Цагаачлалын алба “7-Eleven” дэлгүүрийг “онилжээ”

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Цагаачлалын алба “7-Eleven” дэлгүүрийг “онилжээ”

Цагаачлалын алба “7-Eleven” дэлгүүрийг “онилжээ”

АНУ-ын Цагаачлал, гаалийн хууль сахиулах алба “7-Eleven” сүлжээ дэлгүүрийн ажил олгогч нарыг АНУ-д оршин суух хууль ёсны зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй цагаачдыг ажиллуулдаг гэж үзэж, тусгай шалгалт хийсэн байна.

Цагаачлалын албаныхан лхагва гаригт /2018.01.10/ АНУ даяарх “7-Eleven” сүлжээ дэлгүүрийн 98 салбарт шалгалт явуулж, аудитын шалгалт хийснээс гадна ажилчид, менежерүүдээс мэдүүлэг авчээ. Улмаар АНУ-д хууль бусаар оршин сууж байсан 21 сэжигтнийг илрүүлж, саатуулсан байна.

“Өнөөдрийн арга хэмжээ нь АНУ-ын бизнес эрхлэгчдэд өгч буй том сануулга юм. Хууль бус ажиллах хүчнийг авч ажиллуулахыг хуулиар хориглосон. Цагаачлал, гаалийн хууль сахиулах алба хуулийг сахиулах болно, хэрэв хууль зөрчсөн үйлдэл илэрвэл хариуцлага хүлээлгэх болно” гэж  Цагаачлал, гаалийн хууль сахиулах албаны даргын үүрэг гүйцэтгэгч Томас Хоман мэдэгдсэн байна.

Түүнчлэн “Ерөнхийлөгч Трампын удирдлага дор ажил олгогчийг хууль сахиулах талаар явуулсан хамгийн өргөн хүрээтэй арга хэмжээ боллоо” гэжээ.

Цагаачлалын албаныхан АНУ-ын нийслэл Вашингтон Ди.Си болон Калифорни, Колорадо, Делавэр, Флорида, Иллиной, Индиана, Нью-Йорк, Техас гээд нийт 17 мужийн 98 “7-Eleven” дэлгүүрт  нэгэн зэрэг шалгалт хийсэн байна.

“7-Eleven Inc.” компаниас франчайзингийн эрх авч, салбар дэлгүүрийг нээн ажиллуулдаг эзэд нь тухайн салбар дахь ажилтны асуудлыг бүрэн хариуцдаг аж. Өчигдрийн шалгалтаар франчайзингийн эрхээр дэлгүүр ажиллуулж буй есөн хүнийг залилангийн хэргээр саатуулжээ. Тэднийг АНУ-д хууль бусаар оршин сууж буй хүмүүсийг хуурамч бичиг баримтад үндэслэн ажлын байраар хангасан гэж буруутгаж байгаа юм. Тэдний найм нь буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, 2.6 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж