Зөвшөөрөлгүй авто зогсоолд төлбөр төлөхгүй байж болно

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй авто зогсоолд төлбөр төлөхгүй байж болно

Зөвшөөрөлгүй авто зогсоолд төлбөр төлөхгүй байж болно

 

Авто машинтай иргэдэд тулгардаг бэрхшээлийн нэг нь авто зогсоол. Банк, эмнэлэг, дэлгүүр, төрийн байгууллагуудаас үйлчилгээ авах бүрийд авто машинаа хаана байршуулах вэ гэдэг асуудалтай тулдаг.

Зогсоол ховор учраас авто зогсоолд нь 30 минут авто машинаа байршуулахад хамгийн багадаа 500 төгрөг төлдөг. Хэрэв дээрх хугацаанд амжиж авто машинаа авахгүй бол зогсоолд төлөх төлбөр нэмэгдэнэ. Үндсэндээ 30 минут тутамд үйлчилгээний хөлс нэмэгдэж, бодогддог гэж хэлж болно. Харин өнөөдөр энэ үйлчилгээ нь зөвшөөрөлгүй байсан ч иргэдээс мөнгө татдаг бизнес болон хувирчээ.

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газартай /НАЗХГ/ гэрээ байгуулан зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа 27 зогсоол байна. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөлгүй зогсоолд иргэд төлбөр, хураамж төлөхгүй байх бүрэн эрхтэй юм. Гэвч хэн дуртай нь ойр орчмын талбайгаа хашиж, үүдэнд нь шовгор амбаар барьчхаад, дуртай үнээ хэлж мөнгө хураагаад сууж байна.

Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра

-Нийслэлд зөвшөөрөл олгоогүй байхад төлбөртэй зогсоол байгуулсан газрууд олон байна. Зөвшөөрөл аваагүй байж, төлбөр авч байгаа нь хууль бус гэж хэлж болно биз?

-2017 онд Нийслэлийн авто замын хөгжлийн газар, холбогдох бусад байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг гаргаад, нийтийн эзэмшлийг хааж, үйл ажиллагаа явуулж байсан 170 аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоосон. Цэнгээний газар байлаа гэхэд тухайн газраар үйлчлүүлсэн хүмүүст л машины зогсоол үнэгүй байх жишээний.  Харин  бусад үед авто зогсоолд машинаа тавьсан иргэдээс хураамж авч байсан зэрэг зөрчил гарсан. Тиймээс зөвшөөрөлгүй авто зогсоол ажиллуулж байж төлбөр авах нь хууль бус. 

-Төлбөртэй зогсоолууд нийт орлогын  60 хувиар Авто замын сангийн хөрөнгийг бүрдүүлдэг гэсэн. Энэхүү мөнгийг юунд ашигладаг вэ?

-2011 оны  Нийслэлийн Иргэдийн  төлөөлөгчдийн хурлын тогтоолд нийтийн эзэмшлийн зам талбай дээр албан ёсны зөвшөөрөлтэй авто зогсоолуудаас хураамж авах тухай заасан байдаг юм. Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, албан байгууллагуудын олсон ашгийн 60 хувь нь Авто замын санд төвлөрнө, үлдсэн 40 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, албан байгууллага авдаг гэсэн хариулт өглөө. 

Бидний сайн мэдэх  “Спортын төв ордон”, “Хангарьд ордон”, “Драмын театрын үүдэнд төлбөрт зогсоол байгуулсан байдаг. Харин эдгээр гурван газар нь “Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэлийн”  харьяа таван авто зогсоолын тоонд багтдаг гэнэ.

Спортын төв ордны зогсоолын ажилтан “ Дээрх  27  зөвшөөрөлтэй  авто зогсоолуудад, манай нэгтгэлээс ганцхан гуравдугаар эмнэлгийн авто зогсоол л  багтсан байна лээ. Бусад авто зогсоолууд зөвшөөрөлтэй байж, яагаад багтаагүйг гайхаж байна’ гэж авто зогсоолын харуулаар долоон жил ажилласан ажилтан хэллээ. Мөн зогсоолуудын ачаалал  харилцан адилгүй байдаг бөгөөд  Спортын төв ордон дотор уралдаан, тэмцээнтэй байгаа үед ачаалал их байдаг бол Хангарьд ордны хувьд ихэвчлэн өндөр ачаалалтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг гэж авто зогсоолын ажилтан онцолсон юм. 

Энэ үеэр авто зогсоолоор үйлчлүүлсэн иргэн Д.Отгонбаяраас дараах асуултад хариулт авлаа. 

-Та машинаа зогсоолд  тавихдаа тухайн газрын зөвшөөрөлтэй эсэхийг нь асуудаг уу?

-Зөвшөөрөл өгсөн болоод л ажиллаж байгаа байлгүй гэж бодоод асуудаггүй.  Хурдхан ажлаа амжуулахын тулд төлбөртэй зогсоолд л машинаа тавьдаг. Тэгэхгүй бол авто машин ачдаг компаниуд машиныг нь маань ачаад явчихна. Ер нь манай улсад төлбөргүй зогсоол гэж байдаг юм уу даа. 

-НАЗХГ-тай гэрээ байгуулсан албан ёсны зөвшөөрөлтэй 27 зогсоолуудаас бусад зогсоолд  иргэд хураамж төлөхгүй байх эрхтэй шүү дээ?

-Үнэгүй  зогсоол хайгаад цаг алдаж байхаар, төлбөртэй зогсоолд машинаа тавьсан нь дээр гэж бодож байна.

Нийслэлд 2009 оноос төлбөртэй зогсоол байгуулах тухай яригдаж эхэлсэн байдаг.  Анх туршлага болгож “Спортын төв ордон”, “Хангарьд ордон”, “Драмын театр”-ын үүдэнд төлбөрт зогсоол байгуулжээ. Уг нь төлбөртэй зогсоолууд нийт орлогынхоо 60 хувийг Авто замын санд төвлөрүүлэх ёстой аж. Гэтэл  зөвшөөрөл аваагүй авто зогсоолууд зэрэгцэн ажиллаж, Авто замын санд төлбөр төлөлгүйгээр хувьдаа завшсаар байгаа юм. Ер нь бол нийслэлд төлбөртэй зогсоолууд байгуулагдах болсон нь хаа хаанаа зөв шийдвэр болсон гэдгийг жолооч нар ч, албаныхан ч хэлж байгаа. Гэхдээ албан ёсны зөвшөөрөлтэй болгож, орлогын тодорхой хувийг нь Авто замын санд төвлөрүүлэхэд анхаарахгүй бол хэсэг бүлэг хүмүүс нь татвар төлөхгүй бултаж байна.

Үүнээс гадна авто зогсоолуудад тавих стандартыг бий болгож, өнгө үзэмжид анхаарахгүй бол нийслэлийг гутаасан авто зогсоолууд мөн олноор ажиллаж байгааг сануулах ёстой болов уу.


Зөвшөөрөлтэй авто машины зогсоолууд 

Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа зогсоолууд

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж