Д.Рэгдэл: Улстөрчид ашиг л хардаг

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Д.Рэгдэл: Улстөрчид ашиг л хардаг

Д.Рэгдэл: Улстөрчид ашиг л хардаг

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шийдлийн талаар Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа


-Сүүлийн үед агаарын бохирдлыг бууруулах асуудал маш хурцаар яригдах боллоо. Өмнө нь төрөөс ард түмэндээ зуух тарааж байсан бол одоо цахилгаан халаагуур тараах асуудал яригдаад эхэллээ. Хөрөнгө мөнгө зарсан үр дүнгүй ажил болох вий гэдэг болгоомжлол байна. Шинжлэх ухааны академийн эрдэмтэд энэ асуудлаар ямар судалгаа, шинжилгээ хийж, санал санаачилга дэвшүүлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-2017 оны төгсгөл 2018 оны эхний долоо хоногт төрийн гурван өндөрлөг энэ асуудалд идэвхтэй хандаж байна. Утааны асуудал бол цоо шинэ асуудал биш. Энэ асуудалтай дэлхийн бүх улс тулгарч, даван туулсан байдаг. Хамгийн түрүүнд буюу 1950-аад онд Лондон хот утаанаасаа салсан байдаг бол хамгийн сүүлд Бээжин хот утаанаасаа саллаа. Үүнээс ажиглахад, утаагүй болсон дэлхийн хотуудын туршлага, арга барил их төстэй. Бид тэдний туршлагаас авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаас нь харахад, хот болгоны онцлог гэж бий. Монголын хувьд Улаанбаатар хот гэр хороололтой гэдгээрээ онцлог. Нүүдэлчин хэв маягаар гэрт амьдардаг хүмүүс бүхэлдээ хотод шилжин ирсэн. Бидний шийдлийн өвөрмөц тал нь гэр хорооллын асуудлыг яаж шийдэх вэ гэдэгт оршиж байна. Бусад асуудлыг дэлхий нийтийн жишгээр шийдэх ёстой.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 2017 оны нэгдүгээр сард захирамж гаргаж, утаа бууруулах санал шийдэл боловсруулах эрдэмтдийн ажлын баг байгуулсан байдаг. Бид 2017 оны нэгдүгээр улиралд саналаа боловсруулан дөрөвдүгээр сард ажлын тайлангаа тавьсан. Харамсалтай нь, үүнээс хойш төр засаг ямар ажил хийх нь мэдэгдэхгүй, тодорхойгүй болчихсон байсан тул бидний ажил цаасан дээр буугаад л үлдсэн.

Саяхнаас УИХ-ын ажлын хэсэг эрдэмтдийн боловсруулсан саналыг сонслоо. Үүнд бид хэд хэдэн тодорхой санал хүргүүлсэн. Юуны түрүүнд, бид ажлаа алсын болон ойрын зайны гэж төлөвлөх ёстой.

Улаанбаатарын утааг бууруулахад гэр хорооллыг орон сууцжуулах, дагуул хотыг бий болгох нь маш чухал. Гэхдээ энэ ажлыг хэрэгжүүлэхэд 30-аад жил шаардлагатай. Иймээс эхний ээлжид ойрын хугацааны ажлыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж эрдэмтэд үзэж байна. Үүнд, гэр болон амины орон сууцыг цахилгаан халаагууртай болгоё. Энэ асуудал дээр академич н.Содномдоржоор ахлуулсан ажлын дэд хэсэг ажиллаж, бүх тооцоо судалгааг гаргасан. Үүнд ойролцоогоор 80 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэж байна. Энэ хөрөнгийг 2018, 2019 оны төсөвт суулгаж өгвөл, 2019 онд бид утааг тодорхой хэмжээгээр бууруулчихна гэж үзэж байна.

-Гэр хорооллыг цахилгаан халаагуураар хангаад утааг бууруулах шийдлийг ярилаа. Улаанбаатар хотод үйлдвэрлэж буй эрчим хүч гэр хорооллыг бүхэлд нь халааж чадах уу?

