“Хууль ярьсан” дээрэмчин

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

“Хууль ярьсан” дээрэмчин

“Хууль ярьсан” дээрэмчин

-‘Эрдэнэт”-ийг дээрэмдэж “Оюутолгой”-г булааж, Тавантолгойг гацааж, таван хошуу малаа нийгэмчлээд эргээд социализм байгуулбал яасан юм бэ-

Шинэ оны ажлын эхний өдөр ТУЗ-ийн хурлаа хийж, энэ оны төлөвлөгөөгөө ярилцсан “Эрдэнэт” үйлдвэрийн өмчлөлийн асуудал ганцхан өдрийн дотор орвонгоороо эргэв. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орсон “Эрдэнэт”-ийн 49 хувийнхан Засгийн газрын шийдвэрээр өмчөө дээрэмдүүлэхээр боллоо. Ингээд долоон өдрийн дотор өрнөсөн “Эрдэнэт” болон ‘Оюутолгойг’ тойрсон үйл явдлын товчооныг эхлээд зураглая.

2018.01.04. “Эрдэнэт”-ийг зуун хувь төрд авах болсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар  зарлав.

2018.01.05. “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс”-ийн удирдлагууд мэдээлэл хийж, Засгийн газар Улсын дээд шүүхээс давсан шийдвэр гаргасныг эсэргүүцэв.

2018.01.10. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцаат компани болгож, тодорхой хувийг нь иргэдэд эзэмшүүлэхээр болсныг мэдээлэв.

2018.01.10. АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийхдээ “Эрдэнэт”-ийн 51 хувийг хаана байгааг сураглав.

Энэ үймээн дундуур Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ‘Оюутолгой’-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Түүний үг хувь хүн гэхээсээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон шинэ засгийн байр суурь болж сонсогдох нь тэр. Ингээд “Эрдэнэт”-ийг дээрэмдсэн төр дахиад Оюутолгойг булаах уу гэсэн асуулт У.Хүрэлсүхийн засгаас хариу нэхэж байна.

Ийнхүү зуун хоногоо угтсан шинэ засгийн сайдуудын дараалсан мэдэгдлүүд гадаад ертөнцөд Монголыг муу дээрээ муу, муухай дээрээ дээрэмчин болгон харагдуулж буй. Ингээд Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт “будаа”. Хутга барьсан дээрэмчнээс “хууль ярьсан” дээрэмчин илүү хортой гэж энэ. ‘Хууль ярьсан’ гэдгийг нь хашилтад хийх хэрэгтэй болов уу.

Ердөө хоёр жилийн өмнө “Эрдэнэт” нь Орос, Монголын хамтарсан үйлдвэр байлаа. Харин өнөөдөр “Эрдэнэт” яг хэний өмч, ямар өмчлөлтэй үйлдвэр вэ гэдэг ойлгомжгүй, тодорхойгүй холион бантан болжээ.

Улсын Дээд шүүхийн шийдвэрээр 51 хувь нь Монголын Засгийн газрын, 49 хувь нь “Монгол зэс”-ийнх. Засгийн газрын шийдвэрээр 100 хувь төрийн өмчит үйлдвэр болсон бол Г.Занданшатарын хэлснээр бол гурван сая хүний хувьцаат компани болох нь. Эндээс харвал “өөх ч биш, булчирхай ч биш’ болсон “Эрдэнэт”-ийг эзэнгүйдүүлэх нь хэнд ашигтай вэ гэж үү.

Ямартай ч төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг зэс үйлдвэрлэгч хоёр том компанийг тойрсон Монголын улс төр Монголд хөрөнгө оруулж огт болохгүй шүү гэсэн сигналыг олон улсад өгч байна. Эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гарч, хямрал тогтворжиж байгаа нөхцөлд эрх баригчдын амнаас унах үг хүртэл тодорхой өртөгтэй гэсэн үг.

Олигтой орлогогүй, үргэлж хоорондоо зодолддог, өртэй, ширтэй, худалч, хулгайчаараа дүүрсэн айлд хэн ч зочилж очихгүй, хамтарч ажиллахгүй. Монголын төрийг айлаар дүрсэлбэл, яг иймэрхүү дүр зурагтайгаар цаасан дээр буух байх. Нэг засгийн бодлогоо нөгөө засаг нь үгүйсгэж, нэг сайдынхаа хийсэн ажлыг нөгөө сайд нь зогсоодог нь хэвийн үзэгдэл болсон. Гэтэл одоо гэгээн цагаан өдрөөр хүний хоттой хонь руу дайрдаг хуулиар хамгаалуулсан дээрэмчидтэй болжээ.

Сүүлийн дөрвөн жилд шинэ хөрөнгө оруулалт Монголд нэг ч орж ирээгүй, гадаад өрийн тааз 23 тэрбум ам.долларт хүрч, нурж ойчихоо дөхсөн, өрийг өрөөр, зээлийг зээлээр гэж арга ядаж байж  “Рио-Тинто”-г хөөж, ‘Оюутолгой’-г зогсоовол ОУВС-гийн ямар ч супер хөтөлбөр монголчуудыг аварч чадахгүй.

Хязгаарлагдмал, хариуцлагатай ‘Эрдэнэт’-ийг нээлттэй хувьцаат компани болгож иргэдэд хувьцааг эзэмшүүлснээр монголчууд баяжчихна гэж мөрөөдөх бүр хэрэггүй. Монголын иргэн бүрт ‘Эрдэнэс Тавантолгой’-н үхмэл 1072 ширхэг хувьцаа байна. Хэрэвзээ’Эрдэнэс Тавантолгой’-н IPO-г олон улсын зах зээлд гаргасны дараа л ‘Эрдэнэт’-ийг хувьцаат компани болгоно гэсэн эрх баригчдын үгэнд итгэе. ‘Эрдэнэс Тавантолгой’ компанийг байгуулж иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа тараах шийдвэрийг С.Батболдын Засгийн газар 2011 онд гаргасан гэж тооцвол IPO хийнэ босгоно, иргэн бүрийн хувьцааг үнэ цэнэтэй болгоно гэсэн бодлого боловсруулагчдын үг хоосон гэдгийг өнгөрсөн долоон жил харуулсан. Тиймээс ‘Эрдэнэт’ биднийх, ард түмний боллоо гэж алгаа таших нь бас хаашаа билээ.

Дээр нь нэмээд хэлэхэд ‘Рио Тинто’-г хүссэн ч эс хүссэн ч хөөж чадахгүй. Тэдний оруулсан хэдэн тэрбум ам.долларыг нь хэрэвзээ төлж чадна гэвэл арбитрын шүүхэд дуудагдахаас айхгүй байж болох л юм, бас.

Ингэхэд, “Эрдэнэт”-ийг дээрэмдэж “Оюутолгой”-г булааж, Тавантолгойг гацааж, таван хошуу малаа нийгэмчлээд эргээд социализм байгуулбал яасан юм бэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж