Монголын залуу үеийн нэг хэсэг хэрхэн амьдарч байгааг илчилсэн нэгэн охины бичлэг өнгөрсөн 2017 оны сүүлээр цацагдаж, энэхүү бичлэгийг хүмүүс нэг нэгэн рүүгээ гэрлийн хурдаар түгээсэн. Энэ бичлэгт хоёр ноцтой гэмт хэргийг илчилдэг. Эхнийх нь хүчингийн, хоёр дахь нь мансууруулах бодисын хэрэглээ. Өөрийгөө золиослон гэмт хэргийг илчилсэн охины хэргийг Монголын хууль хяналтын байгууллага хэрхэн шалгаж шийдвэрлэхийг олон нийт хүлээж байна.
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийн тоо, холбогдогч сүүлийн гурван жилд анхаарал татахуйц нэмэгджээ. Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний өнөөгийн байдал ямар байна вэ, үүнтэй тэмцэхийн тулд ямар бодлого баримталж, юу хийж байна вэ, яагаад залуусын дунд идэвхтэй тархаж байна вэ, урьдчилан сэргийлэх ажил хийгдэж байна уу гэсэн олон асуултын хариуг NEWS агентлаг хайлаа.
Цагдаа, гааль, бодлого боловсруулагчид гээд тус тусдаа ажил хийгээгүй биш хийж байна, гэвч асуудлыг гинжин урвалын учир шалтгаанаар нь харж зангидах ажил хаана хийгдэх ёстой нь тодорхойгүй байна. Ялангуяа урьдчилан сэргийлэх, залуусын дунд мэдлэг ойлголт өгөх, энэ хэрэгт гаршсан хүмүүст уруу татагдахгүй байх тал дээр учир дутагдалтай байна.
Мэдээж эцэг, эх үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах нь зөв ч хүүхэд залуучуудын нэрээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад санаачилга харагдсангүй. Мөн хар тамхи, мансууруулах бодисын хэргийн талаар мэдээлэх нь гэмт хэргийн сэдлийг өдөөнө гэсэн байр суурийг цагдаагийнхан барьж байгаа нь зөв үү.
НҮБ-ын дэргэдэх Дэлхийн хар тамхитай тэмцэх алба 2010 онд Монгол Улсыг хар тамхи, мансууруулагч бодис тээвэрлэгч орон гэж үзэж байсан бол дөрвөн жилийн дараа хэрэглэгч орон хэмээн үзжээ. Ингэхдээ химийн аргаар гаргаж авсан сэргээшийн төрлийн синтетик бодисын хэрэглээ нэмэгдэх хандлагатай орон гэж тодотгожээ. Монгол улсад каннабис буюу олсны ургамлын байгалийн тархац их учраас каннабисын хэрэглэгч ихтэй орон гэж бас дүгнэжээ.
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг Монгол Улсад 2014 онд 61 бүртгэгдэж, 153 хүн шалгагдаж байсан бол 2015 онд 79 эрүүгийн хэрэгт 169 хүнийг, 2017 онд 78 гэмт хэрэгт 182 хүнийг холбогдуулан шалгажээ. Мөн гадаадын улс оронд Монголын 33 иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байна.
8 ЭХ СУРВАЛЖ ХЭН БЭ?
- Мансууруулах бодисын хэрэглэгч байсан, одоо эмчлүүлж буй иргэн
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр
- Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч С.Батзориг
- ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын албаны дарга Б.Сүхбаатар
- Сэтгэцийн эмгэг судлалын төвийн Донтолтын тасгийн эмч О.Буянхишиг
- Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн К.Елена
- Энэ чиглэлд сургалт, судалгаа явуулдаг төрийн болон ТББ-ын төлөөлөл
- Олон улсын хандлага, сүүлийн үеийн тоо баримт
ЭХ СУРВАЛЖ 1
“Мансууруулах бодис харахад цэвэрхэн юм шиг хэрнээ аюул нь архинаас хамаагүй их”
Бидний хэлдгээр “ice” буюу мөс татаж байгаад баригдаж, хоёр жилийн ялаар шийтгүүлж, гарч ирээд эмчилгээ хийлгэж байгаа тэрбээр нэрээ нууцлахыг хүслээ. Хэдийгээр өөрөө хичээж байгаа ч маш их бодогддог, чадлаараа түүнээс салахын тулд тэмцэж байгаа гэх тэрбээр одоо 30 настай. Анх сонирхож татаж үзээд ийшээ хөл хальтирсан гэж харамсан ярьж байна.
-Анх мансууруулах бодис хаанаас олж хэрэглэсэн бэ. Ер нь яагаад энэ аймшигтай зүйл рүү орчихов. Эхлээд хэрэглэхдээ зорьж хэрэглэсэн үү, эсвэл?
-Зорьж хэрэглэнэ ч гэж юу байх вэ дээ. Анх манай найзын танил гээд тэр хүн л өгсөн л дөө. Анхандаа сонирхоод, яадаг юм бол гээд хэрэглэж үзсэн. Хоёр дахь удаагаа бас л тэр нөхрөөс аваад хэрэглэсэн. Ингээд нэг нь хоёр болоод, хоёр нь гурав болоод, гурав нь дөрөв болоод явсан.
Эхлээд бид нарт үнэгүй өгөөд, дараагаас нь зардаг болсон. Нэг хэрэглээд цаашаа давтамжтай хоёр, гурван удаа хэрэглээд ирэхээр хүн донтдог. Зүгээр байхад л бие организм нэхээд эхэлдэг. Анхандаа бол түүнд орно гэж ерөөсөө бодохгүй шүү дээ. Энүүнээс хэзээ л бол хэзээ гарч чадна гэж сонирхоод татдаг. Яваандаа нөгөөдөх нь даамжирсаар байгаад нэг мэдэхэд л донтчихсон байдаг. Түүнийгээ татахын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгөгүй байвал яаж ийж байгаад, эд хогшлоо хүртэл зараад мөнгө олоод авдаг. Мөнгө олбол түүндээ л зарцуулна.
-Олдоц хэр байх уу. Тийм элбэг зараад байдаг юм уу?
-Зөндөө зарна. Гэхдээ талх шиг ил зараад байхгүй. Таньдаг, мэддэг хүрээлэлдээ л зарна. Түүнээс хаа хамаагүй хүмүүст бол өгөхгүй. Олдцын хувьд элбэг. Ер нь манай залуучууд их хэрэглэдэг болсон.
Хамгийн эмгэнэлтэй, харамсмаар зүйл гэвэл манай хууль, хяналтын байгууллага, цагдаагийнхан энэ муухай зүйлээс залуусыг урьдчилан сэргийлж, хамгаалах биш бүр даамжирсан үед нь арга хэмжээ авдаг. Мансууруулах бодис хэрэглээд байгаа нөхдийг барьж илрүүлэх л арга хэмжээ авдгаас биш түүний хор холбогдол нь юу вэ, яагаад үүнийг хэрэглэж болохгүй юм гэж дорвитой арга хэмжээ авдаггүй.
Баригдлаа, ял авлаа гээд буй хүмүүсийг харж байхад учиргүй донтчихсон биш байдаг. Залуучууд анх сонирхоод л, тэр нь даамжирчихдаг. Бид хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхийг тулд хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх, хор уршгийг нь сайн таниулах ажил л хиймээр байгаа юм. Хүмүүс тар тамхи гэхээр хөгжилтэй орнуудад л байдаг гэж хийсвэр ойлгодог. Гэтэл манайд газар авчихсан.
-Нэгэнт мансууруулах бодист донтчихсон бол эмчилгээ хийлгээд ч үр дүн багатай гэж дуулдсан. Эмчилгээ хийлгэсний дараа ямаршуухан байдалтай байна?
-Ийшээ нэг л халтирчихсан байхад эмчлүүлнэ гэдэг бол маш хэцүү. Ер нь эдгэрэх боломжгүй ч гэдэг юм билээ. Үр хүүхдээ бодоод л тэсэхийг хичээж байна. Байнга нөгөөдхөө бодно. Нөгөө хүмүүстэй уулзаад авчихмаар болоод, толгойд байнга бодогдоод байдаг. Миний хувьд, сайн эмч нарын буянаар эмчлүүлж, арай дээрдэж байна. Гол нь эмчлүүлнэ гэхээсээ илүүтэй сонирхлын журмаар татаж үзэлгүйгээр хол байсан нь хамгийн зөв арга. Түүнээс ийм эмчилгээ үр дүнтэй гэж ярих нь утгагүй байх л даа.
-Хилээр яаж оруулж ирээд байна вэ? Хууль хяналтын байгууллагын хараа, хяналт сул байгаад байна уу?
-Сүлжээ байдлаар л ажилладаг юм болов уу гэж би ойлгодог. Яг яаж оруулж ирдэг вэ гэдгийг сайн мэдэхгүй. Ганц нэг манайд ургадаг өвс байдаг л байх. Гэхдээ залуусын хэрэглээд байгаа бодисууд бол дийлэнх нь гаднаас оруулж ирж байгаа.
Гааль, цагдаагийнхны нүднээс далдуур орж ирээд байна аа гэдэг чинь маш том холбоотой сүлжээ байж л орж ирдэг байх. Шалгалт хийгээд байхад л орж ирээд байна гэхээр төрийн байгууллагад хамтарч ажилладаг хүн байхыг үгүйсгэхгүй. Хамгийн хачирхалтай юм нь манай хууль, хяналтынхан өөрсдөө залуучуудад өгөөш тавиад, нөгөөдхийг нь залуус сонирхоод баригдчихдаг. Шүүхийнхэн залуучуудыг үүнээс урьдчилан сэргийлэх дохио өгөхийн тулд хамгийн хүнд шийтгэлийг нь оногдуулах бодлого барьж байна гэж телевизээр ярьж байна билээ. Гэтэл тэр залуус ид ажил мэргэлтэй болж, ид боловсрох насандаа ял авч байна гэдэг цаашдаа хэн болох вэ гэдэг нь ойлгомжтой л болж байгаа юм. Ид хийж бүтээдэг, боловсордог, хайрлаж дурладаг насан дээрээ шоронд орчихоор ямар олиг байх вэ дээ. Тэднийг ялаа эдлээд гараад ирэхэд нь нийгэм яаж хүлээж авах уу? Хорт зуршлаасаа салж ажил хийе гэж бодлоо гэхэд манайд ажлын байр байна уу? Тийм хүнийг ажилд авах уу гээд бодохоор тэр хүний амьдрал ерөөсөө л сүйрч байгаа юм.
-Мансууруулах бодис хэрэглээд байгаа хүмүүсийг ажихад ямар хүн байна вэ?
-Ядуу тарчиг амьдралтай айлын хүүхэд эсвэл ядарсан хүн үүнийг хэрэглээд байгаа юм байхгүй. Аль боломжтой бололцоотой, боловсролтой, манай нийгмийн гайгүй гэсэн хүмүүс, тэдний хүүхдүүд л ихэнхдээ хэрэглэж байгаа. Зардаг борлуулдаг нөхөд ч тэднийг бүр нүдэлж авч байгаад эхлээд үнэгүй өгч, оруулж, донтуулж байгаад зардаг. Нэгэнт донтчихсон хүн бол нөгөөдхөө л хэрэглэхгүй бол байж сууж чадахаа больдог. Амьдрал, мөнгө, гэр орноо бодно гэсэн ойлголт бол байхгүй болчихдог. Телевизээс ч харж л байгаа биз дээ. Хар тамхины хэрэгт холбогдсон залуус дандаа л гайгүй айлын боломжтой, мөнгөтэй, төрийн томчуудын хүүхэд хүртэл холбогдоод явж байна. Нийгмээ гайгүй авч яваа хүмүүсийг, тэдний үр хүүхдийг донтуулаад байна гэдэг чинь улс орны хөгжил, аюулгүй байдал, цаашид оршин тогтнох асуудалд хамгийн аймшигтайгаар заналхийлж байна. Зүгээр архинд орчихсон хүн ямар байдаг билээ. Гэр орон, үр хүүхдээ анхаарахаа больдог. Гэхдээ харьцуулахад зарцуулж байгаа мөнгөний хэмжээ бага. Мансууруулах бодис харахад цэвэрхэн юм шиг хэрнээ аюул нь архинаас хамаагүй их.
-Та залууст хандаж юу гэж зөвлөмөөр байна?
-Сонирхоод ганц, хоёр татаад үзчихье. Би энүүнд орохгүй, донтохгүй гэж бодож байгаа байх. Үнэндээ бол тийм биш шүү. Нэг л мэдэхэд чи орчихсон. Тэр үед амьдралын сайн сайхан гээч юу ч үгүй. Түүнээсээ өөр юу ч боддоггүй болгочихдог ийм л муухай зүйл. Залуус минь, хэзээ ч битгий сонирхоорой.
Л.НАРАНТӨГС
ЭХ СУРВАЛЖ 2
“Хар тамхи яг л хорт хавдар шиг тэлж байна”
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай хар тамхины асуудлаар ярилцлаа.
-Та саяхан залуучуудын чуулга уулзалтад оролцож илтгэл тавьсан. Тэрхүү илтгэлээс харахад өсвөр насны хүүхдүүдийн хар тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа нь анзаарагдсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?
Үүнээс 30 сая нь хар тамхинд гүнзгий хамааралтай болсон. Энэ бол нуугдмал гэмт хэрэг. Манайд илэрч байгаа хэргийн нөхцөл байдалд шинжилгээ хийхэд өсвөр насныхан ихээхэн холбогдох болсон. Хар тамхины хэрэглээ шохоорхол, сонирхлын шинж чанараас нэгэнт халиад, илүү зохион байгуулалттай, далд бизнесийн хэв шинж рүү орсон байна. Гуравхан сая хүнтэй, 1/3 нь залуучууд эзэлдэг манай улсын хувьд энэ бол аюулын харанга юм. Хар тамхинд зориуд донтуулж, ашиг олж бизнес хийж байгаа гэмт этгээдүүд өөрсдийнхөө зах зээлийг тэлэхийг эрмэлзэнэ. Тэр зах зээл нь зөвхөн баян чинээлэг хүмүүсийг онилдог гэсэн үг биш. Амьдралын боломж муутай залуусыг татан оролцуулах замаар дараа дараагийн гэмт хэргийн золиос болгох хандлага бий. Ялангуяа өсвөр насны охид, бүсгүйчүүдийг донтуулаад биеийг нь үнэлүүлэх, хүний наймааны золиос болгох төлөв байдал байгаа нь бидний сэтгэлийг их зовоож байна.
-Хар тамхины гэмт хэрэг ийм түвшинд хүрсэн гэхээр итгэхэд бэрх байна. Өнгөрсөн хугацаанд хэдэн охин энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон бэ?
-Хар тамхи, гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн хуулийн байгууллагад илрүүлэн шалгаж байгаа тоогоор яривал өөрсдийгөө дэндүү хуурч, асуудалд өнгөц хандаж байгаа хэрэг болно. Энэ төрлийн гэмт хэргийг тандан судалж, нууц, далд аргаар тэмцэж байж илрүүлдэг. Өнгөрсөн оны хавар Засгийн газраас “Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Хуулийн машинаар нухчин дарах арга бол хамгийн эцсийн арга хэрэгсэл. Эхлээд урьдчилан сэргийлэх, хүрээ хязгаарыг тархаахгүй байхад төр засаг гол анхаарлаа хандуулахаар уг хөтөлбөр батлагдсан. Энэ нь ганцхан хууль хяналтынхны ажил биш. Төрийн ордонд болсон залуучуудын чуулган дээр ч би энэ санаагаа илэрхийлсэн. 2017 онд хар тамхины гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар нь авч үзэхэд насанд хүрээгүй хүүхдийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 38 хувь, 26-35 насны холбогдогч 88 хувиар өмнөх оныхоос нэмэгдсэн нь энэ асуудал яг л хорт хавдар шиг томорч буйг нотолж байна.
Хүн эхээс төрөхдөө хэзээ ч гэмт хэрэгтэн болж төрдөггүй. Монголчууд уламжлалт соёл, заншил, хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарахгүй бол болохгүй болчихож. Сүүлийн 25 жилийн хугацаанд зөнд нь хаясан зүйлийн нэг бол энэ мөн. Эрх, эрх чөлөө л ярьсаар хүүхдээ зөв, сахилгатай хүн болгох асуудлаа дур зоргод найдаж урсгалд нь хаясан. Аминч үзэл, хувиа бодсон байдалд дулдуйдсан нийгэм юу нь эрүүл байх вэ. Дээвэр муутай байшинд дусаал гоожих нь ихтэй адил дэггүй хүүхэд дэл сул хоронд автах нь түргэн. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж үг байдаг даа. Үр хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаагуур явж буйд анхаарахаас эхлээд ерөөсөө эцэг, эхийн зөв хайр, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хаа сайгүй түгээхсэн. Утаандаа угаартаад, уур хилэндээ живсэн нийгмээс яаж гэрэл цацрах вэ дээ.
-Хар тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа нь хил гаалийн хамгаалалт сул байгаатай холбоотой юу эсвэл манайд энэ төрлийн өвс, ургамал ургадаг байдалтай холбоотой юу?
-Энэ төрлийн ургамал ургадаг ч, устгалд оруулдаг. Манай улс хар тамхитай тэмцэх олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон. Энэ конвенц гурван удаа шинэчлэгдсэн. Олон улсын байгууллагаас хар тамхины төрөлд ямар бодис ургамал орох вэ гэдгийг тогтоож, тэр нь жишиг болж явдаг. Харин манайд “Ми ми”-г хэрэглэсэн, оруулж ирсэн иргэдийг барьдаг ч тухайн бодис нь хар тамхины жагсаалтад байдаггүй учраас хариуцлага тооцох боломжгүй байсан. Тиймээс өнгөрсөн онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа энэ асуудлыг тусгаж өгсөн. Одоо бол хуулийн хариуцлага тооцох боломжтой болсон.
Хоёрдугаарт, хар тамхи гэж ярих уу эсвэл мансууруулах бодис, эм гэдэг нэр томьёо хэрэглэх үү. Аль жагсаалтыг үндэслэж, хэн тогтоож байх вэ, хүрээ хязгаар нь ямар байх вэ гэдгийг шийдэх ёстой.
Гуравдугаарт, энэ төрлийн гэмт хэрэгт хууль хүчний байгууллагын албан тушаалтнууд холбогдсон, илэрсэн, шалгагдаж байгаа асуудал ч бий. Хэрэв хууль хяналтын хариуцлагатай албан тушаалтан зохион байгуулалттай бүлэглэлийн гишүүн болчихсон, бизнес хийдэг, хэрэглэдэг, оролцдог бол бид нэлээн зохион байгуулалттай, чанд арга хэлбэрээр тэмцэхгүй бол болохгүй. Би бол энэ талаас нь шийдэх нөхцөл байдал үүссэн юм биш байгаа гэж харддаг. Магадгүй бусад мөрдөн шалгах чиг үүрэгтэй холилдоогүй, олон дамжлагагүй шууд удирдлагаар ажилладаг мөрдөн шалгах бүтцийг байгуулж байж илүү хараат бус, илүү нууц аргаар ажиллах боломж бүрдүүлэх шаардлага үүссэн байхыг үгүйсгэхгүй.
Дөрөвдүгээрт, техник технологи, хөрөнгө санхүүтэй холбогдсон асуудал байна. Хар тамхи хэрэглэсэн эсэхийг илрүүлэх, шалгах, шинжлэх багаж хэрэгсэл манайд дутмаг байдаг. Мөн мэргэшсэн мэргэжлийн мөрдөгч ч дутмаг. “Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн дагуу сургалт явуулж хэлсэн. Өнөөдрөөс эхлэн Коломбо планы шугамаар АНУ-аас энэ чиглэлээр мэргэшсэн гурван мэргэжилтэн ирж, манай хууль хяналтынханд тусгайлсан сургалт эхлүүлж байгаа. Цаашид ч үргэлжилнэ. Тоног төхөөрөмжийн асуудал ч яригдаж байгаа.
Тавдугаарт, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай хууль 2006 онд батлагдсан. Энэ хууль өнөөгийн нөхцөл байдалд шаардлага хангахгүй болсон байна. Тиймээс шинэчлэн найруулах ажил хийгдэж эхэлсэн. 2018 онд энэ хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах зорилготой Хууль зүй, дотоод хэргийн яам ажиллаж байна.
-Хууль хүчний байгууллагын албан тушаалтнууд холбогдсон байж болзошгүй гэж хардаж байгаагаа та илэрхийллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж байна уу?
-Одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө байх, нэр бүхий прокурор энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бий. Түүнчлэн хар тамхи тээвэрлэсэн, хэрэглэсэн хоёр хуулийн ажилтан баригдсан. Хамгийн сүүлд хэвлэлээс авсан мэдээллээр бол дээрх хэргийг шүүхээс буцаасан байдаг. Тодорхой илэрсэн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэхгүй, яагаад байгаа нь мэдэгдэхгүй байдалтай байна. Хэн энэ хэргийг хаацайлж, шийдүүлэх сонирхолгүй байна вэ. Би бол тодорхой хэрэг маргаан, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох хориотой. Гэхдээ тодорхой нэр бүхий хуулийн байгууллагын ажилтнуудын оролцсон асуудал яагаад удаан хугацаагаар шийдвэрлэгдэхгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс хуулийн байгууллагын зарим ажилтан өөрсдөө холбогдсон байж болзошгүй гэж би хардаж байна.
-Хар тамхитай тэмцэж байгаа байгууллагуудын уялдаа холбоо сайн байж чадах уу?
-Цагдаагийн байгууллагад хар тамхитай тэмцэх бие даасан нэгж ажиллаж байгаа. Саяхан сошиалаар цацагдсан охины яриагаар бол тагнуулын байгууллагад байцаалт өгсөн ч юм шиг, өгөөгүй ч юм шиг асуудал яригдсан. Хар тамхины хэргийг хуулийн харьяаллаараа цагдаа шалгадаг. Нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй гурван байгууллага бий. Тэр нь цагдаа, тагнуул, АТГ юм. Эдгээр байгууллагын хийдэг гүйцэтгэх ажлын хүрээнд хар тамхитай холбоотой янз бүрийн мэдээлэл авагддаг байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн талаарх нууц мэдээллийг харилцан солилцох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах замаар жараахай биш тул барих цаг болсон. Бид жараахайтай тэмцээд том зорилгодоо хүрэхгүй.
Хар тамхи татсан этгээдийг шийтгэсэн тоо нь жил бүр нэмэгддэг. Ялын бодлого ч суларсан зүйл байхгүй. Гэхдээ эцсийн дүндээ нөхцөл байдал нь дордоод, цар хүрээ нь томорч байгаа дүр зураг ажиглагдаад байгаа учраас эндээс ашиг олж байгаа, гол зохион байгуулагч эздийг олж илрүүлэх нь хууль хяналтын байгууллагын гол зорилго байх ёстой. Хууль хяналтын байгууллагын ажлыг ч энэ шалгуураар дүгнэх цаг нэгэнт болсон байна. Хүүхэд залуус маань ч гэсэн нөхөр дайснаа ялгаж сурах нь юу юунаас чухаг байна. Гай зовлон амсахгүй гэвэл ухаантныг түш, лай болдог хар санаатнаас холхон яв л гэж хэлмээр байна.
-Эрүүгийн эрх зүйн шинэчлэлд хар тамхины хэрэгт холбогдсон этгээд үнэтэй мэдээлэл өгсөн тохиолдолд ял нь хөнгөрч байгаа. Ингэснээр жараахай биш тулыг барих зорилготой гэж хэлж болох уу?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэг чухал заалт өнгөрсөн онд шинээр орсон. Тэр нь “хамтран ажиллах этгээд” гэж. Өөрөөр хэлбэл, бусад гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн, үнэтэй мэдээлэл өгсөн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох заалт оруулсан. Энэ заалт яагаад орсон бэ гэхээр авлига, хар тамхи зэрэг зохион байгуулалттай, нуугдмал үйлдэгдэж байгаа хэргийг илрүүлэх зорилготой орсон. Өмнө нь ч одоо ч хар тамхитай холбоотой гэмт хэргийн ялын бодлого тийм ч зөөлөн биш.
-“Томчуудын” дунд хар тамхины асуудал байдаг учраас энэ төрлийн гэмт хэрэг шийдэгдэхгүй байна гэдэг хардлага иргэдийн дунд бий. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ингэж хардах нь зүй ёсны хэрэг. Нэр бүхий улстөрчийн үр хүүхэд хар тамхи хэрэглэсэн гэх мэдээлэл хэвлэлээр гардаг. Илэрлээ, шалгалаа, зарим нь шүүхэд шилжлээ гэдэг. Гэвч яасан нь мэдэгдэхгүй алга болдог. Эрх мэдэлтэй хүний үр хүүхэд хар тамхины хэргээр ял авлаа гэж би сонсоогүй. Олон нийт байтугай, хараат бус сэтгүүл зүй ч энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Ийм байдалтай байж нөлөө бүхий шийдвэр гаргагчид яаж бусдаас шударга ёс нэхэх вэ. Манлайлал гэдэг чинь өөрөө үлгэрлэхийг л хэлдэг биз дээ. Тэгж чадахгүй байж бусдаас шударга ёс нэхэх улс төр, ёс суртахууны эрхгүй. Ялангуяа шүүх, прокурор, мөрдөн шалгах байгууллагууд иймэрхүү хардлага дагуулсан асуудалд нээлттэй шударгаар хандаж, мэдээлэл өгч байх ёстой гэж үздэг.
-Хууль эрх зүйн бодлого чанга, сул гэдгээс хамаарч гэмт хэргийн тоо өсч буурах уу?
-Ялын бодлого хүнд хөнгөн байхаас хамаараад гэмт хэргийн тоо ихэсдэг, багасдаг гэх нь хэт өнгөц ойлголт дүгнэлт болно. Ганцхан хар тамхитай ч биш гэр бүлийн хүчирхийлэл гээд бүх л гэмт хэрэг дээр адилхан. Жишээ нь, цаазаар авснаар гэмт хэргийн тоо буурсан гэх судалгаа байдаггүй. Хар тамхины асуудалд манай урд хөрш маш хатуу ялын бодлоготой. Бүр олон нийтийн өмнө цаазаар авах нь ч бий. Уг нь ялын хатуу чангаар нь бодвол тэнд энэ төрлийн гэмт хэрэг буурч байх ёстой баймаар. Гэтэл санаа зовох түвшинд байгаа. Ялангуяа байгалийн гаралтай биш химийн аргаар шинэ төрлийн мансууруулах бодис үйлдвэрлэх явдал дотоодод нь газар авч, хар тамхи хэрэглэгчдийн тоо 2016 онд урьд оныхоос 6.8 хувиар нэмэгдсэн дүн байна.
Зарим улсад бол хар тамхи хэрэглэсэн этгээдийг гэмт хэрэгтэн биш бие сэтгэцийн донтой болсон өвчтөн гэж үздэг. Донтох өвчнийг эмчлэх, хамааралгүй болгох, нийгэмшүүлэх талаас нь илүү цогц арга хэмжээ авдаг. Манайд бол энэ талаас нь харж эмчлэх, хорих хугацаанд нь засч авах суурь ч муу л байна. Одоо л боловсон хүчээ бэлтгэхээс эхлээд ажиллаж байна даа.
Т.ДАВААНЯМ
ЭХ СУРВАЛЖ 3
Ашиг олох зорилгоор нуун хилээр оруулж байгаа нь гэмт хэрэг нэмэгдэх шалтгаан болж байна
Жил ирэх бүр нэмэгдэж буй хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж буй талаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, ахлах дэслэгч С.Батзоригтой ярилцлаа.
-Хар тамхины хууль бус худалдаа арав дахин нугарсан бизнес болсон талаар яриагаа эхлүүлье.
-Ашиг олох зорилгоор иргэд хар тамхи, мансууруулах бодисыг хилээр нуун оруулж ирж байна. Тэр тусмаа амьдралын боломжгүй хүмүүс амар хялбар аргаар нэг дор их хэмжээний мөнгөтэй болохоор хар тамхи нууж оруулж ирж байна. Энэ л хар тамхитай холбоотой гэмт хэрэг нэмэгдэх том шалтгаан болоод байна.
-Мөн ОХУ, БНХАУ гэсэн хар тамхи үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёр орны дунд байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх нэг шалтгаан бус уу?
-Үнэн. Энэ шалтгаанаас болж Монгол Улсад хар тамхины хууль бус наймаа, хэрэглээ дэлгэрч байна. Мөн Монгол Улсад ургаж буй каннабис тархац ихтэй. Хар тамхи донтогчдыг бүрэн эмчлэх эмчилгээ Монголд байхгүй гээд өөр олон шалтгаан байна.
Дэлхийн бусад улс оронд эдгэрэлт нь таван хувьтай, доод тал нь таван жилийн хугацаатай эмчилдэг эмчилгээ байна. Таван жилийн хугацаанд таван хувийн эдгэрэлтэй л гэсэн үг. Арай ядан эмчлэгдсэн таван хувь нь эргээд маш амархан хар тамхи, мансууруулах бодисоо хэрэглэж болзошгүй. Ер нь хар тамхи, мансууруулах бодисын донтолтоос эргээд гарах бараг боломжгүй, эдгэршгүй өвчин гэдгийг л иргэд ойлгоосой.
-Бусад улсад байдаг шиг таван жилийн хугацаанд хатуу хяналтдаа байлгаж, хар тамхинд донтогсдыг эмчлэх газар, эмнэлэг одоогоор Монголд байхгүй гэсэн үг үү?
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд зөвхөн хордлого тайлах эмчилгээ л хийдэг. Таван жилийн хугацаанд тууштай эмчлэх эмнэлэг байхгүйн улмаас хэрэглэгчийн тоо өсөх бас нэг шалтгаан. Үүнээс гадна өсвөр үеийнхэн, насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ даган дуурайж, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх боллоо. Тэд цахим орчноос чөлөөтэй мэдээлэл авч байна.
-Цахим орчин дахь мэдээлэл ямар ч хяналтгүй, хар тамхи гээд л бичингүүт холбоотой бүх мэдээлэл, зураг, бичлэг нь гараад ирдэг дээ...?
-Нэгнээ даган дуурайх шалтгаан нь юу байх уу?
-Сонирхол. Цахим орчноос харсан, зурагтаар гарсан. Нэг нь сонирхоод татаж үзсэн бол нөгөө нь дуурайгаад би нэг сороод үзье гээд л нэгнээ байнга даган дуурайж, гэнэн зангаасаа болж хэрэгт холбогдоод байна.
-Жил ирэх тусам хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч болоод энэ гэмт хэрэгт холбогдсон иргэдийн тоо 25-30 хувийн байнгын өсөлттэй гарчээ?
-Сүүлийн гурван жилд бүртгэгдсэн гэмт хэргийг авч үзвэл 2015 онд 79 хэрэгт 169 хүн, 2016 онд 109 хэрэгт 224 хүн, 2017 онд 117 хэрэгт 282 хүн холбогдон шалгагдсан. Насны хувьд хэрэгт холбогдсон иргэдийн 80-82 хувийг 19-35 насныхан эзэлж байна. 2017 оны тухайд насанд хүрээгүй 19 хүн хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт холбогдож шүүхээр хэрэг нь шийдвэрлэсэн байна. Насанд хүрээгүй 10 хүүхэд 2015 онд, зургаан хүүхэд 2016 онд хар тамхины хэрэгт холбогдож шалгагдсан. Хар тамхины хэргээр одоо 139 хүн ялаа эдэлж байна. Тодруулбал, хар тамхи, мансууруулах бодис Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн есөн холбогдогчтой зургаан хэрэг, хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар олж авсан 128 холбогдогчтой 52 хэргийг шалгаад, шүүх яллагдагчдад тохирсон ялыг нь холбогдох хуулийн дагуу оноосон гэсэн үг.
-Эрүүгийн шинэ хуулиар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, хууль бусаар тээвэрлэсэн иргэдэд оноох ялыг 12 жил болгож багасгасан байсан?
-25 жил байсныг 12 болгож багасгасан. Мөн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлбэл 2-8 жилийн ял оноохоор заасан. Гэхдээ төрийн бус байгууллага, цагдаа, гааль, боловсролын байгууллага яаж ажиллах вэ гэдгийг нарийвчлан тусгасан. Ингээд өнгөрсөн 2017 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр Засгийн газар баталсан.
-Хэрэглэгч, донтогчийг шээс, цусны шинжилгээгээр илрүүлэх үү?
-Дэлхий нийтийн жишиг нь шээсний шинжилгээ. Шаардлагатай тохиолдолд цуснаас авна. Яагаад цусыг нь нийтлэг шинжилдэггүй юм бэ гэхээр цус нь амархан муудаж бүлэгнэдэг. Цусыг заавал хүйтэн агаарт хадгалах шаардлагатай. Шээс бол найдвартай. Шээснээс бид шинжилгээ хийдэг. Хумс, үс зэргийг шинжлэн тодорхойлох шинжилгээний багажтай болох талаар БНСУ-тай хамтарч нэг төсөл боловсруулсан. Авах саналаа тавьсан. Удахгүй ирэх байх аа. Шинжилгээний багаж, хариуны тухайд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 3-5 хоногийн дотор шинжилгээний хариуг эцэслэн гаргадаг. Цагдаагийн мөрдөгчдөд зургаан төрлийн мансууруулах бодисыг илрүүлдэг шинжилгээний тандалтын багаж бий. Тест тавьдаг. Энэ тандалтын тест тухайн сэжигтнийг гурван минутын дотор хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шинжилдэг. Энэ тест рүү шээлгээд, дээж аван шинжилнэ. Үр дүн нь жирэмсний тест шиг гараад ирнэ. Хоёр зураастай бол мансууруулах бодис хэрэглээгүй, нэг зураастай бол хэрэглэсэн байна гэсэн үг.
Өөр нэг шинжилгээний багаж бий. Хүний гарын арчдасыг шинжилдэг БНСУ-д үйлдвэрлэсэн багаж. Энэ бол 20-30 секундийн дотор ямар төрлийг хар тамхи, мансууруулах бодис вэ гэдгийг шууд гаргаж ирнэ. Ширээ, тавиур гээд биет зүйлс дээр тогтсон үл мэдэгдэх зүйл /тоос, үртэс/ зэргийг арчаад тавихад ямар төрлийн бодис вэ гэдгийг тогтоодог. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, ямар нэгэн байдлаар барьсан иргэний гараас арчдасын шинжилгээ авахад барьсан бодис, тамхиных нь төрөл нь гарч ирдэг.
-Монголд тархац ихтэй каннабисыг мөнгөгүй шалтгаанаар сүүлийн хоёр жил устгаж чадаагүй гэсэн үү?
-2013-2015 онд каннабисыг орон нутгаар явж устгасан. Гурван жил дараалан устгахад энэ мансууруулах ургамал хэдэн га-гаараа татарсан. Устгал хийхээс өмнө шигүү ургадаг байсан бол дараа нь татуу ургадаг болсон гээд үр дүн гарсан. 2016 онд төсөв байхгүй шалтгаанаар устгаж чадаагүй. Ингээд тухайн онд каннабисын төрлийн гэмт хэргийн тоо өссөн. Каннабис үрээ хаясан тохиолдолд салхинд туугдаад газрын хөрснөөс доош нэг см-т орсон тохиолдолд дараа жил нь шууд ургах чадвартай байдаг. Ганц устгах арга нь үндсээр нь авч устгах хамгийн үр дүнтэй. Гэхдээ бид бол хөрсийг нь хуулж шатаадаг.
Д.УЛАМБАЯР
ЭХ СУРВАЛЖ 4
Химийн нийлэгжүүлсэн мансууруулах бодис оруулж ирэх боллоо
Хил, гаалийн байгууллагын илрүүлсэн мансууруулах бодисын ихэнх хувь нь метафетамин болон химийн нийлэгжүүлэх аргаар гарган авсан бодисууд байдаг аж. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар ярилцлаа.
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийг өнгөрөгч 2017 оны гуравдугаар сард баталсан. Үүнтэй холбоотойгоор Гаалийн ерөнхий газрын бүтцэд өөрчлөлт орсон гэсэн. Танай байгууллагын бүтэц хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулж болох уу?
-Гаалийн ерөнхий газар нь улсын төсвийг бүрдүүлж, татвар хураах чиг үүрэгтэй. Нөгөө талаасаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Гаалийн тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүргийг гүйцэтгэдэг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд улсын хилээр нэвтрүүлж буй бүх төрлийн бараа бүтээгдэхүүнд хяналт тавих, тэр тусмаа улсын хилээр хориглосон эд зүйл нэвтрүүлэхэд хяналт тавих чиглэлээр ажилладаг. Үүний дагуу хэрэгжүүлж буй ажлын нэг нь хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх явдал. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Гаалийн ерөнхий газрын харьяанд 18 гаалийн газар, хороо, агаарын болон хилийн боомт ажиллаж байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2017 оны гуравдугаар сард Засгийн газрын 77 дугаар тогтоолоор баталсан. Энэ тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдаж, хар тамхитай тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудад тодорхой үйл ажиллагааг одоо хэрэгжүүлж байгаа.
Гаалийн ерөнхий газрын хувьд дотоод бүтцэд өөрчлөлт орж, өнгөрөгч долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн эрх зүйн шинэ орчин болох Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Үндэсний хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор Гаалийн зөрчилтэй тэмцэх газар нь Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар болж өргөжсөн. Ингэснээр Хар тамхины хяналтын албыг шинээр байгуулж, харьяа 18 газар, хороодоос төвдөө мэргэжилтнүүдээ татан авч ирж, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр мэргэшүүлэх шат дараатай сургалтуудыг зохион байгуулж байна.
-Сүүлийн жилүүдэд хил, гаалиар хууль бусаар хар тамхи, мансууруулах бодис оруулж ирэх нь нэмэгдэж байгааг албаныхан хэлж байгаа. Тэр чинээгээрээ хар тамхи, мансууруулах бодисын төрөл, зүйл их болж байна?
-Улсын хилээр нэвтрүүлж буй хар тамхи, мансууруулах бодисын төрөл зүйл, тоо хэмжээнээс харахад 2010 оноос 2015 оныг хүртэл ихэвчлэн байгалийн гаралтай героин, олсны ургамлаас гаралтай гашиш гэх мэт бодисыг 5-10 грамм, дээд тал нь 5.6 кг хүртэлх хэмжээгээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргүүд илэрч, бүртгэгдэж байсан. Ихэнхдээ жилдээ хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 1-2 ийм хэрэг илрүүлдэг байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд нууц далд аргаар, зарим тохиолдолд зохион байгуулалттайгаар Монгол Улсын хил, гаалиар хар тамхийг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй бодис нь лабораторийн аргаар нийлэгжүүлж гаргаж авсан, нарийн бүтэц найрлагатай хүчтэй үйлчилгээтэй, өндөр үнэтэй мeтафетамины төрлийн мөс, LCD зэрэг нийлэг бодисуудыг оруулж ирэх нь нэмэгдэх болсон.
Хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлуудыг илрүүлсэн байдлыг харахад 2010 оноос хойш нийтдээ 19 удаагийн тохиолдлыг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн. Уг шалгалтаар нийт 9.75 кг хар тамхи, мансууруулах бодисыг хураан авч, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Төрөл зүйлээр нь аваад үзвэл 2012-2013 онд долоон орчим кг героиныг улсын хилээр оруулаад, дамжуулан БНХАУ руу гаргахыг завдсан бол 2012 онд мансууруулах үйлчилгээтэй 1.9 болон 1.4 кг героиныг тус тус дээрх маршрутаар хилээр гаргах гэж байсныг илрүүлсэн.
-Одоогоор энэ төрлийн гэмт хэрэгт хэчнээн хүн холбогдоод байна вэ. Гадаад улсын иргэд бий юу?
-Гаалийн байгууллагын мэдээгээр хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан нийт 19 гэмт хэргийн шинжтэй үйлдэл 2010-2017 онд бүртгэгдсэн. Эдгээр гэмт хэрэгт холбогдсон 21 холбогдогчийн хоёр нь гадаад улсын иргэн. Филиппин улсын иргэн 2012 онд Буянт-Ухаа хилийн боомтоор хууль бусаар 5.4 кг героин нэвтрүүлэхийг завдаж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгагдаж, хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Нөгөө гадаад улсын иргэн нь Монгол Улсын иргэдтэй хамтран хууль бусаар хар тамхи, мансууруулах бодис улс хоорондын шуудан илгээмж ашиглан хилээр нэвтрүүлэх гэж байсныг 2017 оны есдүгээр сард илрүүлж, одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.
-Хилээр хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэх арга улам нарийссан гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Бусад орны гаалийн байгууллагуудын хувьд ямар арга, туршлагыг ашигладаг бол?
-Цагдаагийн байгууллагаас гаргаж буй гэмт хэргийн статистикийн судалгаанаас харахад нийт хар тамхитай холбоотой гэмт хэргийн 40-50 хувийг хилийн чанадаас оруулж ирсэн бодистой холбоотой байдаг. Үлдсэн 50-60 хувь нь манай улсын нутаг дэвсгэрт ургадаг, хар тамхины төрлийн ургамлуудыг хууль бусаар түүвэрлэн , бэлтгэх, зарж борлуулах, хэрэглэх үйлдлийг шалгасан байдаг юм. Одоогоос 15 жилийн өмнө цагдаагийн байгууллагад хар тамхитай тэмцэх ажлыг 1-2 хүн л хариуцан ажиллаж байсан. Сүүлдээ энэ нь тасаг болон өргөжсөн. Одоо бол бүхэл бүтэн газрын хэмжээнд өргөжиж мэргэшсэн алба хаагчид ажиллаж байна. Мөн цагдаагийн байгууллага нь энэ чиглэлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, гүйцэтгэх ажиллагаа хэрэгжүүлэх хуулиар олгогдсон эрхтэй. Үүнээс ч өөр арга байхгүй. Учир нь, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг ихэвчлэн далд нууц аргаар, зохион байгуулалттай үйлдэгддэг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй мөн өндөр мэргэшсэн алба хаагчид хуулиар олгогдсон тусгай арга, хэрэгсэл ашиглан тэмцэж байж л үр дүнд хүрдэг.
Тийм учраас хил дээр гаалийн хяналт шалгалтыг маш өргөн хүрээнд хэрэгжүүлж, өндөр ачаалалтай ажиллаж байгаа гаалийн улсын байцаагч 30-40 грамм хар тамхийг биедээ болон эд зүйлдээ нуугаад оруулж ирж байгааг илрүүлэхэд маш түвэгтэй. Бусад улс орны гаалийн байгууллагуудын практикаас харахад хар тамхитай тэмцэж буй хамгийн үр дүнтэй арга нь миний дээр дурдсан адил мөрдөн шалгах үйл ажиллагааг иж бүрнээр хэрэгжүүлж, илрүүлж байгаа юм. Манай хойд, урд хөршүүдийн гаалийн байгууллагад гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх төрөлжсөн алба ажилладаг. Тэдгээр албадын ажилтнуудад хуулиар хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, гүйцэтгэх ажил хийх эрх хэмжээг нь олгосон байдаг. Зөвхөн техник хэрэгслээр хангахаас гадна тэдгээрийг бүрэн хэмжээнд ашиглах, хар тамхитай тэмцэх хуульд заасан арга хэрэгсэл хэрэглэх эрхийг нь олгож байж үр дүнд хүрдэг практикийг олон улсын хэмжээнд ойлгож, хэрэгжүүлж байна. Манай гаалийн байгууллагад үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа Хар тамхины хяналтын алба ч цаашид энэ чиглэл рүү явах байх.
-Жишээлбэл, ямар арга ашиглан хар тамхийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завддаг бол?
-2017 он гараад Замын-Үүдийн хилийн боомтоор орж ирсэн эмэгтэй зорчигч үсэндээ хар тамхи, мансууруулах бодис нуучихсан байсан. Зарим тохиолдолд хувцасныхаа дотор оёосыг ханзалж, хувийн тоног төхөөрөмж, эд зүйлээ нуувч болгох, хэдхэн сартай нялх хүүхдээ аваад хилээр орж ирсэн эх нь хүүхдийнхээ тэргэнд хүртэл нуучихсан тохиолдол гарч байсан. Одоогоор тухайн хүн биедээ залгих, шулуун гэдсэндээ нуусан тохиолдол бол бүртгэгдээгүй байгаа. Хэрэв тухайн хүн биедээ хар тамхи нуусан бол түүнийг шалгаж тогтоох бодискайнер гэдэг тусгай төхөөрөмж манай томоохон боомтуудад бий.
-Сүүлийн жилүүдэд үнэрч нохдыг хар тамхи, мансууруулах бодис илрүүлэхэд их ашигладаг болсон. Тоног төхөөрөмжийн хувьд хир хүрэлцээтэй байдаг бол?
-Гаалийн ерөнхий газрын хувьд хилийн боомтууд дээр хар тамхиар сургагдаж, бэлтгэгдсэн албаны тусгай нохдыг ашигладаг. Мөн хар тамхи илрүүлсэн тохиолдолд шалгаж баталгаажуулах, зорчигчийн гар тээш, биеийг шалгах рентген аппаратууд, тээврийн хэрэгслийн хүний гар хүрэх боломжгүй эд ангиудыг шалгах уян дурангийн аппарат, тээврийн хэрэгслийн кузов шалгах цацрагийн мэдрэгч багаж, сэжиг бүхий бодис илэрсэн тохиолдолд анхан шатанд илрүүлэх тестерүүдийн иж бүрдлийг дотоодын болон харилцан хамтын ажиллагаатай гаалийн байгууллагуудын тусламж дэмжлэгээр авч, харьяа газрууддаа өгсөн. Үндэсний хөтөлбөр батлагдаад хэрэгжээд эхэлчихсэн. Тиймээс энэ чиглэлийн газар байгуулагдаад явж байгаагийн хувьд эрсдэл өндөртэй боомтууд дээр суурилуулах шаардлагатай багаж төхөөрөмжийн судалгааг гаргаж, хангалтын асуудлыг шийдвэрлүүлэх гэх мэт хийхээр төлөвлөж буй олон ажил байгаа.
Мөн бид хамтын ажиллагаатай ОХУ-ын Холбооны гаалийн албаны мэргэжилтнийг урьж, сургалт явуулсан. Бас БНХАУ-ын гаалийн байгууллагын цагдаагийн газрын тусламжаар манай талд нийлүүлсэн хар тамхийг илрүүлэх иж бүрдэл цүнхийг ашиглах зааврын хамт сургалт явуулж, одоо ашиглаж байна. Хөрш улсуудын гаалийн байгууллагын Хар тамхитай тэмцэх чиг үүрэг хэрэгжүүлдэг албадтай хар тамхи, мансууруулах бодистой холбоотой шуурхай мэдээллийг тогтмол солилцож ажиллаж байна.
А.ЦЭЭСҮРЭН
ЭХ СУРВАЛЖ 5
Мэдрэлийн хэдэн мянган эд, эсийг нэг дор үхүүлдэг
Сэтгэцийн эмгэг судлалын Үндэсний төвийн /СЭМҮТ/ Донтолтын тасгийн сэтгэл засалч, эмч О.Буянхишигтэй ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд хар тамхи хэрэглэгчдийн нас залуужиж байгаагийн гол шалтгаан юу вэ?
-Хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ сүүлийн үед өсөх хандлагатай байна. Өсөж буй гол шалтгаан нь залуучууд бусдын нөлөөнд автах нь ихэссэн. Ингэхдээ өсвөр насны хүүхдүүд, тэр дундаа 10-17 насны хүүхдүүдийг хамрах боллоо. Тухайлбал, өсвөр насны хүүхдүүдийн дунд найзыг найзаар нь урхиддаг сүлжээ бий болжээ. Ялангуяа хар тамхины хор уршгийн мэдээлэл дутмаг учраас тэд санамсаргүй тохиолдлоор хар тамхи хэрэглэгч болж байна. Хоёр жилийн өмнөхөн хар тамхийг зөвхөн чинээлэг айлын хүүхдүүд хэрэглэдэг гэсэн ойлголттой байсан. Гэтэл өнөөдөр хар тамхи гээч зэрэг зиндаа, нас хүйс харгалзахгүй нийгэмд тархсан байна. Үүнтэй зэрэгцэн хар тамхины эсрэг сургалт сурталчилгаа, мэдээллүүд хүрэх ёстой эзэндээ очиж чадахгүйн улмаас эдгээр хүний тоо буурахгүй байна. Харин эсрэгээр залуучуудын дунд байдаг л зүйл мэтээр хүлээн авдаг болжээ. Тиймээс эдгээр хүүхдийн нас хүйс, сэтгэл зүйн онцлогт таарсан мэдээлэл, хэрэгтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр мэргэжлийн хүмүүсийн гаргасан, мэдээлэл сургалт хүрэлцэхгүй байна. Цагдаагийн байгууллага, ТББ-ууд ярьж л байдаг. Харин ч хэрэглэсэн нөхдүүд сургалт явуулах хэмжээний мэдээлэлтэй болсон.
-Хар тамхи хэрэглэсэн хүмүүсийн сэтгэц, эрүүл мэндийн байдал ямархуу байдаг вэ? Эргээд хэвийн байдалдаа ороход хэдий хугацаа зарцуулдаг вэ?
-Манай эмнэлэгт ирсэн хүмүүс ихэвчлэн сайн дураараа ирж эмчлэгддэг. Гэхдээ сайн дураараа эмчлүүлье гэсэн ч мэдээлэл нь цагдаагийн байгууллагад хүрэх вий гэсэн айдастай явдаг. Тэгэхээр тухайн өвчтөн эмнэлэгт хандах юм бол буруутан болно гэдгээс айгаад, хаана очихоо мэдэхгүй нөхцөл байдалд ордог. Манай улсын хувьд ч эдгээр хүмүүст туслалцаа үзүүлэх байгууллага хомс байна. Гадны орны жишээнээс үзэхэд хар тамхинд донтсон хүмүүст иж бүрэн цогц эмчилгээ хийдэг. Манайх шиг 10 хоног эмнэлэгт хэвтүүлээд гаргачихдаг өөр газар байхгүй. Нэлээн урт хугацааны дадал, зуршлаар эмчлэгддэг.
-Хар тамхи хэрэглэсэн хүмүүсийн биед ямар өөрчлөлт ордог вэ? Эдгээр хүмүүс донтсон эсэхээ мэддэг үү?
-Нэгдүгээрт, донтсон гэдгээ мэдэхгүй яваа хүмүүс нийгэмд маш их байна. Хэрэглэгчийн донтолтын түвшнийг тодорхойлохдоо тухайн бодисын хараат болно гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, энэ бодисыг хэрэглэхгүй хэд хоноход уур уцаартай болох, ой санамж буурах, мартах, бие махбодь талаас зовиур илрэх, эсвэл нойр өөрчлөгдөх гэх мэт шинж тэмдэг гардаг. Нийгмийн талаасаа гэвэл сургууль соёлдоо явах дургүй, хүний үг сонсдоггүй болдог. Тэвчээр алдагддаг, нийгэмд эзлэх байр суурь буурдаг. Цаашлаад өөрийгөө хэн гэдгээ мэдэхээ больж, хяналтаа алдах гэх мэт шинжүүд анзаарагддаг. Үүнийг өсвөр насныхан донтолтын хэлбэр лүү орж байна гэж хүлээж авдаггүй. Эдгээр бодис янз бүрийн нөлөөтэй. Тус бүрийн онцлогоос шалтгаалан хүний бие махбод сэтгэцэд олон шинж тэмдэг үзүүлдэг.
-Товчхондоо нэг хэрэглэсэн хүн дахин хэрэглэхгүй л бол болдоггүй, бие махбодийн хяналтаа бүрэн алддаг гэсэн үг үү?
-Энэ бодисын хамгийн аюултай зүйл нь дахиж засрахгүйгээр өөрчлөлтөд оруулдаг. Хэрэглэх бүрт хүний бие мах бодийг гэмтээдэг. Гэмтээхдээ уураг тархинаас авахуулаад бүх дотоод эрхтнийг гэмтээдэг. Өөрт нь төгсгөлийн шатанд орсон хойноо л мэдэгддэг. Харин гэр бүлийн гишүүд, бусад хүмүүст илт мэдэгдэнэ. Учир нь, биеэ авч яваа байдал өөрчлөгдөх, зан төрх, сонирхол өөрчлөгдөөд ирдэг. Энэ юу харуулж байна вэ гэхээр дотор талд нь эдгэшгүй гэмтэл явагдаж байна. Нөгөө талаас ухамсраа захирч чадахгүй юу хэлж байгаагаа мэдэхгүй больдог. Энэ бодисыг хэрэглэснээр тархины хэдэн мянган эд эсүүд нэг дор үхдэг. Олон давтамжтай хэрэглэвэл мэдрэлийн эсүүдийн тоо цөөрч орон зайн баримжаа, хяналтгүй болдог аюултай.
-Олон давтамжтай хэрэглэвэл үхэлд хүргэх аюултай гэж сонссон. Энэ үнэн үү?
-Товчхондоо амьтанлаг шинж чанар үлдэж, нийгэмшсэн зан чанар алга болдог. Энийг аюултай гэж хэлээд байгаа юм. Хэрэв хар тамхи хэрэглэсний дараа “зүгээр” гэсэн бодол төрөөд эхэлчихсэн бол тэр донтчихсон гэсэн үг юм. Эмчилгээ нь хэдий хугацаанд хэрэглэсэн гэдгээс шалтгаалж янз бүр байдаг. Хамгийн ноцтой нь уураг тархинд эмгэг үүсгэдэг. Доод тал нь зургаан сар эмчлэгдэх хэрэгтэй. Ингэхдээ сэтгэл засал, танин мэдэхүй, нийгэмшлийн арга хэмжээнд зургаан сарын турш цогцоороо эмчлэгдэж байж эхний эдгэрлийн байдалд шилжинэ. Болъё гээд больдог зүйл биш. Тухайн өвчтөнөөс ихээхэн хэмжээний зүтгэл, ар гэрийнхний дэмжлэг туслалцаа шаардлагатай. Үнэндээ хар тамхинд донтох нь нэг төрлийн өвчин.
-Танай эмнэлэгт ихэвчлэн залуу хүмүүс хандаж байна уу?
-Манай төвд эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн дийлэнх нь идэр залуу насны хүмүүс байдаг. Тухайлбал, 17-29 насны залуучууд ирдэг. Бидний дүгнэлтээр өсвөр насныхан стресс гэдгийг бүрэн таньж мэдээгүй яваад байна. Тэд аливаа сэтгэл зүйн асуудлыг стресс гэж андуурч байна. Тэдний дунд стрессийг тайлах арга нь өмнө нь архи, тамхи байсан бол одоо хар тамхи болчихож. Уг нь сэтгэл зүй оюун ухаан нь эрүүл, хүүхэд хэзээ ч хар тамхи хэрэглэхгүй шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ сайн ярилцаж, зөв мэдээллийг хүргэх нь чухал.
-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйн талаас юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Эцэг, эхчүүд хүүхдэдээ цаг их зарцуулах хэрэгтэй. Ялангуяа мэргэжлийн хүнд хандах нь зүйтэй. Аливаа хэлбэрийн сэтгэцийн донтолтод автсан үед албадан шаардсан, үзэн ядсан, гадуурхсан харилцаа тус болдоггүй. Тэдэнд хэрэгтэй зөв мэдээллийг хүргэх ёстой. Сүүлийн үед эмэгтэйчүүд хар тамхийг хэрэглэдэг болжээ. Хэдэн жилийн өмнөхөн эмэгтэйчүүд тэр бүр хэрэглэдэггүй байсан бол өнөөдөр хэвийн л үзэгдэл болж. Хамгийн аюултай зүйл нь үр удмаа үлдээж чадахгүйд хүрдэг. Үргүй болох, үр зулбах аюултай байдаг. Цаашилбал ургийн гаж хөгжил үүсч эрүүл үр удмаа үлдээж чадахгүй, ураг генийн өөрчлөлтөд орно. Тиймээс эдгээр хүмүүст зөв мэдээллийг оновчтой байдлаар хэлээд өгөх юм бол, мэргэжилтний хувьд олон жил ажилласны ахиц дэвшил харагдах юм болов уу.
Э.АРИУНАА
ЭХ СУРВАЛЖ 6
Бүрэн эмчлэгдэх магадлал бага учраас эцэг, эхчүүд хүүхдүүдээ эртнээс анхаарах хэрэгтэй
Мансууруулах бодисын хамааралтай хүмүүсийг Сэтгэцийн эрүүл мэндийн төв /СЭМҮТ/-ийн Донтох эмгэгийн клиникийн тасагт эмчилдэг. Тус эмнэлгийг Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн К.Еленатай уулзлаа.
-Донтох эмгэгийн клиникийн тасагт ихэвчлэн ямар эмгэгтэй хүмүүс эмчлүүлж байна вэ? Хэдээс хэдэн насныхан донтох эмгэгт илүүтэй өртөж байна?
-Манай клиникт архи, мансууруулах эм бэлдмэлийн хараат болсон донтох эмгэгтэй өвчтөнүүд хэвтэн эмчлүүлдэг. Хүйс хамааралгүйгээр бүхий л насны буюу 18-70 насны хүмүүс эмчлүүлдэг. Харин 18-30 насныхан мансууруулах бодист донтсон байдаг. Донтох эмгэг дотроо мансууруулах бодист донтсон хүмүүсийн тоо хэдэн жилийн өмнө жилдээ 7-8 байсан бол одоо 45-50-аас буухгүй байна.
-Мансууруулах эм бэлдмэл нь өөрөө хууль бус хэрэглээ. Тиймээс гэр бүлийнхэн нь энэ хүн мансууруулах төрлийн зүйл хэрэглээд байна гэдгийг мэдсээр байж эмнэлэгт хандахаас айдаг. Хуулийн байгууллага шалгаж, хорих вий гэсэн айдас бий. Энэ үүднээс ч эмнэлэгт хандах нь ховор байдаг байх?
-Мансууруулах бодис хууль бус учраас хүмүүс зүрхшээгээд ирэхгүй байх тохиолдол бий. Гэхдээ манай эмнэлгийн зүгээс хувь хүний нууцын мэдээллийг гадагшаа задлахгүй. Тодорхой хууль журмаар зохицуулагддаг. Тийм учраас энэ зүйл дээр санаа зовох хэрэггүй. Хамгийн чухал нь бид энэ аюултай эмгэгээс салахын тулд хичээл зүтгэл гаргах шаардлагатай.
-Донтох эмгэгийн эмчилгээ хэр удаан хийгддэг вэ?
-Манай эмчилгээ сайн дурын үндсэн дээр хийгддэг. Эмчилгээ 10-14 хоног, зарим тохиолдолд 21 хоног хийгддэг. Эмчлэгдэх дургүй хүнийг эмчиллээ гэхэд ямар ч үр дүн гарахгүй. Тухайн хүнд эмчлэх сэдэл төрүүлэх тал дээр нэлээн их цаг зарцуулдаг. Зарим тохиолдолд мансууруулах бодист донтсон хүн ганцаараа эмнэлэгт хэвтэх дургүй байдаг бол хоёр, гурван хүн хэвтэж байгаа үед тухайн хүн “ганцаараа биш, надтай ижил асуудлаар хүмүүс эмнэлэгт хэвтдэг юм байна” гэсэн бодлоор эмчилгээнд идэвхтэй ханддаг ч хүмүүс байдаг.
-Нэг хоёр удаадаа мансууруулах бодис хэрэглэхэд донтох эрсдэл бий юу?
-Нэг удаагийн хэрэглээгээр ч донтох эмгэг үүсгэж болохоор маш аюултай хэрэглээ байдаг. Мансууруулах бодист донтсон хүмүүс өөрсдөө мөн эмчлүүлэх хүсэлт бага байдаг
-Химийн гаралтай л биш бол олсны төрлийн ургамал донтуулдаггүй гэж ярьдаг хэрэглэгчид их байна. Энэ үнэн үү?
-Энэ бол маш худал зүйл. Хар тамхийг дотор нь гарал үүслээр нь химийн болон байгалийн гэж хуваадаг. Манайхны хувьд байгалийн ургамлыг түүж бэлтгэх нь элбэг байдаг. Өөрсдөө түүж аваад бусдад худалдахын тулд байгалийн гаралтай учраас чи донтохгүй гэж хэлж тайвшруулж л байгаа нэг арга юм шүү дээ. Түүнээс хэрэглээний хувьд донтох эмгэг үүсгэдэг. Нэгэнт донтсон хүн нэг тунгаас нөгөө тунд шилжих эрсдэл байдаг. Хүч багатай бодис хэрэглэж байсан хүн хүчтэй химийн гаралтай бодис хэрэглэж эхлэх тийм тохиолдол бас байна. Каннабисын төрлийн өвс хэрэглэж байгаа хүн илүү хүчтэй бүлгийн зүйл хэрэглэхгүй гэх баталгаа байхгүй. Мөн анхны хэрэглээнээс эхлээд тун нэмэгдэх хүртэл тухайн хүний даах чадвар нэмэгдэж явсаар үхэлд хүргэж болзошгүй байдаг. Нөгөө талаасаа хэрэглэгч 40 мянгаар худалдаж авч байсан бол аажимдаа нэг хэрэглээндээ 400 мянга хүртэл зарцуулах гээд санхүүгийн хувьд мөн тухайн хүн томоохон эрсдэл хүлээж эхэлдэг. Эрсдэл хүлээж эхлэхээрээ нийгэмд нөлөөлөх нөлөөлөл нь ихсэж, гэмт хэрэг хийх сэдэл өгч байдаг.
-Мансууруулах бодист донтсон иргэдэд ямар эмчилгээ хийдэг вэ? Бүрэн эдгэрэх боломжтой юу?
-100 хувь бүрэн эдгэрнэ гэдэг найдвар байхгүй. Олон улсын сайн туршлагаас үзэхэд ердөө 9-10 хувь нь эмчлэгдэх магадлалтай байдаг. Эмч нарын эмчилгээнээс 20 хувь, үлдсэн 80 хувь нь мансууруулах бодист донтсон хүн болон түүний гэр бүлээс ихээхэн шалтгаална. Мансууруулах бодист донтсон хүмүүсийг, биеийн хордлого тайлах эмчилгээгээр эхэлж, сэтгэл засал давхар хийгддэг. Албадлагын эмчилгээ манайд байхгүй. Бүх эмчилгээ сайн дурын үндсэн дээр явагддаг.
-Хар тамхинд донтсон л бол эмчлэгдэх боломжгүй гэлээ. Тиймээс бид бүхэн хэрхэн урьдчилсан сэргийлэх ёстой вэ?
-Ялангуяа өсвөр насныханд маш их анхаарал хандуулах шаардлагатай. Таны хүүхэд хичээлээ тараад гэртээ ирэхгүй л байгаа бол хаагуур, хэнтэй нөхөрлөж байгааг сайтар мэдэх хэрэгтэй. Мөн хүүхдүүдийнхээ мөнгөний хэрэглээнд хянуур ханд. Сард хэдэн төгрөг юунд зарцуулж байна. Таны өгч байгаа мөнгө тухайн хүүхдийн зайлшгүй хэрэглээ мөн эсэхийг нягтлах хэрэгтэй. Манай эмнэлэгт хүүхдээ дагуулж ирээд түргэн хугацааны сорил шинжилгээг хийлгэж болно. Хэрэв хүүхэд нь хэрэглээд байгаа тохиолдолд эцэг эх нь ирээд, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч болдог.
Э.СОСОРБУРАМ
ЭХ СУРВАЛЖ 7
Залуучуудад хэн мэдээлэл өгөх ёстой вэ?
Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ залуусын дунд, тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн дунд сүүлийн жилүүдэд эрчимтэй тархаж байгааг тоо баримт нотолж байна. Ийм үед энэ хорт зуршлын талаарх мэдээлэл, мэдлэг өгөх, урьдчилан сэргийлэх тал дээр юу хийгдэж байгааг мэдэх зорилгоор залуучуудын дунд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа.
“Хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар манайд ханддаг залуус байхгүй”
-Монголын залуучуудын холбооны зүгээс залууст тулгамдаж буй асуудал, тэдний хөгжлийг дэмжих үйл ажиллагааг явуулахыг хичээдэг. Энэ жилийн хувьд залуус хамгийн ихээр тулгамдаж буй бэлгийн замын халдварт өвчний чиглэлээр түлхүү ажиллаж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд ойролцоогоор 4000 орчим залууст бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулсан.
Мөн хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх мэдээллүүдийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, хүргэсэн. Бид хамгийн гол нь залуустаа ажлаа хүргэж, тэдэнд нөлөөлөх хэрэгтэй. Манай холбоонд залуус маань хандахдаа “Би бэлгийн замаар дамжих өвчин тусчихлаа”, “Би хар тамхи хэрэглэчихлээ” гэж ирдэггүй. Тийм учраас манай байгууллагад ийм асуудлаар ханддаг залуус ч байхгүй. Өнгөрөгч намар хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх уриалгыг урлагийн салбарын зарим төлөөллүүдэд уриалгыг хүргэхэд Монголын залуучуудын холбоо төлөөлөн болон оролцсон.
Манай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдалд анхаарал тавьж ажилладаг. Ерөнхийдөө хүүхэд, залуучууд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудал гарвал Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв ч юм уу мэргэжлийн байгууллагуудад түлхүү ханддаг. Жишээлбэл, энэ нь гэмт хэргийн шинжтэй учраас цагдаагийн байгууллагад ханддаг. Харин хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудыг жил бүр тодорхой хэмжээнд зохион байгуулдаг юм. Учир нь үйл ажиллагааны төсөв санхүүтэй холбоотойгоор жил бүр харилцан адилгүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Одоогоор манай байгууллагад хар тамхи, мансууруулах бодисын талаар зөвлөгөө авъя гэж хандсан тохиолдол байхгүй.
“Хүүхдүүдэд эерэг мэдээлэл өгч, хар тамхины ойлголтгүй байлгах хэрэгтэй”
-Манай байгууллага 2010 онд Монгол Улсад анх удаа өсвөр үе, залуучуудын дунд хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ байна уу гэдэг тандалт судалгааг хийсэн. Тэр үед Мансуурлын эсрэг үндэсний төв, Эрэгтэйчүүдийн холбоотой хамтран хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ хэр байгааг судалсан. Уг судалгаанд үндэслэн дараа дараагийн жилдээ өсвөр үе, залууст нөлөөллийн хэд хэдэн ажлыг зохион байгуулж байсан. Тухайн үеийн судалгаанд нийт 11 их, дээд сургуулийн залуус, 20 орчим ерөнхий боловсролын сурагчид хамрагдаж, асуулга болон фокус бүлгийн ярилцлагын аргаар судалгааг авсан. Тэр үед хийгдэж байсан судалгааны үр дүн одоо ч яригдсаар байгаа.
Тус судалгаагаар өсвөр үе, залуусын таван хувь нь хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж үзэж байсан гэж хариулсан байсан. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудал нь нууц, далд байдаг. Мөн хүүхэд, залуучуудын талаар мэдээлэл олон нийтэд хүрвэл хүний эрхийн асуудал үүсдэг. Нөгөө талаараа өсвөр үеийнхэнд энэ талаарх мэдээллийг илүү дэлгэрэнгүй мэдээлээд байхаар сэдэл өгөх магадлалтай байдаг. Тийм учраас бид урьдчилан сэргийлэхдээ сайн сайхныг уриалахыг боддог. Жишээлбэл, хар тамхины төрөлд ийм ийм ургамал ордог, ингэж хэрэглэдэг гэх мэтчилэн арга хэлбэрийг нь сурталчлахаар хэрэглэж үзэх сэдлийг төрүүлэх хандлагатай байдаг. Тийм учраас илүү болгоомжтой хандаж ёстой. Миний хувьд Мансуурлын эсрэг үндэсний төв байхад сургагч багшаар ажилладаг байсан. Хүүхдүүдэд ч энэ асуудлыг ярихад хүндрэлтэй учраас эерэг мэдээллийг өгч, хар тамхи, мансууруулах бодисын ойлголтгүй байлгах хэрэгтэй.
А.ЦЭЭСҮРЭН
ЭХ СУРВАЛЖ 8
Өдөрт 512 хүн хар тамхины улмаас амиа алдаж байна
Мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийн хэмжээнд жил бүр 187,000 хүн амиа алддаг гэсэн тоо баримт бий. Өдөрт 512 хүн. Харамсалтай нь, энэ тоон мэдээлэл байж болох хамгийн бага хувилбар, ердөө албан ёсоор бүртгэгдэж, баталгаажсан нь. Үүний цаана мэдээгүй, мэдэгдээгүй, бүртгэгдээгүй, нуугдсан хэрэг хэчнээн байгааг хэлж баршгүй.
Үхэлд хүргэх хэмжээний хор хөнөөлтэй хар тамхи өдгөө дэлхий нийтийн тулгамдсан асуудал болжээ. Дэлхийн хэмжээнд 246,000,000 хүн, тодруулбал, 15-64 насны 20 хүн тутмын нэг нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, тэдний 10 хувь нь хар тамхинаас шалтгаалсан ямарваа нэг эмгэг өвчтэй, ийм төрлийн бодисоор бүрэн хамааралтай талаар НҮБ-ын Мансууруулах бодистой тэмцэх албанаас гаргасан 2015 оны тайланд дурджээ.
ХОЙД АМЕРИК: АНУ БА КАНАД
АНУ-д жил бүр хар тамхитай холбоотой 43,982 үхэл бүртгэгдэж байна. Өдөрт 120 хүн мансууруулах бодист донтож, амь насаа алдаж байна гэсэн үг. Энэ төрлийн үзүүлэлтээр дэлхийн хэмжээнд АНУ дангаар бараг дөрөвний нэгийг эзэлдэг. Хамгийн сүүлд гаргасан албан ёсны тоон мэдээлэлд АНУ-д мансууруулах бодис, ялангуяа опоидын бүлгийн эмийн тун хэтрүүлсэн хэрэглэсний улмаас 1999-2015 оны хооронд жил бүр 16,849-52,404 хүн амь насаа алджээ.
2017 оны нэгдүгээр сар хүртэлх 12 сарын хугацаанд АНУ-д 64,070 хүн хар тамхи хэтрүүлэн хэрэглэж, нас барсан гэж тус улсын Өвчин эмгэг хяналтын төвөөс өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн.
Канадын Засгийн газар, албаны хүмүүс сүүлийн үед албан ёсны тоо баримт гаргаагүй байна. “Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан тохиолдлыг цөөн хэдэн муж л тогтмол, идэвхтэй бүртгэж байна. Канад даяар опоидын төрлийн эмийн бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас хэдэн хүн амь насаа алдаж, хэчнээн хүн гэмтэж, эрэмдэг болж байгааг тоолж, бүртгэхэд бэрхшээлтэй байна. Бидний мэдэж буй ганц зүйл бол опоидын бүлгийн эмийн бодисоос шалтгаалсан үхэл огцом нэмэгдсэн, хар тамхитай холбоотой амь насаа алдсан нийт тохиолдлын тал орчим хувь нь опоидын төрлийн бодистой холбоотой” гэж тус улсын Мансууруулах бодисын талаар баримтлах бодлогын зөвлөлөөс 2013 онд мэдэгдэж байжээ.
2016 оны тавдугаар сард Канадын Бритиш Коламбия мужийн Шүүхийн шинжилгээний төвөөс 2007-2016 онд тус мужид бүртгэгдсэн хар тамхитай холбоотой үхлийн талаарх тоо баримтыг нэгтгэн гаргасан байна. Тайланд дурдсанаар 2015 онд 480 хүн нас барсан нь 2014 онтой харьцуулахад 31.1 хувиар өсчээ.
2015 онд хууль бус эмийн тун хэтрүүлсний улмаас нас барсан хүний тоо 100 мянган хүн тутамд 10.2 болж, нэмэгдсэн байна. 2016 оны нэгдүгээр сард, ердөө ганцхан сарын дотор 76 хүн нас барсан нь үнэхээр цочирдом тоо баримт юм.
ӨМНӨД БА ЛАТИН АМЕРИК
Өмнөд Америк, Карибын тэнгис, Төв Америкийн орнуудад хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр 2013 онд хар тамхитай холбоотой нас баралт 4900-10900 гэж бүртгэгджээ. Дэлхийн дундажтай харьцуулахад энэ бүс нутагт нас баралт харьцангуй бага аж. Энэ талаар НҮБ-ын Мансууруулах бодис, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны 2015 оны тайланд дурдсан байна.
Гэхдээ 3.4 сая хүн амтай Уругвай улсад хар тамхитай холбоотой үхэл нэг сая хүн тутамд 104.7 ногдож байна. Энэ нь жилд 365, өдөрт нэг хүн хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаа алддаг гэсэн үг.
ЕВРОП
Европын орнуудад хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь алдсан тохиолдол нэг сая хүн тутамд 16 ногдож байна. НҮБ-аас гаргасан 2013 оны тайланд дурдсанаар 741.5 сая хүн амтай тус тивд жил бүр 11,880 хүн мансууруулах бодисын улмаас амь насаа алдаж байна.
Европын холбооны орнуудад 21 дүгээр зууны эхний 10 жилд энэ төрлийн 70 мянган нас баралт бүртгэгджээ. Зөвхөн 2014 онд 6800, энэ нь 15-64 насны нэг сая хүн ам тутамд 18.3 нас баралт ногдож буй гэсэн үг юм. Нэг саяд ногдох нас баралтын хувь хэмжээ 40-өөс давсан найман улс бий. Хамгийн өндөр нь Эстони /нэг саяд 113/, дараа нь Швед /нэг саяд 93/, Ирланд /нэг саяд 71/ гэж Европын холбооны 2016 оны тайланд дурдсан байна.
АЗИ
Хар тамхинаас улбаалсан нас баралтын талаарх судалгаа, тайлан мэдээлэл Ази тивийн хувьд харьцангуй хомс. НҮБ-ын тайланд дурдсанаар 2013 онд Ази тивийн зарим улсад 13,600, зарим улсад 100,700 хүртэлх нас баралт бүртгэгдсэн гэж 2015 оны тайланд бичигджээ.
Хар тамхины эсрэг бодлого, энэ төрлийн гэмт хэрэгт оноох шийтгэл, ялын хувьд хамгийн хатууд тооцогдох Хятад улс хар тамхины хүнд үзүүлэх нөлөө, хор уршгийн талаар 2015 онд анх удаа тооцоо, тайлан гаргажээ. Тайланд дурдсанаар тус улсад 2014 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 49,000 мянган амь насаа алдсан байна.
АВСТРАЛИ
Австрали болон Шинэ Зеландад хар тамхинаас улбаалсан нас баралтын түвшин бусад орнуудаас харьцангуй өндөр. НҮБ-ын тайланд тэмдэглэснээр мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас 2013 онд Австралид 1700, Шинэ Зеландад 2100 хүн амиа алджээ.
Дундаж үзүүлэлтээр тооцвол, 24 сая хүн амтай Австрали улсад, нэг сая хүнд ногдох нас баралтын түвшин 88.1 байна. Тэгэхээр жилд 2114.4, өдөр 5-6 хүн хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас бардаг ажээ.
ЭНЭ ТУХАЙ СЭДВЭЭР БЭЛТГЭСЭН СЭДЭВ 360
НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭХИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
Холбоотой мэдээ