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод үйлдвэрлэж буй цахилгаан гэр хорооллыг бүхэлд нь халаахад хүрэлцэхгүй. Бид дөрөвдүгээр цахилгаан станцын дайтай дахин нэг цахилгаан станц барих шаардлагатай. Ингэсэн цагт бид гэр хорооллыг цахилгаан эрчим хүчээр хангана. Гэхдээ Улаанбаатарт тавдугаар цахилгаан станц барих асуудал сүүлийн 10 жил яригдсан ч одоогийн байдлаар хаана барих нь ч тодорхойгүй байна. Иймээс бид суурь асуудлаа шийдэх ёстой юм байна гэсэн шийдэлд хүрсэн.

-Суурь асуудал гэхээр ямар асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн үг вэ?

-Энэ нь амины орон сууц болон гэрийн дулааны асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн үг. Өнөөдөр бид таван ханатай гэрийг дөрвөн киловатт чадалтай цахилгаан халаагуураар халааж байна. Хэрвээ гэрийн дулаан алдагдлыг багасгаад хоёр киловаттын чадалтай цахилгаан халаагуураар гэрээ дулаацуулах боломж байгаа эсэх дээр туршилт хийж үзсэн. Туршилтыг Улаанбаатар хот болон Тосонцэнгэл суманд хийсэн. Үр дүнд нь, дулааны эсэргүүцэл сайтай материалаар гэрийн нэмэлт дулаалга хийгээд үзэхэд цахилгаан халаагуурын хүчин чадлыг хоёр дахин бууруулах боломжтой гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолчихлоо.

-Дулааны эсэргүүцэл сайтай материал гэхээр ямар материал байх ёстой вэ?

-Дулаан сайн барьдаг материал гэсэн үг. Олон жил ашиглах гэрийн бүрээс хийе гэвэл ойролцоогоор 1 сая 300 мянган төгрөгөөр бүтнэ. Харин 1-2 жилийн настай бүрээс хийвэл 90 мянган төгрөгт бүтнэ гэдэг судалгаа гаргачихсан байна. Төр засгаас дулаалга гээд дахиад дээвэр туурга тарааж болохгүй. Өнөөдрийн байдлаар гэрийн дулаалгыг өөрсдөө хийчихсэн 20-30 мянган өрх байна. Мөн өөрсдийн мөнгөөрөө гэрийн дулаалга худалдан авах боломжтой 20-30 өрх бий гээд бодоод үзэхээр амьжиргааны төвшин доогуур дулаалга худалдан авах боломжгүй 50 мянган өрхийн асуудлыг шийдэх хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр, бид дулаан хадгалдаг аккумулятор зохион бүтээсэн. Төр засгаас цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Иймээс айл өрхүүд шөнийн хямд цахилгаанаар гэрээ дулаацуулангаа дулаанаа аккумуляторт хуримтлуулан өдөр нь гэрээ халаах боломжтой. Энэ аккумулятор дээр хоол цайгаа хийх боломжтой. Ийм дулаан хадгалдаг аккумуляторын үйлдвэр болон гэрийн бүрээсний үйлдвэр байгуулах хэрэгтэй гэсэн саналыг төр засагт хүргүүлж байна. Хүмүүс ажилтай болно. Гэр хорооллын иргэд орон сууцтай болтол, дагуул хот хөгжтөл Улаанбаатарын утааг арилгах арга хэмжээ авъя гээд дээрх саналаа хүргүүлээд байгаа.

Мөн гэр хороололд хэсэгчилсэн дэд бүтцийг бий болгоё гэдэг санал оруулсан. Өнөөдөр Монгол Улс гэр хороололд бүхэлд нь дэд бүтцийн асуудлыг шийдэж өгөх боломж байхгүй. Иймээс 50 айлын дунд нэг дэд бүтэц бий болгож, нэг цахилгаан зуух тавиад, тэрхүү 50 айлаа халаах байдлаар утааг бууруулах боломж бидэнд байна. Ингэж чадвал бид Улаанбаатарын утааг 20 дахин буюу 95 хувиар бууруулах боломж байна гэж эрдэмтэд харж байна

-Эрдэмтдийн зохион бүтээсэн зуух өмнөх зуухаас ямар ялгаатай вэ. Зуухыг нь ашиглаж байгаа газар бий юу?

Эрдэмтдийн зохион бүтээсэн зуух нь ухаалаг зуух. Гадаах агаарын температурт тааруулж түлшээ шатаадаг. Гадаа дулаахан байвал бага түлш шатаана. Энэ зуухнаас утаа гардаггүй. Өнөөдөр зуухыг хөдөө орон нутгийн сургууль цэцэрлэгүүд ашиглаж байна.

Үүнээс гадна, хотын нийтийн тээврийг хийн түлшээр ажилладаг болгох хэрэгтэй. Энэ асуудлыг бид судалж байна.

-Ухаалаг цахилгаан зуухны өртөг хэд бэ?

Ойролцоогоор нэг зуух нь 100 орчим сая төгрөг. Гэхдээ нэг зуухыг 50 айл дундаа ашиглаад явна гээд бодохоор тийм их мөнгө биш. Нийслэл хот 200 айлын дунд нэг дэд бүтэц байгуулъя гэсэн санал гаргаад явж байгаа юм байна. Энэ асуудал дээр нийслэлтэй хамтарч ажиллах санаа байгаа.

-Утааг бууруулахад гэрийн дулаалга чухал гэлээ. Энэ асуудлыг дээд доод шатандаа бүгд ярьж байна. Саяхан Засгийн газар хонины ноосоор хийсэн дулаалгын материалыг иргэддээ санал болголоо. Гэвч бодит байдал дээр айл өрхүүд ийм материалаар гэрийн бүрээс хийх боломж бололцоо нь хэр байдаг юм бол?

-Хонины ноос өнөөдөр 1кг нь 3000 төгрөг гэж байна. Гэрийн дулаалгын бүрээс хийхэд нийлээд зардалтай. Мөн дулаан алдах нь амархан. Эсгий бүрээс ч мөн адил дулаанаа маш амархан алддаг. Хот суурин газар эсгий бүрээс хэрэггүй гэж үздэг. Хонины ноосон бүрээс эсгий бүрээсийг бодвол үнэргүй гэдгээрээ давуу.

Хоёрдугаарт, Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгч ‘Монголбазальт’ компани байна. Энэ компани уулын базальт чулуугаар дулаалгын материал хийж байна. Бариад үзэхэд яг хонины ноос шиг зөөлөн. Мөн эдэлгээ сайтай, галд шатдаггүй. Энэ дулаалгын материалаар амины орон сууцаа дулаалах хэрэгтэй. Гэрийн хувьд дулааны эсэргүүцэл сайтай маш олон материал худалдаалагдаж байна. Иргэд боломжоосоо хамаараад худалдан авах боломж байна.

-Эрдэмтэд маш олон санаачилга гаргаж, шийдэл танилцуулж байна. Төр засаг эрдэмтдийн үгийг сонсож, дэмжиж, хамтран ажиллах тал дээр хэр ханддаг вэ?

-Өнөөдрийг хүртэлх туршлагаас харахад дэмжлэг муу. Эрдэмтэд цаасан дээр нэг тооцоо хийсэн биз гэсэн байдлаар ханддаг. Ер нь өндөр албан тушаалтай төрийн албан хаагчид дур зоргоороо шийдвэр гаргах дуртай. Дутуу мэдээлэл авна. Дур зоргоороо шийдвэр гаргахдаа бизнесийн ашиг сонирхол харна. Эрдэмтдээс асуухаар ажилд саад болно гэж үздэг хүмүүс бий. Гэхдээ эрдэмтэд бизнесийн сонирхолгүй, аливаа асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй ханддаг хүмүүс байдаг. Өнөөдөр утааг бууруулах асуудалд бүгд нэг зүгт харж байна. Энэ үед бидний саналыг бодитоор хүлээн авна гэдэгт итгэж байна.

-Утаагаар бизнес хийж байна гэсэн хардлага олон нийтийн дунд бий болчихлоо. Энэ асуудал дээр ямар байр суурьтай хандаж байна вэ?

-Ингэж хардахаас өөр арга байхгүй. Утаагаар бизнес хийж байна. Өнгөрсөн 10 гаруй жил үндсэндээ 200 гаруй тэрбум төгрөгийг утааны эсрэг тэмцэлд зарцуулсан. Энэ бол зарим компаниудын зуухны бизнесийг бодлогоор дэмжсэн. Турк зуух оруулж ирсэн. Энэ нь сайшаалтай. Гэхдээ монгол гэрийн онцлогт тохироогүй, дээр нь хоол хийж болохгүй. Ийм зуухыг төр 600 мянгаар худалдан аваад 60 мянгаар иргэдэд тараасан. Өнөөдөр тэдгээр зуух нь бүгд хөдөө байна. Хямдхан авсан зуухаа иргэд идэшний маханд хөдөөний айлуудад зарчихсан. Энэ бол утаатай тэмцэж буй бидний бодит байдал. Бид үнэгүй юм тараана гэдэг сэтгэлгээнээс салах ёстой. Утаагаар бизнес хийх явдлыг бүрэн зогсоох хэрэгтэй.

-Одоо цахилгаан халаагуур тараана гэсэн асуудал яригдаад эхэлчихсэн шүү дээ?

-Цахилгаан халаагуураар бизнес хийж болохгүй. Ямар цахилгаан халаагуур тараах гэж байгаагаа эхэнд нь эрдэмтэд өгөөд судлуулах хэрэгтэй. Олон компанид энэ эрхийг нь өгөх хэрэгтэй. Утаагаар мөнгө хийе гэсэн сэтгэлгээ арилахгүй их удна. Бидний зовлон бол төр бизнес холилдчихсонд байгаа. Агаар цэвэршүүлэгч цэцэрлэг, сургуульд тараалаа. Энэ бол зөв ажил. Гэхдээ мэдээлэлтэй иргэд үүн дээр бизнес хийж байна. Үүнийг хуулиар хориглох хэрэгтэй. Утааны эсрэг тэмцэх цоо шинэ хуультай болох нь чухал . Үгүй бол журмаар эвсэл төсвийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авдаг хуулиар явах юм бол утаа дахиад бизнес болно. Цоо шинэ хууль батлаад компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад, тодорхой ашгаа тооцоолоод явах хэрэгтэй. Хэд дахин нугалдаг бизнесээ зогсоох хэрэгтэй.

Утаагаар бизнес хийхгүй гэдгээ зарлаад тууштай тэмцэх хэрэгтэй. Цахилгаан халаагуур айл өрхүүдэд өгөөд яндангаас нь хар утаа гарвал төр торгодог байх хэрэгтэй. Өнөөдөр бид утаа биднийг залгих уу эсвэл бид утааг дарж авах уу гэдэг асуудал дээр очлоо. Иймээс дайны цагийн хуулиар ажиллаж, тэмцэх ёстой. Чанга хуулиа батлаад, түүнийг хэрэгжүүлэх шуурхай төв штаб байгуулах хэрэгтэй. Утаагаар бизнес хийхэд албан тушаалтныг огцруулдаг, утаа гаргасан иргэнийг торгодог тогтолцоотой болж, хатуу тэмцэж байж бид 3-4 жилийн дараа утааг 50 хувь бууруулж чадна.

Мөн угаасан нүүрс ашигладаг больё. Нүүрс угаадаг үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн байгуулъя. Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж ирэхийг зогсооё. Угаасан нүүрс мэдээж түүхий нүүрсийг бодвол үнэтэй. Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур иргэдэд төр зөрүүг нь татаас хэлбэрээр олгодог байх хэрэгтэй. Хэрвээ иргэн түүхий нүүрс түлбэл төрийн татаас өгдөггүй, торгодог байх зарчмаар явъя гэдэг хэд хэдэн санал гаргаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж