Төв банк арилжааны банкинд зээл олгохгүй

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Төв банк арилжааны банкинд зээл олгохгүй

Төв банк арилжааны банкинд зээл олгохгүй

УИХ –аас Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан нөхцөлд ямар эрх зүйн харилцаа үүсэх талаар танилцуулъя.

УИХ-ын сонгууль дөхөхөд төв банкнаас төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үйл ажиллагаа эрчимждэг. Үүнд төв банк нь Засгийн газрын нэрийн өмнөөс гаднаас зээл авах, босгосон эх үүсвэрээ Засгийн газарт хямд хүүгээр өгөх, Засгийн газрын болон хувийн хэвшлийн ханшийн эрсдэлийг төв банк өөр дээрээ хүлээх, арилжааны банкны чанаргүй зээлийг төв банкинд өндөр үнэлгээтэй шилжүүлэх зэрэг үйл ажиллагаа хийгддэг. Хямд хүүтэй зээлийг арилжааны банкуудад мөн олгодог.

Төсөлд энэ бүх харилцааг хязгаарлалаа. Нэг ёсны төв банк арилжааны банкинд зээл олгохгүй, төсвийн шинжтэй үйл ажиллагаа эрхлэхийг нь хориглож байна. 

Ерөнхийлөгчийн эрхийг хумина

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төв банкны хуулиар ерөнхийлөгч нь дангаараа шийдвэр гаргаж, хэмжээгүй эрх мэдэл эдлэх бүрэн боломжтой. Энэ эрх мэдлийг хумих зорилгоор дээрх төсөлд “Монголбанкны ерөнхийлөгч нь Мөнгөний бодлогын зөвлөл, Банкны хяналт шалгалтын хороо, Удирдах зөвлөлөөр асуудал шийдвэрлэхэд нэг саналын эрхтэй оролцох бөгөөд зөвхөн хуралдаан даргалах, зөвлөлийг төлөөлөх үүрэг гүйцэтгэнэ” гэж зааж өгчээ.

Мөн Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нь дээрх зөвлөл хорооны адил саналын эрхтэй гишүүн байх бөгөөд бодлогыг хэрэгжүүлэх асуудлаар үйл ажиллагааны чиглэл тус бүрээр асуудал хариуцдаг одоогийн үүрэг оролцоо нь хэвээр хадгалагдах аж. 

Харин тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нь зөвлөл, хорооны саналын тэнцүү эрхтэй гишүүн байх боловч аливаа шийдвэрт хориг тавих эрхгүй байхаар зохицуулсан нь эцсийн дүндээ хамтын зарчимд тулгуурласан шийдвэр гардаг олон улсын жишиг рүү хүрэх зохицуулалт юм. 

Төв банкны ерөнхийлөгчид Шадар сайдын жишгээр цалин олгох уу?

УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэхэд маргаан дагуулж байгаа асуудлын нэг нь Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарт олгох цалингийн хэмжээ юм.

Одоогийн үйлчилж байгаа хуулиар Монголбанкны ерөнхийлөгч Шадар сайдын, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар Засгийн газрын гишүүний жишгээр цалинждаг байна. Салбарынх нь хэмжээнд тэр дундаа арилжааны банкны захирлуудын цалинтай жишиж үзвэл хэд дахин бага.

Хууль тогтоогчдын хувьд энэ асуудалд байр суурь асар их зөрүүтэй байгаа. Нэг хэсэг нь “Төв банкны удирдлагыг улс төр, бизнесийн лоббид автахгүй байлгахын тулд цалинг нь өндөр тогтоох ёстой” гэдэг асуудлыг тавьж буй бол нөгөө хэсэг нь хуучнаар нь үлдээх шаардлага тавьж буй. Иймээс төслийг УИХ-аар хэлэлцэх үед хайнааг хагална. 

Маргаан дагуулж байгаа хоёр дахь заалт нь хангамжтай холбоотой юм. Тодруулбал, төсөлд Монголбанкны ерөнхийлөгч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол хоёр жилийн хугацаанд банк санхүүгийн салбарт ажиллахыг хориглоно, ингэхдээ тухайн хугацаанд нь хангамж олгоно гэж зааж өгчээ. Энэ нь одоо ч мөрдөж байгаа хуулийн зохицуулалт юм.

Гэвч хууль тогтоогчдын нэг хэсэг нь “Нэгэнтээ мэргэжлээрээ ажиллахыг нь хязгаарласан нөхцөлд өмнө авч байсан цалинтайгаа дүйх хэмжээний хангамжийг эдлүүлэх нь шударга зарчимд нийцнэ” гэж үзэж байхад нөгөө хэсэг нь “Дэмжих боломжгүй заалт” гэж эсэргүүцэж байна.

Үнийн тогтвортой байдлыг хангах зорилтыг өөрчлөв

Төв банкны тухай хуулийн төсөлд “Монголбанкны үндсэн зорилт үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэнэ” гэж тодорхойлсон ч УИХ-аар анхны хэлэлцүүлгийг хийх шатанд хуучнаар нь буюу төгрөгийн ханшийг тогтворжуулахад чиглүүл” гэж өөрчилсөн юм.

Банк санхүүгийн салбарынхан болон эдийн засагчдын тайлбараар бол төв банкны бодлогын тэргүүн зорилт үнийн тогтвортой байдал болж, өөрчлөгдөх ёстой. Ийм зарчмын өөрчлөлт хийхгүйгээр төв банкийг улс төр, бизнесийн ашиг сонирхлоос ангид байлгаж чадахгүй. Валютын ханшийг тогтворжуулж, төгрөгийг чангаруулна гэдэг ч амьдрал дээрээ хэцүү. Урьдын валютын нөөцөө шавхдаг хуучин аргаараа ажиллахаас аргагүйд хүрнэ” гэж үзэж буй.

Иймээс хууль тогтоогчид төв банкны үндсэн зорилгыг үнийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэх нь хамгийн оновчтой хувилбар болж буух бололтой.

Арилжааны банкуудад бизнесийн хяналт хийнэ

Арилжааны банкуудыг эрсдлээс хамгаалахын тулд төв банкинаас бизнесийн чиглэлийн хяналт тавихаар төсөлд зохицуулалт тусгасан нь гишүүдээс дэмжлэг хүлээгээд байна. Энэ нь тухайн банк барилга, уул уурхай зэрэг салбарын алинтай нь илүү хамааралтай байна вэ гэдгийг урьдчилж үнэлэн, эрсдлээс хамгаалах зохицуулалт хийх даалгавар өгөгдөх нь.

Одоогоор банкны салбарт 28 их наяд төгрөг эргэлдэж буй аж. Үүнээс 10 хувь нь эздийнх бол үлдсэн нь хадгаламж эзэмшигчдийнх юм байна.

Банкны үйл ажиллагаа бол итгэлцэл дээр тогтдог. Хэрэв нэг банкны үйл ажиллагаа доголдож, дампуурах болбол нийт банкны системд сөргөөр нөлөөлөх аюултай. Харин урьдчилж, бизнесийн хяналт тавьдаг болсноор банкуудыг хамгаалах дархлаа илүү тогтоно гэж үзэж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж