ бүтээгээд дэрээ налав.
Бао Юйг эсэн бусын юм ярихад, Дай Юй огт тоохгүй байв. Түүнээс: “Хэдэн настай нийслэлд ирсэн бэ” гэж асуухад нь хариу дуугарсангүй. Дахиад: “Зам зуурт чинь сонин сайхан газар харагдсан уу. Ян Жоу хотод ямар ямар эртний дурсгалт зүйл байдаг вэ. Ардын заншил, дадал зуршил нь ямар вэ” гэхчилэн угсруулан асуухад нь дуулаагүй юм шиг хариу өгсөнгүй. Тэгэхээр нь, чи их унтвал өвчин олно шүү гэж үглээд “Хөөе чи, Ян Жоу хотын яаманд нэг их үлгэрийн явдал болсныг мэдэх үү” гэж хашгирахад нь, нээрэн тийм юм болсон юм байх гэж үнэмшээд Дай Юй: “Ямар үлгэр вэ” гэж асуув. Бао Юй инээдээ барьж ядан “Ян Жоуд Дай Шан гэдэг уул бий. Ууланд Линь Ки гэдэг агуй бий” гэхэд цаадах нь: “За битгий чалч. Тийм уул бий гэж сонсоогүй” гэв.
-Энэ дэлхий дээр уул ус арвин бий шүү. Чи яаж цөмөөрөнг мэдэх юм бэ. Чи намайг ярьж дуусахаар шүүмжил.
-За тийм бол ярь, ярь.
-Линь Зыдунгийн дотор нэг сүрэг хулганы шулмас байсан гэнэ. Тэр жилийн лан сарын долооны өдөр хөгшин хулгана хэрэг зөвлөж хэлсэн нь “Маргааш бол лан сарын 8-ны өдөр. Ертөнцийн хүмүүс лавжуу будаа хийж иднэ. Одоо манай агуйд жимсний зүйл дутаж байх тул энэ дашрамаар явж баахныг дээрэмдэж авчирвал сайн байна” гээд нэг цаазын зэвийг сугалан нэг чадамгай бяцхан хулганад өгч туршуулан явуулав. Бяцхан хулгана буцаж ирээд: “Газар бүхнээр цөмийг туршиж үзэв. Уулын бэлийн сүмд жимс будаа их арвин байна” гэсэнд: “Тэнд ямар будаа, ямар жимс байна вэ” гэж бяцхан хулганааас асуусанд: “Амуу буурцаг тэдний сан хөмрөгөөр дүүрэн. Жимс таван зүйл байна. Тэр нь улаан чавга, туулайн бөөр, лухшан, зангуу, үнэрт төмс гэжээ. Хөгшин хулгана маш их баярлаад нэг зэв сугалан гаргаж “Хэн будаа хулгайлахаар явах вэ” гэж асуусанд нэг хулгана “Би явъя” гээд цаазын зэвийг аваад явав. Хөгшин хулгана бас нэг зэв гаргаад “Одоо буурцаг хулгайлахаар хэн явах вэ” гэсэнд бас нэг нь санал гаргаад зэв аваад явав. Энэ мэтээр нэг нэгээр үүрэг хүлээж хулгайлсаар байгаад зөвхөн үнэрт төмсийг үлдээв. Хөгшин хулгана “За одоо хэн явж тэр үнэрт төмсийг авчирах вэ” гэсэнд нэг муу дорой жоохон хулгана “Би очиж төмс хулгайлж ирье” гэж байна гэнэ. Цаадуул нь цөмөөр түүний янзыг үзэж, чамд хулгайлах туршлагагүй, бас хүч чадалгүй гээд зөвшөөрсөнгүй гэнэ. Тэгтэл бяцхан хулгана “Би хэдий нас бага, чадлаар дорой боловч арга авьяас ихтэй шүү. Хэл ам ч хурц, ухаан ч сэргэлэн. Би одоо явах юм бол та нараас илүү уран аргаар хулгайлж чадна” гэжээ. Олон хулгана “Чиний уран арга гэдэг чинь юү юм” гэж асуусанд бяцхан хулгана “Би та нар шиг шууд хулгайлахгүй. Би биеэ нэг сэгсэрвэл даруй нэг төмс болон хувилж төмсний овоонд өнхрөн ороод хүнд үзэгдэлгүй сэм зөөсөөр бүгдийг аваад ирнэ. Энэ арга шууд хулгайлсанаас уран бишүү” гэж асуужээ. Олон хулгана сонсоод: “Уран нь ч уран арга байна. Харин яаж хувилахыг мэдэхгүй. Чи хувилаад бидэнд үзүүлээтэх” гэцгээв. Үүнийг сонсоод бяцхан хулгана “Энүүн шиг амархан юмгүй. Би хувиръя” гээд “Хувир” гэж хашгирсанд, нэгэн үзэсгэлэнт гоё хүүхэн болчихов. Цаадуул нь энэ болохгүй. “Жимс болж хувирах байтал хүүхэн болчихов” гэсэнд бяцхан хулгана “Би та нарыг юм мэдэхгүй байна” гэж хэлнэ. Жимс гэвэл ганцхан үнэрт төмсийг мэдээд, давсны татвар хураагч Линь Лао егийн охин бол жинхэнэ үнэрт хаш гэгчийг мэдэхгүй байна”3 гэв.
Дай Юй сонсоод, ухасхийн босож, Бао Юйг дарж аваад:
-Уруул ам нь сэтэрсэн муу золиг чамайг! Намайг муулж байна гэгчийг би хэдийн мэдсэн гээд чимхэв. Бао Юй:
-Дүү минь намайг уучлаарай. Дахиж ярихаа байя. Би чиний тэр сайхан үнэрийг үнэртээд энэ үлгэрийг бодож олсон юм гэсэнд цаадах нь:
-Чи намайг хараагаад түүнээ бас үлгэр гэнэ үү гээд инээв.
Бао Чай орж ирээд: “Хэн үлгэр ярьсан бэ. Би сонсмоор байна “гэсэнд Дай Юй суудал өгөөд “Хэн байхав даа. Энэ харааснаа, үлгэр гэж байхгүй юү дээ” гэсэнд Бао Чай инээж:
-Бао Юй дүү ингэнээ. Энүүний гэдсэн дотор үлгэр домог их бий. Ганц харамсалтай нь, түүнийгээ ярих цаг нь тулбал цөмийг мартчихдаг юм. Уржигдар үдшийн тэр гадалийн тухай шүлгийг мэдэж байсан мөртөө санахгүй байгаа мэт зовно. Хүн даараад болохгүй байхад, энэ харин хөлс гаргана. Одоо бас санаж л байгаа гэв. Дай Юй инээн: – ум ма ни бад мэ хум. Хаашдаа л миний сайн эгч. Чи ч нэг дарлагатай болжээ. Хариу байвал бариу байна гэгч огт эндүү ташаа биш болой гэхчилэн ярьж байтал Бао Юйн гэрт нэг их үймээн болов. Ямар учир болсныг хойших бүлэгт үзэгтүн!
Тайлбар:
Үхмэл гэрээ тогтсон-Хуучин нийгэмд эмэгтэй хүнийг боол шивэгчин болгож худалдахад хоёр ёс байв. Амьд гэрээ тогтвол, худалдагдсан охиныг гэрийхэн нь эргүүлэн худалдан авч болно. Үхмэл гэрээ тогтвол, гэр оронтойгоо харилцаагүй болно.
Хэдий найман хүний сүйхээр дамнавч би явахгүй-Хуучин нийгэмд өндөр зэргийн сайд түшмэд бол найман хүний сүйхэнд суудаг. Ардын дотор бол бэр буулгах үед найман хүний сүйх хэрэглэж болно. Ши Рэний энэ үг бол хэдий зэрэг хэргэмт хүн намайг гол хатан болгож авлаа ч би явахгүй гэсэн үг болно.
Хятад үгийн сайхан үнэрт хаш бол сайхан үнэрт төмстэй адил дуудлагатай тул Бао Юй энэхүү адил дуудлагыг хэрэглэж ийм үлгэр зохиосон болой.
Холбоотой мэдээ