Улаан асрын зүүд (18-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (18-р бүлэг)

Улаан асрын зүүд (18-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь түүний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хүн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хүний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Түүнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хүн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Арваннаймдугаар бүлэг

ЭЗНИЙ ХИШГИЙГ ХҮРТЭЖ ЮАНЬ ФЭЙ ТӨРХӨМЧЛӨН ИРЖ, ЭЦЭГ ЭХЭЭ БАЯРЛУУЛАХАД БАО ЮЙ ЭРДМЭЭ ҮЗҮҮЛЭВ

Өгүүлэх нь: барилгын газарт наах торгомсог эд хэрэгтэй болоод Фөн Жетэй уулзах хүн ирлээ гэтэл бас алт мөнгөн сав суулгаа хурааж авна уу гэсэн хүсэлт ирэв. Ван Фүрэнь хийгээд дээд өргөөний инж нар ч огт чөлөө завгүй яарна. Үүнд, Бао Чай “Бид энд саад болоод яахав” гэж хэлээд Бао Юй нарын хамт гарав. Ван Фүрэнь өдөр бүр яарсаар арван сард бүртгэлээ хийж чадав. Эрхэлсэн хүмүүс нь данс хараагаа тушаав. Худалдаж авчирсан эртний дурсгалт эд хэрэглэлийн бүртгэл бичгээ байр байраар жагсаан байршуулж, болжмор шувуу, цагаан тогоруу, буга, туулай хийгээд тахиа, галуу тэргүүтнийг хүрээлэнгийн доторх тухай тухайн газарт өгч арчлуулав. Жя Чянгийн удирдсан ший тоглогчид, лав хорь гучин ший тоглож чадах болсон бөгөөд бяцхан чавганц, бумба нар ч ном судар дуудаж чадах болов. Энэ бүхнээс болж Жя Жөнгийн дотор онгойж, Жя Мүг нэг аваачиж сайтар үзүүлсэний эцэст хаанд айлтгахтай болжээ. Айлтгалын хариунд “Ирэх жилийн цагаан сарын арван тавны дээд сайн өдөр Гүй Фэй төрхөмчилнө” гэжээ. Энэ зарлигийг аваад Жя Жөн нар өдөр шөнөгүй яараад цагаан сараар олигтой шинэлж ч чадсангүй.

Хоног өдөр ч юу байхав, арван таван ч ойртоод ирэв. Шинийн 8-наас тайган ирж, зүг чигийг үзэж, хаана буух, хаана бие засах, хаана ёслол хийх, хаа найр хурим болох, хаана амрах зэргийг нягталж үзэв. Бас орон байрыг цагдан байцааж, сэргийлэн хамгаалалтыг ерөнхийлэн захирах тайган хэдэн бага тайганыг дагуулан олон газрыг цагдан хамгаалж, хөшиг татаад Жя аймгийн хүмүүс ямар газраар гарч орон, хаана идэж уух, хаана хэрэг айлтгах зэрэг зүйл зүйлийн ёс дүрмийг зааж өгөв. Гадна талд үйлдэх явдлын яамны түшмэд, хот балгадын цэрэг морины захиргаанаас гудамж зээлийг шүүрдэн цэвэрлэж дэл сул хүмүүсийг хөөн зайлуулав. Жя Шө нар гэртээ урчуудаар цэцэгт зулын зүйлийг хийлгэж, арван дөрвөн болтол бүрэн болгов. Энэ нэгэн шөнө их багагүй цөм нүд цавчсангүй.

Өглөө нь, үүрийн таван жингээр Жя Мү мэтийн зэрэг цолтон тушаалын их багаар хувцаслав. Энэ үес хүрээн дотор хөшиг дээр луу, матар тоглон дүүлж, орхиул дээр гарди, галбинга нисэн дэгдэж, алт мөнгөн гэрэл цацран сувд тана өнгө булаалдаж, арц хүжийн үнэр ханхлан, лонхонд өлзий хутгийн цоморлиг мишээн, хоолой засах чимээ чийрч үгүй нам гүм байв. Жя Шө нар баруун гудамжны хаалганы гадаа, Жя Мү нар Рун фү ордны хаалганы дэргэд хүлээв. Гудамжны эхийг хөшгөөр халхлав. Хүлээн ядаж байтал нэгэн морьтой тайган гэнэт гарч ирэв. Жя Жөн угтаж очоод асуусанд тайган “Хол байна. Хонин цагийн эхээр оройн зоог барьж, мөн цагийнхаа дунд Бао Лин гүн ордонд очиж бурханд мөргөнө. Тахиа цагийн эхээр Да Мин гүн харшид хааны найрт морилж, цэцэгт дэнлүү үзээд сая зарлиг гуйна. Бараг нохой цагийн эхээр сая наашаа хөдлөх байх” гэсэнд Фөн Же сонсоод: “Тийм бол Лао Тайтай болон бусад Тайтай нар гэртээ харьж, цаг болохоор дахиад ирэхэд болно” гэснээр тэд нар гэр рүүгээ явж, хүрээн доторх бүх явдлыг Фөн Жэд хариуцуулав. Хэрэг мэдэгчид, мөнөөх тайганыг дагуулж будаа идүүлж, архи барихаар явах зуур дэн зул асаав.

Ийн байтал гэнэт морин төвөргөөн сонсогдон арваад тайган ирээд алга ташив. Тэдгээр тайган, хатан айсуйг мэдсэн учир байх газраа очиж зогсоцгоов. Жя Шө бүх төрөл төрөгсдийн хүүхдийг баруун хаалганы гадаа, Жя Мү бүх эмс охидыг дагуулан их хаалганы гадаа хүлээн зогсож эхэлтэл нам гүм болов. Гэнэт морьтой хоёр тайган алгуурхан яваад баруун хаалганд очиж мориноосоо буугаад баруун тийш харан зогсов. Баахан удсаны дараа бас хоёр хүн ирээд түрүүчийн адил зогсов. Төдөлгүй арваад тайган хоёр эгнээ болон явсаар ойртон иртэл хэнгэрэг цан пижигнэв. Гарди, луу, гургуул, тогосын өдөт дэвүүрүүд үзэгдэж, цутгамал алтан бойпорт заарт хүж асаатал, урт иштэй долоон гардит алтан шар шүхэр үзэгдсэн нь төрийн малгай, дээлт, хаш бүстэн мөн бөгөөд хэрэг мэдэгч тайган нар заарт алчуур, угаан цэвэрлэх сав, тоосны гүвүүр зэргийг барин гарч ирэв. Энэ бүхнийг гарч ирсний дараа сая найман тайган, шар торгон дээр гарди хатгасан алтан оройтой эзний сүйхийг дамнасаар алгуурхан гарч ирэв.

Жя Мү нар яаран сөгдтөл, тайганууд ирж тэднийг босгож, эзний сүйхийг гол хаалгаар дамнан оруулж зүүн талын нэгэн хүрээний үүдэнд очтол нэг тайган сөгдөж, сүйхнээс бууж хувцсаа солихыг айлтгасан хойно дотогш ороод тайган нар тарж ганцхан Зо Рун, Цай Бин1 зэрэг бүсгүй түшмэл Юань Чүнийг түшиж буулгав. Хүрээн дотор өнгө бүрийн торго дурдангаар цэцэг зангидсан гэрэлт дэнлүү гялалзаж онцгой сайхан харагдана. Дээрх илэрхийлэлд, “Өршөөлийг хүртэж, ивгээлийг хүлээнэ” гэсэн дөрвөн үгийг бичжээ. Юань Чүнь дотогш орж, хувцсаа солиод, дахин сүйхэнд сууж хашаанд оров. Тэнд хүжийн утаа суунаглаж, цэцэг хуар, дэн зул гэрэлтэн туяарч нарийн утаст хөгжмийн цээлхэн эгшиг жингэнэн цууриалж үнэхээр барагдашгүй баян эрхэм, цаглашгүй энх амгалангийн шинж бүрдсэнийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Жя Фэй сүйх дотроос хүрээлэнгийн орчныг ажиглан хараад толгой сэгсрэн шүүрс алдаад: “Хэтэрхий бүрэлгэн сүйтгэжээ” гэтэл тайган ирж сөгдөн завьд сууж морилохыг айлтгав. Тэрбээр, эзний сүйхээс бууж завьд суухад нэгэн зурвас тунгалаг урсгал луу тоглох мэт. Хоёр хажуугийн чулуун хашлага дээр өнгө бүрийн болор шилэн дэнлүү асаасан нь мөнгөн гэрэл цацруулж цас лавсуулсан мэт. Түүн дээрх уд, гүйлсэн модод нь хэдий цэцэг навчгүй боловч өнгө бүрийн хив хадаг, хилэнгээр цэцэг навч хийж салаа мөчирт нь наалдуулаад мод бүрд тоолж барашгүй олон дэнлүү өлгөжээ. Нанта нууранд жигүүртний өдөөр хийсэн Лянхуан дэнлүү, тахилын зул нь дээр дороос гэрэл булаалдаж, ус тэнгэрийн өнгө харшлаад үнэхээр болор шилийн ертөнц, сувд танын орчлон болжээ. Завь дээр бас өнгө бүрийн цэцэгт пэнс, сувдан орхиул, магнаг хөшиг, гавирын залуур, гацуурын сэлүүр бүрдсэнийг нэн өгүүлэх юун! Явсаар нэг чулуун оломд хүрвэл, олом дээр нэг гэрэлт илэрхийлэл харагдахад дээр нь “Зүлэгт дэнж, цэцэгт хойг” гэсэн үг харагдав.

Үзэх мэргэд сонсох амааму. Энэ “Зүлэгт дэнж, цэцэгт хойг” ба “Гарди галбинга бэлгэлэн айсуй” зэргийг дээд бүлэгт, Жя Жөн Бао Юйгийн эрдмийг зүгээр нэг шалгаж бичүүлсэн төдий атлаа, одоо юунд хэвээр хэрэглэсэн бэ гэсэн асуулт гарч ирнэ. Жя овогтон бол үе улиран бичиг судар их хадгалсан сурвалжит гэр бүл тул шүлэг дуулалд шалгарсан нэг, хоёр хүн яриангүй байх атлаа хэрхэн бас гэнэт хөрөнгөжсөн балмад баячууд мэт бага хүүхдийн үгээр хааш яйш өнгөрөх вэ гэвээс учир нь, Жя Фэйг ордонд орохоос өмнө хараахан багаас нь мөн Жя Мү асран өсгөжээ. Хожим Бао Юй төрж, бага дүүтэй болсноос Жя Фэй, эхийнхээ нас агшираад энэ дүүг олсныг санаж, том эгчийн хувиар жаахан дүүгээ онц их хайрладаг бөгөөд Жя Мүгийн дэргэдээс цаг мөч хөндийрөлгүй өсчээ. Бао Юйг сургуульд орохоос өмнө гурав дөрвөн настай үед нь Юань Фэй өөрийн биеэр бичиг зааж, хэдэн дэвтэр бичүүлэн сургаж, хэдэн мянган үсэг таниулсан байна. Тэд хэдий эгч дүү боловч эх хүүгээс ялгаагүй байлаа. Ордонд очсоноос хойш эцэг ба ахдаа байнга захидал илгээж: “Чанга биш болбоос эд болохгүй. Хэтэрхий чанга бол гэм болж, бас эмэг эхийн сэтгэлийг зовооход хүрүүзэй. Зохисыг олж, сайтар асран сургахыг түмэнтээ хүснэ” хэмээн захиж, цаг мөч болгонд мөрөөдөн санасаар иржээ. Хуучин сургуулийн багш нь Бао Юйг авъяас авхаалжтай гэж магтаж байсан тул хүрээлэнгээр зугаацахдаа, зүгээр нэг шалгаж үзсэнд, хэдийгээр их зохиолчийн алдарт шүлэг шиг биш боловч өөрийн удам угсааны шинжтэй тул Юань Фэй үзээд хайрт дүүгийнхээ бичсэнийг мэдвээс түүний ямагт санан эрмэлзэж ирсэн санаанд нь нийцнэ гэж бодоод Бао Юйн бичсэнийг хэрэглэсэн ажээ. Тэгээд, тэр өдөр бичсэн үгийг нь сүүлд авч хэрэглэжээ гэсэн үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Юань Фэй тэр дөрвөн үгийг үзээд “Цэцэгт хойг” л гэвэл барав, зүлэгт дэнжээр яах нь вэ дээ” гэж инээн хэлснийг бараа болж яваа тайган сонсоод, яаран завинаас бууж Жя Жөнд хэлсэнд, тэр дор нь өөрчлөв. Энэ зуур завь дотоод эрэгт ойртсонд тэд завинаас бууж сүйхэнд суухад сүр жавхлант орд харш эрэг даган сүндэрлэж, чулуун хөшөөн дээр “Тэнгэрийн дагины ариун орон” хэмээх дөрвөн үг бичсэнийг хараад Юань Фэй “Төрхөмчилж ирсэн чөлөөт ордон” гэсэн үгээр солиулав. Тэгээд ордонд орцгоов. Угтуул гал хүрээ дүүрч, хүжийн утаа агаарт суунаглан, модонд өлгөсөн зул, хиймэл цэцэг алаглаж, алтан цонх, хаш хашлага солонго мэт туяаран тоочиж баршгүй олон сайхан орхиул, бүрхүүл хөшиг унжлага, хивс дүүрч хүлийсээс заар, хүгэл, зандан ханхалж, үүдэнд тогосын өдөн гүвүүр дэвүүр өлгөсөн нь хараа булаана.

Алтан бошго, хаш хатавч, арш бурхны орон

Гавир ордон, Лянхуа харш эх дагины өлгий гэж дуун алдмаар үзэгдэнэ. Юань Фэй:

-Энэ харш яагаад илэрхийлэлгүй байгаа юм бэ гэсэнд дагасан тайган сөхөрч:

-Энэ бол гол харш учраас гадаадыг хариуцсан түшмэл айгаад бичүүлээгүй юм гэсэнд цаадах нь зөвшөөрсөн янзтай толгой дохив.

Ёслолын тайган, суудалд заларч ёслол эхлэхийг айлтгасанд хоёр талаас хөгжим дуугарч эхлэв. Хоёр тайган, Жя Шө, Жя Жөн нарыг дагуулан индрийн дор зогсоогоод Жао Рун зарлигийг дамжуулж “Хэлтрүүлэгтүн” гээд эргэв. Тэгээд Рун фүгийн тайж авгай хүүхнүүд зүүн индэрт гарахад Жао Рун мөнөөх зарлигийг дахин дамжуулж “Хэлтрүүлэгтүн” гээд буцав. Гурвантаа цай барьсны дараа Жя Фэйг суудлаас босон явахад хөгжим зогсов. Тэрбээр хажуугийн өрөөнд орж хувцсаа солиод, төрхөмчлөх тэргэнд сууж хашаанд оров. Жя Мүгийн гол байшинд очиж, гэрийн ёсоор золгоё гэхэд Жя Мү нар сөгдөн хориглон зогсоов. Жя Фэй нулимс унаган урагш явж золгосоныхоо дараа Жя Мү, Ван Фүрэнь хоёрыг сугадаж, үг хэлэх гэснээ чадалгүй уйлалдав. Шин Фүрэнь, Ли Вань, Ван Ши Фөн, Ин Чүнь, Тань Чүн, Ши Чүнь нар ч дув дуугүй нулимс асгаруулан зогсоно. Тэгж байгаад Жя Фэй эхлэн инээж, бусдыгаа тайтгаруулан:

-Намайг нэгэнтээ гэр орныхонтойгоо дандаа уулзаад байхгүй газарт илгээсэн тэр өдрөөс хойш сая л арай гэж гэртээ ирсэнд бид бүгдээрээ баяр хөөр болохгүй харин уйлаад зогсоцгоох юм. Мөд би явахаар эргэж хэзээ уулзахыг бүү мэд шүү дээ гээд тэсэлгүй мэгшин уйлав. Шин Фүрэнь аргадав. Жя Му, Хатныг суудалд залж суулгаад, агиас эхлэн дараалан нэг нэгээр золгосонд бас л уйлалдав. Гадаад танхимд зүүн, баруун ордны хэрэг мэдэгч нар ёслов. Дараа нь бэрүүд, инж нар ёслов. Юань Фей шүүрс алдан: “Энэ олон ураг төрлийнхөнтэйгээ дандаа уулзаж чадахгүй болсон нь харамсалтай юмаа” гэв. Ван Фүрэнь:

-Одоо холын садан болох Шюэ, Ван овогтон болон Бао Чай, Дай Юй нар зарлиг хүлээж байна. Тэд зэрэг тушаалгүй учир орж ирж чадахгүй байна гэж айлтгав. Хатан: “Хурдан залж оруул” гэв. Төдөлгүй Шюэ Има орж ирээд, төрийн их ёсыг хийх гэтэл Жя Фэй босож хориглон ойр суулгаад, анх салснаас хойших явдлаас ярилцав. Бас ордонд дагуулан очсон Бао Чинь инж ирж мөргөн золгов. Жя Мү яаран босгож өөр өрөөнд оруулан зочилж дайлав. Хэрэг мэдэгч тайган, Цай Бин, Жао Рун зэрэг олон шадар дагагсдыг хоёр ордонд аваачин дайлахад хатны дэргэд хоёр гурван бага тайган үлдээв. Эх охин, эгч дүү нар салснаас хойших байдал, гэр зуурын явдлаа удтал ярилцан сууцгаав. Энэ үед Жя Жөн ирж, охиныхоо амар мэндийг асуусанд Юань Фэй: “Аав минь, хөдөөний айлын гэрт давс идэж, ёрог даавуу өмсөвч хотол гэрээрээ жаргалыг эдэлнэ. Одоо хэдий баян эрхмийн туйлд тулавч яс мах хагацан салж ямагт баяр хөөргүй явнаа” гэв. Жя Жөн ч нүдэндээ нулимс мэлтрүүлэн:

-Түшмэл миний өвс шороо мэт олон хүнтэй ядуулаг айлаас хэрээний сүргээс гарди галбингаа мэндлэхийн үлгэр болох юм гэж хэн санах вэ. Одоо хатан та, дээдэд тэнгэрийн тааллыг хүртэж, доодод өвөг дээдсээ хэлтрүүлсэн нь цөм уул ус, нар сарны шимийн дээж, өвгөдийн өнгөрсөний хувь ерөөл нэгэн хүнд төвлөрөн, Жөн бид эр эм хоёрын биед болсон нь завшаан болой. Ялангуяа одоогийн эзэн хаан, тэнгэр газрын түмэн иргэнийг ивээн хайрлаж, эрт эдүгээд байгаагүй их хишгийг хүртээсэнд, хэдий элэг зүрхээ элэгдтэл зүтгэвч түмэн ачаас ганцханыг нь ч хариулахуйяа бэрх болой. Өглөө үдэшгүй хичээн зүтгэж тушаалаа гүйцэтгэхээс гадна богд эзний түмэн насалж, мянган намрыг эдлэхийг залбиран бурханд даатганаа. Энэ нь дэлхий дахины түмэн иргэний завшаан болно. Хатан та, аав ээж бид хоёрыгоо өтөл болсонд сэтгэл юүгээ зовоож огт болохгүй. Биеэ сайтар гамнан хайрлаж, дээд эзэнд хичээнгүйлэн үйлчилбэл, эзэн хааны энэрэн ивээсэн аугаа хишгийг хэзээ ч мартан тэсрүүлж болохгүй гэсэнд охин нь:

-Аав минь, төрийн хэрэгт хичээн зүтгэж байхдаа чөлөө завд нь биеэ асран гамнаж, миний төлөө сэтгэл юүгээ битгий чилээгээрэй гэж хэлэв. Жя Жөн:

-Энэ хүрээлэнгийн доторх бүх танхим, тавцан, өрөө байрны нэрийг Бао Юй цөмийг оноож, зохиож өгсөн юм. Хэрэв сэтгэлд тохиромжгүй нэр ус байвал нэр хайрлаарай гэж хэлэв. Юань Фэй, Бао Юй зохиосон гэхийг сонсоод өөрийн эрхгүй инээмсэглэж: “Үнэхээр өссөн байна” гэв. Жя Жэнг ухран гармагц хатан: “Бао Юй яагаад үзэгдэхгүй байна” гэж асуув.

-Тушаалгүй, гадны хөвгүүн аймшиггүй яаж орох вэ гэж Жя Мү хэлсэнд хатан: “Оруул” гэж шууд хэлэв. Бага тайган Бао Юйг дагуулан орж ирээд, урьдаар төрийн ёслолыг гүйцэтгэж дууссан хойно ойртож болно гэсэн юмаа гэсэнд, хатан дүүгийнхээ гарыг барьж тэврээд, толгой хацрыг нь илбэж: “Том болжээ” гээд уйлж нулимсаа борооны ус мэт асгаруулав.

Ийн байтал Ёу хатан Фөн Же хоёр орж ирэв. Тэд “Хурим бэлэн боллоо. Хатан морилон саатах болов уу” гэв. Юань Фэйг явахаар босоход Бао Юй дагуулан олны хамт, хүрээлэнгийн үүдэнд очив. Тэднийг дотогш ороход “Гарди, Галбинга бэлгэлэн айсуй”, “Улаан хүж, ногоон хаш”, “Гүйлсэн дарцаг холоос харагдана”, “Үнэрт өвс үнэхээр сайхан” зэрэг бичигтэй газраар дамжиж асар тагтаар алхан давж, уул усыг авиран гэтэлж, эргэн тойрныг ажиглан харахуйяа бүх юмыг гайхмаар сайхан засаж, зүйл бүхнийг жигтэй сонин чимэглэжээ. Юань Фэй туйлын их сонирхон сайшаахын хамт “Хойшид хэтэрхий их мөнгө зарж болохгүй. Энэ хэтэрчээ” гэж анхааруулаад гол харшид орж суудал эзэлмэгц хурим найр эхлэн, Жя Мү нар дайлах ажлыг гардан хийв. Ёу хатан, Ли Вань, Фөн Же нар сөн түшиж, идээ зоог барив.

Юань Фэй бийр, бэхийн зууруул бэлтгүүлэн, өөрөө бийр барьж, дуртайгаа сонгож, нэр хайрлав. Хүрээлэнгийн ерөнхий нэрийг үзэглэн бүхнийг бүрдүүлсэн “Да Гуань Юань” гэж нэрлэн гол харшийн илэрхийллийг “Хишгийг санаж, журмыг бодно” гээд хос уянга нь,

Тэнгэр газар аугаа энэрлийг үзүүлье

Түмэн иргэн, өтөл ард, хишигт ширтэн сүсэлнэ.

Эрт, эдүгээд өв тэгш дүрмийг явуулъя

Есөн тив, түмэн улс түгээмэл буяныг эдэлнэ гэжээ.

Зарим нэрийг өөрчлөв. “Гарди Галбинга бэлгэлэн айсуй” гэснийг өөрчилж “Шю Шян гуань” гэх нэр хайрлан, “Улаан хүж ногоон хашийг”, “Улаанд баясан, ногоонд мишээнэ” хэмээн өөрчилж, “Эй Хун юань” гэж, “Үнэрт өвс, үнэхээр сайханд” “Хөн Ү Юань” нэр өгч “Гүйлсэн дарцаг холоос харагдана” гэсэнд “Аглаг тосгон” нэр хайрлав. Гол асрыг “Да Гуань Лоү асар” гэж Зүүн жигүүрийн асрыг “Жүй Жинь Лоү асар”, баруун жигүүрийн асрыг “Хань Фан гө асар” гэв. Бас “Ляо Фөн Шюань”, “Оу Шян Ше”, “Зы Лин Жөү” зэрэг нэр өгч, илэрхийлэлд бас “Алимын цэцэг, хаврын хур” зэрэг нэр хайрлав. Бас хуучин байсан илэрхийлэл ба хос уянгыг авахуулсангүй. Урьтаж нэг тасархай бадаг зохиосон нь,

Уулыг хормойдож, усыг хаяалан байгуулсан нь гайхалтай

Учиргүй хүч хөдөлмөрөөр сая бүтээж цогцлуулав.

Асар тэнгэр эн дэлхийн үзэмж бүхэн бүрдсэн

Энэ сайхан үзэсгэлэнт хүрээлэнг “Да Гуань” гэж нэрлэсүгэй гэж бичиж дуусмагц эгч дүү нарын зүг харж инээн: “Би ерөөсөө хурц билгээр дутуу бөгөөд шүлэглэн дуулахад болхи гэдгийг эгч дүү нар цөмөөр мэднэ. Өнөөдөр энэ үзэмжит сайханд жөтөөрхөхгүйн тулд хааш яаш зохиолоо. Хожим зав чөлөөгөөрөө “Да Гуань юаний тэмдэглэл” хийж, “Төрхөмчилсөн магтаал” зэргийн зохиолыг нөхөн бичиж өнөөдрийн явдлыг тэмдэглэсүгэй. Охин дүү нар ч хүн бүр нэг илэрхийлэл, нэг хос уянга бичиж, миний өчүүхэн зохиолд баригдалгүй санасан бодсоноо дураар дэлгэрүүлэн өгүүлтүгэй. Бао Юй бас шүлэглэж чаддаг болсон нь нэн баярлалтай хэрэг. Эндэх Шю Шян гуань, Хөн Ү юань хоёр газрыг би бусдаас илүү гэж үзэв. Түүний дараа нь И Хун юань хийгээд аглаг тосгон орно. Энэ дөрвөн газрыг эрхбиш, дахин бадаг шүлгээр магтвал зохино. Бао Юйд хандаж хэлэхэд урьд бичсэн хос уянга хэдий сайн боловч одоо дахин тус бүрд нэг бадаг таван үгийн хэмжээт шүлгийг миний өмнө бичиж гаргавал, миний багаас нь сургасан сэтгэлд сая нийцнэ” гэж хэлсэнд дүү нь арга буюу хүлээн авч бодолхийлж эхлэв. Ин Чүнь, Тань Чүнь, Ши Чүнь гурвын дотор Тань Чүнь нь илүү боловч Бао Чай, Дай Юйтэй тэнцэхүйеэ бэрх тул арга буюу олныг дагаад хатны зарлигийг хүлээн авцгаав. Ли Вань бас чадан ядан нэг бадаг зохиов. Юань Фэй тэдний шүлгийг нэг бүрчлэн үзэв.

Цог бадрам цээж тэнүүн /илэрхийллийн үг/ Инь Чүнь
Хүрээлэн бүтэж, үзэмж бүрдсэн нь онц уран гайхамшиг
Хүндэт зарлигаар илэрхийлэл бичихүйеэ ичиж зовох зэрэгцэнэ
Хүний ертөнцөд ийм үзэмж байхыг хэн итгэнэм
Хөөрөн зугаацахуйяа сэтгэл санаа хэрхэн үл баяснам.

Өв тэгш ариун өнгө үзэмж /илэрхийлэл/ Тань Чүнь
Тунгалаг ус, цэнхэр уулс ороон эргэж салбарлахуйяа
Туяа гэрэл, өнгө үзэмж Фөн Лайгаас2 хэтэрчээ
Ногооноор эсгэсэн дууллын хөвүүр цэлгэр өвстэй мөчөөрхөж
Улаанаар дэвсгэрлэсэн хоргой хормойвч тэргүүлэгч цэцэг мэт бүжиглэнэ
Ховор эрдэнэс, зүй нь энх цагт уламжлагдана
Хувилгаан дагинас юутай завшаанаар Юо тайгаас3 буув
Үзэсгэлэнт хүрээлэнд анх зугаацуулсан тэр өдрөөс эхлээд
Өтөл айлын хар тэргүүтнийг энд эс гишгүүлэв.

Арга билгийн хувь зохиол /илэрхийлэл/ Ши Чүнь
Уул усан хөндөлсөн үргэлжлээд мянган газрын цаана
Асар тагт сүндэрлэн босоод таван үүлний дотор
Ариун хүрээлэн нар сарны гэрэл гялбаанаа цогцлогдсонд
Арга билгийн хувь зохиолыг түүний үзэмж даржээ.

Түмэн бодис өнгө булаалдана /илэрхийлэл/ Ли Вань
Үзэмжит хүрээлэн цогцлогдон бүтэхүйеэ, сүр жавхлан төгөлдөр
Үнэт зарлигийг хүлээн шүлэглэхүйеэ, эрдэм гүехэндээ гэмшинэ.
Өв тэгш сайхныг нэгэн цагт өгүүлж хэрхэн дуусюу.
Үнэнхүү харин түмэн бодис өнгө гялбаатай ажгу.

Бэлгэ дэмбэрэл хуран цугларна /илэрхийлэл/ Шюэ Баочай
Эрхэмсэг хүрээлэн, хаан эзний хотын баруунаа байгуулагдаад
Ээлт наран, бэлгэт үүл тунаран саатах гайхалтай
Эгшигт гургалдай үүр сольсонд өндөр уд баясруун
Эрдэнийн хулсыг тарин засаад хан гардийг хүлээнэ4
Эх хатны зугаацсан орой, эрдэм суртал бадраад
Эн их элбэрэл ачлалыг төрхөмчлөх цагт үзүүлэв.
Эрдэм билигт уран авъяастны бахархан сурвалжилсан оронд
Эгэл биеийг үл голон хэрхэн зориглож шүлэглэнэ вэ?

Ертөнцийн гаднах аршийн орон /илэрхийлэл/ Линь Дайюй
Урмас баярыг хатны зугаацал нэмэгдүүлэхүйеэ
Улаан тоосноос, аршийн орон ангид
Хад, усны өнгө үзэмжид түшиглэж
Хамаг байдал бидэндээ шинэ сэвүүн
Алтан завины5 арзын үнэр ханхлуулж
Ариун цэцэг, хатны өөдөөс мишээнэ
Юутай буянаар хишиг энэрэлд таалагдав
Яаралдан зөрөлдөх ордны хөсөг цувралдана.

Энэ уянга, илэрхийллийг үзээд магтан сайшаахын хамт инээн өгүүлсэн нь, эцэстээ Шюэ, Линь хоёр охин дүүгийн зохиол бусдынхаасаа өөр байна. Эгч дүүс нь гүйцэхгүй нь гэв.

Дай Юй, энэ орой, авъяас билгээ бүрэн бадруулан олныг дарж авъя гэж бодож байсан ажээ. Санамсаргүй Юань Фэй ганц илэрхийлэл, ганц хос уянга бич гэсэн учир зарлигийг зөрчих аргагүй тул яаруухан нэгэн бадаг таван үгийн хэмжээт шүлэг зохиож зарлигт нийцүүлжээ.

Харин Бао Юй шүлгээ зохиож дуусаагүй байв. Дөнгөж л “Шю Шян гуань”, “И Хун Юаний” тухай хоёр бадаг зохиогоод “Хөн Ү Юанийг” бичиж байтал, эх ноорогт нь, “Ногоон хаш хаврын уртад уйтгарлана” хэмээх өгүүлбэр байхыг Бао Чай олж хараад, хүмүүс харахгүй байгаа дашрамд, түүнийг сэмхэн түлхэж “Эрхэм хүн” улаан хүж, ногоон хаш гэж өөрчилсөн байхад чи заавал ногоон хаш гэдэг хоёр үгийг хэрэглэх нь зориуд түүнтэй зөрчилдөж байгаа болох бишүү? Гадилын навчны эш домог олон байхад өөр нэг юм бодвол яасан юм” гэв. Бао Чайн хэлэхийг сонсоод Бао Юй хөлсөө арчингуут “Би одоо тийм эш домог бодоод санаанд орохгүй байна” гэхэд цаадах нь инээж: 

-Чи тэр хашийг лаа болгочихвол болноо гэв. Бао Юй:

-Ногоон лаа гэж хаа байсан юм бэ гэхэд нь Бао Чай тамшаалан, толгой дохиод:

-Энэ үдэш ийм болбол, хожим хааны ордонд нүүр тулган ярилцвал, а, э, и-гээ хүртэл лав мартахнээ. Тан улсын шүлэгч Хань Эйн гадилын тухай шүлгийн эхний бадагт “Жихүүн лаад утаагүй ногоон лаа хатна” гэж байдгийг мартсан уу” гэв. Агшин зуур Бао Юйн дотор онгойж,

-Еэ насаа алд. Бэлэн өгүүлбэрийг хүртэл санахгүй байх гэж. Манай эгч чинь үнэхээр миний номын багш юм. Үүнээс хойш багш гэж дуудахаас, эгч гэж дуудахаа больё гэсэнд Бао Чай:

-Хурдан бич ээ, юуны чинь эгч дүүс. Тийм олон эгч хаа байна вэ. Тэр дээр шар магнаг өмсөөд сууж байгаа чинь, чиний ганц эгч мөн биз дээ гэж сэмхэн хэлээд, саад болохгүй гээд хурдан холдов.

Бао Юй сая энэ бадгийг бичээд гурван бадагтай болов. Энэ үед Дай Юй авъяасаа бүрэн илрүүлж чадсангүйдээ гунигтай байлаа. БаоЮйн бодож шаналж байхыг хараад, ширээний нь дэргэд очиж харвал “Гүйлсэн дарцаг холоос харагдана” гэх нэгэн бадаг бичих дутууг хараад, түүнийг “Урьдах гурван бадгаа сийрүүлж бай” гээд өөрөө нэг бадаг бичиж цаасаа хумхин Бао Юйн өмнө тавиад холдов. Бао Юй түүнийг нь үзвэл, өөрийн нь бичсэнээс арван хувь илүү байв. Баярлахдаа дор нь хуулаад, бүгдийг нийлүүлээд хатанд өргөв. Юань Фэйг үзвэл ийм ажээ.

Гарди галбингаа бэлгэлэн айсуй(Бао Юй)

Ганган хулс анх үрлэн боловсрохуйяа
Гарьди галбингын буухыг хүлээх аятай
Ургасан бүр нь ус дусалмаар хөхөрч
Уг бүр нь сэрүү оргимоор ногоорно
Доороос нь үсрэн яндарын усыг хашиж
Дотроос гарах хүлийсийн үнэр ханхалнам
Үзэмж сүүдрийг сажилж битгий саринуулаарай
Өлзийт зүүдэн хараахан хөг дор амой

Үнэрт өвс үнэхээрийн сайхан

Үнэрт өвс сэлүүн хүрээгээр дүүрч
Ороонгын зэл анхилам үнэрийг нэмнэ.
Нялх нахиа хаврын өвснөөс зөөлөн
Нахилт дохилт хүжсийн утаанаас хөвхгөр
Хөнгөн утаа зөрөг замд тунаран
Хүйтэн шүүдэр дээл хувцсыг норгоно
Шиэ овогтны “Тунамал нуурын” уянгыг
Шимт зүүднээс хэн олов хэмээв6.

Улаанаа баясан, ногооноо мишээнэ

Гүн хүрээлэн өдөржин нам сэлүүн
Гадаль, хайтан хос хосоор урганам
Оюу гадаль хаврын өнгөнд ороолдож
Улаан хайтан шөнө үл унтана7
Ханцуй унжуулан, хашлага түшин зогсож
Хадыг хаяалан цэнхэр униар татуулна
Хаврын салхинд хоёул зэргэцэн зогсохуйяа
Харин ч эзэн нь түүнийг хайрлаваас зохино

Гүйлсэн дарцаг холоос харагдана

Архин дарцаг, архичныг даллахад
Алс цаана, аглаг тосгон харагдана
Өвс усанд галуу, нугас төөрч
Ялмаа хайлааст хараацай шувуу үүрэлнэ.
Нэгэн хэсэг хаврын гогод боловсрохуйяа
Нэлэнгүй газар тутаргын үнэр ханхална
Түгээмэл төрд өлбөрөл ангалгүй
Тарьж, нэхэхэд төдийлөн яарах юун!

Энэ шүлгүүдийг үзээд Юань Фэй машид баярлан: “Үнэхээр ахижээ” гээд “Гүйлсэн дарцаг” хэмээх шүлгийг зааж бусдаасаа илүү охь шүлэг гээд аглаг тосгоныг тутаргын үнэр ханхалсан тосгон, “Дао Шян Цүн” гэж хэлэв. Бас Тань Чүнгээр өнөөх арван хэдэн шүлгийг торгомсог цаасан дээр хуулуулан, тайгануудад өгч гадагш уламжлуулав. Жя Жөн нар үзээд магтан сайшаав. Тэрбээр бас “Төрхөмчилсөн магтаалыг” өргөв. Юань Фэй бас ордны сонин сайхан амтат идээг Бао Юй, Жя Лань хоёрт өгөв. Энэ үес Жя Лань нялх, учир мэдэхгүй учир эх, авга нараа дагаж ёслох төдий байв. Жя Чян хэсэг дуучин бүсгүйг дагуулж ирээд хүлээж байв. Нэг тайган нисэх мэт үсрэн хүрч ирээд: “Шүлэг зохиож төгсөв. Ямар ший тоглохоо мэдүүл” гэсэнд Жя Чян, ший, дуурийн нэрийг арван хоёр хүний нэртэй цуг өгөв. Төдөлгүй дөрвөн шийний нэрийг зааж хариу ирэв. Эхлээд “Баярт хурим” дараа нь “Уран хүнийг гуйсан нь” тэгээд “Хувилгаан барилдлага”, “Сүнс зайлав” гэсэн дараалал тогтоосон ажээ. Тэр ёсоор тоглож эхэллээ. Дуу бүжиг нь алтан гургалдайн дуулал, алаг тогосын дэвэлгээ мэт байв. Хэдий ший, жүжиг гэх боловч түүнээс үнэнхүү баяр баясгалан, гунил гутралыг хүмүүс олж харлаа. Тоглолт дуусахад, нэг тайган алтан тавагтай боов боорцог барьж ирээд: “Лин Гуань гэгч алин нь вэ” гэсэнд Лин Гуанийг мөргүүлэв. Тайган дахиад хатны зарлиг “Лин Гуань тун сайхан дуулав. Ямарч хамаагүй хоёр ший тоглотугай” гэж зарлав. Жя Чян уриалгахнаар хүлээн авч, Линь Гуанийг “Цэцэрлэгт зугаацахуй”, “Зүүднээс цочсон нь” хэмээх хоёр шийг тогло” гэсэнд цаадах нь: -миний тоглодог ший биш гээд хүлээж авсангүй. Тэгээд “Болзоолсон нь”, “Харьяалалцсан нь” хоёр шийг тоглоно гэснийг нь Жя Чян ёсоор болгосноо уламжлав. Юань Фэй маш их баярлаж:

-Энэ хүүхнийг битгий зовоогтүн, сайн сургатугай гэж захиад, хоёр толгой ордны торго хоёр хавтага, алт мөнгөн тойгоор шагнав. Тэгээд найр хуримаа дуусган, үзээгүй газраар зугаалан явцгаав. Тэртээх уулын тэнд сүм харагдсанд, яаран гараа угааж хүж асаан мөргөөд “Зовлонт ертөнцийн авралт орон” гэсэн илэрхийлэл бичээд, бяцхан чавганц, бумба нарт хишиг хүртээв.

Тэгтэл тайган сөхөрч “Шагналын эд бүрэн болов. Зэрэг дэсийг харж шагнах болов уу” хэмээн айлтгаад шагнах нэрсийг хатанд өргөв. Хатан нэрсийг эхнээс нь адаг хүртэл үзээд энэ ёсоор шагнатугай гэв. Тайган, шагналыг түгээв. Жя Муд алтан хашийн чандмань, зандан таяг, агар эрхи, “Баян эрхэм өлзий мөнх” хэмээх ордны магнаг дөрвөн толгой “Насан хутаг, өнө мөнх” хэмээх ордны таж магнаг дөрвөн толгой, шижир чандмань тойг арав, “Буян хишиг элбэг дэлбэг” хэмээх мөнгөн тойг арваар шагнав. Шин Фүрэнь нарт өгсөн шагнал чандмань, эрхи, таягнаас бусад нь Жя Мүд өгсөнтэй адил байв. Жя Жөн, Жя Шө, Жя Жен нарт тус бүрд нь эзний зохиосон шинэ ном иж бүрэн, эрдэнийн бэх хоёр хайрцаг, алтан мөнгөн хундага тус бүр хоёроос гадна бэлгийн зүйл түрүүчийнхтэй адил байв. Бао Чай, Дай Юй нарын эгч дүүст тус бүрд нь иж бүрэн ном, бэхийн зууруул, шинэ янзын алтан мөнгөн тойг хоёр хос шагнав. Бао Юй, Жя Лань хоёрт алт мөнгөн сондор, алтан мөнгөн тойг, Ёу хатан, Ли вань, Фөн Же нарт тус бүрд нь алт мөнгөн тойг дөрөв, бэлгийн зүйлийн хамт шагнав. Бас бэлгийн зүйл хорин дөрвөн хувь, таван зуун хэлхээ зоосоор Жя Му, Ван Фүрэнь болон олон эгч дүү нарт зарагдаж байгаа инж, шивэгчин нарыг шагнав. Жя Жөн, Жя Лянь, Жя Хуань, Жинь Рун нарт цөмд нь бэлгийн зүйл нэг хувь, алтан мөнгөн тойг шагнав. Бас өнгөт зуун толгой, цагаан мөнгө мянган лан, ордны архи хэдэн лонхыг гаргаж, зүүн баруун хоёр ордон, хүрээлэнгийн байшин барилга барьсан, зам гүүр талбай зассан, цэцэг мод тарьсан, дэн зул асаасан, ший, наадам тоглоом эрхэлсэн зэрэг ажил үйлийн хүмүүсийг шагнав. Бас гал тогооны хүмүүс, дуучин, хуурчин, зарц нарыг ч орхисонгүй хэдэн зуун хэлхээ зоосоор шагнав.

Олон хүн хишиг шан хүртсэний дараа эрхлэгч тайган:

-Үхэр цагийн гурван мөч болов. Морилж харихыг айлтгана гэсэнд Юань Фэйн нүдэнд нулимас гүйлэгнэх боловч биеэ чадан ядан барьж инээмсэглэн Жя Мү Ван Фүрэнь нарын гарыг барьж тавьж, салж ядан5 “Биеэ сайн асарцгаа. Миний төлөө битгий зов. Эзний хишиг үлэмж их. Сард нэг удаа ордонд орж болох бөгөөд уулзахад хялбар болсон тул зовж шаналах хэрэггүй. Ирэх жил дахин төрхөмчлөхийг зөвшөөрвөл энэ мэтээр их бүрэлгэн сүйтгэж болохгүй шүү” гэж дахин давтан захив. Жя Мү нар бас уйлж хайлаад юм ярьж чадахгүй байв. Юань Фэй хэдийгээр салж ядавч хаан төрийн ёсыг зөрчихүйеэ бэрх тул арга буюу сүйхэнд суулаа. Олон хүн арай гэж Жя Мү Ван Фүрэнь хоёрыг аргадан түшиж авав. Үүнээс хойш юу болсныг дараах бүлэгт үзтүгэй.


Тайлбар:

  1. Зөү Рун, Цай Бин-Хүний нэр биш, ордны эмэгтэй түшмэдийн цол

  2. Пөн Лай-Уламжлалаар бол Би Хай далайд Пөн Лай, Бань Жан, Ин Жөү гэдэг гурван хувилгаан уул бий гэдэг. Энд Да Гуань Юаний үзэмжийг товойлгохын тулд иш татжээ.

  3. Юо Тай-Домогт гардаг баруун тэнгэрийн Ван Мү Нян нянгийн суудаг Юо нуурыг хэлнэ.

  4. Хангарьди хулсны үрийг иддэг гэдэг. Үүгээр хатны айлчилж ирснийг зүйрлэжээ.

  5. Алтан завь-Жин хө-Газрын нэр . Одоогийн Лүэянгийн баруун хойно бий. Жин улсын их баян Ши Чун гэгч хүн энд зугаацах ордон байгуулаад түүнээ алтан завины хүрээлэн гэж нэрлэжээ.

  6. “Өмнөд төрийн түүх. Жэ Линюний намтар “зохиолд тэмдэглэснээр Жин улсын алдарт шүлэгч Ше Линюньд Ше Хоү лянь гэдэг дүү байжээ. Тэр нь утга уянгад онц авъяастай байсан гэнэ. Нэг удаа ах нь шүлэг зохионо гээд үг олж чадахгүй байтал шөнө нь дүүгээ зүүдэлж “Тунамал нуурт хаврын өвс ургав” гэдэг сонин үгийг олсон гэнэ. Бао Юйн энэ шүлгийн үг бол сайхан үзэмжээс аяндаа сайхан үг бий болно. Зүүднээс олохгүй гэсэн санаатай юм.

  7. Хайтан цэцэг-Шөнө ургадгийг хэлжээ. 

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж