Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-УИХ-ын чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Хуулийн төслийн хүрээнд төв банкны хяналт, шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэр рүү шилжүүлэхийг зорьж байгаа. Тэгэхээр төв банкны хяналт, шалгалт эрсдэлд суурилсан хэлбэр рүү шилжихийн гол давуу тал, ач холбогдол нь юу вэ?
-Одоогийн хуулиар Монголбанкны хяналт шалгалтын үйл ажиллагаа гүйцэтгэл дээр үндэслэн явагддаг. Ерөнхийдөө нэгэнт хийгдээд дууссан үйл ажиллагаан дээр нь оношилгоо хийж, арга хэмжээ авч явж байна гэсэн үг. Олон улсад энэ жишиг хоцрогдсон. Олон улсад бол ирээдүйд учрах эрсдэлээс нь хамгаалдаг болсон. Зүйрлэж хэлбэл, эмч өвчтөнийг үзчихээд, ийм өвчтэй байна, ингэж эмчилнэ гэж хэлэхгүй. Харин таны амьдралын хэв маяг ийм байгаа учраас ийм өвчин тусах эрсдэлтэй байна гээд, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэсэн үг. Банк бүр өөр өөрийн үйл ажиллагааны онцлогоосоо хамаарч, янз бүрийн эрсдэлтэй тулгарч байдаг. Тэгэхээр танай банкны үйл ажиллагаа ийм байгаа учраас ийм эрсдэл гарч болзошгүй байна, энэ эрсдэлээс ингэж хамгаалах ёстой шүү гэдэг хяналт, шалгалтын үйл ажиллагаа юм. Тэгэхээр төв банк хяналт, шалгалтын үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэхийн тулд хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай.
-Хуулийн төслөөр банкинд хэн хувьцаа эзэмших вэ, банкны ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагад ямар хүн ажиллах вэ гэдэг нарийн шалгуурыг тавьж өгсөн. Энэ нь банкуудын зүгээс дотоод үйл ажиллагаанд хэт оролцлоо гэх шүүмжлэлтэй тулгарч байгаа шүү дээ?
-Юун түрүүнд банкинд хэн ч хөрөнгө оруулж болно. Энэ бол нээлттэй. Энд ямар нэгэн хаалт, хязгаарлалт байхгүй. Харин банкны банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог ТУЗ-д ямар хүмүүс байх вэ. Өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргадаг тэрхүү бүтэц нь өөрөө ямар шаардлагыг хангаж байх ёстой вэ гэдэг дээр хатуу шаардлагууд орж ирсэн. Өөрөөр хэлбэл, ТУЗ-ийн гишүүдэд аль болох банк, санхүү, хууль гэх ч юм уу, банкныхаа үйл ажиллагаанд хамааралтай мэргэжлийн, туршлагатай хүмүүс ажиллах ёстой. Үүнийг буруу ойлгоод, заавал банк, санхүүгийн хүн банкны эзэн байх ёстой гэх ч юм уу. Тэгэхээр хуулийн дагуу банкны эзэн хэн ч байж болно. Харин өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, шийдвэр гаргаж байгаа ТУЗ-ийн гишүүд тодорхой шалгуурыг хангах ётсой юм.
-Өнөөгийн нөхцөлд ихэнх банкууд дэргэдээ үл хөдлөх хөрөнгөтэй, эсвэл бусад салбарын бизнест орсон охин компанитай байна. Хуулиар охин компанийн асуудлыг зохицуулахаар оруулсан. Энэ зүйл заалт хэр их маргаан дагуулж байгаа вэ?
-Банкны бизнес олон улсад ч тэр, манайд ч тэр дангаараа хийдэг бизнес биш болсон байна. Олон улсад бол ялангуяа Банкны нэгдлийн хэлбэртэй болж байгаа. Өөрөөр хэлбэл, толгой компанитай, толгой компани нь өөрөө банктай байхаас гадна өөр бусад бизнесүүдтэй байх тохиолдол бий. Ийм олон улсын жишиг байна. Дээр нь банк өөрөө бусад өөр бизнесийн толгой компани болдог жишиг ч гараад ирчихсэн байгаа. Тэгэхээр банкны бизнесийн харилцаа олон улсад өөрөө ийм жишиг рүү очиж байгаа бөгөөд үүнд нь таарсан зохицуулалт хэрэгтэй болж байгаа. Монголбанкнаас тавьж байгаа хяналт шалгалт зөвхөн банкийг шалгаад байж болно. Гэтэл банк нь өөрөө эрүүл байж болох ч толгой компани нь эрсдэлтэй байвал яах вэ. Толгой компанийн эрсдэл банкиндаа нөлөөлөх үү, үгүй юу гэх зэрэг асуудал бий. Тэгэхээр шинэ хуулийн дагуу хяналт, шалгалтыг банкны нэгдлийн хэмжээнд буюу банкнаас гадна түүний толгой болон охин компаниудыг хамруулан хийх боломжтой байхаар зохицуулалт хийж байгаа. Мэдээж үүнтэй холбоотойгоор төв банк банкнаас өөр салбарын бизнесийг ч хянадаг болох нь гэх зэрэг шүүмжлэл гарч байгаа. Бид бусад салбарын бизнесийг хянахгүй. Гол нь банктай холбоотой бусад бизнесийн салбарын үйл ажиллагаан дээр ямар эрсдэл гарч болох вэ гэдгийг урьдчилж харахыг л зорьж байгаа юм.
-Банкны тухай хуулийг баталснаар төв банк олон банкуудыг аль болох цөөлөх, бусадтай нь нэгтгэх, жижиг банкуудыг татан буулгах зорилго агуулж байна уу гэх хардлага байна?
-Тийм зорилго агуулаагүй. Банкны дотоод бизнест Монголбанк хутгалддаггүй. Эрсдэлийг л хянах үүднээс нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ, өөрийн хөрөнгө гэх зэрэг үзүүлэлтэд хяналт тавьж ажилладаг. Хоёрдугаарт, банкны эздийн хөрөнгө угаасаа 10-хан хувь. 90 хувь нь хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгө. Тэгэхээр бусдын хөрөнгөн дээр бизнес хийж байгаа байгууллага учраас бүр илүү хяналттай байхаас өөр арга байхгүй. Банкинд бүтцийн өөрчлөлт хийх, тогтвортой болгох, сайжруулах чиглэлийн аливаа арга хэмжээ нь банкны эзнийг хамгаалах зорилготой бус. Эсвэл банкны эзний мөнгийг булааж авах гэсэн зүйл ч биш. Олон нийтийн мөнгийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах л зорилготой юм. Тэгэхээр энэ бол цэвэр хардлагын шинжтэй л асуудал байна.
-Тэгэхээр банкинд олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлд хуулийн төсөлд тодорхой зохицуулалт оруулсан уу?
-Манайд үйл ажиллагаа явуулж байгаа 14 банк нь дотоодын банк. Гадны банк бол одоогоор байхгүй. Хоёрдугаарт, 14 банк маань бүгд хаалттай компани байгаа. Бид аль болох нээлттэй болох тал руу зорьж байгаа. Яагаад гэвэл банк олон нийтийн мөнгийг эргэлдүүлж байгаа. Тийм учраас яагаад олон нийтэд нээлттэй байж болохгүй вэ гэдэг л зарчим юм. Тэр утгаараа төвлөрлийг сааруулах захиргаадалтын аргаар биш. Ерөнхийдөө төвлөрөл байгаа шүү гэдгийг нь хэлээд, хувьцаа эзэмшигчийнхээ зүгээс ч тэр аль болох задрах хэрэгтэй байгаа юм. Банкны толгой компанийн хөрөнгө оруулалтын хэмжээ яг хэд байвал зохистой байх вэ гэх хязгаарласан заалт байхгүй ч ерөнхийдөө ийм байх ёстой шүү гэдэг чиглэл өгсөн маягаар хуулинд өөрчлөлт оруулж байгаа.
Д.БОЛД