Эдийн засагч Түвшинжаргалтай ярилцлаа.
-Монголбанк төгрөгийн тогтвортой байдалруу зорино гэсэн үндсэн зорилттой. Харин одоо үнийн тогтвортой байдал буюу инфляцийн тогтвортой байдал руу зорих гэсэн боловч УИХ-дээр Төв банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эхний хэлэлцүүлэг дээр дээрх агуулга бүхий зүйл заалтыг хасахаар эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлчихлээ шүү дээ. Гэтэл мэргэжлийн эдийн засагчид та нар аль эртнээс Төв банкны үндсэн зорилтод шүүмжлэлтэй хандаж ирсэн.
-Монголбанк одоо бодлогын тэргүүн зорилгоо үнийн тогтвортой байдал гэж зарлах цаг болсон. Тийм ээ. Сүүлийн арваад жил инфляцийг онилох бодлого гэж ярьж ирсэн. Энэ зорилго бол 1990-ээд оноос хойш олон улс орны төв банкуудаар шалгагдаж ирсэн бодлогын сонголт юм. Өнөөдөр олон төв банкууд эцсийн зорилгоо үнийн тогтвортой байдал гэж зарлаж байна. Монголбанкны өнөөг хүртэл явж ирсэн хоёр утгатай зорилго нь Төв банкиндаа маш их ачаа үүрүүлсэн. Тухайлбал, улс төр ба эдийн засгийн эрдэл өндөр байгааг дагаж манай улсын эрдсэл өндөр байгаа. Үүнээс болж валютын ханшаа хэт үнэгүйдүүлэхгүйн тулд Төв банк бодлогын хүүгээ өндөр тогтоох нэг шалтгаан болсон. Мөн ханшийг зохих хэмжээгээр төв банк тогтоон барих үүрэг хүлээж байсан нь хувийн хэвшил, арилжааны банкуудыг ханшийн эрсдэлээс хамгаалах, төрөл бүрийн “hedge fund” хөгжихөд саад болсон. Төв банк валютын нөөцөө шавхсан нь бас л зорилттой холбоотой.
-Төв банкны хувьд ханшаа ч мөн инфляцаа ч алдаж байсан тохиолдлууд гарч байсан нь бодлогын тодорхойгүй байдалтай шууд холбоотой гэсэн ойлголтыг та хэлж байна уу?
-Тийм ээ. Монголбанк инфляцийн өндөр түвшинд хариуцлага хүлээдэггүй нь харин ч хариуцлагаас зугтах нөхцөл болж, эдийн засагт тодорхой бус байдал үүсэх, суурь макро орчин муудах шалтгаан болж байсан гэж хувьдаа дүгнэж байна. Нөгөө талаар инфляцийг дан ганц зорилгоо болгохыг шүүмжлэгч нар чөлөөт валютын ханшийн эрсдэл, ажил эрхлэлтийг бодлогодоо шууд тусгах хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ хувь судлаачийн хувьд нэг дор олон үүрэг хүлээж бодлого, нөөц нь царамдах, улс төрийн институц сайн төлөвшөөгүй, дарамт шахалт их өнөөгийн нөхцөл байдалд төв банкны чиг үүрэг, зорилтыг ганц үнийн тогтвортой байдал дээр төвлөрүүлэх нь зөв болов уу гэж үзэж байна. Учир нь, макро эдийн засгийн тогтсон баримтаа харсан ч үнэ тогтвортой байвал эдийн засгийн тогтвортой өсөлт бий болох, бага зээлийн хүү, ажил эрхлэлт нэмэгдэх зэрэг бусад зорилтуудтай уялддаг, дээр нь хариуцлага хүлээлгэх эзэн ч тодорхой, олон нийтэд ч ойлгомжтой байна. Үүн дээр нэмж онцлох зүйл бол төв банкны хараат бус байдал, чадамж чухал. Магадгүй уг бодлогын зорилт, төв банкны хууль эрх зүйн өөрчлөлтийн нэг илрэл нь Төв банкны бодлогын хүү буурах, дагаж зээлийн хүү буурах эерэг нөлөө байж болно.
-Төв банкны мөнгөний бодлогын шийдвэр Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаар гардаг болно. Энэ нь нэг талаас шийдвэр гаргалтыг хамтын удирдлагын зарчимд шилжүүлж байгаа ч нөгөө талаас Төв банкны ерөнхийлөгч хариуцлагаас бултах нэг хэлбэр болж байна уу?
-Төв банкны зорилго тодорхой, хэмжигдэхүйц, мөн мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийг томилох дүрэм олон улсын сайн туршлага дээр тулгуурласан байгаа нөхцөлд хамтын шийдвэр нь Төв банкны ерөнхийлөгчийг хариуцлагаас зугтах бус, илүү улс төрөөс хараат бус зорилгынхоо төлөө ажиллах нөхцөл, улс төрийн хамгаалалт болох гэж үзэж байна. Үнэндээ өнөөдөр бодлогын хүү хэт өндөр, Төв банк улс төрийн цикл дагасан ажиллагаа явуулж байгаа нь манай өнөөгийн хуулийн орчин Төв банкаа засгийн газар, УИХ-ын харьяа, хавсарга байгууллага болгосны л үр дүн гэж үзэж байна.
-Мөнгөний бодлогыг 3 жилээр батлуулах заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна гэх асуудлыг хөндөж байгаа. Гэхдээ мөнгөний бодлого өөрөө урт хугацаанд үр дүнгээ өгдөг учраас гурван жилээр буюу дунд хугацаанд батлуулж байх нь зөв гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа. Мөнгөний бодлогыг жил бүр УИХ-аар хэлэлцэж, баталдаг энэ байдлыг өөрчлөх шаардлагатай юу?
-Монголын эдийн засаг өргөжин тэлж байгааг дагаж хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх хугацаа ч урт болж байна. Тиймээс урт хугацааны эдийн засгийн төлөв, эрсдэлээ тооцох хэрэгтэй болно. Эдийн засагт тодорхой бус байдлыг бууруулах, хүлээлтийг удирдах тодорхой хувьсагч байх хэрэгтэй. Жишээ нь, инфляцийг онилох мөнгөний бодлогын горим байлаа гэхэд хөрөнгө оруулагч нар инфляцийн талаар тодорхой төсөөлөл, хүлээлттэй байдаг. Үүнтэй адил манай улсад эрсдэл маш өндөр байгаа өнөө цаг үед түүнийг бууруулах бодлогын арга хэрэгсэл үгүйлэгдэж байгаа юм. Олон улсын туршлагаас харахад Төв банкны урт хугацааны зорилго, түүндээ хүрэх хүчтэй Төв банк хүлээлтийг удирддаг. Тиймээс 15 жил, 25 жилийн өмнөх эдийн засгийн бүтэц, цар хүрээ өөр болсон гэдгийг харгалзаж anchor хувьсагч буюу ирээдүйн эдийн засгийн талаар таамаглал хийхдээ хардаг хувьсагч хэрэгтэй юм. Дараагийн нэг ач холбогдол нь Төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх, бодлогын тууштай бус байдлыг багасгах, богино хугацааны эдийн засгийн нөхцөл байдалд улс төрөөс ирсэн дарамтыг багасгах нөлөөтэй гэж үзэж байна. Мэдээж Монголын эдийн засагт уул уурхайн үнийн савалгаа дагасан нөлөө, Засгийн газраас хэрэгжүүлэх том төслүүдийг эдийн засагт огцом өөрчлөлт үзүүлэхгүй шингээх, хэрэгжүүлэхэд Төв банкны дунд хугацааны зорилт нь хүлээлтэд чухал нөлөө үзүүлнэ.
Б.МӨНХ