Москва хотын метрогоор зорчигчдод зориулсан “Метро Москвы” нэртэй утасны аппликейшн энэ зун болох хөлбөмбөгийн ДАШТ-д зориулсан нэмэлт аппликэйшн гаргалаа хэмээн Москва хотын захиргаа мэдээллээ. Энэ аппликэйшн ДАШТ-ий тоглолтууд болох Москва хотын цэнгэлдэх хүрээлэн рүү явах замыг заах ажээ.
Москва хотын “Лужник”, “Спартак” зэрэг цэнгэлдэх рүү ямар тээвэр ашиглан, ямар үнэ хөлстэйгөөр очиж болохыг харуулсан байгаа ажээ. Мөн дугуйгаар очих иргэдэд зориулсан дугуйн замын маршрутыг хүртэл багтаасан байна. Тэмцээний хуваарь, болж өнгөрсөн тоглолтын мэдээллүүд ч бас байх ажээ.
“Гар утасны “Метро Москвы’ аппликэйшн москвачуудын дуртай аппын нэг. Тиймээс бид энэ аппыг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарч байгаа. Үүний нэг нь ДАШТ-д зориулсан шинэ үйлчилгээ юм” хэмээн Москва хотын захиргааны Зам, тээврийн дэд бүтэц хариуцсан газрын тэргүүн Максим Ликсутов сэтгүүлчдэд ярьсан байна.
Шинэ аппыг англи, франц, испани, хятад, герман, португал гэсэн зургаан хэлээр хийжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