Шри Ланка улсын эрх баригчид 60 гаруй жилийн дараа 18-аас дээш насны эмэгтэйчүүдийг согтууруулах ундаа худалдаж авахыг зөвшөөрсөн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталжээ. 1955 онд батлагдсан хууль нь эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж буй хэрэг гэж үзсэн тул нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдсэн байна. Хуулийн өөрчлөлтийг тус улсын Сангийн сайд Мангала Самаравеера лхагва гаригт /2018.01.10/ албан ёсоор танилцуулжээ.
Ингэснээр насанд хүрсэн эмэгтэйчүүд архи, согтууруулах ундаа худалдаж авах эрхтэй болсноос гадна энэ төрлийн бүтээгдэхүүн худалдаалдаг газарт ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр ажиллах, үйлчлүүлэх боломжтой болж байгаа аж.
Хэдийгээр өмнөх хуулийг ягштал хатуу чанга мөрддөггүй байсан ч эмэгтэйчүүд, бүсгүйчүүд хуулийн энэ өөрчлөлтийг таатай хүлээн авчээ. Засгийн газрын шийдвэрт талархсан пост, сэтгэгдэл сошиал сүлжээнд хөвөрч байна.
Шинэ хуулийн дагуу бүсгүйчүүд ресторан, баар зэрэг архи, согтууруулах ундаагаар үйлчлэх эрхтэй газруудад ажиллах, мөн үйлчлүүлэхдээ мужийн захирагчаас тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болж байгаа аж.
Хуулийн энэ өөрчлөлтийг дийлэнх ард иргэд таатай хүлээн авсан ч эмэгтэйчүүд архинд донтох нэг хөшүүрэг болно гэж таагүй хандах хэсэг ч байгаа ажээ.
Шри Ланкад эмэгтэйчүүд архи, согтууруулах ундаа хэрэглэхийг таашаадаггүй. Тэд үүнийг үндэсний соёл, уламжлалтай холбон тайлбарладаг байна.
С.ЦЭЛМЭГ