Үзэсгэлэнд хуулбар зураг тавьснаар төлбөрт унав

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнд хуулбар зураг тавьснаар төлбөрт унав

Үзэсгэлэнд хуулбар зураг тавьснаар төлбөрт унав

Италийн Женова хот дахь Амедео Модильянийн уран зургийн үзэсгэлэнд тавигдсан зургууд бараг бүгд хуулбар болохыг шинжээчид тогтоосны дараа хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага тасалбарын мөнгийг буцаан олгохыг зохион байгуулагчдаас шаарджээ.

Женова  хотын шүүхээс томилсон уран зургийн шинжээч 2017 онд Палаззо Дукале үзэсгэлэнгийн танхимд тавигдсан нэрт зураач Амедео Модильянийн гэх 21 бүтээлийн 20 нь хуулбар болохыг тогтоосон байна. Урлаг судлаачдын гомдлын дагуу Италийн прокурорын газраас мөрдөн байцаалт явуулах сургаар зохион байгуулагчид үзэсгэлэнг хуваарьт зааснаас өмнө хаасан ажээ. Италийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага үзэсгэлэнг үзсэн урлаг сонирхогч, судлаачид болон жуулчдад зориулж, тусламжийн утасны үйлчилгээг нээж, зохион байгуулагчдаас тасалбарын мөнгийг буцаан авахыг уриалж байгаа ажээ.

Үзэсгэлэнг үзсэнийхээ дараа сэтгэл дундуур үлдсэн олон үзэгчийн нэг нь Италийн алдартай уран зураг цуглуулагч Карло Пепи юм. Тэрбээр Италийн нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа үзэсгэлэнд тавигдсан зургууд бүгд хог хэмээн ярьжээ.

20-р зууны эхэн үеийн алдартай уран зураач байсан Модильяни тарчиг, ядуу амьдрал дунд 1920 онд Парист нас барсан билээ.

1980-аад онд Модильянийг бишрэгчдийн удаан хайсан зураг олдсон тухай цуурхал эцэстээ Италийн уран зургийн сургуулийн оюутнуудын барагтайхан хуулбар болж таарсан билээ.

Эх сурвалж: AP

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж