Давс хэтрүүлж хэрэглэснээс жилд 4 сая хүн амиа алддаг

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Давс хэтрүүлж хэрэглэснээс жилд 4 сая хүн амиа алддаг

Давс хэтрүүлж хэрэглэснээс жилд 4 сая хүн амиа алддаг

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс өнөөдөр /2018.01.11/ “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг Хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтран зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын хүнсчдийн холбоо, нийслэлд хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцлоо. Сүүлийн жилүүдэд монгол хүний давсны дундаж хэрэглээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс 2.5 дахин /11.5 гр/ өндөр байгаа юм. Өдөр тутмын хоол хүнсэндээ давсыг их ээр хэрэглэснээр артерийн даралт ихсэх, цус харвах зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгааг судалгааны дүн харуулж байна.


Уг уулзалтын үеэр НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалагаас зарим асуултад хариулт авлаа.

-Манай улсад давсны хэрэглээ өндөр байгаагийн шалтгаан юу вэ? Давс их хэрэглэснээр бие эрхтэнд ямар өвчлөл үүсдэг вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-ын 2010 онд гаргасан судалгаагаар жилд дунджаар 1.7 сая хүн давсны хэрэглээнээс болж нас барсан гэсэн судалгааг гаргасан. Харин ДЭМБ-аас гаргасан 2017 оны судалгаанд жилд дөрвөн сая хүн нас барж байна. Давс их хэрэглэсний улмаас артерийн даралт ихэсдэг. Хэрэв удаан хугацаагаар артерийн даралт өндөртэй явбал тархинд цус харвах эрсдэлтэй. Энэ өвчнөөр жилд найман сая хүн нас барж байна.

Хоёрдугаарт давс их хэрэглэснээр ходоодонд хеликобактери үржих орчин бий болгодог. Уг бактери нь ходоодны салстыг гэмтээх, шарх үүсгэж улмаар хавдар болох нөхцөлийг бүрдүүлдэг. Эрдэмтдийн судалгаагаар ходоодны хавдар нь хеликобактертай хүмүүсийн дунд их байна гэдгийг тогтоосон. Түүнээс гадна бөөрний чулуу, гуурсан хоолойн багтраа, яс сийрэгжилт, чихрийн шижин үүсэхэд  нөлөөлдөг. ДЭМБ-ийн байгууллагаас 2010 онд давсыг хэрэглээг бууруулах албан ёсны мэдэгдэл гаргасан. Тухайлбал насанд хүрсэн хүн хоногт 5 грамаас илүүтэй давсыг хэрэглэхгүй байх хэрэгтэй.

-Хүний биед давс хэрэгтэй юу. Давс хэрэглэхгүй байснаар бие эрхтэнд ямар нэгэн өөрчлөлт орох уу?

-Давсны хэрэглээ тодорхой хэмжээнд бие махбодид хэрэгтэй. Давс нь хоол хүнсээр дамжин хүний биед орж буй амин хүчлийг зөөвөрлөх үүрэгтэй. Гэхдээ давс гэхээр нүдэнд харагдаж байгаа өнөөх цагаан давсыг хүмүүс нэрлэдэг шүү дээ. Давс бидний идэж буй бүхий л хоол хүнсэнд бага хэмжээгээр агуулагддаг. Тэгэхээр давсны хэрэглээг бууруулснаар эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.  

-Монгол хүний давсны хэрэглээ дэлхийд ямар төвшинд байна?

-Давсны хэрэглээ өндөртэй орнуудын тоонд манай улс багтдаг. Бодит байдалд монголчуудын давсны хэрэглээ ДЭМБ-ын заасан хэмжээнээс хоёр дахин их байна.

-Давсгүй хоол амтгүй гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгэхээр өдөр тутамдаа давстай хоол хүнснээс хэрхэн татгалзах вэ?

-Давсны хэрэглээг аажим аажмаар багасгах хэрэгтэй. Хамгийн эхний арга бол уудаг цайныхаа давсыг багасгах юм. Мөн давсны зүй зохистой  хэрэглээг эргэн тойрны хүмүүстээ ач холбогдлыг таниулах хэрэгтэй. Үүний дараа хоол хүнснийхээ сонголтоо зөв хийх ёстой. Хамгийн гол нь давсыг өөр хүнсний бүтээгдэхүүнээр орлуулж хэвших нь чухал. Үүнд сармис, цагаан гаа, яншуй, нимбэг зэрэг хүнсний бүтээгдэхүүн багтдаг. Ер нь Монголчуудын өвчлөлийн голлох шалтгаануудад давс их нөлөөлж байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны худалдаа нийтийн хоол зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон

– Давс багатай үйлдвэрлэлийг дэмжсэний ач холбогдол юу вэ?

-Давс багатай үйлдвэрлэлийг бид яагаад хөгжүүлэх ёстой вэ гэхээр ДЭМБ-аас хоногт насанд хүрсэн хүн 5-аас бага грамм давс хэрэглэх ёстой гэж заасан. Гэхдээ бодит байдалд монголчууд энэ хэмжээнээс хоёр дахин их буюу 11 грамм давс хэрэглэж байна. ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд давсны хэрэглээний 77 хувийг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс авдаг. Тийм учраас энэхүү арга хэмжээнд зайлшгүй үйлдвэрлэгчдийг татан оролцуулах шаардлага тулгарсан.

-Давсны хэрэглээг багассан аж ахуй нэгж монголд хэр олон байдаг вэ?

-Тухайлбал, Талх чихэр ХХК, Мах Импекс зэрэг аж ахуй нэгжүүд давсны хэрэглээг бууруулсан. Дан ганц бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэхгүй хоол үйлдвэрлэгч нартай бид өнөөдөр уулзлаа.  Уулзалтын хүрээнд хэрэглэгчдэд давсгүй хоолны цэсийг гаргах асуудлаар ярилцлаа. Хэрэв давсгүй хоолны сонголтыг бий болгочихвол идэх сонирхолтой хүмүүс их байна. Ер нь хүмүүсийн сонголт өөр болж эрүүл мэнддээ их анхаардаг болжээ. Тиймээс хүмүүсийн сонголтод тулгуурлан давсгүй хоолны цэсийг хоол үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд бий болгох нь чухал байна.

 

 

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж