“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э
Арвандолдугаар бүлэг
ДА ГУАНЬ ЮАНЬД ЭРДМИЙГ ШАЛГАН ХОС УЯНГА НИЙЛҮҮЛЖ, РУН ГУО ФҮД ТӨРХӨМЧЛӨН ХАРЬЖ АРВАН ТАВНЫГ БЭЛГЭДЭВ
Өгүүлэх нь: Чинь Жунг үхсэний дараа Бао Юй эмгэнэн уйлаад байсанд цуг явагсад нь хэдэнтээ ятган уйлахыг нь зогсоосон боловч гашуудсаар харив. Жя Мү хэдэн арван лан мөнгө гаргаж тахилгын юм бэлтгэж өгсөнд Бао Юй тахилгыг үйлдэв. Долоо хоногийн дараа шарилыг оршуулж гашуудлын явдлыг дуусгав. Ганцхүү Бао Юй л өдөр бүр дурсан гашуудахаас цаашгүй. Энэ нь хэдий удаан үргэлжлэхийг бүү мэд.
Нэг өдөр Жя Жэнь нар ирж Жя Жөнд мэдүүлэв. Тэд “Хүрээн доторх барилгын ажил цөм дуусав. Да Лаое нэгэнт үзээд, одоо таны үзэхийг хүлээж байна. Хэрэв зохисгүй юмс байх бол дахин засаж дуусаад илэрхийлэл ба хос уянга бичүүлсүгэй” гэсэнд Жя Жөн сонсоод удтал бодлого болсоны дараа:
-Энэ илэрхийлэл, хос уянга хийхэд нэг хүчир явдал бий. Чухам ёсондоо Гүй Фэйгээс нэр хайрлах ёстой. Гэтэл тэрбээр биеэр ирж үзэхгүй бол зохиоход хэцүү. Хэрэв Гүй Фэйг морилон саатсаны дараа сая нэг гуйвал энэ их үзэмж, ийм их барилга байшин нэргүй хоосон болж цэцэг мод, уул ус, хэдий сайхан боловч мөн өнгө сүр нэмэгдэж чадахгүй гэв.
Тэнд байгсад инээлдэж: “Таны бодож байгаа туйлын зөв өө. Бидний бодлоор бол олон газрын илэрхийлэл, хос уянга дутаж огт болохгүй. Нэг мөсөн дутааж бас болохгүй. Одоо өнгө үзэмжийн байдалд нийцүүлэн хоёр үсэг буюу гурав дөрвөн үсгийн нэр бичиж, гэрэлт зул, илэрхийлэл, хос уянгыг өлгөөд хожим Гүй Фэйг морилон саатах үед дахиж нэрийг тогтоовол болох бишүү” гэсэнд Жя Жөн сонсоод:
-Наадах чинь, маш зүйтэй. Бид өнөөдөр очиж үзээд, зохиож үзье. Тэгээд болбол хэрэглэе. Болохгүй бол Жя Юйцүнийг залж авчраад түүгээр зохиолгоё гэж хэлэв. Бүгд хөхрөлдөж: “Ноёнтоон өнөөдөр зохиовол яасан юм бэ. Юй Цүнийг залж яах юм” гэцгээв. Жя Жөн инээж:
-Та нар мэдэхгүй. Би багаасаа шувуу, уул усыг шүлэглэх чадваргүй. Одоо нас ахиад бас алБань хэрэгт алжаан зүтгэсээр иймэрхүү уйтгарыг сэргээн, сэтгэлийг баясгагч зохиолд улам сонирхолгүй болжээ. Хэдий зохиоё гэж оролдовч болхи бүдүүлгээс зайлж яаж чадах вэ. Төгс үзэмжит сайхан хүрээлэн харин үүнээс болж өнгө буурвал хайран бишүү гэв. Тэнд байсан гийчид “Тэр хамаагүй, бид бүгдээр үзээд зохиож оролдоцгооё. Хүн бүр чадлаа гаргаад сайныг үлдээж, саарыг нь орхивол болохгүй юу билээ” гэхэд Жя Жөн,
-За та нар зүйтэй юм хэлж байна. Өнөөдрийн энэ тунгалаг сайханд бүгдээр очиж зугаацая гэж хэлээд олныг дагуулан явав. Жя Жэнь түрүүлэн явж, тэнд байгсдад мэдэгдэв. Сүүлийн үед Бао Юй, Чинь Жунгээ мөрөөдөн гасалж гангинах тул Жя Мү, хэн нэгэнтэй түүнийг шинэ хүрээлэнд аваачин зугаалуулдаг болов. Өнөөдөр түүнийг хүрээлэнд очтол Жя Жэнь хараад: “Чи эндээс хурдан гарахгүй юү. Удахгүй Лаое ирнэ” гэсэнд, Бао Юй сонсуут хөхүүлэх болон зарц нарын хамт санд мэнд гараад явж байтал эгц өөдөөс нь Жя Жөн баахан хүн дагуулчихсан тулаад ирчихэв. Самбаачлан зугтан зайлж чадахгүй болсон тул аргагүй замын хажууд гарч зогсов. Сургуулийн багш Дай Рү түүнийг хос уянга бичихдээ сайн, хэдий ном бичиг үзэх дургүй боловч бас нэг зүйлийн авъяастай хэмээн магтаж байсныг Жя Жөн сонссон тул одоо түүнийг нэг тэнсэж үзэх санаа төрж Бао Юйг хүрээлэнд хамт оръё гэж хэлэв. Цаад учрыг нь мэдэхгүй болохоор Бао Юй дагаад оров. Тэд явсаар хүрээний үүдэнд хүртэл Жя Жэнь хэрэг эрхлэгч хэдэн хүний хамт хүлээж байв. Түүнийг хараад Жя Жөн:
-Чи үүдээ дарж бай. Би урьдаар гаднахыг үзье. Тэгсэний дараа хүмүүсийг оруулаарай гэв.
Жя Жөн хаалгыг эгц урдаас нь ажиглан зогсоно. Гол үүд нь таван тасалгаатай, дээд талд нь дугуй ваараар нуруу гаргаж, үүд, цонхонд шинэ маягийн хээ угалз сийлсэн бөгөөд улаан ногоон өнгө будаг оруулалгүй хээнцэр өнгөөр зохиожээ. Доод талын цагаан чулуун гишгүүрийг Түвдийн лянхуа цэцгийн хэлбэрээр цавчин гаргасан байна. Зүүн, баруун талыг харвал, цас цагаан хэрэм дурайж доор нь барс эрээн чулууг ширхэг тааруулан дэвсэж, сэв үгүй сайхан зүйсэн тул тэсгэлгүй баярлав. Тийнхүү хаалгыг нээлгэн дотогш орж үзвэл, нэг их ногоон хад сэхүйн харагдана. Гийчид “Сайхан уул, сайхан уул” гэж ам амандаа хэлэхэд Жя Жөн:
-Энэ уул үгүй бол хүрээлэнд ормогц бүх юм ил харагдах тул ямар ч сонирхолгүй болно гэсэнд хүмүүс “Тун зүйтэй. Өвчүү цээжинд өргөн гүн ухаангүй бол үүнийг хэрхэн бодож олох вэ” гэцгээнэ.
Цаашлан ажиглавал, хадан уул сүндэрлэж, зарим нь чөтгөр шулмас мэт, зарим нь догшин араатан адил хөндлөн гулд сэрвийлцэж, дээр нь хөвд хөмсөг ургаж, ороонго хөглөрөн, түүний дундуур гарсан нарийхан зөрөг зам харагдана. Жя Жөн,
-Бид энэ зөргөөр зорчин явж буцахдаа тэртээ талаар гарч ирвээс сая бүгдийг үзэж чадна гээд Жя Жэнь-ээр замчлуулан, өөрөө Бао Юйг түшиж, эргэн тойрон явсаар уулын аманд оров. Толгойгоо өргөн харвал уулын дээр толь мэт цагаан чулуу харагдах нь, яг ууланд нэр өгч үлдээх газар очжээ. Жя Жөн эргэж хараад инээмсэглэн:
-Олон абугай нар үүнийг үзэгтүн. Энд ямар нэр өгвөл тохирох вэ гэж асуусанд зарим нь “Индэрнаалын овоо” гэхэд зарим нь “Хоргой хад”, бас зарим нь “Хэтэрхэй сайхан хүлийс цэцэг” гэхэд бусад нь залгаад “Бяцхан Жун нань уул”1 гэж нэрлэж болно гэхчилэн элдэв янзын нэр хэлсээр байтал өнөөх нь хэдэн арван нэр болжээ. Жя Жөн, Бао Юйн авъяасыг шалгах санаатай байсныг олон гийчин хэдийнэ мэдсэн учир энэ мэтийн ёсын төдий юм ярьцгаана. Бао Юй ч түүний санааг ойлгов. Жя Жөн, Бао Юйг хараад: “Чи шүлэг зохио” гэж хэлэв. Бао Юй
-Эртний хүний өгүүлснийг үзвэл, “Шинээр зохиох нь, хуучныг тоочиход үл хүрнэ. Эртнийг зураглавал эдүгээг хэтэрч болно” гэсэн байдаг. Энд ноён оргил гол үзэмж ч биш тул нэрлэмээр ч юмгүй. Харин сайхан үзэмжийг эрэх нэг сүвэгч төдий болой. Ийм учраас эртний хүний “Аглаг зам ариунд нэвтэрнэ” гэсэн өгүүлбэрийг шууд бичвэл эвтэйхэн болно гэсэнд хүмүүс сайшаан “Тун зүйтэй. Үнэхээр сайхан боллоо. Энэ хөвгүүн үнэхээр цэцэн мэргэн, авхаалж сайтай, бичгийг үгширтэл цээжилсэн нь биднээс илүү юм” гэжээ. Жя Жөн инээж:
-Хэтэрхий магтаж болохгүй. Энэ бол залуу бага хүн. Нэг мэдсэнээ арваар хэрэглэж хүний доог болно. Дараагаар дахиж зохиохыг нь үзье гэв.
Хүмүүс ийн ярилцсаар чулуун агуйд орвол, үзэсгэлэнт модод саглайн ногоорч өнгийн цэцэг алаглан дэлгэрээд сэрүүн булгийн тунгалаг урсгал, сэрэвгэр хадны завсраар хоржигнон бууна. Дахиад хойшоо хэд алхвал, газар тэгшрэн уужирч хоёр хажуугаар нь байшингуудын жигүүр агаарт харваж сийлмэл ваар, шаргал өнгийн хашаа хайс уул хадны завсар, ой модны дотор цухалзан үзэгдэнэ. Доош өнгийн харвал, тунгалаг булаг хаданд цутгаж, чулуун индэр үүлэнд шурган, цагаан чулуун хашаа цэнхэр нуурыг хүрээлж, гарам олмын дээгүүр гантиг чулуун гүүр дамналдан матрын амаар рашаан булаг олгойдно. Жя Жөн гүүр дээрх жижиг тасалгаанд орж суугаад, “Олон абугай нараа энүүнд ямар нэр өгөх вэ” гэж асуусанд зарим нь эртний Өү Янгун өвгөний “Согтуу өвгөний мухлагийн тэмдэглэл”2 гэдэг зохиолд, “Дэлгэсэн жигүүр мэт танхим” гэсэн үг байдаг тул “Дэлгэсэн жигүүр” гэвэл ямар вэ” гэсэнд Жян Жөн инээгээд:
-Дэлгэмэл жигүүр хэдий сайхан нэр боловч энэ танхим усыг түшиж байгаа тул уснаас сэдэвлэвэл зүгээр юм. Болхи миний бодлоор бол Өү Янгун өвгөний “Хоёр хадны хооронд цутгана” гэсэн өгүүлбэр дотроос гагцхүү “Цутгана” гэдэг үгийг хэрэглэвэл зохих мэт санагдана гэвэл нэг гийчин “Зүйтэй байна. Харин хаш цутгана гэвэл бүр сайхан болно” гэж хэлэв. Жя Жөн сахлаа имрээд бодолхийлснээ, Бао Юйг бас нэг зохиож үзэгтүн гэв. Бао Юй хариуд нь,
-Лаоегийн энэ зохиосон бас болно. Гэвч нарийвчлан хянавал урьд өмнө Өү Янгун өвгөн Нян Чуань булагт “Цутгана” гэсэн үгийг хэрэглэсэн нь тэр үедээ тохирох боловч одоогийн энэ булагт энэ үгийг хэрэглэх нь зохисгүй мэт санагдана. Нэгэнт энэ бол хатны төрхөмчлөх завсрын ордон болох тул ёсонд нийцүүлэн зохиомоор юм. Иймэрхүү үсгийг хэрэглэх нь арай бүдүүлэг болуузай гэж бодож байна. Иймээс, улам гүн утга хадгалсан үгийг сонгохыг хүсэж байна гэв. Жя Жөн бүгдээрээ шинээр зохио” гэж байхад, чи “Эртнийг тооцоход үл хүрнэ” гэж байна. Одоо бид хуучныг тоочсонд чи бас л бүдүүлэг болно, зохисгүй” гэж байна. Чи тэгвэл өөрийнхийгөө хэл дээ” гэсэнд Бао Юй:
-Хаш цутгана гэх хоёр үгээс харин “Анхилмал цэцэг” гэсэн хоёр үг яруу сайхан бишүү гэж асуув.
Жя Жөн сахлаа имрээд л дуугарахгүй бодлогошрон байсанд хүмүүс яаран Бао Юйн авьяас, авхаалж ер бишийн байна хэмээн магтана. Жя Жөн “Илэрхийлэл дээрх хоёр үсгийг хялбар, долоон үсэгт хос уянгыг нэг үзэцгээнэ” гэв. Бао Юй ийш тийш хармагцаа,
Хашлага тойрсон унжгар уд хааяагүй ногоорохуйяа
Эрэг дагасан цэцэг хуар хамар мэдэн ханхална…
Ийн уншихад нь Жя Жөн толгой дохин инээмсэглэхэд олноороо нэгэн зэрэг магтан дэмжив. Тэгээд тэд танхимаас гарч нуурын хажуугаар өнгөрөн уул, чулуу, цэцэг, мод нэг бүрийг ажиглан үзэцгээнэ. Цаашлан харвал, нэгэн зурвас цагаан хэрэм, хэрмийн доторх хулсан ойн дундаас олон өрөөтэй байшингууд цухуйна. Олон бүгдээр, ямар сайхан юм бэ гэсээр хүрч очвол, босго алхмагц муруй саруй урт саравчин хонгил харагдаж, индрийн доор чулуугаар гол зам засаад дээр нь жижигхэн гурван тасалгаа барьсны хоёр нь гэрэлтэй, нэг нь харанхуй байх бөгөөд дотор нь ширээ сандал тавьжээ. Дотоод өрөөнд цааш хойт хүрээнд нэвтрэх үүд байх бөгөөд түүгээр орж үзвэл алимын бүдүүн мод, өргөн навчит гадаль харагдана. Бас хоёр тасалгаа бяцхан байшин байна. Хойт хүрээний хэрмийн доороос гэнэт нэг завсар гарч тохой хэртэй өргөн сувгаар булгийн ус, хэрмийн доогуур урсан орж индрийг эргэн тойрсоор урд хүрээнд хүрч хулсан доогуур эргэлдсээр урсан одно. Жя Жөн инээж:
-Энэ харин зүгээр сайхан газар байна. Саруулхан шөнө энд ирж цонхон дор суугаад ном үзвэл энэ нэг насыг зүгээр өнгөрөөсөн болохгүй гээд Бао Юйг харахад, цаадах нь сандрангуй бөхийнө. Хүмүүс юм ярьж анхаарлыг өөр тийш хандуулна. Нэг гийчин “Эндэхийн илэрхийлэлд дөрвөн үг бичвэл зохих юм” гэсэнд Жя Жөн инээн: “Ямар үг вэ” гэж асуусанд тэндээс нэг хүн: “Чи Шүй голын үзэмж3” гэсэнд Жя Жөн арай л юү бол гэвэл бас нэг нь: “Сүй Юань хүрээлэнгийн4 үзэсгэлэн” гэвэл болно гэв. Жя Жөн бас л арай болхидоод байна” гэсэнд Жя Жэнь хажуунаас нь: “Бао Юй дүүгээр бас нэг зохиолговол яасан юм” гэж хүсэв. Жя Жөн:
-Өөрөө юм зохиохгүй байж хүнийхийг ийм тийм гэж шүүмжилж байгааг бодвол хөнгөн хөвсгөр зантай байхаа энэ гэсэнд хүмүүс ам амандаа: “Зөв шүүмжилсэн бол болохгүй яадаг юм” гэцгээв. Жя Жөн:
-Түүнийг ингэж сагсууруулж болохгүй шүү… гэснээ, Бао Юйд хандаж, за чамайг одоо дураар чинь яриулая. Чи эхлээд санал шүүмжлэлээ хэлчих. Тэгээд зохиогоорой гэсэнд Бао Юй: “Цөм болоогүй мэт” гэв. Жя Жөн хүйтнээр инээж:
-Яагаад зохисгүй гэж гэсэнд Бао Юй:
-Энэ бол нэгдүгээрт хатны төрхөмжлөн саатах газар тул эрхбиш богд эзний өршөөлийг магтах хэрэгтэй. Хэрэв илэрхийлэлд дөрвөн үсэг хэрэглэх бол эртний хүний бэлэн үг байх атал дахиж зохиох хэрэг юу вэ гэж асуув. Жя Жөн “Чи Шүй”, “Сүй Юань” гэгч эртний хүнийх бишүү” гэхэд Бао Юй: “Энэ хэтэрхий хөшүүн байна. Харин “Гарди Галбинга бэлгэлэн айсуй” гэх дөрвөн үгэнд хүрэхгүй” гэсэнд хүмүүс бас гайхширан магтав. Жя Жөн толгой сэгсэрч:
-Муу мал, өчүүхэн юм мэдсэндээ бүү эрэмшигтүн. Дахиад нэг хос уянга зохиотугай гэсэнд Бао Юй цээж түрэн:
Хулсийн дэргэд сэлгүүцэн суухуйяа хүжийн утаа хөхөрсөөр:
Гэгээвчийн өмнө шатар тавихуйяа хурууны үзүүр жихүүцэв хэмээн уншсанд Жя Жөн толгой сэгсэрч: “Бас дэмий сайн бишээ” гээд олныг дагуулан явах гэснээ, гэнэт нэг явдал санаанд нь орохоор Жя Жэнигээс:
-Энд хүрээ хашаа, гэр байшин, ширээ сандал цөм бүрдсэн байна. Гэтэл хөшиг орхиул, эртний домог хууч, тоглоом наадмын зүйлийг тохируулсан уу гэж асуусанд цаадах нь:
-Заслын эд хэрэгслийг нилээд бэлтгэсэн. Цөмийг бэлэн болохоор аятайхан байрлуулж тавина. Өчигдөр Жя Лянь дүү хөшиг орхиул арай бүрдээгүй гэж байсан. Барилга эхлэхэд л тэдний хэмжээг нь аваад худалдаж авчрах хүн томилсон. Баргийг нь авчихсан байх гэж хариулав. Жя Жөн сонсоод, энэ тодорхой мэдэхгүй байна гэж үзээд Жя Лянийг дуудуулав. Түүнийг ирмэгц Жя Жөн: “Угаас хэдэн зүйл юм бэ? Одоо хэдийг нь олов. Хэд дутаж байна вэ” гэхчилэн нарийн асуув. Жя Лянь гутлын түрий дэх тэмдэглэлээ авч үзээд “Луут магнаг, цэцэгт таж, угалзан хээтэй хоргой, үүлэн цэцэгтэй хатгамал өнгө бүрийн хив торго, хилэн, торго дурдан хөшиг их бага зуун хорь, өчигдөр наяыг нь авсан одоо дөч дутуу. Орхиул хоёр зуу, хагасыг нь олсоон. Үүнээс гадна харминжин орхиул хоёр зуу, цоохор хулсан орхиул зуу, алтан ширхэгт улаан хулсан орхиул зуу, хар хулсан орхиул зуу, таван өнгийн утсаар тагнайлдан хуарласан орхиул хоёр зуу, эдгээрийн хагасыг олсоон. Намар болтол бүрдэж чадна. Ширээ сандал, ор дэр, ширээний бүрхүүл, хормогч тус бүр мянга хоёр зуун зүйл цөм бүрдсэн гэв.
Ийн ярилцан явж байтал, гэнэт хөх уул өмнө нь ташуу хэрж харагдана. Уулын хормойгоор өнгөрөхөд, оройд нь тутарган сүрэл хатгаж халхалсан нэгэн шар шавар хэрэм нүүгэлтэн харагдана. Бас хэдэн зуун зүйлс модны ягаан цэцэг бадарсан галын туяа мэт ягааран дэлгэрчээ. Дотор нь хэдэн тасалгаа өвсөн гэртэй, гадна нь алим, хайлс, уд, улиас мэтийн өнгийн мод, нялх мөчрөө хаялан байна. Моддын ургасан байдлыг дагуулан хоёр зурвас хашаа хатгажээ. Хашааны цаадах уулсын хормойд нэгэн худаг харагдана. Худаг нь ус татах хөшүүрэг, эргүүлэгтэй ажээ. Орчны газрыг засаад тариа ногоо тарьжээ. Жя Жөн инээж:
-Энэ газар харин учиртай амой. Хэдий хүний хүчээр бүтсэн ч нүдэнд их дулаан харагдаж, тосгондоо очих сэтгэлийг төрүүллээ. Эндээ түр амсхийцгээе гээд орчныг ажвал, хашааны үүдэнд, замын хажууд том чулуу харагдсан нь нэр бичих чулуу байжээ. Хүмүүс хараад: “Энд хэрэв илэрхийлэл өлгөж нэр бичвэл хөдөө тосгоны өнгө зүсгүй болно доо. Энэ чулууг босгосон нь их өнгө зүс оруулжээ. Фань Шыхугийн зохиосон тосгоны шүлэглэл биш болбол үүний сайхныг илтгэхүйеэ бэрх болой” гэцгээв. Жя Жөн: “Та нар маань зохионо уу” гэсэнд бүгдээр: “Сая эрхэм ахын хэлсэн “Шинээр зохиох нь, хуучныг тоочиход үл хүрнэ” гэсэнчлэн ийм газрыг урьдын хүмүүс цөм хэлээд гүйцсэн тул шууд “Шин Хуа Цүнь” /Гүйлсэн цэцэгт тосгон/ гэвэл ямар вэ гэцгээв. Жя Жөн сонсоод Жя Жэньд “Ашгүй, миний санаанд орууллаа. Эндэх юм цөм сэтгэлд нийцэж байна. Харин нэг архины дарцаг дутаж байна. Маргааш хийлгээд тавьчих. Нээг их гоёор яахав. Хөдөөний маягийг дууриан өндөр хулсанд өлгөчих” гэв. Цаадах нь хүлээн аваад “Энд өөр зүйлийн болжмор шувуу тэжээхгүйгээр гагцхүү галуу, нугас, тахиа тэжээвэл байдалд нийцэх болов уу” гэхэд хүмүүс “Зүйтэй” гэхэд Жя Жөн “Гүйлсэн цэцэгт тосгон” гэвэл аятайхан л сонсогдоно. Өөр газар байдаг нэртэй давхардахаар дэмий байх. Дараа л хатнаас нэр гуйхаас” гэсэнд хүмүүс “Тэгье, тэгье” гэснээ, хий нэр гэвэл, чухам ямар үсэг хэрэглэвэл дээр вэ гэцгээв. Бао Юй тэсэж ядсан байдалтай,
-Хуучны нэг шүлэгт “Улаан гүйлсний намаад архины дарцаг өлгөнө” гэж байдаг. Одоо түр “Гүйлсэн дарцаг холоос харагдана” гэх дөрвөн үгийг хэрэглэвэл ямар вэ гэсэнд хүмүүс “Холоос харагдана” гэдэг сайхан үг. Бас Шин Хуа Цүний санааг хадгална гэцгээв. Бао Юй хүйтнээр инээн:
-Энэ тосгоны нэрд гүйлсэн цэцэг гэдэг хоёр үгийг хэрэглэвэл тун бүдүүлэг болно. Тан улсын шүлэгчийн шүлэгт: “Улалжин үүд усанд өнгийж гутарган цэцэг ханхална” гэж байдаг тул юунд “Тутарга ханхлах тосгон” гэхгүй вэ? гэсэнд хүмүүс алга ташин “Гайхалтай, гайхалтай” гэцгээв. Жя Жөн гэнэт “Тэнэг мал вэ чи” гэж зандраад, чи эрт урьдын хүнийг хэт мэдэгч болж хэдэн бадаг иш татаж, яаж аймшиггүй, ахас ихсийн өмнө биеэ гайхуулна вэ. Сая чамайг дураар ярилц гэсэн нь, ухаан санааг чинь тэнсэж үзэн тоглоом хийсэн төдий л юм. Тэгсэн чинь харин үнэнээр болгочихжээ” гэв.
Ийн ярилцсаар олныг дагуулан өвсөн байшинд алхан орвол цаасан цонх, модон ор харагдах нь баян эрхмийн шинж огт үгүй болой. Жя Жөн, дотроо тэсгэлгүй баярлан Бао Юйг хараад: “Энэ газар ямар вэ” гэж асуувал, хүмүүс сэм түлхэн “Сайн гэж хэлтүгэй” гэж шивнэв. Цаадах нь тэдний хэлэхийг огт хайхралгүй “Гарди Галбинга бэлгэлэн айсуйд” огт хүрэхгүй гэв. Жя Жөн сонсоод,
-Пай, тэнэг амьтан! Чи ганц улаан ногоон байшин, тагт… зоргоор дэмий ярих айдангуй завхай, баян эрхмийг сайхан гэж мэдэхээс бус энэ сэлүүн сайхныг хаанаас мэдэх вэ. Энэ бүгд цөм бичиг ном уншсангүйн гай юм гэж хэлэв. Бао Юй:
-Лаоегийн сургасан хэдий зөв боловч эртний улсын хэлсэн “Аятайхан” гэгч ямар утгатай вэ гэж асуув. Бао Юйн зөрүүд зан хөдөлснийг хараад хүмүүс зэмлүүлэх вэ гэж зовно. Түүнийг “Аятайхан” гэдэг үгийг асуухад хүмүүс “Агь цөмийг мэдэж байж юунд “аятайханыг” асуух вэ. “Аятайхан” гэгч аяндаа бүтсэнийг хэлнэ. Хүний хүчээр бүтсэн нь биш буюу” гэв. Бао Юй:
-Тийм үү? Тийм бол энд ийм нэг тариа тосгон байх нь хүний гараар бүтсэн нь илэрхий байна. Холд зэргэлдээ айлгүй, ойрд хот балгадгүй. Ууланд нуруугүй, усанд эхгүй. Өндрөөс сүм далдлах суваргагүй, богиноос хотод нэвтрэх гүүргүй, гав ганцаар онцгойроод баахан аягүй мэт болой. Тэнд хэдэн газар хулс тарьж, ус татсан байсан нь байгалийн сайхныг эвдээгүй тул үүнээс хол аятайхан болсон байсан. Эртний хүний өгүүлсэн “Аятайхан болсон зураг” гэгч нь даруй тийм газар биш байтал албаар тийм газар болгож, тийм уул байхгүй атал албаар тийм уул болгож, түмэнтээ урлан зохиовч ер аятай болж өгдөггүйг хичээтүгэй гэсэн санаа болой” гэтэл Жя Жөн уурлаж: “Хөөж гарга үүнийг” гэж зандрав. Гарах гээд Бао Юй цааш явтал, араас нь “Буцаж ир. Дахиад нэг хос уянга зохиотугай. Санаанд эс нийцвэл хоёр ялыг хамтатгаж, хацрыг чинь алгадна шүү” гэсэнд Бао Юй айн дагжиж баахан түдээд сая нэг юм уужирч,
Голын ус өсөхүйеэ угааж цэвэрлэх газар нэмэгдээд,
Гоо үүл хөвж цэцэг ногоо түүгчийг хамгаална гэж уншив. Жя Жөн толгой сэгсэрч “Шал дэмий болжээ” гээд хүмүүсийг дагуулан цааш явав. Тэд уулын хормойгоор явж цэцэг ногоон дундуур гарч, уул усаар зугаацан, цааш ахиж цэцгийн пинд ороод мандарваа цэцгийн танхимаар өнгөрөн цээнэ цэцгийн татаалаар гарч, цанхуй цэцгийн бут хүрээд гадаль тарьсан газарт очоод эргэн тойрон явж үзэцгээв. Ойролцоо хоржигнон урсах чимээ сонсоод очвол хадан агуйнаас урсан гарсан усан дээр ороонгын зэл унжин санжиж, доогуур нь цэцгийн навч усанд хөвнө. Хүмүүс “Юутай сайхан бэ, ямар гоё вэ” гэцгээхэд Жя Жөн “Энд ямар нэр өгөх вэ” гэж асуусанд тэд “Дахиж нэр өгөх хэрэггүй. “Ү Лин юань”5 гэвэл яг таарна” гэцгээв. Жя Жэн инээгээд: “Бас үнэн нэр болохоор хэтэрхий хуучирсан болохгүй юү” гэсэнд хөхрөлдөж тэгвэл шууд “Чинь улсын хүний хуучин тусах6 гэж бичсүгэй” гэсэнд Бао Юй:
-Улам ташаарлаа. “Чинь улсын хүний хуучин тусах” гэгч самуунаас зайлах утгатай тул хэрхэн болох аж. Харин “Зүлэгт дэнж, цэцэгт хойг” гэвэл дээр гэсэнд Жя Жөн “Битгий дэмий чалчаад бай” гэв.
Тэд цааш явсаар нуурын оломд хүрэхэд Жя Жөн: “Онгоцтой юу” гэж Жян Жэнигээс асуусанд “Лянхуа түүх онгоц дөрөв бий. Бас суудлын онгоц нэг. Хийж дуусаагүй байна” гэв.
-Түүнд чинь сууж чадахгүй нь харамсалтай байна даа гээд Жя Жөн инээв. Тэднийг цааш явахад унасан цэцгүүд усанд хөвж, үзэгдэхийн хамт цэвэр тунгалаг горхи туналзан цэнхэртэнэ. Нуурын хөвөөнд хоёр эгнээ уд мод унжиж дотор нь тоор гүйлсэн мод холилдон нарыг халхлах ажээ. Цааш ажиглавал уд модны сүүдэрт улаан хашлагатай гүүр үзэгдэнэ. Түүгээр өнгөрвөл тал тал тийш сүлжих зам, дэн, өнгө өнгийн тоосгоор барьсан хүрээ, сэрүүн саравч мэт харагдана. Гол уулаас салбарласан нуруунууд цааш үргэлжилнэ. Жя Жөн тэр бүхнийг хараад:
-Энэ байшингууд тун олиггүй болжээ гээд нэгэд нь орвол өндөр хад зам хааж, дөрвөн талд нь элдэв өнгийн хад чулуу босгосон нь хашаан доторх гэр байшинг халхалжээ. Цэцэг мод нэг ч үгүй, байхаас нэг сонин жигтэй өвс харагдана. Зарим нь зэллэж, зарим нь салаалан ороож, зарим нь хиймэл уулын оройгоос унжиж, зарим нь хад чулуун завсраар ороолдон зарим нь саравчнаас унжин багана ороож, хэрэм индэр дээр мушгиралдаж зарим нь хад чулуун завсраар ороолдон мушгиралдаж зарим нь ногоон бүс унжуулсан мэт зарим нь алтан татлага угалзлуулан ороосон мэт үзэгдэнэ. Зарим нь бас улаан үрэл мэт буюу гавир цэцэг дэлгэсэн мэт ажээ. Өнгө үнэр нь ерийн цэцэг навчтай зүйрлэшгүй сайхан болжээ. Жя Жөнгийн сэтгэл хөдөлж: “Бахтай байна. Гэвч тийм гэж онож хэлж чадахгүй нь харамсалтай” гэсэнд зарим хүн “Хадан ороонго байна” гэж байв. Жя Жөн:
-Хадан ороонгод хаанаас сайхан үнэр байх вэ гэсэнд Бао Юй:
-Нээрэн биш. Энэ их өвсөн дотор хадан ороонго байна. Гэхдээ энэ түүний үнэр биш. Харин ногоон тооройн сайхан үнэрэнд үнэртэж байна. Бас нэг зүйлийн цахирмаа цэцгийн үнэр ч гарч байх шиг. Харин ийм сайхан үнэртэй нь зэрлэг олс байж мэднэ. Тэр алтан зул байна. Энэ нь цагаан маруйзай, за тэр улаан нь, яриангүй улаан гоёо байна. Ногоон нь сүмбээ байх. “Хагацлын гунил”7, “Түүвэр зохиолд”8 гүндсамбуу, баг улаан гэж байна. Жүвэй Тай Цүньгийн9 бичсэн “Югийн нийслэлийн магтууд” башга, суварган цэцэг, ариун нарс гэж гардаг “Шугийн нийслэлийн магтуу” зохиолд ногоон унжлага, хар дэнгүн, салхин лянхуа гэж гарна. Эдгээр этгээд сонин өвсний нэр бол он жил удаад таних хүнгүй болсноор сүүлдээ өнгө зүс, байр байдлаар нь нэрлэдэг болжээ. Заримыг нь буруу нэрлэсэн ч байж магагүй… гэтэл Жя Жөн: “Хэн чамаас асуусан юм бэ” гэж зандарсанд Бао Юй айн сандарч хойш ухран дахиад дуугарсангүй.
Саравчин гудам байхыг хараад Жя Жөн яваад орвол дээд талын таван тасалгаа гол байшингаас дөрвөн тийш саравчин гудам үргэлжилж, ногоон будагтай цонх хаалга нь цэвэр цэмцгэр харагдана. Жя жөн шогширч:
-Энэ өрөөнд цай ууж, ятга хөгжимдвөл хүж шатаах хэрэггүй. Энэ барилга хүний санаанаас хэтэрсэн тул та нар сайн сайхан шүлэг уянга зохиож нэрийг нь мандуулбал сая энэ байшинг гутаахгүй болно гэсэнд хүмүүс баясан хөхөрч “Цахирмаа анхилан, цахилдаг сүүдэрлэнэ” гэвэл болох уу гэж асуусанд Жя Жөн,
-Энэ дөрвөн үгийг хэрэглэхээс аргагүй. Гэтэл хос уянгыг нь юү гэх вэ гэж асуусанд нэг нь, би нэг уянга бодлоо. Сонсоод та нар засаж залаарай гээд:
Таших нарны хүрээлэнд заарт цахирмаа анхилж:
Тэргэл шөнийн хойгт хурц улаан ханхална… гэж унштал хүмүүс: “Сайхан нь ч сайхан болжээ. Ганцхан таших нар гэсэн хоёр үг зохихгүй” гээд, эртний шүлгийн “Тал дүүрэн замраа өвс таших наранд уйлна” гэсэн мөрийг санагдуулсанд, муу ёр муу ёр гэцгээв. Бас нэг нь, би хоёр мөр хэлээд хүмүүсээр шүүмжлүүлье гээд,
Хөдөө нутгийн эевэргүү салхин хаш цахилдагийг ханхлуулахуйяа
Хүрээ дүүрэн сарны гэрэл, алтан цахирмааг гийгүүлнэ… гэж уншив. Жя Жөн сахлаа имрээд бодлогоширон: – нэг уянга хэлье гэж бодсоноо гэнэт Бао Юй айсан царайтай дув дуугүй зогсож байгааг хараад: – хөөе чи гэж зандран: – Дуугарах цагт яагаад дуугүй байна вэ, бас гуйлгах санаатай юү гэсэнд Бао Юй:
-Энд “Заарт цахирмаа”, “Сарны гэрэл”, “Усан хойг” энэ тэр ер хэрэггүй. Энэ мэт хамаа намаагүй бичвэл хоёр зуун мөр бичсэн ч барагдахгүй гэж хэлбэл Жя Жөн:
-Хэн чамайг дарж унагаад, энэ үгүүдийг хэрэглэ гэж хэлэв. Бао Юй:
-Тийм бол илэрхийлэл дээр “Үнэрт өвс, үнэхээрийн сайхан” гэж бичээд хос уянгыг нь,
Дөү авхайг шүлэглэн гиншихүйеэ уянга мөн сайхан
Замураа цэцгийг дэрлэн хажуулж унтахуйяа зүүд бас амттай… хэмээн бичихийг хүрэхгүй гэсэнд Жя Жөн инээж:
-Энэ бол “Гадалийн навчинд бичиж барахуйяа зохиол мөн ногоон” гэсэн мөрийг дууриасан төдий байна гэсэнд хүмүүс: “Ли Тайбайн “Гардийн тавцан”10 зохиол цөм, “Шар тогоруугийн асар”11 гэгч шүлгийг дууриасан болой. Ганцхүү эвтэйхэн дууриасан нь гайхалтай. Одоо нарийвчлан хянавал, саяын энэ нэгэн бадаг нь харин “Гадалийн навчинд бичиж барахуйяагаас яруу цовоолог болсон мэт” гэсэнд, Жя Жэн инээгээд: “Юунд тийм байх вэ дээ” гэв.
Ийнхүү ярилцан явсаар нэг булан тойртол өндөр барилгууд агаарын цээлд сүндэрлэн, цааш цаашаа хөврөн үргэлжилсээр хөх нарстай залгана. Бадамцэцэг алаглаж, барилгын гэрэл гэгээ гялбахад ойртон очвол, матар, элдэв араатны толгойгоор чимсэн асар тагт нүднээ тусна. Жя Жөн түүнийг заагаад:
-Энэ бол гол ордон. Дэндүү хээнцэр болжээ гэсэнд хүмүүс
-Тийм байх ёстой. Хатан хэдий гамнан арвилахыг эрхэмлэвч энэ өдөр түүнд ийм ёсыг гүйцэтгэхийг хэтэрлээ гэж болохгүй гэлцэн цааш явтал луу матар ороолдсон тун эвтэй нарийн сийлсэн нэг хаш чулуун хөшөө харагдана.
-Энд ямар уянга таарах вэ гэж Жя Жөн асуув. Хүмүүс
-Пөн Лайн бодийн орон гэвэл болно гэсэнд хариу хэлсэнгүй, зөвхөн толгой сэжив.
Бао Юй энэ газрыг үзээд гэнэт сэтгэл нь хөдөлжээ. Гэхдээ нарийвчлан бодвол, ямар нэг газар үзсэн мэт санагдсан ч хаана, хэзээ үзсэн нь санаанд орсонгүй. Жя Жөн түүнийг шүлэг хэл гэсэн боловч Бао Юй өмнөхийг нарийн бодохоос биш, өөр юм санаад нь огт орохгүй байжээ. Хүмүүс түүний санааг ойлгохгүй нь мэдээж. Түүнийг энэ хагас өдөр ядарч зүдрээд ухаан санаа нь ээдий бүүдий ч гэж бодсон байж магад. Шахаж, тулгаж байгаад, дэмий юм болбол эвгүй гэж бодоод Жя Жөнг ятгаж “За болтугай. Маргааш дахиад шүлэглэнэ биз” гэв. Тэдний үгийг зөвшөөрч Жя Жөн,
-Энэ муу малд бас чадахгүй үе байх нь. Нэг өдрийн хугацаа өгье. Маргааш болтол зохиож чадахгүй бол дахиж уулзахгүй шүү. Нэг л өдрийн хугацаа өгсөн, ойлгосон биз. Энэ чинь хамгийн чухал газар гэдгийг бодож зохиогоорой гэв.
Цаашнилээн яваад үзсэнээ бодвол бараг аравны тав, зургаан хувийг нь үзжээ. Энэ үед Жя Юй Цүний тэндээс хүн ирлээ гэж хэл ирэв.
-За үлдсэн хэсгийг энэ удаа үзэж чадахгүй нээ. Гэхдээ тэр талаар тойрч гаръя. Тэгвэл бас овоо юм үзчихнээ гээд гийчдийг дагуулан явсаар, нэг хүрхрээний дэргэд очвол ус нь болор орхиул мэт цутгана. Энэ усыг булгийн уснаас татаж, эргээд ойролцоох гол руу орохоор бодож хаалттай хийжээ. Жя Жөн “Энэ хаалтын нэр юү вэ” гэсэнд Бао Юй ам урьтаж,
-Энэ бол Чинь Фан юаны гол урсгал болох тул “Чинь Фан” хаалт гэж нэрлэе гэсэнд Жя Жөн “Чи битгий чалч, хэрхэвч Чинь Фан гэж нэрлэхгүй” гэв. Тэндээс цааш явахад цэвэрхэн танхим, өвсөн гэр, чулуун хэрэм, цэцгийн сүлжээ хаалга үүд харагдаж байв. Уулын хормойд чавганцын сүм, чавганц нарын бясалгалын байр, урт хонгил, муруй агуй, дөрвөлжин байшин, дугуй танхим зэрэг олон зүйл байвч тэр бүхнийг үзэж амжсангүй. Амсхийлгүй баахан алхчихсан болохоор хөл нь өвдөж байсан учир нэг том хүрээ хашаа харагдсанд Жя Жөн ихэд олзуурхан “Энд жаахан амсхийе” гээд тоорын модон дундуур хэд алхтал, хулсаар сүлжсэн дугуй үүдээр гарвал цагаан хэрмээр хүрээлүүлж, хүрээг дагасан ногоон уд мод дорогш унжсан хүрээлэн харагдана. Хаалгаар орвол, хоёр хажуугаар нь саравчин гудам үргэлжлэх ажээ. Тэнд хэдэн хэсэг чулуу тавьж чимээд нэг талд нь хэдэн бут гадаль тарьж, нөгөө талд нь хайтан цэцэг нэг суурь суулгажээ. Ургасан байдал нь дэлгэсэн шүхэр мэт. Алтан шаргал салаа мөчир нь унжин санжиж, цоморлиг нь улайрна. Бүх хүн түүнийг хараад бараг зэрэг л “Сайхан цэцэг хайтан цэцэг сайхан цэцэг. Өөр ийм сайхныг үзсэнгүй” гэцгээхэд Жя Жөн, цэцгүүдийг зааж,
-Үүнийг охин хайтан гэх бөгөөд гадаад улсын үрээр тарьсан юм. Ерийн үгэнд “Охин улсын үр” мөн тул цэцэг нь хамгаас сайхан ургадаг гэдэг юм. Үнэндээ бол дэмий үг л дээ гэсэнд
-Энэ цэцэг хоорондоо адилгүй. Тэр охин гэгч мөн байж ч магадгүй гэсэнд Бао Юй:
-Энэ цэцэг энгэсэг мэт улаан бөгөөд өвчтэй мэт зөөлөн буурай, охин хүний байдалтай тул олиггүй бичгийн хүмүүс “Охин” гэж нэрэлсэн байж магадгүй. Ертөнцийн хүмүүс танимгайгаар уламжилсаар үнэн болгосон байж мэднэ” гэсэнд хүмүүс “Сургаал хүртлээ. Их зүйтэй тайлбарлав” гэцгээв. Тэд ийн ярилцсаар саравчин доорх сандалд сууцгаав. Жя Жөн,
-Ямар сонин сайхан үг олж нэрлэх вэ гэхэд нэг гийчин,
-Гадаль тогоруу гэж болно гэсэнд бас нэг нь, “Өнгө гэрэл өргөн цацрангуй” гэвэл сайн болно гэв. Тэгтэл Жя Жөн:
-Өнгө гэрэл өргөн цацрангуй гэх нь таарнаа гэсэнд Бао Юй
-Зүйтэй гэснээ, нэг харамсалтай юм байна гэв. Хүмүүс:
-Яагаад харамсалтай болчихов гэж асуув. Бао Юй:
-Энд гадаль ба хайтан тарьсан нь улаан, ногоон хоёр үсгийн санааг нууцаар хадгалж байна. Хэрэв нэгийг нь хэлээд нөгөөг нь орхивол даруй бүрэн биш болно гэв. Жя Жөн:
-Чинийхээр бол юу гэх юм бэ гэж асуусанд Бао Юй:
-Минийхээр бол улаан хүж, ногоон хаш гэх дөрвөн үг бол сая хоёуланг нь сайхныг бүрэн илрүүлж чадна гэсэнд Жя Жөн толгой сэгсэрч: “Тусгүй, тусгүй” гэв.
Тэд ийн ярилцаар яваад байшинд орж үзвэл, доторх засал чимэглэл нь бусадтай адилгүй, таслуур нь ялгагдахгүй болжээ. Ажвал дөрвөн тал нь цөм уран сийлбэрт модон хавтас бөгөөд зарим нь “Хөвөх үүлэнд хөх багваахай”, зарим нь “Хүйтэн цагийн гурван хань”12 уул ус, амьтан хүн, цэцэг хуар, жигүүртэн шувуу, эсвэл уран хоргой, домог дурсгал, төгс буян түмэн өлзий гэх мэт янз бүрийн хээ угалж, зураг хөргийг цөм алдарт дархан, урлан сийлэгчид бүтээж алт сувд, оюу номин, шил шүр, долоон эрдэнийг суулгаж шигтгэн чимжээ. Тасалгаа бүрд бичиг хадгалах буюу хулийс тавьж, эсвэл бийр зууруул жагсааж, эсвэл цэцэгт лонх, үзэмжит гадар тавьсан бөгөөд тэдгээрийн зарим нь дөрвөлжин бас дугариг, зарим нь нарийн хуар, гадалийн навч мэт ажээ. Хэрэм дагуулан үргэлжилсэн зураг сийлсэн нь, үнэхээр үзэсгэлэн сайхны туйл, гоё хээнцэрийн дээд болжээ. Жижигхэн цонхонд, таван өнгийн нимгэн хөшиг өлгөж, өнгөт хадгаар хөнгөхөн дарсан нь сэлүүн ордон мэт болгожээ. Хэрмийн энгээр нүхлэн эртний сав суулгын хэлбэрээр сийлбэр хийжээ. Ятга, сэлэм, лонх мэтийг өлгөсөн байна. Хүмүүс: “Юутай уран нарийн хийсэн юм бэ” гэцгээнэ. Жя Жөн орж ирээд хэдхэн яваад л төөрч эхлэв. Зүүн тийшээ харвал үүд, баруун тийш явбал цонх, дэргэд нь очихоор жаазтай бичиг, зам хаана. Эргээд харвал шаа хөшгөөр хаалга харагдана. Үүдэнд очихоор өөдөөс нь нэг хүн ирж явна. Энэ чинь… гээд ажвал өөрөө байна. Том толинд тулаад тойрч гарвал энд тэндгүй үүд. Жя Жөн инээж:
-Ноёдоо, намайг дагаад яв. Үүгээр гарвал хойт хүрээ болно. Хойт хүрээгээр явбал зам нь дөт гээд олон хүн дагуулан шаа хөшиг өлгөсөн хоёр газраар дамжин өнгөрвөл үнэхээр үүд харагдаж дөхөн очвол хүрээ дүүрэн цанхуй цэцэг ургажээ. Цэцгийн хөшгийг тойрон гарвал бас нэг тунгалаг горхи зам хаана.
-Энэ ус хаанаас ирсэн бэ гэж хүмүүс гайхахад Жя Жөн:
-Уг нь тэр усан хаалтаас тэр агуйн амсар хүрч, зүүн хойт уулын хотгороос тэр тосгонд залж оруулаад бас нэг салбар гарган, баруун урагш эргүүлж, урсгасаар энд хүрч ирээд дахин нийлж, тэр хэрмийн доогуур урсан гарна гэсэнд хүмүүс “Гайхамшгийн туйл” гэцгээв. Тэгээд цааш явах гэтэл гэнэт өндөр уул өөд явах замыг хэрсэнд хүмүүс замаа олохоо болив. Жя Жөн: “Наашаа наашаа” гээд олныг дагуулан уулын энгэрээр эргэмэгц тэгш дардан замтай нийлж их хаалганд тулав. Хүмүүс: “Энэ мөн гайхалтайяа. Яасан уран гайхамшиг вэ” гэцгээсээр задгай газарт гарав.
* * *
Бао Юй энэ үед эгч дүү нараа санагалзан явсаар сургууль дээр очив. Жя Жөн “Чи харихгүй шүү. Лао Тайтай чиний хойноос зовж л байгаа байх. Бас зугаацаж ханаагүй л байгаа биз” гэсэн боловч төдөлгүй явуулав. Бао Юй сая гарч ирээдхүрээний гадна очиход, Жя Жөнг дагаж явсан бага зарц нар ирж тэвэрч аваад:
-Өнөөдөр завшаанаар Лаоед тоогдчихлоо. Сая Лао Тайтай хүн явуулж, хэдэнтээ асуулгасанд бид цөм Лаое тун тааламжтай байна гэж мэдүүлсэн. Эсбөгөөс Лао Тайтай таныг дуудаж аваачих байсан. Тэгсэн бол та эрдмээ гайхуулж чадахгүйд хүрнэ. Одоо хүн бүхэн таны эрдмийг магтаж, таны шүлгийг тэднийхээс давуу гэж байна. Нэр сүрээ мандуулсан энэ баярт явдлаараа биднийг шагнавал зохих бишүү гэсэнд Бао Юй инээж: “Хүн бүрд хэлхээ зоос шагнасугай” гэтэл хүмүүс “Хэлхээ зоосоор яах юм. Түүний оронд энэ хавтагаараа шагнаатах” гээд нэг нэгээр гүйн ирж, хавтагыг нь аваад, хажуугийн хүн учирлан хэлж хориглохыг ч тоолгүйгээр Бао Юйн зүүж явсан заслын юмыг тайлаад авчихав. Тэгснээ: “Сайн хүргэж өгсүгэй” гээд Жя Мүгийн үүдэнд очив. Энэ үед Жя Мү яг түүнийг хүлээж байсан бөгөөд ирсэнийг нь үзээд хэтэрхий зовоосонгүйг мэдэж яриангүй баярлав. Төдөлгүй Ши Рэнь цай авчирч өгөөд түүний биедээ зүүж явсан юмнаас нэг ч үлдсэнгүйг үзээд “Зүүсэн юмсыг чинь тэр нэр нүүргүй амьтас авсан уу” гэхийг Дай Юй сонсоод ирж үзсэнд үнэхээр нэг ч үгүй болсон байсан тул Бао Юйгээс:
-Чи миний өгсөн хавтгыг бас тэдэнд өгсөн үү. Тийм бол дахиж надаас юм авна гэж бүү санаарай гээд ууртай харж, Бао Юйн гуйснаар оёж байсан хавтагаа тэндээс шүүрч аваад хайчилж эхлэв. Бао Юй сандран булааж аваад үзвэл, хэдий дуусаагүй ч түрүүчийнхээс илүү уран оёсон байв. Бао Юй харамсан гаслахын хамтад энгэрийн товчоо тайлж, зүүж явсан хавтагаа гаргаж ирээд: “Чи хар. Энэ юү вэ. Энэ чиний юм мөн үү” гэж асуусанд Дай Юй тийн эрхэмлэж, дээл дотроо хийж явсныг хараад сая дэмий ааш гаргаж, хайран юмаа сүйтгэсэндээ гэмшин хар цагаан дуугүй доош харан сууна. Бао Юй:
-Чи юмаа хайчлаад юу бүтээв. Чи ер нь над юмаа өгөх дургүй чинь энэ жишээний дээ. Тийм болохоор би хавтагыг чинь буцааж өгье гээд өөдөөс нь шидэв. Дай Юй улам уурлан нөгөө хавтагыг нь хайчлан завдахад Бао Юй булааж аваад:
-За дүү минь, намайг өршөөгтүн гэсэнд Дай Юй хайчаа тавьж нулимсаа арчив. Тэгээд “Чи битгий надтай нэг сайдаж, нэг муудаад бай. Дургүй бол чиг чигээ хөөе гээд түрүүлгээ харж хэвтэн нулимсаа арчина. Бао Юй дүүгээ аргадан буруугаа хүлээв.
Энэ үед Жя Мүгийн тэнд Бао Юйг эрж хаана байна гэж асууцгаан байтал хэн нэг нь “Линь авхайгийн тэнд байна” гэтэл Жя Мү: “За ашгүй, түүнийг эгч дүү нартай нь хамт байлгаж, тоглуулж наадуулж бай. Эцгийгээ өдөржин дагаад уйдсан байлгүй. Одоо уйтгарыг нь сайн сэргээ. Битгий үг булаалдаж хэрүүл хийцгээ” гэж зандрангуй хэлэв.
Дай Юй, Бао Юйн оролдоход дургүйцэн босож:
-Чи намайг амар байлгах санаагүй юм. Тийм болохоор би зайлж явлаа гээд гадагш гарах гэсэнд Бао Юй: “Чи хаана очвол, би тэнд чинь очно” гэсээр хавтагаа энгэртээ зүүв. Дай Юй булааж аваад “Чи авахгүй гээд юунд зүүнэ вэ. Яасан ичдэггүй нүүр вэ” гээд инээд алдав. Бао Юй: “За за миний сайн дүү, маргааш дахиад нэг заарын уут хийж өгөөрэй” гэхэд цаадах нь: “Тэр ч миний дур мэдэх хэргээ” гэв.
Ийн ярилцсаар хоёул гарч Ван Фүрэний сууж байгаа дээд гэрт орж очтол Бао Чай ч тэнд байв. Эднийд их наргиан хөөрөөнтэй байв. Учир юу гэвэл, Жя Чян, Гү Сү газраас арван хоёр жаахан охин худалдан авч ирээд, багш залж хувцас хунарыг нь хүртэл бэлтгэчихсэн байжээ. Энэ үед Шюэ нагац эгч зүүн хойт өнцөгт нэг сэлүүн сул байшин олж суугаад Ли Шян Юань хүрээлэнг дахин засаж, Ший жүжиг боловсруулан сургах газар болгожээ. Урьд нь ший жүжигт дуулж байсан хэдэн авгайг олж, тэд нар нь хэдийгээр буурал эмгэд боловч туршлагыг нь ашиглах зорилгоор шинэ хүмүүсийг хариуцуулан захируулав. Зоос мөнгөний явдлыг Жя Чян ерөнхийд нь хариуцах болов.
Энэ үед Линь Жышяо ирж мэдүүлэхдээ: “Худалдаж авчирсан охид, бумба лам нар, эмгэд хүрч ирлээ. Шинээр хийсэн хувцас, бумбын өмсгөл бүрэн болов. Бас нэг гэзэгтэй хүн санвар сахьсан байна. Тэр уг нь Сү Жөү газрын хүн. Дээдэс нь мөн бичиг ном үзсэн сурвалжит айл. Хараахан багаасаа өвчтэй болж, хэдий арвин амин золиг13 худалдан авсан боловч мөн тус болсонгүй. Эцэстээ энэ хүүхэн гэрээс гарч санвар аваад сая сайн болов. Иймээс гэзэгтэйгээ явсаар ажгу. Одоо арван найман настай. Нэр нь Мяо Юй, эцэг эх нь цөм нөгчиж, дэргэд нь хоёрхон хөгшин асрагч, эмгэн хийгээд зарц бяцхан хүүхэн байна. Энэ Мяо Юй бичиг номд нэвтэрхий бөгөөд ном судар их уншсан. Өнгө зүс ч туйлын сайхан болой. Чин Ань хотод бодисадвагийн дурсгалт зүйл ба энэтхэгийн хуучин ном бий гэж сонсоод ноднин багшаа дагаж ирээд одоо баруун хаалганы гаднах Шигмуны сүмд сууж байгаа. Багш нь зурхайн дуганад суудаг туйлын мэргэн хүн байв.Ноднин өвөл тэнгэрт дэвшихдээ: “Нутагтаа харилгүй энд хүлээж байваас аяндаа зүг гарна” хэмээн гэрээсэлсэн тул чандрыг авч харьсангүй” гэв.
Үүнийг сонсоод Ван Фүрэнь,
-Тийм бол бид түүнийг залж авчирвал ямар вэ гэсэнд Линь Жышяо эхнэр,
-Хэрэв түүнийг залбал, тэр лав “Вангийн ордон, Гүнгийн өрх, эрх сүрээр хүнийг дарах тул би яавч очихгүй” гэж болно гэж хэлсэнд Ван Фүрэнь,
-Тэр хэрэв сурвалжит айлын авхай бол яриангүй омогтой биз. Урилга бичиж залбал ямар вэ гэсэнд Линь Хишю авгай хүлээн авч, Мяо Юйг залах урилгын бичиг бичээчээр хийлгэн, сүйх тэрэг бэлтгэж түүнийг угтахаар хүн явуулав.
Хожмын хэрэг явдал хэрхэхийг дараачийн бүлгээс үзэгтүн.
Тайлбар:
Бяцхан Жун нань-Жун нань шан, Шанси мужийн өмнө хэсэгт байдаг уул, өнгө үзэмжээр алдартай, бяцхан Жун нань гэвэл тэр уул лугаа адил сайхан гэсэн үг болно.
Согтуу өвгөний мухлагийн тэмдэглэл-Сүн улсын зохиолч Өү Яншюгийн зохиосон Аньхуй Жиньчу Жөү газрын өнгө үзэмж ба өөрийн амьдралыг тэмдэглэсэн зохиол
Чи Шүй гол-Хэнань мужийн умарт хэсэгт бий. Эртдээ хатан голын нэг салаа байсан бөгөөд “Шүлэглэлт номд” дүрсэлсэнээр үзвэл, тэнд хулс ургадаг байжээ.
Сүй Юань хүрээлэн-Үүнийг Лиян Юань хүрээлэн ч гэнэ. Хан улсын Лиян Шию ван байгуулсан хүрээлэн
.Ү Линюань-Газрын нэр. Одоо Хэнань мужийн Цан Дэ хошуунд бий. Уламжлалаар бол энд ертөнцөөс ангид тоорын цэцгийн хүрээлэн байна гэдэг.
Чинь улсын хүний хуучин тусах-Байлдаант улсын үед бол тулалдах газар олон. Тиймээс дайн дажнаас зайлж бие далдлах газар гэсэн утгатай.
Хагацлын гунил-Байлдаант улсын үеийн шүлэгч Чүй Юаний чухал зохиол.
Түүвэр зохиол-Өмнөх төрийн үе дэх Лиян улсын Шию Тун гэдэг хүний эмхэтгэсэн Чингээс аваад Лиян хүртэлх олон төрлийн шүлэг зохиолын сонгомол түүвэр.
Зүвэй Тайцүн-Баруун жин улсын зохиолч “Ү-гийн нийслэлийн магтуу”, “Шу-гийн нийслэлийн магтуу” нь түүний зохиол.
.“Гардийн тавцан”-Энэ Ли Байн зохиол. Тан улсын хүслэнт үзлийн алдартай шүлэгч. Энэ “Гардийн тавцан” гэдэг бол түүний зохиосон “Жин Лингийн Гардийн тавцанд авирсан нь” гэдэг шүлгийг хэлж байна.
Шар тогоруугийн асар-Тан улсын шүлэгч ЦүйХугийн шүлэг.
Хүйтэн цагийн гурван хань-Хулс, нарс, тэргүүлэгч цэцэг гурвыг хэлнэ. Энэ гурав өвлийн цагт ч үргэлж ногооноороо байдаг учраас тэгж нэрлэжээ.
Амин золиг-Хуучин цагт мунхаг сүжгээр “Заяа муутай” хүн санваар авч гэрээс гарч лам хувраг, чавганц, бумба болбол гай гамшиг нь арилна гэдэг байжээ. Иймээс баяд ноёд, ядуу айлын хүүхдийг худалдан авч өөрийгөө орлуулахыг “Амин золиг” гэдэг байжээ.
Холбоотой мэдээ