Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон нийтийн өмнө 2000 гаруй удаа худал, ташаа зүйл ярьсныг Вашингтон пост сонин тоолжээ. “Вашингтон пост” сонин ерөнхийлөгчийн хэлсэн үг, хийсэн мэдэгдэл бүрийг мэдээллийн сангаас шүүж, ангилсны дүнд ийн мэдээлжээ. Тус сонин Трампын засгийн газрын 100 хоногийн ажлыг дүгнэх зорилгоор анх энэ төслийг эхлүүлсэн юм.
“Вашингтон пост”-д бичсэнээр Трампын худал амлалтын хамгийн сүүлийн жишээ бол түүний ярих дуртай цагаачлалын тухай асуудлаарх нэг цагийн илтгэл ажээ. Илтгэлдээ Трамп “АНУ, Мексикийн хилийг заагласан ханыг бид нэг жилийн хугацаанд барина. Хана босгоход хүмүүсийн яриад байгаа шиг их хөрөнгө шаардлагагүй. Мексикээс асар олон хүн манай улсад хууль бусаар цагаачилдаг. Мөн хар тамхины хууль бус наймаа, тээвэрлэлтийн урсгал тасрахгүй байгаа учраас бид хил дээр хана босгох зайлшгүй шаардлагатай” гэжээ.
Үнэн хэрэгтээ АНУ, Мексик хоёр улсын хилийг заагласан ханыг ганцхан жилийн дотор байгуулах боломжгүй юм. Энэ нь дөрвөн жил үргэлжлэх төсөл бөгөөд бөгөөд байгууламжийг барихад 25 тэрбум ам.доллар шаардлагатай ажээ. Нөгөө талаар хууль бус цагаачлал болон хар тамхины наймааны сүлжээг таслан зогсооход хана барих нь ямар ч үр ашиггүй. АНУ-ын хар тамхитай тэмцэх газрын мэдээлснээр хар тамхины бүлэглэлүүд хар тамхи, мансууруулах бодисыг хилийн боомтоор нууцаар оруулахаас гадна газар доогуурх нууц хонгилоор тээвэрлэдэг ажээ.
“Вашингтон пост”-ын мэдээлснээр Трампын хамгийн олон удаа худал, ташаа ярьсан сэдэв нь татварыг бууруулах, бизнесийн хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх тухай юм. Трамп татвар бууруулах тухай 55 удаа олон нийтийн өмнө амлалт өгч, илтгэлдээ дурдсан боловч тус улсын сангийн яамны тоо баримтаас харахад АНУ хамгийн өндөр татвартай орнуудын наймдугаарт жагссан хэвээр байгаа юм.
Эх сурвалж: The Washington post