"ОУВС-гаас нефтийн ОАТ-ыг сэргээх санал тавьсан"

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

"ОУВС-гаас нефтийн ОАТ-ыг сэргээх санал тавьсан"

"ОУВС-гаас нефтийн ОАТ-ыг сэргээх санал тавьсан"

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэнгийн мэдээллээр бол улсын хэмжээнд шатахууны хангамж хэвийн байгаа ч нефть импортлогч компаниуд алдагдал хүлээж эхэлснийг мэдэгдлээ.  Өнгөрсөн оны долдугаар сараас дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн нь алдагдал хүлээхэд хүргэж байгаа аж.

Алдагдлын хэмжээ нефтийн бүтээгдэхүүнийхээ төрлөөс хамаарч өөр, өөр байгаа бөгөөд литр тутамд 300 хүртэл төгрөгийн алдагдал хүлээх болжээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат

Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбатаас шатахууны үнэ нэмэгдэх эсэхийг тодруулсан юм. 

-Одоогоос гурван жилийн өмнө дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэг баррель нь 30 ам.доллар болтлоо буурч байсан. Энэ үед Монголын нефть импортлогчид шатахууны үнээ буулгаагүй.  Харин өнөөдөр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөхөөр нефть импортлогч компаниуд шатахууны үнээ нэмэх асуудлыг сөхөж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ?

-Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байх үед бид нефтийн импортод ногдуулах онцгой албан татварыг нь  тонн тутамд 400.000-520,000 төгрөгөөр нэмэгдүүлж, улмаар улсын төсөвт орох орлогыг нэмэгдүүлсэн байдаг. 

Харин газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэхээр бид онцгой албан татварыг тэглэж, шатахууны үнийг өсгөлгүй, тогтвортой барьж, өнөөдрийг хүрсэн.  

-Тэгвэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байхад Засгийн газар ОАТ-аар зохицуулалт хийж болохгүй байгаа нь ямар шалтгаантай юм бэ. Шатахууны онцгой албан татварыг тонн тутамд нь 240 мянгаар нэмэгдүүлж байна. Үүнийг дагаад нефть импортлогчид үнэ нэмэх асуудлыг сөхөх боллоо? 

Өнөөдөр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өсч байна. Нэг баррель нь 66-69 ам.долларт хүрлээ. Мөн Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт нэгдэн орсон. ОУВС-гийн зүгээс шатахууны онцгой албан татварыг сэргээх шаардлага тавьсан.

Монгол Улсын Засгийн газар 2018 оны төсвөө батлахдаа шатахууны онцгой албан татвараас улсын төсөвт 295.4 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэсэн төлөвлөгөө гаргачихсан. Эдгээрээс шалтгаалаад шатахууны үнэ нэмэх асуудал сөхөгдөж байна.

Нефть импортлогч компаниуд литр тутамдаа 300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна, үнэ нэмье гэсэн асуудлыг сүүлийн хэдэн сар ярилаа. Зарим компаниуд ингэж алдагдалтай ажиллахын оронд засвартай, шинэчлэл хийж байгаа гэх нэрийн дор ажиллахгүй байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэ асуудлыг судалж үзээд, шатахууны үнийн хамтарсан зөвлөлд саналаа хүргүүлнэ. Удахгүй үнийн зөвлөл хуралдаж, асуудлыг шийднэ. Мөн ОУВС-ийн төлөөлөгчид нэгдүгээр сарын 25-нд ирнэ. Энэ үед болох уулзалтаар онцгой албан татварын асуудлыг мөн авч хэлэлцэнэ

Сануулахад, Монгол Улс 2010-2013 онд шатахууны онцгой албан татвараас улсын төсөвт 17-92 тэрбум төгрөг, 2014 онд 22 тэрбум төгрөг, 2015 онд 279 тэрбум төгрөг, 2016 онд 320 тэрбум төгрөг, 2017 онд 140 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлжээ. Харин энэ онд 295.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр зэхэж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж