Японы ерөнхий сайд Шинзо Абе ирэх хоёрдугаар сарын 9-25-нд БНСУ-ын Пёнчан хотноо болох өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцохгүй гэж Японы Санкэй сонин мэдээлжээ. БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ-Ин олимпийн нээлтэд оролцохыг урьсан урилгыг өнгөрсөн сард Гадаад хэргийн сайд Кан Кюн-Вагаар дамжуулан Абед хүргүүлсэн аж.
Дэлхийн II дайны үед япон цэргүүдийн бэлгийн дур хүслийг хангаж байсан “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлаар хоёр улсын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийг үл хүндэтгэсэн БНСУ-ын Мүн Жэ-Иний шийдвэрт Шинзо Абе таагүй хандаж байгаа аж. Тиймээс ч өвлийн олимпийн нээлтэд очихгүйгээр шийдсэн гэх засгийн газрын хэд хэдэн эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Санкэй дээрх мэдээллийг нийтэлжээ.
Түүнчлэн Абе зугаацуулагч эмэгтэйчүүдийн асуудалд уян хатан хандахыг Мүн Жэ-Инээс хүсч, шахалт үзүүлэх бодолтой байгаа тухай тус сонин мэдээлсэн байна.
Мүн Жэ-Ин ард түмэндээ хаягласан шинэ жилийн илгээлтдээ “Япон улс үнэнийг хүлээн зөвшөөрч, гунигт түүхийн золиос болсон хүмүүсээс чин сэтгэлийн уучлал гуйх ёстой” хэмээсэн юм.
Зугаацуулагч эмэгтэйчүүдийн асуудлаар БНСУ болон Японы 2015 оны арванхоёрдугаар сард байгуулсан гэрээний талаар Мүний тэргүүлсэн засгийн газар дахин хэлэлцэж, гол асуудлаарх гэрээний зүйл, заалтууд учир дутагдалтай гэж дүгнэсэн билээ.
С.ЦЭЛМЭГ