Монголын хамгийн өндөр шагналын сантай яруу найргийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

Монголын хамгийн өндөр шагналын сантай яруу найргийн наадам болно

Монголын хамгийн өндөр шагналын сантай яруу найргийн наадам болно

Монголын зохиолчдын эвлэлийн 89 жилийн ой, утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан Өд 2017” наадам өчигдөр болж, найрагчид шилдгүүдээ тодруулсан.

Тэгвэл оюуны боловсролд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан эх оронч, нэрт яруу найрагчдын алдрыг мөнхлөх зорилготойгоор яруу найрагч, зохиолчдын дунд шагналын сан өндөртэй шинэ наадам зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадмыг “Сод Монгол групп” ХХК-аас ивээн тэтгэн зохион байгуулах бөгөөд  нэгдүгээр сарын 26-нд Улаанбаатарт болох аж.

Наадмыг Төрийн соёрхолт, Сүхбаатарын одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж, Төрийн шагналт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны нэрэмжит болгон зохион байгуулна. 

Наадмын эхний шалгаруулалтад найрагч, зохиолчид Их дагина Дондогдуламын тухай сэдвийн хүрээнд бүтээлээ ирүүлэх аж. Харин дараагийн шатанд шалгарсан бүтээлийн эзэд эх оронч сэдвийн хүрээнд өрсөлдөх юм байна.

Зохиолч, яруу найрагч З.Дорж болон О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадам нь эх оронч сэтгэлгээг алдаршуулах, Монголд оюуны бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, зохиолч уран бүтээлчдийг дэмжих зорилготой. Наадмын тэргүүн байрын шагнал 10 сая төгрөг бол хоёрдугаар байрын эзнийг 5 сая төгрөгөөр, гуравдугаар байрт орсон найрагчийг ном хэвлүүлэх эрхээр шагнах юм байна.

Шагналын сан өндөртэй яруу найргийн наадмын бүтээлийг нэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл naadam@sodmongolgroup.com хаягаар хүлээн авна.

Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж