Ц.Шинэбаяр гишүүн дэд дарга хэвээрээ гэв

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр гишүүн дэд дарга хэвээрээ гэв

МАХН-ын Хяналт ёс зүйн зөвлөлийн хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Хамаг монгол” хөдөлгөөн байгуулан ажиллах болсноо мэдэгдсэн үеэс хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар нэг тогоонд багталцахаа байж, хонь чоно болсон” гэх агуулгатай мэдээлэл цацагдах болсонд няцаалт өгөх зорилгоор тэд энэхүү хэвлэлийн бага хурлыг зарлажээ. МАХН-ын Хяналт ёс зүйн зөвлөлийн хорооны дарга Г.Давааням хэлэхдээ “Н.Энхбаяр дарга, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар ажил хэрэг болоод хувийн асуудлаас болж үл ойлголцох байдал үүсээгүй. Ц.Шинэбаяр гишүүн намынхаа дүрмийг сайн судлаагүй, гэнэтийн цочмог шийдвэрийг гаргадгаасаа болж, МАХН-ын дэд даргын суудлаасаа татгалзаж байгаагаа мэдэгдсэнээс тэдний хооронд ан цав үүсээгүй гэлээ. Түүнчлэн олон нийтийн дунд тархаад байгаа сөрөг мэдээлэлтэй холбогдуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг намын нөхөд нь хэвлэлийнхэнд тайлбар хийхийг хүссэн ч экс ерөнхийлөгч энэ удаад татгалзжээ. Тэрбээр хэлэхдээ “Ц.Шинэбаяр гишүүн бид хоёрын дунд ямар ч маргаан гараагүй учраас үнэн үнэнээрээ үлдэх ёстой. Хэвлэлийнхэнд энэ асуудлаар тайлбар хийх шаардлагагүй” гэж хэлсэн байна. Харин УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАХН-ын гишүүдэд ямар нэг тайлбар хийгээгүй хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн зургадугаар сарын 29-нд хийсэн мэдэгдлээрээ тодорхой хариулт өгсөн гэлээ. Энэ өдөр УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАХН-ын дэд даргын суудлаас татгалзаж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр хэлэхдээ “Намын нэр авах зорилгодоо хүрсэн учраас дэд даргын суудлаасаа татгалзаж байна. Гэхдээ МАХН-ын гишүүн бол хэвээр байна” гэж мэдэгдэж байсан удаатай.

МАХН-ын дүрмээр бол намын дэд дарга нь албан тушаалаа өгөх тохиолдолд эхлээд намынхаа даргатай зөвшилцөх ёстой гэнэ. Дараа нь асуудлаа бага хуралд оруулж хэлэлцүүлнэ. Өөрөөр хэлбэл, ийм журам мөрдөгдөөгүй учраас МАХН-ын Хяналт ёс зүйн зөвлөлийн хорооныхон Ц.Шинэбаяр гишүүнийг дэд даргын суудалдаа хэвээр байгаа гэж үзэж буйгаа энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо. Уг нь өнгөрсөн долдугаар сарын 8-нд МАХН-ын бага хурал болсон ч тухайн үед тус намын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр эмнэлэгт хэвтэж байсан учраас хуралд оролцож чадаагүй аж. Мөн тэрбээр дэд даргын суудлаас татгалзаж буйгаа мэдэгдсэн өргөдөл бичгээр үйлдэж болох байсан ч ийм замыг сонгоогүй. Тиймээс МАХН-ынхан түүнийг дэд дарга хэвээр байгаа гэж үзэж буй аж.

Удахгүй тус намынхан шинэ байранд нүүж орно. Түүндээ дэд даргын ажлын өрөөг тохижуулж байгаа гэлээ.

МАХН-тай холбоотой сөрөг “мессэж” зөвхөн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын дэд даргын суудлаасаа татгалзаж буйгаа мэдэгдсэн мэдэгдлээр хязгаарлагдаагүй юм. Гурван ч нарийн бичгийн дарга нь ажлаа өгч байгаагаа мэдэгдэж, намаасаа гарсан. Энэ асуудалд Г.Давааням дарга тайлбар хийлээ. Тухайлбал, С.Молор-Эрдэнэ үзэл бодол нийлэхгүй болсноос намаасаа гарч байгаагаа мэдэгдсэн бол Ю.Атар нь намын нарийн бичгийн дарга болохоор багшийн ажлаа хийж чадахгүйд хүрэх төдийгүй цалин багасах учраас төрийн ажлаа сонгосон. Харин Д.Өрнөхбаярын хувьд намын үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэж, нарийн бичгийн даргын суудлаас нь буулгажээ. Тэрбээр тус намд хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга байжээ. Гүйцэтгэх товчооны хурал болоход оролцдоггүй, ард түмний их хуралдай, жагсаал цуглаан гээд олон үйл явдалд Д.Өрнөхбаяр оролцоогүй гэнэ.

Тиймээс дээрх гурван эрхэм дээрх шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн тухай энэ үеэр мөн мэдэгдлээ.

МАХН нэрээ авч, орон даяар үйл ажиллагаагаа идэвхижүүлснээс хойш тус намын гишүүд,  дэмжигчдийг намын харьяаллаар нь хавчин гадуурхах явуулгыг хийх болсон байна. Гэхдээ энэ удаад тодорхой баримт дэлгэсэнгүй, цаад хүмүүстээ хохиролтой, цаг нь болохоор мэдээлнэ гэлээ. Ирэх долоо хоногоос зарим нэг фактыг баримттайгаар дэлгэхээ мэдэгдэв.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж