ТҮЦ эрхлэгчид хотын даргын эсрэг тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

ТҮЦ эрхлэгчид хотын даргын эсрэг тэмцэнэ

ТҮЦ эрхлэгчид хотын даргын эсрэг тэмцэнэ

Монголын худалдаачдын холбооны гишүүд өнөөдөр /2018.01.11/ Тусгаар тогтнолын ордны гадна талбайд  жагсаал зохион байгууллаа. Тодруулбал,  энэ оны нэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/, ил задгайгаар худалдаа үйлчилгээ эрхэлж байгааг зогсоох шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн улмаас нийслэлийн хэмжээнд 300 мянган худалдаа эрхлэгчид хохирч байна гэдгийг тус холбооны гишүүд онцоллоо. 

Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам

Хотын даргын захирамжийн дагуу үйлчилгээ явуулж буй ТҮЦ-ийг ачина гэж дүүргээс бидэнд мэдэгдсэн. Тиймээс бид нар өнөөдөр жагсаал зохион байгуулж байна. Жилийн жилд төр засаг ТҮЦ ачина гэж ард түмнээ эвхрүүлчих юм. Саяхан буюу нэгдүгээр сарын 2-нд нийслэлийн удирдлагуудын шуурхай зөвлөгөөн болсон юм байна. Тэр хуралдаанаар гар дээрээс худалдаа эрхлэгчдийг цэгцэлж ТҮЦ-үүдийг ач гэсэн үүрэг өгсөн байгаа юм. Өнөөдрийн байдлаар яг хэзээ ачихыг бид мэдэхгүй байна.  Ачихын өмнө ТҮЦ-ний тогийг таслаад ачдаг байхгүй юу. Бидний зүгээс өнөөдөр ТҮЦ ачихаа зогсоо гэсэн шаардлагыг тавьж,  гадаа хүйтэнд жагсаж байна.

Монголын худалдаачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Алтанзагас

Хотын дарга С.Батболдын гаргасан захирамжийн дагуу 300 мянга гаруй худалдаа наймаа эрхлэгчийн эрх ашиг хөндөгдөж байна. Өнөөдрөөс эхлээд ТҮЦ-ийг нь хураачихвал эдгээр хүмүүс яаж амьдрах юм бэ. Хэрэв бидний асуудлыг шийдэж өгч чадахгүй юм бол дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ. Бид нар өнөөдрийн байдлаар жагсаал хийх шаардлагыг хүргүүлсэн. Төр засаг 300 мянган худалдаа эрхлэгчийг хөсөр хаяж байна. Ингэж болохгүй шүү дээ. Бид нарыг хог дээр гар гэсэнтэй ямар ч ялгаагүй.

О.Эрдэнэсолонго Баянзүрх дүүргийн иргэн

С.Батболд дарга энэ сарын 2-нд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй гадна талбайд худалдаа наймаа эрхлэгчдийг тараа, ажлын байрыг хурааж ав гэсэн захирамж гаргасан. Бодит байдал маш хэцүү байна. Би банкинд өртэй, түүнийгээ төлж чадахгүй хэцүү байгаа учраас энд жагсаж байна. Банкнаас хашаа байшинг минь хураана гэж шаардсан. Надтай адилхан өрөнд орсон, хохирсон иргэд зөндөө байна. Би өнөөдөр амиа хорлохдоо тулаад явж байхад худалдаачдын холбоо надад гараа сунгаж тусалж байна. Ямар ч байсан энэ тэмцлээ зогсоохгүй. Төр засаг энэ шийдвэрээ эргэн харахыг бид шаардаж байгаа юм. 

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж