Хогийн цэгийг камераар хянадаг боллоо

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Хогийн цэгийг камераар хянадаг боллоо

Хогийн цэгийг камераар хянадаг боллоо

 

Өрөөнд хоёр диспетчер  дэлгэцэн дээрх хог хаягдал  зөөвөрлөж байгаа машин болон ойр орчмыг  хянан сууна. Энэ бол Сүхбаатар дүүргийн “Хог хаягдлын ухаалаг систем”-ийн хяналтын удирдлагын төв юм.

Хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээ, тээвэрлэлтэд хяналт тавихын тулд Сүхбаатар Дүүргийн Засаг даргын санаачилгаар  орон нутгийн онцлогт тохирсон шийдэл бүхий шинэ менежмент буюу “Хог хаягдлын ухаалаг систем”-ийг ийнхүү нэвтрүүлж байна. Энэхүү  ажлын бэлтгэл ажлыг өнгөрсөн  оны арваннэгдүгээр сард эхлүүлжээ.

Дүүргийн Засаг даргын тамгын газрын тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс 1-10 хорооны хог ихээр цуглардаг 25 байршилд, 300 сая гаруй төгрөгөөр  эрүүл ахуйн шаардлага хангасан, өнгө үзэмж, багтаамж сайтай, битүү хогны савыг байрлуулж, гэрэлтүүлэг зэргээр  хангаснаар камераар хянах боломжтой болгосон байна.  Камерын хяналт удирдлагын диспетчер 24 цагаар ажиллаж, хяналт тавих тул ил задгай хог хаях, орчин бохирдуулах, хог хаягдлыг цаг тухайд нь тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавих мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх давуу талтай гэнэ.

                   Ухаалаг системтэй болсноор хог тээвэрлэлтийн тоог бодитоор гаргана

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд хамгийн их хог төвлөрдөг, гэмт хэрэг ихээр гардаг  25 цэг дээр хогийн сав байршуулсан. Өмнөх хогийн сав нь муудаад, хогны ачааллыг дийлэхгүй  ил задгай хог ихээр үүсэж байсан. Энэхүү хогийн сав нь  10-20 тонн жинтэй. Хогийн савыг байрлуулахдаа хөрсний бохирдлоос хамгаалж, доороос нь бетондож цементэлж өгсөн. Мөн 360 градус эргэдэг камер болон, нэг чигийн камер суурилуулсан.  Үндсэндээ энэ камер дээр бичигдэж байгаа үйл явдлыг манай дүүргийн дотоод хяналтын төвөөс бүрэн хянах боломжтой. Энэ нь  маш олон талын ач холбогдолтой. Манай улсад хог хаягдлын менежментийг авч явдаг таван компани байдаг.

Хог тээвэрлэлт дээр асуудал их үүсдэг. Жишээ нь  тээвэрлэлтийн тоог зохиомлоор нэмж бичдэг. Ухаалаг системтэй болсноор хог  тээвэрлэлтийн тоог бодитоор гаргана” гэсэн юм.

Камер маш сайн татдаг учир хувь хүн, албан байгууллага зөрчил гаргасан тохиолдолд хорооны хэсгийн байцаагчаар дамжуулаад дүүргийн зүгээс эхний хоёр удаа санамж өгөх юм байна. Харин гурав дахь удаагаас торгуулийн арга хэмжээ авна гэв.

 Шөнө нууцаар барилгын хог хаядаг асуудлыг шийдвэрлэнэ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын  газрын  тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон “24 цагийн хяналттай  камерыг хоёр диспетчер хянах юм. Мөн  цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэстэй хамтраад сүүлийн таван жилийн хугацаанд судалгаа хийсний үндсэн дээр гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа газруудыг сонгож 25 камерыг байршуулсан байгаа. Хогоо гадуур нь хаяж байгаа мөн барилгын хогийг шөнөөр нууцаар ачиж ирж, хаядаг зөрчил буурна. Бид зөрчил гаргасан  иргэдийн фото зургийг камер дээрээс аваад, харьяа хороо руу нь явуулна. Тухайн хүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу, мөн хог хаягдлын хуулийн дагуу албан мэдэгдлийг хүргүүлнэ. Харин хоёр ба түүнээс дээш удаа мэдэгдэл өгсний  дараа зөрчил засагдахгүй бол холбогдох заалтын дагуу захиргааны арга хэмжээ авагдаад явна” гэв.

Сүхбаатар дүүрэг нь 140 гаруй мянган хүн ам, 36 мянга гаруй өрхтэй.  Нийслэлийн хэмжээнд Сүхбаатар дүүргийн анхлан хэрэгжүүлж байгаа “Хог  хаягдлын ухаалаг систем” нь бусад дүүргүүдэд жишиг болохуйц ажил юм. Цаашид Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хогоо ангилан хаях талаар сургалт, сурталчилгаа явуулахаар бэлтгэл ажлууд хангагджээ.

Э.Бурам

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж