Өвлийн хүйтэнд шуудай үүрсэн хүмүүс шил, лааз, ундааны хуванцар сав тоолно. Энд тэндгүй шил, лааз, шуудайтай хуванцар сав харагдах хашаанд өнөөдөр харин ч бага хүн түүхий эд тушаахаар ирсэн гэдгийг түүхий эдийн цэг ажиллуулдаг О.Алимаа бүсгүй хэлж байв.
Тэрбээр Баянзүрх дүүргийн “Цайз 16” дугаар хороололд түүхий эдийн цэг ажиллуулаад нэг жил болж байгаа аж. О.Алимаа “Өнөөдөр түүхий эдийн цэгт архи, пивоны шилийг олон хоносны дараагаар дахин боловсруулах үйлдвэрүүдэд тушаадаг. Харин хуванцар сав нь маш хурдан эргэлтэд орж, үйлдвэрүүдэд тушаадаг юм. Гэтэл өнөөдөр БНХАУ хуванцар хаягдлын импортыг зогсоосноор бид өнөөдөр үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болоод байна. Би одоо шуудай үүрээд ирж буй хүмүүсийг бодоод хуванцар савыг килограммыг нь 100 төгрөгөөр худалдан авч байна. Цаашдаа хуванцар сав авахгүй. Би чинь бас баян хүн биш. Манай хашаанд өдөрт л 20 гаруй хүмүүс түүхий эд тушаагаад л ажил ид өрнөж байдаг. Гэтэл бид өнөөдөр хуванцар хаягдлаа үйлдвэрүүдэд нийлүүлж чадахгүй, ямар нэгэн шийдвэр хүлээгээд л байж байна” гэж учирлана.
Түүхий эдийн цэгүүд хог хаягдал түүж амьдралаа залгуулдаг 10 мянга орчим хүмүүс болон аж ахуй нэгжээс хуванцар савыг килограммыг нь 200 төгрөгөөр аваад, үйлдвэрүүдэд 250 төгрөгөөр худалдаалдаг байж. Гэтэл өнөөдөр хуванцар савны килограммын үнэ түүхий эдийн цэгүүдэд 100 төгрөг болж буурчээ.
Хятад улс “2018 онд 25 төрлийн хаягдлыг импортлохыг хориглоно” гэдгээ өнгөрсөн оны долдугаар сард мэдэгдэж, 2018 оноос хуванцар хаягдлын импортыг хориглосон шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь Хятад улсад хуванцар хаягдлаа экспортолдог байсан манай улсын бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг сурвалжилсан юм.
Монголд цэвэр хуванцар дахин боловсруулах дөрвөн үйлдвэр ажилладаг
-Одоогоос найман жилийн өмнө Монголд цэвэр хуванцар дахин боловсруулах 7-8 үйлдвэр шинээр байгуулагджээ. Гэвч Монгол бизнес эрхлэгчдийн хувьд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж, дампуурсан байна. Харин хятад эзэнтэй дахин боловсруулах үйлдвэрүүд хөрөнгө оруулалтын нөхцөл нь чөлөөтэй, хил гаалиар саад тотгоргүй гаргадаг зэрэг давуу талтай учраас одоо Монголд БНХАУ-ын иргэний эзэмшлийн дөрвөн үйлдвэр ажиллаж байгаа аж. Харин хаягдал хуванцар болон бусад түүхий эдийг дахин боловсруулдаг Монголын таван үйлдвэр ажилладаг гэнэ.
Хуванцар дахин боловсруулах дөрвөн үйлдвэрийн нэг нь Баянзүрх дүүрэгт байрлах “Жин Хун Руй” үйлдвэр. Ус, ундааны хуванцар сав дахин боловсруулдаг тус үйлдвэр нь 2010 оноос үйлдвэрлэл явуулж эхэлжээ. Уг үйлдвэрийн хувьд хотын хэмжээнд нийт 18 түүхий эдийн цэгтэй. Цэгүүдээсээ хуванцар саваа машинаар зөөж, хагас боловсруулснаар БНХАУ-руу экспортолдог байжээ. Харин БНХАУ хуванцар хаягдлын импортыг 2018 оноос зогсоосонтой холбоотойгоор өнгөрөгч 12 дугаар сарын 20-ны өдрөөс үйлдвэрлэлээ зогсоосон. Энэ үйлдвэрт нийслэлээс гадна орон нутгаас хүртэл хуванцар сав нийлүүлдэг бөгөөд зуны улиралд багадаа л зургаан тонн хуванцар сав боловсруулдаг байсан тухай тус үйлдвэрийн Монгол талыг хариуцсан захирал Д.Мааяа ярилаа.
“Би энэ үйлдвэрт зургаан жил ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд манай үйлдвэр нэг ч удаа үйл ажиллагаагаа зогсоож байгаагүй. Энэ жил л БНХАУ бүх хуванцар савны хаягдлын импортыг зогсоосонтой холбоотойгоор үйлдвэр ажиллахаа больсон. Энэ үйлдвэрт гэхэд нэг гэр бүлийн хоёр хүн ажилладаг. Гэтэл өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш сар гаруй ажилгүй байна” гэдгийг тус үйлдвэрийн ажилтан Н.Байгалмаа хэлсэн юм.
БНХАУ-руу жилдээ 20 мянган тонн хуванцар хаягдал экспортолдог БАЙВ
Монгол Улс жилдээ БНХАУ-руу 20 мянган тонн хуванцар хаягдал экспортолдог байжээ. 2000 оноос хойш хуванцар савтай бүтээгдэхүүн импортоор жилдээ 100 сая ширхгээр орж ирдэг байсан бол энэ тоо өнгөрөгч 2016 оны байдлаар 420 сая ширхэг болж өсчээ. Харин төрөөс нийслэлийн хог хаягдлыг тээвэрлэхэд жилдээ 20 тэрбум төгрөг зарцуулдаг байна.
Улаанбаатар хотын хог хаягдлын сүүлийн хоёр жилийн тайлангаас харахад жилд дунджаар 1 сая 400 мянган тонн хог хаягдал гарч байна. Үүний 200 мянган тонн хог хаягдлыг түүхий эдийн цэгүүд мөнгөөр худалдан авдаг бол төвлөрсөн хогийн цэгээс 100 тонн хог хаягдлыг нь хог түүдэг хүмүүс дахин ялгаж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг гэнэ. Харин үлдсэн 1.1 сая тонн хог хаягдлыг тариф төлж, төвлөрсөн гурван том хогийн цэг дээр буулгаж, булдаг аж. Үүнээс үзэхэд бид нийслэлд “үйлдвэрлэж буй” нийт хог хаягдлын зөвхөн 20 хувийг л дахин боловсруулж байна гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
“эко паркийн барилгын ажил ирэх хавраас эхэлнэ”
“Өнөөдөр манай улс хуванцар савны үйлдвэр байгуулалгүй үргэлж л БНХАУ-руу импортлох юм шиг бодож байсан. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн БНХАУ дэлхий даяар авдаг бүх хуванцар савны хаягдлын импортыг зогсоолоо. Үүнд нийт 25 нэр төрлийн хуванцар хаягдал багтсан. Энэ шийдвэр нь ганц Монголд бус АНУ, Англи, ОХУ-д ч хамааралтай асуудал. Ингэснээр хуванцар савны хаягдлаа булах уу, дахин боловсруулах уу гэсэн хоёр сонголт л үлдэж байгаа юм. Хамгийн үр дүнтэй сонголт нь хог хаягдлыг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар лантвилын /хог хаягдал булах/ талбай багасах юм.
2015 онд Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Цагаандаваа, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Нарангийн энгэрийн хогийн цэг гэсэн хоёр байршилд эко парк байгуулахаар баталсан. Цэвэр хуванцар сав дахин боловсруулах хоёр үйлдвэрийн барилгын ажил ирэх хавраас эхэлнэ. Ингэснээр нийт булагдаж буй хог хаягдлын 80 хувийг дахин боловсруулж, 20 хувийг нь л булах болно” гэдгийг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Эко-парк” Улаанбаатар компанийн гүйцэтгэх захирал Д.Батжаргал ярилаа.
Гэрэл зургийг Н.Батмөнх
Холбоотой мэдээ