Нефть импортлогчид алдагдал хүлээж байгаагаа мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Нефть импортлогчид алдагдал хүлээж байгаагаа мэдэгдэв

Нефть импортлогчид алдагдал хүлээж байгаагаа мэдэгдэв

Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүнд ногдуулдаг Онцгой албан татварыг нэмэгдүүлснээр үнэ өсөх аргагүй нөхцөл үүсээд буй.

Энэ асуудлыг Засгийн газрын дэргэдэх Үнийн зөвлөл судлан, нефть импортлогчдод хариу өгөхөө амласан ч өнөөдрийг хүртэл “Судалж байна, шийднэ” гэсээр цаг нэлээд алджээ.

Дээрх хугацаанд зарим компаниуд нэгэнт үнээ нэмээд эхэлсэн бол үнэ нэмээгүй хэд дээр нь оочер дараалал үсэж, шатахуун ховордох янзандаа орсон. Мөн Уул уурхайн яамны холбогдох албаны хүмүүс “Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөнөөр өртөг зардал нь нэмэгдэж, шатахуун импортлогчид алдагдалтай ажиллаж эхэлсэн гэдгийг үгүйсгэхгүй байгаа.

Тэгвэл алдагдал хүлээгээд хэдэн сар болж байгаа шатахууны компаниуд тэвчээр алдран Засгийн газарт хандаж “Нефтийн бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй бол нийлүүлэлт тасрах аюулд орлоо” гэсэн мэдэгдэл хүргүүлжээ.

Тодруулбал “Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо” хэмээх шатахууны салбарын бүх компаниудыг нэгтгэсэн мэргэжлийн холбооноос Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Уул уурхайн яаманд албан тоот илгээсэн байна.

Уг албан тоотын агуулгыг сийрүүлбэл; Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан /ОУВС/-тай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2017 оны 7, 11 дүгээр саруудад 2 үе шаттай тонн тутамд  90 хүртэл актонтой автобензинд 190,000 төгрөг, 90 болон түүнээс дээш актонтой автобензинд 210,000 төгрөг, дизелийн түлшинд 280,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Мөн ОПЕК-ын орнууд түүхий газрын тосны олборлолтоо багасгасантай холбоотойгоор дэлхийн зах зээлд газрын тосны үнэ сүүлийн 3 сарын хугацаанд 30 хувиар өссөн ба энэхүү өсөлт үргэлжилсээр байна.

Дээрх татвар болон үнийн өсөлтийн  улмаас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд 2017 оны 9 сараас өнөөг хүртэл Засгийн газрын шийдвэр болон нийгмийн хариуцлагын хүрээнд шатахууны хомсдол үүсгэлгүй, жижиглэнгийн худалдаанаас литр тутамд 250-300 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн бөгөөд энэ талаар зохицуулалт хийж өгөхийг салбарын яам, агентлаг, хамтарсан зөвлөлд  удаа дараа уламжилж байсан боловч Шинэ засгийн газар байгуулагдаж байгаатай холбоотойгоор 2017 оны 12 дугаар сарын 31-н хүртэл үнэ нэмэхгүй байх чиглэл өгсөн.

2018 оны 01 сарын 09-ний өдрийн Төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлийн хурлаар бодит үнийн судалгаа хийх ажлын хэсэг байгуулсан гэх шалтгаар асуудлыг шийдвэрлэхгүй удаа дараа хойшлуулан цаг хожих хэлбэрээр ажиллаж байгаа нь газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд цаашид гадаад төлбөрөө төлөх чадамжгүй болж улмаар дотоодын зах зээлд шатахууны хомсдол үүсэх нөхцөл байдалд хүргээд байна.  

Иймд 2018 оны 01 сарын 18-ны өдрийн дотор Засгийн газраас шийдвэртэй арга хэмжээ авч бодлогын зохицуулалт хийх, үгүй бол алдагдалгүй байх хэмжээнд үнэ нэмэх зөвшөөрөл олгохыг шаардсан байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж