Зимбабвегаас дор гэснээс…

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Зимбабвегаас дор гэснээс…

Зимбабвегаас дор гэснээс…

Монгол Улсын шүүхийн хараат бус байдал Зимбабве улсынхаас дор байгаа тухай сошиалаар шуугиан тарьсан нь саяхан. Муу байж болно, муухай байж болно. Гэхдээ л явж явж Африкийн “сураггүй” улсаас ч дор орсон нь арай л үнэмшилгүй. Инфляцийн түвшин 230 сая хувьд хүрч, ширхэг талх 300 тэрбум зимбабве доллар хүрсэн учраас эрх баригчид нь үндэсний валютаасаа татгалзаж, оронд нь доллар, юаниар тооцоо хийхээс аргагүйд хүрч байсан гэдгээр нь бас тус улсад ерөнхийлөгч Р.Мугабен 30 гаруй жилийн ганц хүний дарангуйлал гүйцэт эцэслэж амжаагүй байгаа гэдгээр нь Зимбабвег дэлхий нийтэд андахгүй. Эдийн засгийн хямралын зэрэгцээ ДОХ-ын халдвар, гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл газар авсан гээд муу, муухайн түрүүнд бичигддэг тус улсаас шүүх засаглалын хараат бус байдлаараа дор орчихсон учраас монголчууд үүнийг гайхаж, цочирдож хүлээж авахаас ч аргагүй. Гэхдээ яах аргагүй л дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан албан ёсны мэдээлэлд манай улс шүүхийн хараат бус байдлаараа 137 орноос 110 дугаарт, Зимбабвегаас ч дор орсон нь цагаан дээр хараар байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан энэ мэдээлэл тэр даруйдаа мэдээллийн томоохон портал сайтуудаар цацагдаж дэлхийд шуугиан тариад амжиж. Харин монголчууд хоёр сар гаруйн дараа мэдэж, жиргээнд хуурай өвсөнд тавьсан түймэр лугаа дэгдсэн. Энэхүү мэдээллийн мөрөөр мөшгөвөл Дэлхийн эдийн засгийн форумын албан ёсны пэйж хуудаст судалгааны эх сурвалжаа нээлттэй тавьсан байх бөгөөд монголоос “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай харилцдаг аж. Энэхүү албан ёсны сайтад П.Эрдэнэжаргал, Д.Оюунбадам гэсэн нэр дурайна. Монголын шүүхийн хараат бус байдал 137 орноос 110-т буюу Зимбабвегийн ард жагссан нь энэ хоёртой холбоотой болж таарав. Оны өмнөхөн “Нээлттэй нийгэм форум”-аас “Шүүхийн ажиглалт” судалгааг хийж шүүх засаглалын хараат бус байдалд эерэг үнэлгээ өгч байсан бол 2016 онд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хийсэн хөндлөнгийн судалгаагаар Монголын шүүх засаглалын хараат бус байдал ижил гараатай орнуудаас түрүүлсэн гэдэг дүн тавьж байсан юм. “Нээлттэй нийгэм форум” ТББ яагаад ийнхүү нааш харж инээж, цааш харж уйлж, хоёр үзүүртэй зүү мэт аашилна вэ. Үүний ард улс төр, далд ашиг сонирхол нуугдаж байна уу.

Юутай ч уулын чинээ цагааныг туулайн чинээ хар дардгийн үлгэрээр тэд шүүх засаглал, Монгол Улсын гадаад, дотоод нэр хүндийг олон улсын түвшинд шавартай хутгачихлаа. Шүүх засаглал, банк хоёр бол итгэлцэл дээр тогтдог учраас маш эмзэг. Иргэдийн итгэлийг алдвал дампуурдаг. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан энэ сөрөг мэдээлэл гадны хэчнээн бизнесийг Монголоос татгалзахад хүргэснийг таашгүй. Цаашид ч учруулах хор, уршгийг тооцоолоход бэрх. Юутай ч Монголын шүүх дэлхий нийтэд муухай харагдаж, муугаар хэлэгдэж байна. Би цааш нь бичих үү яах вэ!

Л.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж