Цалин нэмэх нь инфляци өсөх хүчин зүйл болдог гэв

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Цалин нэмэх нь инфляци өсөх хүчин зүйл болдог гэв

Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны өчигдөр удирдлагуудтай уулзах үеэр сэтгүүлчид цалин нэмэгдүүлэх тал тус хороо ямар байр суурьтай байгааг тодруулсан юм. Түүнчлэн анх үүсэн бий болохдоо амлаж байсан төрийн албан хаагчдын тоог цөөрүүлэх, төрийн албаны бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудал ямар шатандаа байгааг, үр дүн төдийлөн харагдахгүй байгаагийн учир шалтгааныг ч мөн лавлан асуусан.

Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун:

-Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас 2008 оноос  хойш цалингийн доод хэмжээг нэмэгдүүлээгүй гэээд байгаа нь үнэн. Гэвч энэ хугацаанд цалин нэмэх ямар ч боломжгүй байсан. Аливаа улс оронд цалингийн өсөлт нь бараа бүтээгдэхүүнийхээ өсөлттэй зэрэгцэж явах учиртай. Энэ оны эхнээс эдийн засгийн сэргэлт ажиглагдаж эхэлсэн ч  хөдөлмөрийн зах зээлийн  сэргэлт 6-8 сараар хоцорч явдаг онцлогтой.Нөгөөтэйгүүр цалинг их хэмжээгээр нэмэх нь инфляци өсөх хүчин зүйл болох талтай. Тиймээс цалингийн асуудалд болгоомжтой хандах учиртай. Харин төрийн албаны бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгохоор хийж буй ажил их бий. Төрийн үйлчилгээний стандартыг боловсруулж байгаа. Төрийн албаны шинэчлэлд үр дүн гарах цаг хараахан болоогүй байна.

Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зоригт:

-Цалин тэтгэврийн хэмжээг хэрхэн нэмэгдүүлбэл зохистой талаар бид судалгаа явуулсан. Тэрхүү судалгааныхаа дүнд цалинг долдугаар сарын 1, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд цалинг тус бүр 10 хувиар нэмэхээр шийдвэр гаргасан. Үйлдвэрчний байгууллагаас цалин, тэтгэврийг хоёр дахин нэмэгдүүлэхээр шаардлага тавьж байгаа ч тэр хэмжээнд нэмнэ гэдэг боломжгүй зүйл. Цалинг хоёр дахин нэмэхээр бодит секторт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг урьдчилан бодох ёстой гэлээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж