Л.Болд: Нийслэлийг Төв аймагтай нэгтгэж, тэл

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Л.Болд: Нийслэлийг Төв аймагтай нэгтгэж, тэл

Л.Болд: Нийслэлийг Төв аймагтай нэгтгэж, тэл

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачлан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.01.11/ Иргэний танхимд зохион байгууллаа.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь анх 1994 онд батлагдаж, 1996, 2013 онд тус тус хоёр удаа нэмэлт, өөрчлөлт орж байжээ.

Иймээс дээрх хуулийг 2017 оны зургадугаар сард Засгийн газраас өргөн мэдүүлсэн байна. Одоогийн хууль нь нийслэлийн хүн амын өсөлт, хот төлөвлөлт,  авто машины түгжрэл, шилжилт хөдөлгөөн, агаар, орчны бохирдол зэрэг тулгамдсан асуудлыг зохицуулах боломжгүй болсон учраас шинэчлэх шаардлага үүсчээ.

Ардчилсан намын бүлэг хуулийн төслийн шинэчилсэн найруулгад нийслэлийн статус, удирдлагын эрх үүрэг, хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлээр тодорхой заалтууд ороогүй, үндсэн үүрэг, зорилго нь тодорхой бус гэж дүгнэв. Тиймээс хэлэлцүүлгээс гарсан үр дүнг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт хүргүүлж, тодорхой арга хэмжээ авна гэдгийг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид онцолсон. Одоо байр суурийг нь хүргэе.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль бол муу хууль биш. Нийслэлийн өдөр тутмын амьдралыг зохицуулж ирсэн бодитой хууль. Одоо шинэчилсэн найруулгын төсөл дээр юу хийх ёстой гэдэг дээр санал зөрж байгаа зүйл бий.

Хүн амын төвлөрөл ихэссэн, нийслэлийн төлөвлөлт алдагдсан, хүн амын эрүүл ахуйд хор уршигтай үйл явдал өрнөж байгаа үед энэ хуулийг амьдралд нийцүүлэх шаардлагатай. Одоо мөрдөж байгаа хуулиар нийслэлийн удирдлагын онцгой бүрэн эрх дутагдаж байгаа. Тухайлбал, төсвийн, зохицуулалт, бие даасан байдал нь хараат бус, тусгай статусыг шаардаж байгаа. Үүнийг хуульд тусгах ёстой. Түүнээс гадна хуучин хуульд хот төлөвлөлт, дахин төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний дагуу оршин суух ямар ч зохицуулалт байхгүй. Хэн дуртай нь ирээд хашаа бариад бууж байгаа нь агаар, хөрсний бохирдлын эх үүсвэр болж байна. Үүнийг эрх зүйн хувьд зайлшгүй зохицуулж, онцгой статустай, төлөвлөлттэй болгох ёстой. Ингэхийн тулд нийслэлийн удирдлагын  онцгой статус тодорхой байх, нийслэлийн Засаг дарга ямар онцгой бүрэн эрхтэй байх, тэр эрхийн хүрээнд газар, татвар, иргэний харьцааг зохицуулах ямар онцгой бүрэн эрх бусад аймгаасаа ялгарах онцлог нь юу байх вэ гэдгийг шинэчилсэн найруулгад тусгах ёстой.

1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд хотын дүрмийг орхигдуулсан байдаг. Хот өөрөө дүрэмтэй байх ёстойг хуульчилж, энэ дүрмийг хүн бүр ягштал мөрддөг байх ёстой эрх зүйн статусыг бид хуулийн шинэчилсэн найруулгад оруулах ёстой.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль өргөн баригдсанаараа  хэлэлцүүлгийн шатанд орж ирэх юм бол үлбэгэр, амьгүй хууль болно. Энэ хуулийг амьтай болгох хэд, хэдэн онцгой заалтууд шаардлагатай. Дэлхийн хотууд хотын даргаа шууд иргэдээсээ сонгодог. Нийслэлчүүд хотын даргаа дээрх зарчмаар сонгодог байж нийслэл эзэнтэй болж, хөгжих нөхцөл бүрдэнэ. Мөн нийслэл бусдаас ялгарах ёстой. Онцгой бүрэн эрхтэй, онцгой байр суурьтай, эдийн засаг, боловсрол, нийгэм гээд бүх чиглэлд онцгой эрхтэй байх ёстой. Хотын иргэн болох асуудлыг захиргааны аргаар зохицуулж байгаа. Энэ бол буруу. Үүнийг нийслэлийн иргэд өөрсдөө зохицуулдаг байх ёстой. 

Нийслэлд шинээр ирж байгаа иргэдийг эдийн засгийн хөшүүргээр чиглүүлэх, хязгаарлах бололцоог хэрэгжүүлж болно. Үүнийг хуулиар өөрчилж болно. Үүний дараа нийслэлийн нутаг дэвсгэр, эдэлбэр газар, дэд бүтэц гэсэн асуудлаа ярих ёстой. Одоо бол дөрвөн уулын дунд  бөөгнөрч, нягтраад байна. Нийслэлээ өргөтгөх гэхээр алслагдсан дүүргүүд нь зайтай. Дэлхийн бусад орны туршлага, зохицуулалтаас санаа авч, Төв аймгийг нийслэлтэй нэгтгэж, дэд бүтцийг нь холбох, онцгой статустай болгох боломжтой. Төв аймагтай нэгдэж, тэлэх боломжтой. Энэ мэт асуудлыг эрх зүйн талаас нь зохицуулалт хийж, хуульд тусгах ёстой. Хотын дарга нь Ерөнхий сайдын хараанд байдаг дүүргийн дарга шиг, дүүргийн дарга нар нь хотын даргын барьцаанд байдаг амьгүй албат шиг л байна. Энэ бүх асуудлыг хотоо өргөжүүлж, иргэд хотоо аваад явдаг жишгийг хуулиар зохицуулж өгөх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж