Дэлхийн хамгийн баян эр Жефф Безос гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Дэлхийн хамгийн баян эр Жефф Безос гэж хэн бэ?

Дэлхийн хамгийн баян эр Жефф Безос гэж хэн бэ?

Жефф Безос. Дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад Билл Гейтстэй “түрүү булаалдсаар” ирсэн түүнийг Bloomberg ДЭЛХИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН БАЯН ХҮН хэмээн зарлав.

Дэлхийг хэрсэн онлайн сүлжээ компани “Amazon”-ыг үүсгэн байгуулагчийн хөрөнгө 105.1 тэрбум ам.долларт хүрчээ. Харин тэрбумтнуудын ‘хөрөнгийг хэмждэг’ өөр нэгэн эх сурвалж болох Forbes сэтгүүл түүний хөрөнгийг 104.4 тэрбумаар үнэлсэн байна.

“Amazon” компанийн хувьцааны ханш даваа гаригийн арилжаагаар 1.4 хувиар өссөнөөр компанийнхаа 78.9 сая ширхэг хувьцааг эзэмшдэг Безосын хөрөнгө 1.4 тэрбумаар нэмэгджээ. Он гарсаар ‘Amazon”-ы хувьцааны ханш 7 хувиар өссөн, харин өнгөрсөн 2017 онд бүр 56 хувийн өсөлттэй байсан юм.

Безос мөн “Washington Post” сонины хувьцаа эзэмшдэг, бас “Blue Origin” гэх сансрын аялал жуулчлалын компанитай. Түүнчлэн 1998 онд “Google”-д 250 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь өдгөө 3.3 тэрбумаар үнэлэгдэх хэмжээнд хүрчээ.

Түүний үе тэнгийнхэн нэг жил хөдөлмөрлөөд олдог дундаж цалин, орлогыг Безос ердөө ганцхан минутад олдог. Зөвхөн өнгөрсөн 2017 онд тэр 19.3 тэрбум ам.долларын ашигтай ажилласан. Энэ нь өдөрт 52 сая, цагт 2 сая гаруй, минутад 36 мянган ам.доллар гэсэн үг юм.

Жефф Безос 1986 онд Принстоны их сургуульд цахилгааны инженер, компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Ivy League гэгддэг АНУ-ын шилдэг найман их сургуулийн нэгд зүй ёсоор багтах тус сургуулийн хөрөнгө 2017 оны гуравдугаар сарын байдлаар 22.8 тэрбумаар үнэлэгдэж байв. Харин Безос түүнээс дөрөв дахин их хөрөнгөтэй. 2011 онд тэрбээр эхнэрийнхээ хамт /эхнэр нь ч мөн Принстоны их сургуулийг төгссөн/ төрөлх сургуульдаа 15 сая ам.доллар хандивлажээ.

“Amazon” хувьцаа гаргаж, олон нийтийн компани болох тэр үед буюу 1998 онд Безос тэрбумтнуудын жагсаалтад анх удаа багтав. Тэр үед “Walmart” сүлжээг үндэслэгч Уоррен Баффет 30 орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэй, АНУ-ын хоёр дахь баян хүн байв. Түүнээс хойш 20 жил өнгөрөхөд Безос хэдийн Баффетын хөрөнгийг гүйцэж, дэлхийн хамгийн баян эр болж чаджээ.

Жефф Безос багтаж ядсан их хөрөнгөтэй боловч тун энгийн амьдралыг эрхэмлэдэг. Тэр нойронд сэргэг. Өглөө ямар ч сэрүүлэггүйгээр тогтсон цагтаа сэрдэг, өглөөний цайг эхнэртэйгээ заавал хамт уудаг, гэр бүлтэйгээ хамт өглөөг эхлүүлэхийн тулд хэзээ ч өглөөний цагаар ажлын уулзалт товлодоггүй, оройн хоолны дараа аяга тавгаа өөрөө угаадаг гэнэ. Саяхныг хүртэл эхнэр нь Honda машинаа унаад, эхлээд дөрвөн хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд, дараа нь Безосыг ажил дээр нь буулгадаг байжээ.

Жефф Безос эхнэр МакКензийн хам

Безосын гэр бүлийн найз Дэнни Хиллис тэдний талаар “Безосынхон маш энгийн, дотно харилцаатай, халуун дулаан уур амьсгалтай гэр бүл” хэмээн ярьсан нь бий.

Жефф Безос дөрвөн хүүхэдтэй, гурван хүү, нэг охин. Хосууд охиноо Хятадаас өргөж авчээ.

Дөрвөн хүүхдийнхээ боловсролд хэрхэн анхаардаг талаар Безос “амралтын үеэрх аялал, хоолны хичээл,  хятад хэл, Сингапур маягийн математикийн хичээлийн хөтөлбөр, маш олон клуб, спорт арга хэмжээ гээд олон зүйл туршиж үзсэн” гэж хариулжээ.

Жефф Безос 1964 оны нэгдүгээр сарын 12-нд төрсөн. Маргааш 54 нас хүрнэ.

1994 онд тэрбээр Нью-Йоркоос Сиаттл хүртэл Америкийг хөндлөн гулд давхиж, зам зуур “Amazon”-ыг босгох бизнес төлөвлөгөөгөө бичиж явсан гэдэг. Анх байшингийнхаа гаражид компаниа эхлүүлжээ. Дэлхийн санхүүгийн төв болсон Нью-Йорк дахь боломжийн цалинтай ажлаа хаяж, хувийн бизнес эхлүүлэхээр зорьсон шалтгаан нь тэр ирээдүйд интернэтийн хэрэглээ асар хурдацтай нэмэгдэнэ гэдгийг олж харсан хэрэг. Тэр үед АНУ-ын Дээд шүүхээс тэр бүр биечлэн хүрэх боломжгүй муж, газруудаас татвар цуглуулах ажлыг шуудангийн компаниудад даатгасан шийдвэрийг хараад Безос ‘мэргэн санаа’-гаа олжээ. Ажлаа эхлүүлэх үед түүний аав, ээж хуримтлалаасаа 300 мянган ам.долларыг “Amazon”-д хөрөнгө оруулсан гэдэг.

“Amazon”-ын суурийг тавихаас өмнө Безос хэд хэдэн газарт ажиллажээ. Принстоны их сургуулийг төгсчихөөд Wall Street-д компьютерийн шинжлэх ухааны салбарт хэсэг ажиллав. Дараа нь “Fitel” нэртэй компанид олон улсын худалдааны сүлжээ байгуулах ажилд оролцож байв. Улмаар “Banker Trust”. Хожим “D. E. Shaw & Co.” хэмээх хеж-санд ажиллаж байхдаа ирээдүйн эхнэртэйгээ учирчээ.

Жефф Безос гэр бүлийн хамт

Безосын 25 жил ханилсан эхнэрийг МакКензи гэдэг. Жефф Безос эхнэрээ “авхаалжтай, ухаалаг, сэтгэх чадвартай, халуухан” гэж үнэлдэг. “Би түүнтэй уулзахаас өмнө анкетыг нь олоод харчих завшаан тохиосон юм. Тиймээс ч би энэ эмэгтэйд ямар боломж, чадвар байгаа вэ гэдгийг мэдэж байсан хэрэг” гэж Жефф хожим “Vogue” сэтгүүлд хошигнон ярьсан байдаг.

МакКензи одоо бол зохиолч. Ном, зохиол бичихийг хүссэн үедээ тэр хувийнхаа жижиг сууцанд очдог. Хүүхдүүдийнхээ хичээлийг тарах хүртэл тэндээ суугаад номоо бичдэг гэнэ. Түүний хамгийн сайн уншигч, зөвлөгч нь нөхөр нь аж.

Анхны болзооны саналыг МакКензи түүнд тавьж байжээ. Өдрийн хоолноос эхэлсэн тэдний дотно харилцаа маш хурдан өрнөж, гурван сарын дараа сүй тавьж, зургаан сарын дараа гэрлэжээ. 1993 онд хуримласан тэд 1994 онд агуу мөрөөдлийнхөө төлөө ажлаа орхиж, Сиаттл рүү нүүсэн аж.

1999 он хүртэл Безос эхнэрийнхээ хамт Сиаттлд ганц унтлагын өрөөтэй түрээсийн байранд амьдардаг байжээ. Харин өдгөө тэд  АНУ даяар таван том харштай. Бас Жефф хувьдаа эзэмшдэг газар нутгийн хэмжээгээр АНУ-д 25-д бичигдэх болжээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж