Ц.Нямдорж: Банкны богцноос хэзээ гарах юм бэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Банкны богцноос хэзээ гарах юм бэ?

Ц.Нямдорж: Банкны богцноос хэзээ гарах юм бэ?

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Анх 36 банк байсан. 22 нь татан буугдаад 480 тэрбумын эрсдэлийг төр үүрсэн байдаг. Энэ асуудалд арилжааны банкны захирлуудыг буруутгаж болохгүй. Эдийн засаг муу байгаа гол шалтгаан нь төрийн буруу шийдвэртэй холбоотой. Тиймээс Монголбанк, УИХ, Засгийн газрын буруутай үйлдлээс болж хадгаламж эзэмшигчдийн мөнгө эрсдэлд орох аюултай юм. Тэгэхээр хадгаламжийн мөнгөөр биш, тухайн банкны хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр зээл олгох боломж байхгүй юу. Яагаад гэвэл хадгаламж эзэмшигчийн мөнгийг угаах аюул учирч мэдэх юм. 

Хоёрдугаарт, арилжааны банкуудад валютын хадгаламжийг хязгаарлах арга байхгүй юу. Валютын хадгаламжийг нээж өгснөөр хомсдол үүсээд байна гэж харагддаг.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:

-Хадгаламж эзэмшигчдийн нэрийн өмнөөс дураараа гэрээ хийх асуудал байхгүй болно. Хоёрдугаарт, хувьцаа эзэмшигчдийн мөнгө тухайн банкны нийт хөрөнгийн 10 хувьд л байдаг. Тэгэхээр 2020 оноос банкуудын дүрмийн санг 100 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэх шаардлагыг тусгаж байгаа юм. 14 банк ажиллаж байна. Энэ банкуудыг эрсдэлд оруулахгүйн тулд тогтворжуулалтын сан байгуулаад тэр сангаас алдагдлаа хаах асуудлыг хуульд тусгасан. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Банкуудын хувь эзэмшигчийн мөнгөөр зээл олгох боломжгүй. Өөрийн хөрөнгөөр зээл олгодог ББСБ байдаг. Өөрийн хөрөнгөөр зээл олгоход зээлийн хүү буурна гэсэн ойлголт байхгүй. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураав. 

Санал хураах үед УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хараад байхад арилжааны банкнуудын далд сонирхол маш их явж байна. Өчигдөр охин компанитай холбоотой заалтгүй байхгүй болгосон гэж яриад байсан. Гэтэл томьёолол дотор чинь явж байна. Банкны богцноос хэзээ гарах юм бэ. Энэ хэдэн ашигт малтмалын лиценз чинь бүгд банкны барьцаанд байгаа. Цөмийг нь цөлмөж байна. Хулхи компани байгуулаад хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хөөж гаргадаг зүйл явж байгаа. Гишүүд үгүй гэж хэлчхээд яагаад санал өгөөд байгаа юм. Энэ “хараат болон охин компани” гэсэн үгээ авч хая. Тамгын газар та нар учрыг нь олохгүй юм бол хэрэггүй. Би түмэн удаа хэлсэн шүү. Энэ Тамгын газрын этгээдүүд чинь гар хөл болж дууслаа. Амгалангаас эхлээд этгээдүүдтэй хариуцлага тооц” гэв.

Эцэст нь хуулийн төслийг дэмжин, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

Ингэснээр УИХ-ын үдээс хойших хуралдааныг өндөрлүүлээд байна. 

Т.НОМИН 

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж